Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Н.Ут холбогдох эрүүгийн 1807003810145 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, ахын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандын 6-3 тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 611 дүгээр захирамжаар шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 2 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, Боржигин овогт Н.У /РД: **********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 6-3 тоотод байх өөрийн гэртээ хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий нагац ах Н.Хүрэлбаатарыг архи уулаа гэсэн шалтгаанаар маргалдан халиваар /отверк/ цохиж зүүн шанаанд нь шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            2018 оны 5 дугаар сарын 21-нээс 2018 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтуугаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн автомашин түр саатуулах хашаанд байрлуулсан иргэн А.Хүрэлбаатарын эзэмшлийн Тоёото приус 11 маркийн 41-34 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: ..мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж тодруулах зүйл байхгүй гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “журмын хашаа руу ороод дунд хэсэгт нь байсан приус 11 маркийн авто машины дэргэд очиход зүүн урд талынх нь цонх онгорхой байсан тэгэхээр нь тойроод баруун урд талынх нь буюу жолооч талынх нь хаалгыг татсан чинь онгойсон. Тэгэнгүүт нь дотор нь орж суугаад дунд талынх нь хайрцгийг онгойлгоод үзэхэд ганц ширхэг машины түлхүүр байхлаар нь уг түлхүүрийг аваад асаах хэсэгт нь хийгээд түлхээд үзсэн чинь уг машин ассан. Тэгэхээр нь журмын хашааных нь цоожийг төмрөөр хөшиж хаалгыг онгойлгоод нөгөө машинаа жолоодоод хашаанаас гарч явсан. Хашаанаас гараад бадралын гэр хороолол дундуур ороод энгэршандын гэр хороололд очсон. Энгэршандын гэр хорооллын хоёр гурван гудамж тойрч явж байгаад нэг газар зогсоод машин дотор унтаад өгсөн. Би тухайн үед согтуу байсан  мөн өглөө болж байхад унтсан болохоор унтсаар байгаад орой бүрэнхий болж байхад сэрсэн. Сэрээд нөгөө машинаа яах уу гэж бодож байгаад шууд хойшоо уул руу гараад хөшөөтэй уулны ойролцоо аваачиж тавиад буцаж явган алхсаар байгаад гэртээ ирээд унтаад өгсөн. Тэр орой намайг унтаж байхад цагдаа нар хүрч ирээд намайг дуудаж гаргаж ирээд хулгайлж авсан машин чинь хаана байна гэхлээр нь би машин байрлуулсан газраа зааж өгсөн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 170, дүгээр хуудас/

            2018 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд гэртээ согтуу орж ирэхэд ээжийн төрсөн дүү болох Хүрэлбаатараар хоол аягалуулж идсэн юм. Тэгээд Хүрэлбаатар ах архи уусан шинжтэй байхаар нь чи архи уусан юм уу гэтэл тийм уусан, тэгээд яадгийн гээд өмнөөс хэрэлдээд байхаар нь гэрийн зүүн урд хоолны шүүгээн дээр байсан улаан иштэй халивыг авч зүүн орон дээр сууж байгаа Хүрэлбаатар ах руу шидэхэд зүүн хацар хавьд нь онож нүүрээ бариад газар суусан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 234 дүгээр хуудас/

 

            Хохирогч А.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт ирээд торгуулийн мөнгө, журмын хашааны мөнгийг төлөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн журмын хашаанаас машинаа авах гэхэд миний машинд журмын хашаанд нь байгаагүй. ...үнэлгээгээр гарсан 142.600 төгрөгийг нэхэмжилсэн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /1хх-ийн 139, 141 дүгээр хуудас/

 

            Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018.05.19-20-нд шилжих шөнө журмын хашааны дунд хэсэгт 69-09 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота камри маркийн автомашины ард 41-34 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 11 машиныг байршуулаад түгжээд үлдээсэн юм” гэсэн мэдүүлэг,/1 хх-ийн 149 дүгээр хуудас/

 

            Гэрч П.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анх цагдаагийн хэлтсээс үүрэг аваад гарахдаа саатуулах байрны хашаа даваад орж байгаа 20-оос 25 орчим насны залуу хүн байсныг ерөнхийдөө бол харсан гэхдээ царай төрх нь тод харагдаагүй. Ингээд 20-25 насны тээврийн хэрэгсэл хулгайлах боломжтой хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байхдаа бодож таамаг дэвшүүлж явсан ба Н.У гэх залууг байж болзошгүй гэж бодоод гэрт нь очоод урд шөнө хаана байсан талаар асуухад архи уусан гэхээр нь тээврийн хэрэгслийг хулгайлсан гэж асуухад тиймээ гээд машин байгаа газрыг зааж өгсөн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 155 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “саатуулах байр руу орж байгаа хүний дүр төрх, биеийн ерөнхий төлөв зэргээс хараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 6-3 тоотод оршин суух Н.Утай төсөөтэй учир мөн байж болзошгүй гэж ярилцаад Н.Уын гэрт 01 цагийн үед очиход Н.У нь гэртээ унтаж байхаар нь дуудаж сэрээгээд урд шөнө хаана байсан талаар асуугаад тээврийн хэрэгсэл саатуулах байрнаас авсан уу гэж асуухад тиймээ би авсан гээд тээврийн хэрэгсэл байгаа газрыг зааж өгсөн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 159 дүгээр хуудас/

 

            Эд зүйлийн үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 163 дугаар хуудас/

 

            Хохирогч Н.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд би гэртээ унтах гээд байж байтал манай эгч Нарантуяагийн төрсөн хүү Н.У согтуу гаднаас орж ирээд хоол хийгээд өг гэхээр нь би босож аяганд хоол хийж өгөөд зүүн орон дээр очиж суухад араас босож ирээд чи архи уудаг хэн бэ гээд ширээн дээр байсан улаан бариултай урт халивыг авч үгийн зөрүүгүй миний зүүн чихний урд шанаа хэсэгт иртэй хэсгээр нь нэг удаа цохьтол зүсэгдэж маш их цус гарсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 229 дүгээр хуудас/

 

            Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 сарын 16-ны өдөр 02 цагийн үед би гэртээ унтаж байсан чинь гаднаас эхлээд манай дүү Хүрэлбаатар орж ирээд удалгүй араас нь манай хүү Н.У орж ирсэн юм. Тэгээд Н.У гэрт орж ирээд л энэ балай юм чинь бааранд явж байна ш дээ гэж хэлээд Хүрэлээ надад ганц аяга хоол хийгээд өгчих гэж хэлсэн юм.  Тэгээд Хүрэлээ хоолыг нь аягалаад өгсөн чинь Н.У гэнэтхэн гартаа улаан өнгийн отверк бариуд шууд Хүрэлээгийн чих рүү хатгачихсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 232 дугаар хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 р хх-137 р тал/,

 

            Гэрч Х.Бат-Итгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .. би маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад манай аав ирж намайг батлан дааж аваад гэр лүү харьсан. Тэгээд өнөөдөр өглөө Налайхын цагдаа дээр ирж асуудлаа шийдүүлээд автомашинаа авах гэтэл манай автомашин журмын хашаанд байхгүй байсан гэсэн мэдүүлэг / 1 –р хх 145 р тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/356 дугаар:

  1. Н.Хүрэлбаатарын биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 236 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 6-3 тоотод байх өөрийн гэртээ хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий нагац ах Н.Хүрэлбаатараар хоол аягалуулсны дараа архи уулаа гэсэн шалтгаанаар түүний толгой руу нь халиваар /отверк/ цохиж зүүн шанаанд нь шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг гэр бүлийн эрүүл мэндийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Уын өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд гэртээ ...Хүрэлбаатар ах архи уусан шинжтэй байхаар нь чи архи уусан юм уу гэтэл тийм уусан, тэгээд яадгийн гээд өмнөөс хэрэлдээд байхаар нь гэрийн зүүн урд хоолны шүүгээн дээр байсан улаан иштэй халивыг авч зүүн орон дээр сууж байгаа Хүрэлбаатар ах руу шидэхэд зүүн хацар хавьд нь онож нүүрээ бариад газар суусан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Н.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд ...Н.У ...ширээн дээр байсан улаан бариултай урт халивыг авч үгийн зөрүүгүй миний зүүн чихний урд шанаа хэсэгт иртэй хэсгээр нь нэг удаа цохьтол зүсэгдэж маш их цус гарсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 сарын 16-ны өдөр 02 цагийн үед Н.У гэнэтхэн гартаа улаан өнгийн отверк бариуд шууд Хүрэлээгийн чих рүү хатгачихсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/356 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

            Мөн 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Цагдаагийн хэлтсийн автомашин түр саатуулах хашаанд байрлуулсан иргэн А.Хүрэлбаатарын эзэмшлийн Тоёото приус 11 маркийн 41-34 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Уын өгсөн: журмын хашаа руу ороод дунд хэсэгт нь байсан приус 11 маркийн авто машины дэргэд очиход зүүн урд талынх нь цонх онгорхой, хаалгыг татсан чинь онгойсон. ...орж суугаад дунд талынх нь хайрцгыг онгойлгоод үзэхэд ганц ширхэг машины түлхүүр байхлаар нь уг түлхүүрийг аваад асаах хэсэгт нь хийгээд түлхээд үзсэн чинь уг машин ассан. Тэгэхээр нь журмын хашааных нь цоожийг төмрөөр хөшиж хаалгыг онгойлгоод нөгөө машинаа жолоодоод хашаанаас гарч явсан... гэсэн мэдүүлэг,  Хохирогч А.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт ирээд торгуулийн мөнгө, журмын хашааны мөнгийг төлөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн журмын хашаанаас машинаа авах гэхэд миний машинд журмын хашаанд нь байгаагүй. ...үнэлгээгээр гарсан 142.600 төгрөгийг нэхэмжилсэн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018.05.19-20-нд шилжих шөнө журмын хашааны дунд хэсэгт 69-09 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота камеры маркийн автомашины ард 41-34 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 11 машиныг байршуулаад түгжээд үлдээсэн юм... гэсэн мэдүүлэг, Гэрч П.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Н.У гэх залууг байж болзошгүй гэж бодоод гэрт нь очоод урд шөнө хаана байсан талаар асуухад архи уусан гэхээр нь тээврийн хэрэгслийг хулгайлсан гэж асуухад тиймээ гээд машин байгаа газрыг зааж өгсөн... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Н.У нь гэртээ унтаж байхаар нь дуудаж сэрээгээд урд шөнө хаана байсан талаар асуугаад тээврийн хэрэгсэл саатуулах байрнаас авсан уу гэж асуухад тиймээ би авсан гээд тээврийн хэрэгсэл байгаа газрыг зааж өгсөн... гэсэн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл , Гэрч Х.Бат-Итгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .. би маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад манай аав ирж намайг батлан дааж аваад гэр лүү харьсан. Тэгээд өнөөдөр өглөө Налайхын цагдаа дээр ирж асуудлаа шийдүүлээд автомашинаа авах гэтэл манай автомашин журмын хашаанд байхгүй байсан гэсэн мэдүүлэг , Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Ут холбогдох эрүүгийн хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Боржигин овогт Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Уыг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаар зөрүүтэй санал гаргаагүй ба мөрдөн шалгах ажиллагаанд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь дүйцүүлэх санал дүгнэлтээр мэтгэлцэж оролцлоо.

            Шүүхээс шүүгдэгчийн насны байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн шинж, давтамж,  нийгмийн аюулын хэр хэмжээг үндэслэл болгон  тухайн зүйлүүдэд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг  сонгон оногдуулж  нэг төрлийн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

Хохирогч А.Хүрэлбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээрээ 142600 төгрөгийг шүүгдэгчид холбогдуулан гаргасныг шүүх хэрэгт цугларсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.У нь 2018 оны  05 дугаар сарын 23-ны өдрөөс  2 хоног баривчлагдсан, 2018 оны 07 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26 өдрийг хүртэл 246 хоног , нийт баривчлагдсан болон цагдан хоригдсон 248 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцоход шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг / нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ нь 720 цаг / 8 цаг =90 хоног/ бүрэн эдэлсэн гэж шүүх үзлээ.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг отверкийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Уын үйлдсэн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн болон гэр бүлийн хүрээнд архины хамааралтай байдлаас шалтгаалсан  гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Н.Уыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Ут Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд баривчлагдсан болон цагдан хоригдсон 248 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлсэнд тооцсугай.

5. Шүүгдэгч Н.Ут холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хохирогч Н.Хүрэлбаатар нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уаас 142.600 төгрөгийг гаргуулан хохирогч А.Хүрэлбаатарт олгуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг отверкийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ут  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД