| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0060/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/60 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор М.Батхишиг /томилолтоор/,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Л.Бд холбогдох эрүүгийн 1907001270045 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн слессарь мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ээлжийн слесарь ажилтай, ам бүл 1, Налайх дүүргийн 2 дугаар хороо 1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Л.Б /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь согтуугаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1-2 тоотод 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах Л.Ганболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар халуун тогоогоор толгой болон нүүрэн тус газар нь онц харгис хэрцгийгээр олон удаа цохиж олон тооны шарх үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ согтуу байсан. Тухайн үед намайг гэрт согтуу ороход ах маань архи уусан бид 2 маргалдсан. Би тухайн үед ахдаа ингэж архи дарс ууж болохгүй ээ гэж хэлсэн. Хохирогч манай хамгийн том ах байгаа юм. Бид нар эхээсээ дөрвүүлээ байдаг. 1966 онд бид нар өнчирч үлдэхэд ах маань аав шиг, ээж шиг минь бид нарыг харж ханддаг байсан. Ах маань гарын ур дүй их сайтай. Би хэрэг гардаг өдөр өөрийгөө хянах чадваргүй болоод ахтайгаа маргалдаж ахыгаа гэмтээсэндээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би Налайх дүүргийн 2 дугаар хороо 1-2 тоотод гэртээ иртэл манай төрсөн ах Ганболд хоёр хүнтэй хамт архи уучихсан сууж байсан, би гэртээ орохдоо бас нэг найзтайгаа 2 шил 0.33 литрийн Хараа архи уучихсан орсон тэгээд унтахаар шууд хэвтсэн, тэгээд унтаж байтал манай ах Ганболд намайг татаж зулгаагаад орилж чарлаад байсан, тэгээд би яах гээд байгаан бол гээд босоод хартал нөгөө хамт архи ууж байсан хоёр хүн нь гараад явчихсан тэгээд би Ганболд ахтай муудалцаад яах гээд унтуулахгүй байгаа юм гээд уурлатал өөдөөс агсамнаад элдэв бусаар хэлэхээр би уурлаж босоод хэрэлдээд тэгтэл Ганболд үсдэж зулгаахаар нь би барьцалдаж аваад бид хоёр зодолдож бие биенийгээ гараараа цохисон тэгээд бид хоёр барьцалдаж авахдаа гэрт дотроо юмгүй хоосон байсан халуун тогоог хоёр гараараа барьж байгаад Ганболд ахын толгой руу нь нэлээн хэдэн удаа цохисон, тэгээд Ганболд ахын толгойноос цус гараад ойр орчин дахь бүх юм цусаар будагдсан. Энэ үед хаалга нүдээд хаалга онгойлго би хөршийн чинь хүн байна гэхээр нь би хаалгаа нээгээд цагдаа дууд гээд шууд хэлсэн тэгээд тэр хүн цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч Л.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хороо 1-2 тоотод гэртээ уурхайд цуг ажилладаг нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг хүнтэй нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд архи ч дууссан нөгөө залуу гараад явчихсан. Тэгээд гэртээ байж байтал мужаан Цогоо гаднаас нэг шил архи бариад ороод ирсэн бид хоёр архийг хувааж уучихаад би мужаан Цогоог гэрээс гаргаж өгчихөөд дараа нь юу болсноо сайн санахгүй байгаа юм нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би Налайх дүүрэгт гадуур ажилтай явж байтал манай хүү Хүсэлбаатар над руу утсаар залгаад "хажуу айлын хүмүүс зодолдоод та хурдан хүрээд ирээч" гэхээр нь би 4-5 минутын дотор гүйгээд очсон. Тэгээд очиход манай секцны нэг өрөөнд амьдардаг төрсөн ах дүүс болох Л.Б, Ганболд хоёрын өрөөний хаалга дотроосоо цоожтой дотор талд хүмүүс зодолдоод түс тас гээд хоёр хүн хэрэлдээд байгаа бололтой сонсогдсон тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн, би яг тэр хоёрын өрөөний хаалган дээр дуудлага өгөхөд Л.Б өрөөнөөсөө хаалгаа дотроос нь онгойлгоод гараад ирсэн гарч ирэхдээ согтуу байдалтай надад хандаж "цагдаагаа дууд дууд" гэж хэлсэн, тухайн үед Л.Б өрөөнөөсөө гарч ирэхэд хувцас хунар гар нүүр нь битүү цус болчихсон байдалтай гарч ирсэн, тэгээд би Бат-Эрдэнийг чи наанаа байж бай гээд тэр өрөөнөөс нь хүн гаргалгүй үүдэн дээр нь цагдаа иртэл харж зогссон тухайн үед цагдаа нар ирээд хаалгыг нь нээхэд Ганболд нь зодуулчихсан байдалтай цусандаа хутгалдчихсан шалан дээрээ орилоод хэвтэж байсан, өрөөнийх нь шал нь битүү мал гаргачихсан юм шиг цус нөж болчихсон байсан юм. Тэгээд би цагдаа ирэнгүүт нь болсон явдлыг нь хэлээд өөрийнхөө өрөө рүү орсон юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би Багануур дүүрэг рүү айл руу явчихаад орой 20 цагийн үед байх гэртээ ирээд байж байтал манай хажуу айлын хөрш Отгонбаатар гэх хүн манай хаалгыг нүдээд Л.Ганболд, Л.Б хоёр хоорондоо зодолдоод Ганболд ах шалан дээрээ хэвтэж байна би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Ганболдын ахын гэрт оролгүй хаалга нь онгорхой байхаар нь хартал Л.Ганболд ах газар шалан дээр хэвтсэн байдалтай гэр нь нил цус болсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/
Арван найман насанд хүрээгүй гэрч О.Хүсэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ганболд, Л.Б нар согтуу байсан. Тэгээд би гэртээ байж байтал Ганболд ах Л.Б ах хоёр хоорондоо зодолдоод байгаа бололтой гэртээ түжгэнээд байсан удалгүй манай аав гаднаас орж ирэхээр нь би энэ хажуу талд Ганболд, Л.Б ах хоёр хоорондоо зодолдоод байх шиг байна аль түрүүнээс хойш орилолдоод байна гэж хэлсэн тэгээд аав намайг эгчийндээ очоод байж бай гэж хэлээд би гэрээсээ гарч яваад аав гэртээ үлдсэн” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 09-13 р тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/164 дугаар:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1750 дугаар:
“ХГҮ-ээр хураан авсан гэх хөх өнгийн зузаан куртик, халуун тогооны жигнүүр, тогоо, шилний хагархайнууд, хар өнгийн хуванцар хагархайнууд дээр цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1747 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн Л.Ганболдын гэх цус нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт,
/хх-ийн 51 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1749 дугаар:
“1.Шинжилгээнд ирүүлсэн Л.Ганболд гэсэн хаягтай цусанд 2,1 промилли спиртийн агууламж илрэв.
2. Цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,
/хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1748 дугаар:
“1.Шинжилгээнд ирүүлсэн Л.Б гэсэн хаягтай цусанд 1,3 промилли спиртийн агууламж илрэв.
2. Цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,
/хх-ийн 55 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар хураагдсан зүйл зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 1-2 тоотод өөрийн төрсөн ах Л.Ганболдтой архи уусан гэх харилцааны улмаас маргалдан улмаар халуун тогоогоор түүний толгой болон нүүрэн тус газар нь олон удаа цохиж олон тооны шарх, хугарал үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би тухайн үед ахдаа ингэж архи дарс ууж болохгүй ээ гэж хэлсэн. Хохирогч манай хамгийн том ах байгаа юм. Бид нар эхээсээ дөрвүүлээ байдаг. Би хэрэг гардаг өдөр өөрийгөө хянах чадваргүй болоод ахтайгаа маргалдаж Ганболд үсдэж зулгаахаар нь би барьцалдаж аваад бид хоёр зодолдож бие биенийгээ гараараа цохисон тэгээд бид хоёр барьцалдаж авахдаа гэрт дотроо юмгүй хоосон байсан халуун тогоог хоёр гараараа барьж байгаад Ганболд ахын толгой руу нь нэлээн хэдэн удаа цохисон, тэгээд Ганболд ахын толгойноос цус гараад ойр орчин дахь бүх юм цусаар будагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Б, Ганболд хоёрын өрөөний хаалга дотроосоо цоожтой дотор талд хүмүүс зодолдоод түс тас гээд хоёр хүн хэрэлдээд байгаа бололтой сонсогдсон тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн, би яг тэр хоёрын өрөөний хаалган дээр дуудлага өгөхөд Л.Б өрөөнөөсөө хаалгаа дотроос нь онгойлгоод гараад ирсэн гарч ирэхдээ согтуу байдалтай надад хандаж "цагдаагаа дууд дууд" гэж хэлсэн, тухайн үед Л.Б өрөөнөөсөө гарч ирэхэд хувцас хунар гар нүүр нь битүү цус болчихсон байдалтай гарч ирсэн, тэгээд би Бат-Эрдэнийг чи наанаа байж бай гээд тэр өрөөнөөс нь хүн гаргалгүй үүдэн дээр нь цагдаа иртэл харж зогссон тухайн үед цагдаа нар ирээд хаалгыг нь нээхэд Ганболд нь зодуулчихсан байдалтай цусандаа хутгалдчихсан шалан дээрээ орилоод хэвтэж байсан, өрөөнийх нь шал нь битүү мал гаргачихсан юм шиг цус нөж болчихсон байсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Ганболдын ахын гэрт оролгүй хаалга нь онгорхой байхаар нь хартал Л.Ганболд ах газар шалан дээр хэвтсэн байдалтай гэр нь нил цус болсон байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг, Арван найман насанд хүрээгүй гэрч О.Хүсэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ганболд, Л.Б нар согтуу байсан. Тэгээд би гэртээ байж байтал Ганболд ах Л.Б ах хоёр хоорондоо зодолдоод байгаа бололтой гэртээ түжгэнээд байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 шэ/164 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь төрсөн ах хохирогч Л.Ганболдын эсрэг эрүүл мэндэд нь хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ахуйн хүрээний асуудлаар муудалцсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байх тул улсын яллагчийн шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэл нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн ах, дүүгийн харилцаатай хэдий ч гэр бүлийн хүрээнд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс үүдэлтэй бие биедээ харилцан хүндэтгэлгүй ханддагаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд Шүүгдэгч Бэсүд овогт Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулахаар гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотойгоор шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28х28 см хэмжээтэй хэлбэр дүрсээ алдагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон халуун тогооны жигнүүр 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хагархай 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон тогооны бариул, хэлтэрхийнүүд, мөн хэлбэо дүрсээ алдагдсан тогоо 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас болон тохиолдлын шинжтэй нөхцлөөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Лхагваагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Л.Бд тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Бд сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай
6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28х28 см хэмжээтэй хэлбэр дүрсээ алдагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон халуун тогооны жигнүүр 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хагархай 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон тогооны бариул, хэлтэрхийнүүд, мөн хэлбэо дүрсээ алдагдсан тогоо 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД