Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2017/0012

Төв аймаг

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа би Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэн Ч.Ичинхорлоогийн гаргасан “Төв аймгийн Засаг дарга болон газрын албаны нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газарт шугам сүлжээ байгуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрласан шугам сүлжээ бүхий ашиглах боломжгүй болсон 405 м.кв  газрын хэмжээгээр буюу төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газрыг өөр газарт өмчлүүлэхийг даалгах, өмчилж байсан газраас үлдэх 176 м.кв, 87 м.кв газрыг өмчлүүлсэн захирамж гаргахыг даапгаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн ашиглах боломжгүй болсон зоорьны 8 сая төгрөгийн хохиролыг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр манай өмчлөлийн газарт баруун урд талаас нь цэвэр ус, дулааны төв шугамыг оруулан газрын голоор хойш эргүүлэн татаж гаргасан байсан. Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор дулааны дарга, газрын дарга нартай утсаар ярьсан. Газрын алба “газрын асуудлыг шийдэж өгнө” гэсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Дулааны шугамж сүлжээний газрын инженер Алтангэрэл худаг гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй хучилт хийж байна. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан боловч тухайн байгууллагад хамааралгүй гэсэн хариу өгсөн. Өмчлөлийн газрын хаяг Зуумод сумын 6-р баг МСҮТ-н 16 тоот. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй учир нь бидний өмчлөлийн газарт халдсан маргаан бүхий актыг танилцуулаагүй учраас хандаж байна. Иймд Засаг дарга болон газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын маргаан бүхий шугам сүлжээ байрлах газар болон түүний улмаас ашиглах боломжгүй болсон газрын хэмжээгээр төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй, өөр байршилд газар өмчлүүлэх, өмчиллын газраас үлдэх хэсгийн хэмжээгээр өөр газарт тус тус захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 2 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолын дагуу дулааны шугам сүлжээ, цэвэр усан хангамжиин шугам сүлжээ угсрах ажлыг хииж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад шугам сүлжээний ажлын зураг төслийн дагуу 6 дугаар багийн гэр хорооллын 40 орчим айл өрхийн хашааны газар дундуур шугам сүлжээ дайран өнгөрөх байсан тул уг айл өрхүүдтэй зөвшилцөн саналыг авсан. Харин иргэн Ч.Ичинхорлоо нь өөрийн өмчлөлийн газар дээрээ амьдран суудаггүй байсан тул тухайн үед саналыг авч зөвшилцөж чадаагүй болно. Дээрх шугам сүлжээг угсрах ажлын үр дүнд нийт 20 айлын орон сууцны байр болон гэр хорооллын 40 орчим айл цэвэр ус дулааны шугам сүлжээнд ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр шууд хашаанаасаа холбогдох боломжтой болж байгаа юм. Инженерийн шугам сүлжээ нь гэр хорооллын дээрх 40 айлын одоогийн өмчлөлийн хашааны дундуур нь болон захаар нь дайран өнгөрч байгаа бөгөөд шугам сүлжээг гэмтээх байдлаар ухахгүй тохиолдолд газраа хэвийн байдлаар ашиглаж байгаа бөгөөд иргэн Ч.Ичинхорлоогийн хашааны газар дундуур шугам сүлжээ дайран өнгөрч байгаа нь түүний өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулахааргүй, хашаандаа байшин барьж, шугам сүлжээнд шууд холбогдох боломжийг төрийн хөрөнгөөр бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Иргэн Ч.Ичинхорлоогийн газар өмчлөлийн асуудлыг хөндсөн ямар нэгэн шийдвэрийг аймгийн Засаг даргаас гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн ИТХ-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний 2-р хуралдааны №02 тоот тогтоолоор аймгийн 2016 оны төсвийн тодотгол, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн өрөнхий төлөвлөгөө, Зуунмод сумын 6-р багийн оршин суугчид, иргэдийн хүсэлтийг үндэслэн дулаан хангамж, цэвэр усан хангамжийн шугам сүлжээнд холбох зураг төсөл боловсруулан шугам сүлжээг угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн. Зураг төслийг “Хайдро дизайн прожект” ХХК хийж гүйцэтгэсэн ба зураг төсөл боловсруулах явцад шугам сүлжээнд холбогдох, шугам сүлжээ явж өнгөрөх айл өрхүүдээс гарын үсэг зөвшөөрөл авсны үндсэн дээр боловсруулсан. Иргэдтэй зөвшилцөх гарын үсэг авах ажлыг Зуунмод сумын ЗДТГ, 6-р багаас хариуцан ажилласан. Ч.Ичинхорлоогийн хувьд тухайн үед холбогдож чадаагүй. Дээрхи шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэх захиалагч байгууллагаар ГХБХБГазар ажилласан ба гүйцэтгэгч байгууллагаар “Төв-Чандмань” ДЭХГазар шалгаран гэрээ байгуулж зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэнээр 20 айлын нийтийн орон сууц холбогдож, гэр хорооллын 40 орчим айл өрхийн инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох нөхцөл бүрдэн үүнээс одоогийн байдлаар 3 айл холбогдоод байна. Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн хувьд газар нь өөрийнх нь нэр дээр байгаа түүнээс төр газрын хэмжээг нь өөрчилж, ихэсгэж багасгах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд төрөөс хөрөнгө гарган нэгдсэн шугам сүлжээг хашаан дотор нь хүргэж өгч өөрийнх нь болон бусад айл өрхүүдийн амьдрах, оршин суух орчин нөхцлийг сайжруулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

1.1. Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Ч.Ичинхорлоо, Б.Өлзий-Орших нарыг төлөөлж Б.Түвшинжаргал нөгөө талаас Төв аймгийн Засаг даргыг төлөөлж, Газрын харицлаа барилга хот байгуулалтын газрын дарга А.Лхагвахорол нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу хэргийн оролцогчдын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгээр байгуулав.

1.2. Ч.Ичинхорлоо, Б.Өлзий-Орших нараас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Төв аймгийн Засаг дарга болон газрын албаны нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газарт шугам сүлжээ байгуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрласан шугам сүлжээ бүхий ашиглах боломжгүй болсон 405 м.кв  газрын хэмжээгээр буюу төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газрыг өөр газарт өмчлүүлэхийг даалгах, өмчилж байсан газраас үлдэх 176 м.кв, 87 м.кв газрыг өмчлүүлсэн захирамж гаргахыг даапгаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн ашиглах боломжгүй болсон зоорьны 8 сая төгрөгийн хохиролыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжпэгчийн өмчлөлийн газраас инженерийн шугам сүлжээ болон хамгаалалтын бүсэд хамаарах газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх, Төв аймгийн Засаг дарга болон газрын албанаас нэхэмжлэгч нарт үлдсэн газарт хавсралтад заасан зургийн дагуу газрыг нэмж өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

1.3. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

2.1. Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо, Б.Өлзий-Орших нар нь дараахь эрх, үүргийг хүлээнэ.

2.1.1.  Гэрээний хавсралт зургийн хариуцагч нарын үйлдсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд оруулсан өөрчлөлтийн дагуу 674 м.кв газрыг өмчлөх эрхтэй.

2.1.2. Тухайн газарт байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий зоорийг инженерийн шугамын хамгаалалтын бүсэд саадгүйгээр ашиглах эрхтэй,

2.1.3. Өөрийн өмчлөлийн газарт барилга, байгууламж барих тохиолдолд инженерийн шугамд хохирол учруулахгүйгээр хамгаалалтын бүсэд нэвтрэх, дамжин өнгөрөх эрхтэй,

2.1.4. Нийтийн эзэмшлийн инженерийн шугамыг техникийн нөхцлийн дагуу өөрийн хэрэгцээнд ашиглах эрхтэй,

2.1.5. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Засаг дарга, аймгийн Газрын албанаас шаардах эрхтэй,

3.1. Төв аймгийн Засаг дарга болон газрын алба дараахь эрх, үүргийг хүлээнэ.

3.1.1. Улсын бүртгэлийн Г-1427001304 дугаарт бүртгэгдсэн, 000341113 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 674 м.кв газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг гэрээний хавсралт кадастрын зургийн дагуу өөрчлөн бүртгэх үүрэг хүлээнэ.

3.1.2. Дээрх өөрчлөлтөөс үүдэн гарах кадастрын зургийн төлбөрийг хариуцна.

3.1.3. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрын эргэлтийн цэгийг баталгаажуулан хүлээлгэн өгөх,

3.1.4. Уг газарт байрлах инженерийн шугам сүлжээг техникийн нөхцлийн дагуу ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох,

3.1.5. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.

4.1. Талууд гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлнэ гэж бичээд талууд гарын үсэг зуржээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж бичгээр шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь “нэхэмжпэгчийн өмчлөлийн газраас инженерийн шугам сүлжээ болон хамгаалалтын бүсэд хамаарах газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх, Төв аймгийн Засаг дарга болон газрын албанаас нэхэмжлэгч нарт үлдсэн газарт хавсралтад заасан зургийн дагуу нэмж газар өмчлүүлэх”-ээр     харилцан тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЖИДМАА