Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 125/2023/0052/З |
Дугаар | 001/ХТ2024/0076 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2024/0076
“М л х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125/ШШ2024/0006 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0227 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0222 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн “М л х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
2.Хэргийн нөхцөл байдал: Анх Ховд аймгийн Засаг даргын 2016 оны А/179
дүгээр захирамжаар тус аймгийн Баатархайрхан баг, шинэ суурьшлын бүсэд 29.2 га газрыг амины орон сууцны хороолол барих зориулалтаар нэхэмжлэгч “М л х” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн; 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар захирамжаар дээрх 29.2 га газраас 14.2 газрыг хүчингүй болгож, үлдэх 15 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж, улмаар тухайн газар дээр 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар газар ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ олгож, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг байгуулжээ.
2.1.Маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/410 дугаар захирамжаар Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд газар эзэмшигч 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг “… зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгосны дотор “М л х” ХХК багтжээ.
2.2.Нэхэмжлэгч “М л х” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар цахилгааны дэд өртөө, цэвэр бохир дулааны шугам татах ажлын төсөл боловсруулж, эрх бүхий компаниудаар дээр ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн, уг ажилд нийт 100 гаруй сая төгрөг зарцуулсан, ...” гэж тодорхойлон “... газрын төлбөрийг банкаар цаг тухайд нь төлж байсан, 2019 онд хуульд өөрчлөлт орж, газрын төлбөрийн нэхэмжлэл системээр үүсэж, төлбөр төлөх болсон боловч манай компанид нэхэмжлэл үүсээгүй. Төлбөр төлөөгүй асуудал нь компанийн буруутай үйл ажиллагаа биш, Газрын албанаас нэхэмжлэл үүсгээгүй тохиолдолд компани төлөх боломжгүй, … тухайн газраа ашиглаж эхлээд он болгонд тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн, … Ковидын хорио цээрийн нөхцөл байдал барилгын баримт бичиг бүрдүүлэхэд нөлөөлсөн ...” гэж маргасан.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2019 онд “М л х” ХХК-д 15 га газрыг шинэчлэн олгосон боловч 5 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй, ... Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн, хуульд үндэслэж гарсан, захирамж гарахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан. Газрын татварын талаар бүртгүүлэх үүрэг нь тус компанид байгаа ...” гэх тайлбарыг гаргасан.
3.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгчийн хувьд 2019-2023 онуудад хийсэн дээрх ажиллагаанууд нь цаашид үргэлжлэх, улмаар газар ашиглагч газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна, ... Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн нь нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд хариуцагч байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа мөн харгалзан үзэх ёстой байсныг дурдах нь зүйтэй, ... Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн ашиглалтын газрын тухайн жилд ногдох татварын ногдуулалтыг хийж Татварын хэлтэст шилжүүлснээр нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүсэх ба нэхэмжлэл үүссэнээр нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх эрх нь үүсэхээр байна, ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул гагцхүү төлбөрийн нэхэмжлэх үүсэж, ирүүлснээр газрын төлбөрийг төлөхөөр тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйгээс гадна төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байх нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, ... Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа “... Цар тахлын нөхцөл байдалтай байсан ... анх амины орон сууцны хороолол барих зориулалттай захирамж гарсан. Гэтэл хугацаа сунгахдаа 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц гэж зориулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотой өмнө гаргаж байсан барилгын баримт бичгүүдийг дахин шинээр гаргах шаардлагатай болсон” гэж тайлбарлаж, 2022 оны батлагдаагүй орон сууцны хотхоны барилгын зураг, зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулсан гэрээ, Барилгын зураг төсөлд хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт, ажил гүйцэтгэх гэрээ, ажлын судалгааны шатанд зориулсан Ховд аймгийн шинэ суурьшлын бүсэд барих Хаус хорооллын орон сууцны барилгуудын талбайн инженер геологийн судалгааны ажлын дүгнэлт, Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ зэрэг нь хэрэгт авагдсан байх боловч үүнийг Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй, ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Л.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0222 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1.“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ. Нэхэмжлэгч “М л х” ХХК нь 2015 оноос хойш газрын төлбөрт нийт 19.280.000 төгрөгийг Ховд аймгийн газрын албанд төлж байсан. Давж заалдах шатны шүүх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүчингүй болгож магадлал гаргасан нь хэт нэг талыг барьж дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь “М л х” ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн С Х Ж гэдэг хүн байдаг, тус компанийн 85 хувийг эзэмшдэг. Газрын төлбөр төлөлтийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын төлбөр төлөгдөөгүй асуудал гарсан. Гэрч н.Б-ы мэдүүлэгт тодорхой байгаа. Газрын төлбөрийг “М л х” ХХК нь төлөөгүй асуудал нь өнөөдрийн нөхцөл байдлын хувьд “М л х” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш. Тухайн газрын албанаас нэхэмжлэл үүсгээгүй тохиолдолд “М л х” ХХК төлөх боломжгүй гэдгийг мэдүүлсэн байдаг.
6.2.Мөн Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаар албан бичигтээ “Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2019 онд өөрчлөлт орж, газрын төлбөрийг газрын асуудал эрхэлсэн байгууллага тухайн жилийн 02 дугаар сарын 10-ны дотор ногдуулж татварын албанд ирүүлэхээр хуульчилсан тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр “М л х” ХХК нь газрын төлбөрийн тайлан өгөх төрлийн бүртгэлээс хасагдсан гэсэн албан бичиг хэрэгт авагдсан байхад компанийн буруу мэтээр үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
6.3.Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.4 дэх заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нягтлан шалгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийгээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь Ховд аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.
6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ. “М л х” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчөөгүй, ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан ...” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-оос нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9.Маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “М л х” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцээгүй байна.
10.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон байх бөгөөд тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд үндэслэх учиртай.
11.Түүнчлэн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий актынхаа үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, актын үндэслэлдээ нарийвчлан тогтоон заах үүрэгтэй.
Нэг.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд:
12.Маргаан бүхий актын нэг дэх үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх асуудалд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлжээ.
13.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж;
14.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч,
ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
15.Дээрх нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн зохицуулалтын дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын ашиглалтын тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусар арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэнэ гэж үзэхээр байна.
16.Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч “М л х” ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг нийт 3,000,000 төгрөгөөр буюу улирал бүр 750,000 төгрөг төлөхөөр зааж, газар ашиглуулагчийн эрх, үүргийн 4.4-т “газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх”-ээр тусгасан; түүнчлэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08401-2019/00227 дугаар актаар газрын төлбөр 2020-2023 он хүртэл 5,400,000 төгрөгөөс 95,400,602 төгрөг болтлоо өссөн байх ба газрын жилийн төлбөрийн үлдэгдэл нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 22,500,152 төгрөг байна гэжээ.
17.Мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дугаар албан бичгээр “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд манай газрын кадастрын нэгдсэн систем төлбөрийн нэхэмжлэл үүсгэдэг болно” гэж; Татварын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаар албан бичгээр “Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2019 онд өөрчлөлт орж, газрын төлбөрийг газрын асуудал эрхэлсэн байгууллага, тухайн жилийн 2 дугаар сарын 10-ны дотор ногдуулж, татварын албанд ирүүлэхээр хуульчилсан тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр “М л х” ХХК нь Газрын төлбөрийн тайлан өгөх төрлийн бүртгэлээс хасагдсан” гэж тэмдэглэсэн;
18.Газрын кадастрын мэдээллийн систем болон “Татварын удирдлагын нэгдсэн систем”-д хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр “М л х” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн ... дугаарын гэрчилгээтэй гэж тогтоогдсон;
19.Тухайн газрын албаны Газрын төлбөр, татвар, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн М.Б-ы “... 2020 оноос хойш газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэх гэхээр “М л х” ХХК-ийг татвар төлөгчийн дугаар бүртгэлгүй байна эсвэл татвар төлөгч тодорхойгүй байна гэсэн мэдээлэл гарч ирээд байгаа учраас газрын төлбөрийн ногдуулалт хийж, нэхэмжлэл үүсэх боломжгүй, ... Татварын нэгдсэн систем, манай төлбөрийн систем хоёрын дундын баазад асуудал байгаа гэж бодож байна. Татварын хэлтэс дээр очиж татвар төлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд манай программд нэхэмжлэл үүсгэх боломжтой, ... манай байгууллагаас ногдуулалт хийгдэж нэхэмжлэл үүсээд татварын систем рүү шилжүүлдэг, манайхаас ногдуулалт хийж, нэхэмжлэл үүсээгүй тохиолдолд Татварын хэлтэс дээр нэхэмжлэл үүсэхгүй, татвар төлөх боломжгүй ...” гэх мэдүүлэг болон хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... мэдэгдсэн зүйл байдаггүй юм байна лээ, гол нь Татварын албанд энэ компанийн мэдээлэл байхгүй байсан тул нэхэмжлэх үүсгэх боломжгүй гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа, ... Татварын албатай холбоотойгоор нэхэмжлэх үүсээд татварын өр үүссэн тохиолдолд тухайн алба мэдэгдэнэ, Газрын албаны хувьд Татварын албанд энэ байгууллагын мэдээлэл байгаа тохиолдолд нэхэмжлэхээ үүсгэж, илгээх зохицуулалт гэж ойлгож байгаа ...” гэж тайлбарласан зэргээс үзэхэд, нэхэмжлэгч “М л х” ХХК нь 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөр төлөөгүй, тус шалтгаанаа “... газрын төлбөрийг 2019 оноос өмнө хугацаанд нь банкин дээр дансанд тушаадаг байсан, харин 2019 онд хуульд өөрчлөлт орж нэхэмжлэлээр төлдөг болсноос хойш газрын төлбөр төлж болохгүй байгаа, манай компанид нэхэмжлэх үүсгээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, газрын төлбөрөө төлөхөөр захиргааны байгууллагад хандаж байсан ...” гэсэн агуулгаар гомдол гаргасан нь үндэслэл бүхий байна.
20.Тодруулбал, газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь Газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд Татварын албанд хүргүүлж, тус албанаас газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдсэний дараа газар эзэмшигчийн хувьд тухайн төлбөрийг төлөх боломжтой болох бөгөөд үүний зэрэгцээ гэрээний талууд жил бүр гэрээний биелэлтээ дүгнэх ёстой боловч тухайн тохиолдолд ийм үйл ажиллагааг явуулаагүй, Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Татварын удирдлагын нэгдсэн системд 2019-2023 оныг хүртэл газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүйн улмаас нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй үйлдэлд захиргааны байгууллагын хоорондын уялдаагүй, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх учир газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй юм.
21.Иймээс анхан шатны шүүхийн “... Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ, ... захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу нэхэмжлэгч төлбөр төлөх хүсэлтэй байсан, гагцхүү 2019 оноос хойш нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлдөг болсонтой холбоотой Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй болох нь тогтоогдох байсан байна, ...” гэх дүгнэлт зөв; давж заалдах шатны шүүхээс төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй шалтгаан нөхцөлийн хамаарлыг зөв тогтоохгүйгээр шууд “төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байх нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
22.Нэхэмжлэгч “М л х” ХХК нь хуульд зааснаар дээрх онуудын газрын төлбөрийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:
23.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан; мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
24.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн: 2019 оноос буюу нэхэмжлэгч “М л х” ХХК нь 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 га газрыг эзэмших болсноос хойш 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Б т” ХХК-тай 1:1000-ын масштабтай байр зүйн дэвсгэр зураг 15 га хийлгэх гэрээ байгуулж, хийлгүүлсэн; Чингис хаан хорооллын барилгын түр цахилгаан хангамжийн 6/0,4 кВ-ын 400 кВА дэд станцыг “Э ш” ХХК-аар гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай актаар ашиглалтад оруулсан; 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “В и” ХХК-тай 2 давхар амины орон сууц болон 9 давхар хотхоны барилгын эскиз болон дотор ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, тус компани нь “М л х” ХХК-ийн орон сууцны хотхоны барилгын цэвэр бохир усны хэсэг, халаалт агаар сэлгэлтийн хэсэг болон “орон сууцны хотхоны барилга” загвар зургийг тус тус боловсруулж, цэвэр бохир усны хоолойг татаж оруулсан, хашаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны зэрэгцээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
25.Гэтэл давж заалдах шатны шүүх “… 2022 оны батлагдаагүй орон сууцны хотхоны барилгын зураг, зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулсан гэрээ, Барилгын зураг төсөлд хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт, ажил гүйцэтгэх гэрээ, ажлын судалгааны шатанд зориулсан Ховд аймгийн шинэ суурьшлын бүсэд барих Хаус хорооллын орон сууцны барилгуудын талбайн инженер геологийн судалгааны ажлын дүгнэлт, Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ зэрэг нь хэрэгт авагдсан байх боловч үүнийг Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй, ... газар ашиглуулах гэрээг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, үүнээс хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн газарт зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байна ...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.
26.Харин анхан шатны шүүх энэ талаар “... “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны” зориулалттай барилга барих тохиолдолд ... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг авч үзэхдээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүдийг авахаар нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан эсэх, уг баримт бичиг бүрдүүлэхэд 2 жил түүнээс дээш хугацаа шаардагдсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэв нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй ...” гэж маргааны үйл баримтад хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
27.Нэхэмжлэгч “М л х” ХХК нь маргаан бүхий газартаа тодорхой үйл ажиллагаа явуулсан нь дээр дурдсан баримтаар нотлогдож байхад захиргааны байгууллагаас тухайн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, үйл ажиллагаа явуулах тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэлгүй, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутган, газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй.
28.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0227 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125/ШШ2024/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Л.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
М.БАТСУУРЬ