Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00207

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05072 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 359,735,862 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, ******* нар нь нэхэмжлэгч *******-тай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БЗГЛ/201743320334 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 273,600,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БЗГЛ/201743320334-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БЗГЛ/201743320334-2 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн хугацааг 6 сараар сунгасан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗГЛ/201743320334-3 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201844024606-4 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн хугацааг 12 сараар сунгасан.

1.2 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БГХ/201743320334 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, ******* арлын дугаартай, ******* маркийн автомашин, ******* арлын дугаартай, ******* маркийн автомашиныг тус тус барьцаалсан.

1.3 Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 55,906,220.71 төгрөг, зээлийн хүүд 141,275,839.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69,337.41 төгрөг, нийт 197,251,397.66 төгрөг төлсөн. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 806 хоног хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 230,893,779.29 төгрөг, хүү 119,485,469.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,356,613.93 төгрөг, нийт 359,735,862.68 төгрөг болж байна.

1.4 Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 359,737,862.68 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 55,906,220 төгрөг, зээлийн хүүд 141,275,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69,337 төгрөг, нийт 197,251,397 төгрөгийг төлсөн. Ковид-19 цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт доголдол гарсан. Бидний эрхлэн явуулдаг үйл ажиллагаа доголдсоны улмаас бид зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх цаг хугацаанд бид *******-д удаа дараа бидний эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа талаар мэдэгдэж байхад нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй өнөөдрийг хүргэж, хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэт өндөр буюу 128,842,082 төгрөг болгосон.

2.2 Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 238,000,000 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 121,735,862 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 350,379,248.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,356,613.93 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,026,829.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,909,846.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон гэрээнд ...зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан. Нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү болох 9,356,613.93 төгрөг нь зээлийн хүүний төлбөр болох 119,485,469.46 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй. Гэтэл шүүх ямар үндэслэл, тооцооллоор нэмэгдүүлсэн хүүнээс 9,356,613.93 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

4.2 Мөн талууд зээлийн гэрээнд Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд багтаан зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тохиролцсон. Зээлийн гэрээг цуцалснаар зээлдэгч нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

4.3 ******* болон барьцаалуулагч *******тай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БГХ/201743320334 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр түүний өмчлөлийн улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн автомашин, улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ын нэр дээр бүртгэгдсэн байдаг тул шүүхээс өмчлөх эрхгүй этгээдтэй хийсэн барьцааны гэрээ гэж үзсэн. Гэвч зээлдэгч нар нь тухайн тээврийн хэрэгслүүдийг *******-ийн санхүүжилтээр худалдаж авсан бөгөөд тээврийн хэрэгслүүд нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаалиар орж ирсэн тул банк барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл барьцаалуулагч буюу өмчлөгч ******* нь барьцаалагч буюу бидэнд мэдэгдэхгүйгээр дээрх тээврийн хэрэгслийг бусдад худалдсан байсан.

4.4 Барьцаалуулагч ******* нь барьцааны гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахыг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийг үгүйсгэж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүү 9,356,613.93 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүүг хасаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ удаа дараа тайлбарласан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болгосноор нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл байхгүй.

5.2 Мөн Авто тээврийн үндэсний төвөөс барьцаа хөрөнгө бүхий 2 тээврийн хэрэгслийн мэдээллийг гаргуулж авсан. Уг мэдээллээр хариуцагч нарын нэр дээр барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүд нь бүртгэлгүй байгааг мэдсэн. Анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,000,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эвлэрлийн асуудлыг дангаар шийдвэрлэх боломжгүй, эвлэрэх хугацаа авах хүсэлттэй байгаагаа илэрхийлэхэд шүүгчийн зүгээс эвлэрэх хүсэлтийг шүүхэд хандаж гаргаж байгаа нь үндэслэлгүй, мөн итгэмжлэл дээр эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчид олгосон байх тул дангаар шийдвэрлэх боломжтой талаар дурдаж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч талтай 238,000,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэх тухай ярилцаж, энэхүү эвлэрэх тухай асуудлыг *******-ийн тусгайлсан хороогоор хуралдаж эцсийн шийдвэр гарч, шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй төлөөлөгч нь тухайн хорооны гаргасан шийдвэрийн дагуу хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэх тухай гэрээг байгуулах, нэхэмжлэгч талын эвлэрлийг хүлээн авсан шийдвэрийг танилцуулах үүрэгтэй байсныг анхан шатны шүүхээс шүүх хуралдааны үед төлөөлөгчийг дангаар шийдвэрлэх мэтээр тайлбарлаж, талуудын эвлэрэн хэлэлцэх эрхийг хангаагүй. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч талтай 238,000,000 төгрөгийг төлөх дээр эвлэрэн хэлэлцэхэд бэлэн.

6.2 Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэл гаргасан асуудлаар гаргасан дүгнэлтийг анхан шатны шүүх ...хариуцагч нар хариу тайлбартаа дурдаагүй, энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Өмнөх шүүх хуралдааны үеэр гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа талаар дурдагдаж байсан.

6.3 Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон үндэслэл болон хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтын талаар дүгнэлт хийсэн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 121,735,862 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 *******-ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жилийн турш үргэлжилсэн. Уг хугацаанд хариуцагч нарын хэн аль нь банкинд хандаж, эвлэрэх санал гаргаагүй. Гэвч анхан шатны шүүх хуралдааны явцад ямар нөхцөлөөр, ямар хугацаатайгаар эвлэрэх хүсэлтэй байгаагаа тодорхой дурдаагүй.

7.2 *******-ийн зүгээс ковид-19 цар тахлын үед зээлдэгч нарын эдийн засгийн байдлыг дордуулахгүйн тулд 4 удаа нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын санал болгосон үнийн дүнгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 230,893,779.29 төгрөг, хүү 119,485,469.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,356,613.93 төгрөг, нийт 359,735,862.68 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 238,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон *******, ******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 273,600,000 төгрөгийг, автомашин худалдан авах зориулалтаар 96 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, үндсэн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-10/

3.1 Улмаар талууд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус тус Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж хугацааг сунгасан /хх 12-13, 15-22/, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Хариуцагч нарын цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хүсэлтүүдийг ******* хүлээн авч, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн ...гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа талаар дурдагдаж байсан гэх гомдлыг хангахгүй.

6. Харин анхан шатны шүүх ...зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцэхгүй гэж дүгнэн, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

6.1 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.

6.2 Гэрээний 2.4.4-т 5.1, 5.1.1-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20% /хорин хувь/ хүртэл байна гэж заасан тохиролцоо нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

6.3 Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,906,220 төгрөг, үндсэн хүү 141,275,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,337 төгрөг нийт 197,251,397 төгрөг төлсөн байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 230,893,779 төгрөг, үндсэн хүү 119,485,469 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,356,613 төгрөг, нийт 359,735,862 төгрөгийн үүрэгтэй байгаа үйл баримт тогтоогдсон. /хх 27/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт хариуцагч нараас нийт 359,735,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

7. ******* нь *******тай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, ******* арлын дугаартай, маркийн автомашин, ******* арлын дугаартай, маркийн автомашиныг тус тус барьцаалсан байна. /хх 10-11/

Дээрх хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

7.1 Автотээврийн Үндэсний төвийн лавлагаагаар барьцааны зүйл болох ******* арлын дугаартай, маркийн автомашин нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ын, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр , 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ий өмчлөлд, ******* арлын дугаартай, маркийн автомашин нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ын, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. /хх 118/

7.2 Анхан шатны шүүхийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч ...автомашиныг өмчлөх эрхгүй этгээдтэй байгуулсан барьцааны гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хариуцагч нар нь тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл анх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус улсын бүртгэлд хариуцагч *******ын нэр дээр бүртгэгдсэн. /хх 118-119/ Тухайн өдрөөс нэг өдрийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нар тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хамаарахгүй.

7.3 Харин нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх тул түүнийг мэргэжлийн оролцогч гэж үзнэ. Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар цахим мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг цахим мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулаагүйн улмаас барьцааны зүйл бусдад шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсноор барьцааны эрх дуусгавар болсон байна. Иймд дээрх үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн ...талуудын эвлэрэн хэлэлцэх эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 359,735,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 1,909,846.24 гэснийг 1,956,629.31 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 766,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 234,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН