| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/02552/И |
| Дугаар | 210/МА2025/00300 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00300
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04579 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
24,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Бид гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зориулан хариуцагч *****ээс хугацаагүй, 10 хувийн хүүтэйгээр аман хэлцэл хийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 сая төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээгээр 42,000,000 төгрөгийг зээлсэн.
Дээрх зээлсэн мөнгийг хариуцагчийн шаардсан даруйд хүүгийн хамт нийт 66,150,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл бидний хооронд ямар ч хүү тооцсон гэрээг бичгээр байгуулаагүй атлаа биднээс огт үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө илүү авсан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоож байгаа бол гэрээг заавал бичгээр байгуулах ёстой. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу 24,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хариуцагч *****, ***** нараас 23,000,000 төгрөгийг гаргуулж, ***** надад олгосон. Энэ шийдвэрт хариуцагч *****, ***** нар давж заалдах гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.
Мөн *****, ***** нар нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч *****ээс 17,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****, ***** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай шийдвэрээр зохигчийн хоорондын зээлийн асуудал хэлэлцэгдээд дууссан.
Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хоорондын уялдаа холбоо, шинээр гаргасан шаардлага гэж үзэж байгаа дүгнэлтээ тодорхойлоогүй, өмнөх шүүхийн шийдвэрт дурдсан баримтуудыг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, *****, ***** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гарахад нэхэмжлэгч нар нь цагдан хоригдож байсан учир баримтаа гаргаж өгч чадаагүй. Дараа нь баримтаа шалгаж үзэхэд 45,800,000 төгрөг илүү төлсөн байсан. Учир нь хариуцагч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байж хүү тооцсон нь хуульд нийцэхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *****, ***** нар нь 2019 онд зээл авахад зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хүү тооцсон, мөн илүү төлөлт хийсэн үндэслэлээр хариуцагч *****т холбогдуулан 24,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь зээлийн гэрээний асуудлыг шүүхээс урьд шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тогтоох болон маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхдөө гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр *****, ***** нараас зээлийн гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулж *****т олгохоор шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхээс ***** болон ***** нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн баталгааны баримтыг үндэслэл болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
3.1. Дээрх шийдвэрээр өгсөн эрх зүйн дүгнэлт, уг шийдвэрт тусгагдсан талуудын тайлбараар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх олгосон зээл, зээл болон хүүгийн төлөлтийн талаар зохигч тооцоо нийлж, зээлийн үлдэх үүрэг нь 25,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан байна.
Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *****, ***** нар нь хариуцагчаар оролцохдоо 2019 онд авсан зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүүг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байдаг.
Ийнхүү зохигчийн мэтгэлцээний байр суурь, тухайн хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 2019 онд олгосон зээл, хүүгийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, одоо нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 2019 онд авсан зээлд үндэслэлгүй хүү тооцсон, мөн илүү төлөлт хийсэн гэж шаардаж байгаа боловч энэ мэтгэлцээний байр сууриа дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхийлсэн учир шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримтад хамаарч байна.
Мөн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацааны зээлийн төлөлттэй холбоотой шаардлага багтаагүй болно.
3.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн тул уг шийдвэр гарахаас өмнө талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой асуудалд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тооцохгүй.
4. Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *****т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *****, ***** нарын 24,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ