Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00348

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1950 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 65 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6в-5-3 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй,Боржигон монгол овогт Шаравын Марууш /РД:ГЭ50051003/-ын нэхэмжлэлтэй,

С.Батдоржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий132/2016/00039/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Марууш, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Марууш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Сүхээ овогтой Батдорж нь 1977 онд төрсөн одоо 39 настай. 2013 онд мотоцикольтой явж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авч 10 хоног ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Эхнэр Ариунтуяа болон 2 охиныхоо хамт амьдардаг байсан. Хүү маань сэтгэцийн өвчтэй болохоор эхнэр Ариунтуяа нь салаад явсан. Батдорж байнга унаж тусдаг, миний асрамжинд байгаа. Эхнэр 2 охиноосоо салсанаас хойш сэтгэл санаагаар унаж байнга хямралд орж шөнөжингөө гал түлж, дэмий ярьж хонодог болсон. Би өөрийн асрамжиндаа авах хүсэлттэй байна. Одоо би хүүгээ өөрөө л харж хандаж байна. Иймд эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Марууш нь С.Батдоржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

С.Батдорж нь сэтгэцийн өвчтэй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оншилгооны эрүүл мэндийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд С.Батдоржийг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Ш.Маруушийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Боржигоновогт Сүхээгийн Батдоржийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар нь түүний эх Боржигон монгол овогт Шаравын Маруушийг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчУлсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН