| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0053/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/53 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөд далай лам овогт М.Тд холбогдох эрүүгийн 1807006640023 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Налайх дүүргийн Сайн Номуун хийдэд цахилгаанчин ажилтай, ам бүл 1, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 3-7 тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Дөрвөд далай лам овогт М.Т /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 21 дүгээр гудамжинд Б.Мөнхбат, Н.Доржсүрэн, Ө.Нурлыбек нартай маргалдаж улмаар айлын хашаанд хураалттай байсан түлшний модноос нэг ширхэг шургааг модыг авч Б.Мөнхбатын толгойн тус газарт нь цохиж зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би найз Энхмэндийн хамт охиноо авах гээд цэцэрлэг рүү нь явж байх замд 3 залуутай таарч маргалдсаны улмаас Мөнхбатыг зодсон нь үнэн болно. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Өөр ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Тгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хар өнгийн куртик өмссөн Мөнхбат гэх нэртэй залуугийн толгойн хэсэгт нэг удаа шургааг модоор цохих үед Мөнхбат газар унасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 82 дугаар хуудас/
Хохирогч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд ажил тараад Гандан ороод байж байхад манай найз Доржсүрэн нь утсаар яриад Нурлыбек бид хоёр Янгир зочид буудлын бильярд дээр байна хүрээд ир гэхээр нь яваад очсон юм. Тэгээд уг газар нэг шил архи хувааж уугаад Нисэхийн хороонд хамт ажилладаг нэрийг нь мэдэхгүй ахын гэрт нь очиж нэг шил архи уугаад эхнэр гэх эмэгтэй бид нарыг гаргаж өгсөн юм. Ингээд би гудамжинд бие засаад зогсож байсан чинь Нурлыбек, Доржсүрэн хоёр машинтай хоёр залуутай маргалдаад байсан гэтэл Доржсүрэн уг машины жолооч залууг газар унагасан дээр нь гараад суусан гараараа нүүрэнд нь цохиж байгаа харагдсан энэ үед би Доржсүрэнийг очоод хувцаснаас нь татаад салгасан юм. Гэтэл уг жолооч залуутай хамт байсан хөл муутай залуу нь намайг ахын дүү хаана байгаа гэдгээ мэдэж байна уу гэхээр нь мэдэж байна гэж хэлсэн чинь Доржсүрэнд зодуулж байсан жолооч ах цаашаа гүйж яваад 1 метр орчим шургааг мод барьсан гүйж ирээд миний зүүн талын шанаан тус газарт цохих үед би ухаан алдаад газар унасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Н.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...М.Т... гүйж хашаанд орж ирээд хашааны баруун талд байсан хураалттай байсан шургааг модноос нэгийг аваад буцаад гүйгээд гарсан юм. Ингээд Энхмэнд бид хоёр араас алхаж очих үед М.Тгийн машинд хоёр залуу нь ороод суусан харин бараан өнгийн куртик өмссөн залуу нь машины гадна зогсож байсан энэ үед М.Т машинд суусан байсан хоёр залууг буулгаж уг хүмүүстэй маргалдаж байгаад машины гадна талд зогсож байсан бараан өнгийн куртик өмссөн залууг модоор цохиж газар унагасан юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэрч Ө.Нурлыбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч залуу цаашаа гүйж яваад айлын хашаанд ороод 2 метр орчим урт шургааг мод барьсан гарч ирээд Мөнхбатын зүүн бөөр орчимд мөн зүүн шанаанд нь тус бүр нэг удаа цохиж газар унагаад нөгөө залуу цаашаа гүйгээд барьж явсан модоо хашаа давуулаад шидсэн болно” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Э.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Т хоёр залууд хөөгдсөн гүйж ирээд манай хашааны баруун талд хураалттай байсан өвөлжөөний хашааны нарийн шургааг мод нэгийг авч гараад нөгөө залуучууд дээр очиж байгаа харагдсан энэ үед нөгөө залуучууд машинд нь суусан байж байгаад бууж ирсэн юм. Тэгээд би араас нь очоод казак залуутай маргалдаад зогсож байтал М.Т бор царайтай жинсэн өмдтэй залууг модоор цохиод унагаж байгаа харагдсан чухам яг хаана цохьсон талаар харж чадаагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч Н.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед найз Мөнхбат, Нурлыбек нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Янгир зочид буудал орж бильярд тоглож байгаад дотор нв 0.75 литрийн Ерөөл архи хувааж уугаад16-17 цагийн орчимд уг газраас гараад Нисэхийн хороонд хамт ажилдаг Батжаргалын гэрт нь очиж Батжаргал ахтай бид нар 0.5 литрийн Ерөөл архи хувааж уусан юм. Тэгээд Батжаргал ахын гэрээс гараад Мөнхбатыг гэрт нь хүргэж өгөх санаатай замын дунд алхаж явсан чинь араас ногоон өнгийн Делика машин ирж зогсож машинаас хоёр залуу бууж ирээд жолоо барьж явсан залуу нь бид нарыг та нар аль хороонд явж байгаа гэдгээ мэдэж байна гэхээр нь би мэдэж байна гэж хэлээд очоод жолооч залуугийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж зодсон энэ үед манай хоёр найз дундуур ороод салгаж байсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна, чухам хэзээ нь хэн модоор Мөнхбатын толгойн тус газар цохисон талаар мэдэхгүй байна харин манай найз Нурлыбек жолооч залуу гүйж яваад мод барьж ирээд Мөнхбатын толгойнд цохисон гэж надад хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох өөрөөр хэлбэл модоор зүүн зулайн хэсэгт цохих үед дээрх гэмтэл үүсэх боломжтой зүүн зулайн яс нь толгойн дээд хэсэгт байрлах учир унах тохиолдолд хүн ихэвчлэн баруун зүүн чамархай дагз нүүрэн хэсгээр унадаг учраас зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал нь унах үед үүсэх боломжгүй болно” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/598 дугаар:
“1.Б.Мөнхбатын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарлыг засаж хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2018.11.27/, зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, /хх-ийн 57 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 133, 175-176 дугаар хуудас/
Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай тогтоол, /хх-ийн 183 дугаар хуудас/
Сайн номуун хийдийн тодорхойлолт, /хх-ийн 130 дугаар хуудас/
Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрийн зураг, /хх-ийн 131 дүгээр хуудас/
Төрийн банкны тодорхойлолт /хх-ийн 177 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 21 дүгээр гудамжны баруун талын шороон зам дээр Б.Мөнхбат, Н.Доржсүрэн, Ө.Нурлыбек нартай маргалдаж улмаар тус хорооны 22 дугаар гудамжны 1 тоот айлын хашааны баруун талд хураалттай байсан өвөлжөөний хашаанд хэрэглэж байсан модноос нэг ширхэг шургааг модыг авч Б.Мөнхбатын толгойн тус газарт нь цохиж зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: 3 залуутай таарч маргалдсаны улмаас Мөнхбатыг зодсон нь үнэн болно гэв. Шүүгдэгч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хар өнгийн куртик өмссөн Мөнхбат гэх нэртэй залуугийн толгойн хэсэгт нэг удаа шургааг модоор цохих үед Мөнхбат газар унасан.." гэсэн мэдүүлэг, Хохирогчоор Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч ах цаашаа гүйж яваад 1 метр орчим шургааг мод барьсан гүйж ирээд миний зүүн талын шанаан тус газарт цохих үед би ухаан алдаад газар унасан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...М.Т машинд суусан байсан хоёр залууг буулгаж уг хүмүүстэй маргалдаж байгаад машины гадна талд зогсож байсан бараан өнгийн куртик өмссөн залууг модоор цохиж газар унагасан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Нурлыбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч залуу цаашаа гүйж яваад айлын хашаанд ороод 2 метр орчим урт шургааг мод барьсан гарч ирээд Мөнхбатын зүүн бөөр орчимд мөн зүүн шанаанд нь тус бүр нэг удаа цохиж газар унагаад нөгөө залуу цаашаа гүйгээд барьж явсан модоо хашаа давуулаад шидсэн болно...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Т бор царайтай жинсэн өмдтэй залууг модоор цохиод унагаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Нурлыбек жолооч залуу гүйж яваад мод барьж ирээд Мөнхбатын толгойнд цохисон гэж надад хэлж байсан юм..” гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох өөрөөр хэлбэл модоор зүүн зулайн хэсэгт цохих үед дээрх гэмтэл үүсэх боломжтой зүүн зулайн яс нь толгойн дээд хэсэгт байрлах учир унах тохиолдолд хүн ихэвчлэн баруун зүүн чамархай дагз нүүрэн хэсгээр унадаг учраас зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал нь унах үед үүсэх боломжгүй болно” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08 шэ/598 дугаартай дүгнэлт зэргээр, тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс Дөрвөд далай лам овогт М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Тд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10000 нэгжтэй тэнцэх буюу 10 сая төгрөгөөр ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн ял шийтгэлгүй хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан 10000 нэгжээр буюу 10 сая төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дөрвөд далай лам овогт М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Тд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД