| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/04212/И |
| Дугаар | 210/МА2025/00202 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00202
******* газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04785 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* газар
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан гэм хорын хохиролд 14,694,269 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0906 дугаар шийдвэрээр *******ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 14,694,269 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу *******ноос дээрх мөнгийг *******д олгосон ба уг төлбөрийг төрийн байгууллагаас төлөх үндэслэл болж мөнгөн дүнг төлсөн нь төрд хохирол учирсан гэж үзэхээр байна.
*******ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг зөрчсөн буюу илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон байна.
1.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага буюу ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төрд учирсан хохирлыг *******аас нэхэмжилж гаргуулаагүй төрд хохирол учирсан хэвээр байх тул прокуророос Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хүсэлттэй танилцаад төрд, цаашлаад нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн.
******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор төрд учирсан хохирлыг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгогдсон.
Иймд 14,694,269 төгрөгийг *******аас гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* газар нь нэхэмжлэл гаргах эрхгүй. Захиргааны илт хууль бус акт гэж шийдвэрлээгүй. Хариуцагч *******ны Ажлын албаны даргад холбогдуулан гаргасан маргааны талаар талууд эвлэрсэн.
2.2 *******ны дарга нь солигдсон, тухайн солигдсон дарга нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар тусгаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн Иргэнийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас гэм хорын хохиролд 6,064,300 төгрөгийг гаргуулж *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,629,969 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 111,978 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь *******ны ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Албан тушаал бууруулах тухай тушаалаар *******ыг албан тушаал бууруулсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол гарсан. Төрийн албаны зөвлөлийн энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу *******ад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Гэтэл энэ тогтоолын улмаас *******ын эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.
Шүүх Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн шүүх Хариуцагчийн зөвшөөрлийг баталж" шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Гэтэл нэг намын багийнх нь нөхөр дарга болж ирээд өөрийг нь томилогдож ирэхээс өмнө *******ноос Зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар өгч байсан захиргааны хэрэгт Шууд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч шийдүүлсэн, илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрт үндэслэн хариуцагчаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.
4.2 Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүх аль аль нь *******ын эрх ашиг сонирхол хөндөгдөнө гэх асуудалд анхаарлаа хандуулаагүй. Мөн нэхэмжлэгч хоёр тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн нь ямар албан тушаалтны гаргасан аль тушаалд хэдэн төгрөг хамаарч шаардлага гаргаж байгаагаа тодорхойлж чадаагүй, шүүгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуултад Тайлбар байхгүй, Мэдэхгүй" гэж хариулсаар байтал шүүх зөвтгөн шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орсон. Уг өөрчлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс буруутай албан тушаалтны шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой төрд учирсан хохирлыг төлүүлэхийг тодорхой тусгасан. Хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь 2019 оны албан тушаал бууруулах захиргааны акттай холбоотой төрд учирсан хохирлын маргааныг шийдвэрлэсэн. Уг маргаанд Төрийн албаны зөвлөлөөс хүсэлт гаргасан тул ******* байгууллага нэхэмжлэл гаргасан.
5.2 Хариуцагч *******ыг хууль бус үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан буюу *******ноос холбогдох хохирлыг *******д олгосон. Төрийн албаны тухай хуульд Төрийн албан тушаалыг түр орлох журмыг тодорхой тусгаж өгсөн бөгөөд тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлж оролцоно гэж заасан. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан буюу *******ын албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн нь албан үүргээ түр орлон гүйцэтгэх үедээ бүрэн хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Уг шийдвэртэй холбоотой үр дагавар болон хариуцлагыг ******* хүлээх нь зүйтэй.
5.3 Мөн захиргааны актыг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт байна гэдгийг тодорхойлж үзсэн. Хариуцагчийн гаргасан шийдвэр 2019 оны тушаал байдаг ба Төрийн албаны зөвлөлөөс санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлсэн баримт нь хэрэгт авагдсан. Дээрх үйл баримтыг *******ын зүгээс мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Сонсох ажиллагааг мэдэгдээгүй, явуулаагүй, Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй гэж маргаж байгаа нь хариуцагчийг бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримтыг зөвтгөхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч *******ад холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 14,694,269 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* *******ны даргыг түр орлон гүйцэтгэж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаал гаргасны улмаас улсын төсвөөс 14,694,269 төгрөгийг гаргуулж *******д олгосон. Иймд төрд хохирол учирсан тул ******* байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч ...******* газар нэхэмжлэл гаргах эрхгүй. Талууд эвлэрсэн тул захиргааны илт хууль бус актын талаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлан маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.1 *******ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь тус албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тушаалаар *******ыг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. /хх 9/
4.2 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгосон. /хх 13/
4.3 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0906 дугаар захирамжаар *******ын нэхэмжлэлтэй, *******нд холбогдох, дээрх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хугацааны цалин 14,694,269 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2018 оны урамшуулал гаргуулах тухай захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 6-8/ Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
4.4 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу *******ноос 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******д урьд эрхэлж байсан хугацааны цалин 14,694,269 төгрөг олгосон. /хх 10/
4.5 Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2123 дугаар хамтран ажиллах тухай, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/2229 дугаар хүсэлтийн дагуу ******* газар нь *******ад холбогдуулан, төрд учирсан гэм хорын хохиролд дээрх 14,694,269 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. /хх 13-16/
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
5.1 ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.
Эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн нийтийн эрх зүйн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байгаа тохиолдолд ******* байгууллагын төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн объектив эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах, гэм хорын хохирол шаардах хууль зүйн боломж нь хязгаарлагдана.
5.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгаж, мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тухайн хуулийн этгээд нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байдаг.
Тодруулбал, прокурор байгууллагын тухайд субьектив эрх нь зөрчигдөөгүй тул шууд шаардах эрхгүй. Харин уг субьектив эрх нь зөрчигдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох ******* гэм хорыг буруутай этгээдээс шаардахаас зайлсхийсэн, түүнд нэхэмжлэл гаргах талаар сануулсан атал нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон, тухайн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн, энэ нь тогтоогдсон нөхцөлд ******* байгууллага нь хуульд зааснаар төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргах боломжтой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар уг нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Нийслэлийн прокурорын газар нь шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
5.3 Түүнчлэн, ******* газар нь ...******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2123 дугаар хамтран ажиллах тухай, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/2229 дугаар хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан гэх боловч тухайн албан бичиг нь шаардах эрхийг шилжүүлж авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүргийн нэг болох хохирол шаардах эрх нь тухайн албан бичгийн дагуу нэхэмжлэгчид шилжихгүй. Мөн уг баримтад хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул талуудын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ад холбогдох, төрд учирсан гэм хорын хохиролд 14,694,269 төгрөг гаргуулах тухай ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН