Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00349

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1963 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны малчдын 2-7-4 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Тайж овогт Сусалын Давааг /РД:ФЖ63102525/-ийн нэхэмжлэлтэй

нас тогтоолгох болон бичиг баримтны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00387/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Даваа, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Даваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд 9 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд болж төрсөн. Миний төрсөн эгч Даваажав 1958 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, дүү Лхагва 1964 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн тул надад өөр ойрхон төрсөн ах дүү байхгүй. Бид хоорондоо 2-3 насны зөрүүтэй би 8 настайдаа буюу 1969 онд 1 дүгээр ангид 1977 онд 8 дугаар ангийн Завхан аймгийн Тосонцэнгэл хотын дунд сургуульд сурч төгссөн. Ингээд 1979 оноос Хялганат тосгонд амьдарч байна. 1981 оны Улаан паспорт олголтоор Даваахүү нэрийг Даваа болгож, төрсөн оныг 1963 он болгож бичигдсэнийг тухайн үедээ тоогоогүй, бичиг баримтаа солиулаагүй өнөөг хүрч байна. Гэтэл 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгоход 2 нас дарагдсаныг ойлгож холбогдох газар хандсан боловч шүүхэд хандахаас өөр боломжгүй гэсэн. Улаан паспорт солилтоор хүү нь орхигдож төрсөн он өөрчлөгдсөнөөс миний бүх бичиг баримт Даваа нэрээр авагдсан. Иймд Даваа би 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн иргэний бүртгэлд буруу бичигдсэнээ зөв болгох 044634 тоот хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Даваа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байх ба тэрээр 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Даваа нь 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сусалын /Даваахүү нэртэйгээр/ 7 дугаар хүүхэд болж төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эх Хүүнээгийн олон хүүхэдтэй эхэд олгох тэтгэврийн дэвтэр, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Жавзанхорол, С.Даваажав нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.4-д заасныг баримтлан Тайж овогт Сусалын Даваа 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болохыг тогтоож, 044634 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 0748702 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 00662880 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН