Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00350

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1956 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 60 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух, Урт овогт Дармаагийн Болд /РД:ГЕ56070918/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00379/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Болд, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн 3 дугаар бригадад 1972 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан.1974-1977 онуудад цэргийн алба хаагаад 1978 оноос 1993 оныг дуустал тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсныгтогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1972 оноос 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Болд нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн 3 дугаар баригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай лавлагаа, тус архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай лавлагаа, цалингийн түүвэр, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Баасан, Х.Дэнсмаа нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаагаар нэхэмжлэгч нь 1974-1977 онуудад цэргийн алба хаасан болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Урт овогт Дармаагийн Болдыг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 17 /арван долоон/ жил 7 /долоон/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН