Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00191

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04262 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохиролд 157,452,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сард Баянгол дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* нэртэй баарыг дотор тохижилт, хөгжим техник хэрэгсэл, үлдэгдэл бараа /ус, ундаа, архи, пиво гэх мэт/, 1 сарын барьцаа төлбөр болох 4,000,000 төгрөг, үйл ажиллагаа явуулах эрхийн хамт 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан *******эс худалдан авахаар тохиролцсон. Улмаар баарыг худалдан авсны хариу төлбөрт нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн, Баянгол дүүрэг, 10 дугаар хороололд байрлах 78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 156,000,000 төгрөгөөр тооцон өгч, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан. Ингэхдээ тухайн ******* нэртэй баарны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу *******, түүний нөхөр ******* нартай уулзан, тус баарыг *******эс худалдан авч үргэлжлүүлэн түрээслэхээр болж, хариуцагчтай түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр амаар харилцан тохиролцож, тухайн бааранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1.2 Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгаанаас болж 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хонконг, Бээжинд эмчилгээ хийлгэхээр яваад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монголд Улсад буцаж ирсэн. Гэтэл хариуцагч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу нэхэмжлэгчийн эзгүйд, мөн баарны ажилчдыг 2 өдөр амарч байх хооронд нэхэмжлэгчийн ажиллуулж байсан ******* баарны хаалганы гол цоожийг дур мэдэн сольсон байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сард Монголд Улсад буцан ирээд хариуцагч *******тай уулзахад ******* нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан баарыг дотор нь байсан нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хамт *******д дамжуулан түрээсэлсэн, мөн түрээсийн төлбөрийг *******ас 2018 он хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг авсан, мөн бэлнээр 11,000,000 төгрөг, приус маркийн автомашин авчсан тул нэхэмжлэгч *******ыг 2018 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нь авчих гэсэн санал тавьсан.

1.3 Гэтэл мөнгө өгөөгүй тул эзгүй байх хооронд үйл ажиллагаа явуулж байсан баарнаас зарим алга болсон эд зүйл, бараа зэрэгт 31,321,920 төгрөгийг нэхэмжилж буй эд зүйлийн жагсаалт гэж гарган өгсөн боловч тухайн төлбөрийг огт төлөөгүй. Баянгол дүүрэг цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн *******т холбогдуулан өргөдөл гаргахад цагдаагийн байгууллагаас тус гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шинжээч томилсон. Шинжээч болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгө үнэлсэн дүгнэлтээр ******* нь *******ад 167,452,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Улмаар *******, ******* нарын хооронд иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан үүссэн, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж өөрт учирсан хохирлоо иргэний журмаар хандаж гаргуулах боломжтой гэж дурдсан.

Улмаар нэхэмжлэгч нь *******тай 2021 оны 12 дугаар сард дахин уулзаж эд зүйл, учирсан хохирлыг төлөх асуудлаар ярилцахад ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт шилжүүлсэн. Мөн хариуцагч нь барьцаа мөнгө болох 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.4 Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 039 дугаар албан бичгээр хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтийг үндэслэн хариуцагч *******т холбогдуулан 167,452,600 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хариуцагч *******аас нэхэмжлэгчид төлсөн 12,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл хохирол болох 151,452,600 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Шинжээчийн дүгнэлт нь тухайн бааранд энэ эд хөрөнгүүд байсан гэдгийг нотлох баримт биш. Харин нэхэмжлэгч талын гаргасан жагсаалт дээр гаргасан үнэлгээ. Бааранд хэдэн ширхэг архи, пиво, эвдэрхий хөргөгч зэрэг байсан. Хөрөнгийн үнэлгээ дээр дурдагдсан байгаа бараа материал огтхон ч байгаагүй. Энэ асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, шалгагдахад хариуцагчийг гэмт хэрэг хийснийг нотлох үйл баримт тогтоодохгүй байна, гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг хаагдсан. Хариуцагч нь эд зүйлийн үнэд 16,000,000 төгрөгийг төлсөн. Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хаасан, нэхэмжлэгч үүнд гомдол гаргах эрх нь байсан. Нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр байна. *******ыг эд хөрөнгийг яаж хууль бусаар зарцуулсан гэдэг нь юугаар тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байна.

2.2 Эрүүгийн хэргээр хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хохирлоо төлсөн. Бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч *******аас 69,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,732,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч *******ээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 506,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаагдсан 180506011 тоот хэрэг бүртгэлтийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг дахин нотлох шаардлагагүй нотлогдсон баримт мэтээр үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн гэрч ы ******* манай гараашинд тавилга, эд зүйл авчирч хийсэн гэсэн мэдүүлгийг огт анхаарч үзсэнгүй.

4.2 Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгийг ашигласан уу, өөр зүйлтэй хольсон уу, нийлүүлсэн үү, нэгтгэсэн үү, дахин боловсруулсан уу буюу яг ямар байдлаар захиран зарцуулсан бэ, яг ******* бусдын эрхийг зөрчсөн үү гэдэг асуултууд гарч ирнэ. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч ы ******* манай гараашид тавилга. эд зүйл авчирч хийсэн, ...Гарааш буулгасан газар нь Чингэлтэй дүүргийн -ийн хашаанд буулгасан юм шиг байна. гэсэн мэдүүлгээс харахад ******* дээрх эд хөрөнгийг захиран зарцуулаагүй, ******* гэх хүн эд хөрөнгийг ы гараашид аваачиж хийгээд, улсаас гараашыг буулгахдаа доторх эд зүйлсийг -ийн хашаанд буулгасан байна. Дээрх эд хөрөнгө одоо ч -ийн хашаанд байгаа талаар гэрч мэдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс ...хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг буцаан өгөөгүй, *******ын эд хөрөнгө үгүй болсон гэж зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3 Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй маргааныг 2021 онд Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн *******ын гаргасан гомдлын дагуу *******т холбогдуулан хэрэг бүртгэлийн 180506011 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авч шалгасан боловч *******ыг гэм буруугүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Өөрөөр хэлбэл ******* нь ямар нэг байдлаар үндэслэлгүй хөрөнгөжөөгүй буюу *******ын хөрөнгө нэмэгдээгүй.

4.4 Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан -н эд хогшил, тоног төхөөрөмж гэж тэмдэглэгдсэн жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу үг үсэг нь уншигдахгүй, гарын үсэггүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх ямар ч боломжгүй баримт байна.

Ийм баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг тооцон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохиролд 157,452,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсан. /1хх 221/

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 69,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,732,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч *******ээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.1 Дээрх шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч талууд маргааны талаар эвлэрэн хэлэлцэж давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

Гэрээнд Тус шүүхэд хянагдаж байгаа *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн үндсэн дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчаас бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 112,452,600 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулах болгов.

 

2.    Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХХБ банкин дахь нэхэмжлэгч *******ын тоот дансанд төлнө.

 

3.    Талууд энэхүү гэрээг байгуулахдаа гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгож, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд шүүхээр эвлэрлийн гэрээг батлуулахаар тогтов. гэж заажээ.

4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 112,452,600 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 45,000,000 төгрөг гаргуулах болгож, хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 45,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 506,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН