Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00352

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Хонгор өндөрийн 1-2 тоотод оршин суух Б.Шинэбаяр, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг, Ингэт шаншийн 2-4 тоотод оршин суух Ш.Билгүүн нарт холбогдох зээл 14205818 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөриргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Шинэбаяр,хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Билгүүн нар нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Хангал тооцооны төвөөс барьцаат зээлийн гэрээ байгуулан 15000000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1101372 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2096374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6336 төгрөг, нийт 3204082 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүлсэн тул банкнаас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 95 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 13898628 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 304518 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1682 төгрөг, нотариатын зардал 990 төгрөг, нийт 14205818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Б.Шинэбаяр, Ш.Билгүүн нарт холбогдох 14205818 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 14205818төгрөгөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор 430000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор 13775818 төгрөгийг тус тус бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган салбар нь Б.Шинэбаяр, Ш.Билгүүн нарт холбогдуулан 14205818 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Шинэбаяр, Ш.Билгүүн нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 14205818төгрөгөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор 430000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор 13775818 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарХаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Хонгор өндөрийн 1-2 тоотод оршин суух Хар сүрэгт овогт Бүдбазарын Шинэбаяр /РД:ГЭ73121214/, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг, Ингэт шаншийн 2-4 тоотод оршин суух Хар сүрэгт овогт Шинэбаярын Билгүүн /РД:ГИ93070722/ нарт холбогдох зээл 14205818 /арван дөрвөн сая хоёр зуун таван мянга найман зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор 430000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор 13775818 /арван гурван сая долоон зуун далан таван мянга найман зуун арван найм/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228979 /хоёр зуун хорин найман мянга есөн зуун далан ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 114490 /нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ер/ төгрөг, хариуцагчаас114490 /нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН