Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0135

 

        “Акэк” ХХК-ийн

       гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.У, хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Акэк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.7.1, 12.8, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066561 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Акэк” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У давж заалдах гомдолдоо: “... мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02-02-394/129 тоот дүгнэлтэд дурдсан E.coli нянг “Мах, махан бүтээгдэхүүн, Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага МNS 5023:2001 стандартын 8.2 “Бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага” хэсгийн 8.2.3 дахь хэсэгт мал, амьтны мах түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн аюулгүй байдлын хувьд 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байвал зохино. 1 дүгээр хүснэгтийн 5 дахь хэсэгт хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн байдал болон эрүүл ахуйн МNS 6308:2012 стандарттай харьцуулахаар “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ МNS6308:2012” стандартын 2-р хүснэгт “Эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт”-ийн 17-д механик аргаар бэлтгэсэн маханд Е.Соli-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 5*10 байх. шаардлага хангаагүй тохиолдолд авах арга хэмжээнд “үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг болон түүхий эдийн сонголтыг сайжруулах” гэж тус тус заасан.

Эрүүл ахуйн шалгуур гэдгийг МNS6308:2012 стандартын 3.4 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн үйл явцын хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг тодорхойлох шалгуур нь зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй. Харин бохирдлын дээд хэмжээг заах ба энэхүү дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл ахуйг хангахын тулд залруулах ажиллагаа шаардлагатайг заадаг. Тодруулбал, дулааны боловсруулалт хийгээгүй мах махан бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт буюу Е.Соli-г шинжлүүлэх шаардлагагүй бөгөөд олныг хамарсан хордлогот халдварын үед зөвхөн халдвар судлалын заалтаар үйлдвэрлэлийн процессын шат дамжлагын эрүүл ахуйн зохистой дадлыг үнэлэх зорилгоор шинжлүүлдэг бичил биетэн юм. Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг” гэж заасан. Дулаан боловсруулалт хийгээгүй, түүхий мах махан бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт болох Е.Соli зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй гэж үзвэл үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг болон түүхий эдийн сонголтыг сайжруулах арга хэмжээний зааварчилгаа өгөх ёстой байсан.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн гэжээ. Гэтэл манай бүтээгдэхүүнд бичил биетний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болох болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli O111, L.monocytogenes зэрэг бичил биетнүүдийг илрээгүй байх тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т      “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.2.2-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох” гэж заасан. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 384 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар “Хүнсний бүтээгдэхүүний нян судлалын аюулгүйн үзүүлэлт”-ийг баталсан. Уг хавсралтын 1.1.5 дахь хэсэгт заасан бичил биетэн илрээгүй байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч А.Золзаяа нь манай байгууллагын үйлдвэрлэсэн 3 нэрийн хөлдөөсөн түүхий буузыг шинжлүүлэхдээ МNS6308:2012 стандартын 1-р хүснэгт-Аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн 7, 11 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli O111, L.monocytogenes зэрэг бичил биетнүүдийг шинжлүүлсэн эсэхийг 02-02-394/129 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд дурдаагүй, илрээгүй байхад дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн” гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 02-02-394/48 дугаартай актаар стандартын шаардлага хангаагүй 379,667 төгрөгийн үнэ бүхий “Баярлалаа” нэрийн 43,1 кг буузыг хураан авч устгахаар шийдвэрлэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буузыг худалдаанаас татан авч, зөрчлөө арилгасан нөхцөл байдлыг хариуцагч нь дүгнээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн зүгээс “Акэк" ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бохирдуулагч агуулсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дотоод хяналтаараа илрүүлж буцаан татах үүргээ хэрэгжүүлээгүй, дахин савлаж хадгалах хугацааг хуурамчаар шошго тавьж худалдаанд гаргасан гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар нотлоогүй, манай бүтээгдэхүүнүүдэд хийсэн шинжилгээний сорилтын дүнгээр аюулгүйн үзүүлэлтүүд болох Salmonella, эмгэгтөрөгч Е.Соli 0157:Н7, Е.Соli O111, L.monocytogenes зэрэг бичил биетүүд илрээгүй байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй.

Иргэн И.С, Г.О, Б.Т, Б.Д, Б.Т нараас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдөлд “хүнсний эрүүл ахуй зөрчигдсөн” гэсэн байх бөгөөд “Баярлалаа” нэрийн буузнаас болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн талаар гомдол мэдээлэл бүртгэгдээгүй, хохирсон хүн байгаа талаар огт дурдаагүй байхад хяналт шалгалтад ач холбогдолгүй, халдвар судлалын заалтаар, эрүүл ахуйн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжлүүлдэг шалгуур үзүүлэлт болох Е.соli-г шинжлүүлж малын эмчийн мэргэжил, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй асуудлаар буюу “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн” гэж буруу дүгнэсэн. Гэтэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Золзаяа нь өргөдөлд дурдаагүй асуудлаар шалгалт хийсэн буюу хоол хүнсээр дамжих хордлого, халдвар бүртгэгдээгүй байхад халдвар судлалын заалтаар шинжлүүлдэг Е.Соli-г шинжлүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс өөр чиг үүрэг буюу Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэн удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн. Энэ асуудлыг анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар авах, эсхүл гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой байсан.

Түүнчлэн маргаан бүхий акт буюу улсын байцаагчийн дүгнэлт нь хэлбэрийн болон утга агуулгын шаардлагыг хангаагүй байсан бөгөөд энэ талаар шинжээч томилж, тодруулга авах ёстой байсан. Хариуцагч нь “Акэк” ХХК “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хуурамч шошго бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан боловч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаарх лавлагааг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан хоёрын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ талуудын тэгш байдлыг хангах үүднээс гомдол гаргагчийн маргаж байгаа үндэслэлүүдийг нотлох баримт цуглуулах замаар тодорхой болгосны үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэх ёстой байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066561 дугаартай шийтгэлийн хуудсаар “Акэк” ХХК-ийг “иргэний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хуурамч шошго бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй” зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагчаас “...ажилтны буруугаас бүтээгдэхүүнд буруу шошго наасан, дахин боловсруулах бүтээгдэхүүнд Е коли /E coli/ нян илрэх нь хамаагүй, бүтээгдэхүүнээ татан авах гэж байсан” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд, “Акэк” ХХК-ийн үйлдвэрлэн худалдаалж байсан “Монгольские”, “Шинэхэнские” нэрийн буузнууд нь мэдрэхүйн шинжилгээгээр гурил нь шинэлэг байдал нь алдагдаж, гадаргуу нь хатсан, гурилан их бие нь язарч гэмтэн биет байдал нь алдагдсан, буузыг жигнэхэд мах нь бага зэрэг хуршинга үнэртэй гэж, “Баярлалаа” нэрийн буузанд гэдэсний савханцар буюу E.coli бичил биетэн 9х102 /5х102 зөвшөөрөгдөх хэмжээ/ илэрсэн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн ЭА 2019 19-2033 сорилын шинжилгээний дүнгээр тогтоосон байх тул Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнд тооцогдоно.

Мөн гомдол гаргагч хуулийн этгээд нь дээрх нэрийн буузнуудыг дахин савлахдаа “үйлдвэрлэсэн огноог буруу бичсэн” болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.1-д заасан хүнсний бүтээгдэхүүнийг буруу шошголсонд хамаарах бөгөөд энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх “...“Акэк” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний цехийн технологийн картаас үзвэл “Баярлалаа”, “Шинэхэнские” нэрийн буузыг 2019 оны 01 дүгээр сарын 30-нд үйлдвэрлэсэн байх бөгөөд “Баярлалаа” нэрийн буузыг 800 гр савлагаатайгаар 99 уутыг 2019 оны 2 дугаар сарын 26-нд, “Монгольские” нэрийн буузыг 840 гр савлагаатайгаар 106 уутыг  2019 оны 02 дугаар сарын 28-нд, “Шинэхэнские” нэрийн буузыг 840 гр савлагаатайгаар 18 уутыг 2019 оны 02 дугаар сарын 27-нд худалдаанд гаргасан байхад гомдол гаргагч ийнхүү худалдаанд гаргасан 2019 оны 02 дугаар сарын 26, 27, 28-ны өдөр тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн мэтээр тайлбарлаж, энэ хугацаанаас тооцон -18 хэмд хадгалагдсан нөхцөлөөр 90 хоног буюу 5 дугаар сарын 26, 27, 28-нд хадгалах хугацаа дуусах байсан, шалгалт орсон 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусаагүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Үүнээс үзвэл “Акэк” ХХК нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрлэгчид дараах үйлдлийг хориглоно:”,10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-д “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч, эсхүл шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзээд шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч “Акэк” ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг буруу шошголон худалдаанд гаргасан атлаа “...Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ МNS6308:2012” стандартад зааснаар Е.Соli зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй гэж үзвэл улсын байцаагч нь үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг болон түүхий эдийн сонголтыг сайжруулах арга хэмжээний зааварчилгаа өгөх ёстой байсан, шийтгэл оногдуулах ёсгүй” гэх үндэслэлээр гомдол гаргаж буйг хүлээн авах боломжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон бол шийтгэл оногдуулах нь улсын байцаагчийн үүрэг юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн ЭА 2019 19-2033 сорилын шинжилгээний дүнгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нян илэрсэн болохыг тогтоосон, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй атлаа “....“хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хуурамч шошго бүхий хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан боловч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаарх лавлагааг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН