| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2022/00121/И |
| Дугаар | 210/МА2025/00209 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00209
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04745 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХХК
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 65,097,220 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: илүү төлсөн 19,531,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* ХХК нь ******* ХХК-тай аман гэрээ байгуулан ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт Залуус хорооллын тохижилтын ажлын авто замын бетон зуурмагийг нийлүүлэхээр болж, М200 маркийн бетон зуурмагийг 1 м.кубыг 190,000 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохиролцсон. Хариуцагч нь ...150 м.куб бетон зуурмаг шаардлагатай байна гэж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа 25,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил эхлэхэд ...түр мөнгө хэрэгтэй байна гэж 10,000,000 төгрөг буцааж авч, 08 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг тус тус буцаан шилжүүлсэн.
1.2 Бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэх явцад төлөвлөсөн бетоны хэмжээ нэмэгдэж, урд хэсгийн авто замыг дуусгахад 280 м.куб бетон зуурмаг орсон нь 53,200,000 төгрөг болсноос урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэх төлбөр 33,200,000 төгрөг төлөөгүй.
Дээрх 33,200,000 төгрөгийг болон дараагийн ажлын урьдчилгааг гүйцэтгэл бичин орж ирсэн санхүүжилтээс өгөхөөр тохирч, авто замын хойд хэсгийн ажилд үргэлжлүүлэн орсон. Санхүүжилт нь орж ирсэн боловч манайд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өмнөх тооцооны үлдэгдэл болон одоо гүйцэтгэж байгаа ажлын урьдчилгааг хэзээ өгөх талаар тодруулахад ...мөнгө байхгүй, бартераар машин өгье гэх санал тавьсан. Ингээд бартерт өгсөн машиныг нь авч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан, 400 м.куб бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэхээр тохирч 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл уг ажлыг гүйцэтгэсэн.
1.3 2021оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 4.6-д өмнө хийсэн буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 24, 25-ны орчим хүртэл гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл хэсгийн талаар тусгасан. 390 м.куб бетон зуурмагийн ажил гүйцэтгэсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 105,000,000 төгрөгийн санхүүжилт ******* аймгийн Засаг даргын тамгын газраас авсан атлаа гэрээний 4.4, 4.6 дахь заалтуудад заасан мөнгөө өгөөгүй, үлдэгдэл тооцоог шилжүүлээгүй.
Иймд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бетон зуурмагийн гэрээний төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний 4.6-д заасан төлөгдөөгүй 9,700,000 төгрөг, алданги 4,850,000 төгрөг, нийт 44,550,000 төгрөг, алданги 20,547,220 төгрөг, нийт 65,097,220 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* ХХК нь ******* ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.1-т зааснаар М200 маркийн бетон зуурмагийг гэрээний 4.4-т зааснаар 1 м.куб тутмыг нь 190,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. ******* ХХК-д ******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 20,000,000 төгрөг, дараагийн ажлын буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний ажлын гүйцэтгэлээс 30,000,000 төгрөг, Lexus маркийн ******* УНЭ улсын дугаартай авто машиныг 30,000,000 төгрөгт тооцон, ******* ХХК-ийн ХХК-д төлөх төлбөр 12,700,000 төгрөг, нийт 92,700,000 төгрөгийг төлсөн.
Гэтэл ******* ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг М200 маркийнх бус, М150 маркийн зуурмаг нийлүүлсэн нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 Ажил гүйцэтгэх явцад талууд ямар маркийн бетон зуурмаг, хэдий хэмжээтэй нийлүүлсэн эсэх талаар баримт байхгүй байсан тул ******* ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтэд нийт 3,844.6 м.куб талбайд бетон зуурмаг цутгасан ба үүнээс ******* ХХК нь 3,081.5 м2 талбайд 488,37 м.куб бетон зуурмаг цутгасан байх бөгөөд ******* ХХК-ийн цутгасан 488,37 м.куб бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй буюу М200 маркад тэнцэхгүй буюу М150 маркийн бетон зуурмаг болох нь тогтоогдсон.
3.2 ******* ХХК-ийн нийлүүлсэн 488,37 м.куб бетон зуурмагийг 2021 оны 07 дугаар сарын М150 маркийн бетон зуурмагийн ханшаар буюу 1 м.куб-ын үнэ 144,614 төгрөгөөр тооцон 70,625,139 төгрөг болж байна. Манай компани ******* ХХК-д нийт 92,700,000 төгрөг өгсөн ба үүнээс 70,625,139 төгрөгийг хасч тооцоход 22,074,860 төгрөг байх ба тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байна.
Иймд 19,531,800 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 ******* ХХК-тай манай компани эхний удаа аман гэрээ байгуулан уг замын ажлын 1 дүгээр хэсгийг хийж гүйцэтгэсэн ба нийт 280 м.куб бетон зуурмаг нийлүүлэн 53,200,000 төгрөгийг тус ******* ХХК төлөхөөс 50,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,200,000 төгрөгийг төлөөгүй байсан. Ингээд тухайн замын ажлын 2 дугаар хэсэгт 400 м.куб бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулан урьдчилгаа төлбөрт авто машин өгөхөөр тохирсон байсан ч тухайн авто машин банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан байсан тул уг зээлийг нь хаахад зарцуулсан 6,500,000 төгрөг, өмнөх үлдэгдэл 3,200,000 төгрөгийг төлөх талаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд тусгасан.
4.2 ******* ХХК нь өмнө нийлүүлсэн 280 м.куб бетон зуурмагтай холбоотой маргаагүй, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар бичгээр байгуулсан гэрээнд тусгасан. Харин сүүлд нийлүүлсэн 390 м.куб бетон зуурмаг дээр маргаан үүсгэж байгаа боловч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийн 2 дугаар хэсэгт хэдэн м.куб орсон талаар тусгаагүй.
4.3 Шинжээч тухайн газар очих үед би байсан бөгөөд манай бетон зуурмаг цутгасан нийт талбайгаас дээж авсан. Бетон зуурмаг М200 маркаар нийлүүлэгдсэн боловч шинжилгээгээр М150 маркийнх гэж дүгнэлт гарсан бөгөөд манай компани зуурмаг нийлүүлэх үедээ Барилгын хөгжлийн төвийн лабораторид цемент, хайрга, дайрганы дээжээр орц найрлага гаргуулан бетон зуурмаг үйлдвэрлэсэн. Харин бетон зуурмаг цутгасны дараа тодорхой хэмжээнд арчилгааг ******* ХХК хийх байсан ба арчилгаа хийж байж бетон зуурмаг маркаараа бэхэждэг. ******* ХХК нь бетон зуурмагаас дээж авч шинжилгээнд өгөх байсан бөгөөд дээж аваагүй, арчилгаа хийгээгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК-д холбогдох 65,097,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 19,531,800 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,436 төгрөгийг болон хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,609 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас 255,609 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, тус шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 5437 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн Төрийн банк дахь ******* тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 65,097,220 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас 2,385,653 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Манай байгууллага нь холбогдох байгууллагад шалгуулж тус зуурмагийг нийлүүлсэн бөгөөд аливаа зуурмаг нь зуурагдсанаас хойш арчлалтын явцад тохирох хэмжээндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл М200 маркийн зуурмагийг шууд гадна орчинд цутгаад арчилж буюу усжуулж бэхжүүлэхгүйгээр М200 маркаа хадгалах боломжгүй болж, М150 болж багасдаг. Хариуцагч нь арчлалтыг зохих түвшинд хийгээгүй тул манай компанийн нийлүүлсэн М200 маркийн чанартай зуурмаг М150 гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.
6.2 Мөн манай компанийн нийлүүлсэн зуурмагийн хувьд гэрээгээр эхлээд тохироогүй ажил болох 150 м.куб зуурмагийн ажлаас тухайн газарт нь 280 м.куб зуурмаг орж ажил хийгдсэн бөгөөд гэрээний дүн нь М200 маркийн зуурмагийн 1 м.куб-ыг нь 190,000 төгрөг гэж тохирон гүйцэтгэж, илүү нийлүүлсэн 90 м.куб зуурмагийн ажлын хөлсөө манай компани авсан. Мөн гэрээгээр тохирсон 400 м.куб зуурмагаас 390 м.куб зуурмагийг нийлүүлээд байх явцад санхүүжилт гэрээнд тохирсон ёсоор хийгдээгүй тул ажлаа зогсоосон. Улмаар ******* аймагт шинжээчид очиж дээж авахдаа манай компанийн гүйцэтгэсэн зуурмагийн хэмжээг тодорхойлсон бөгөөд өөр этгээдийн гүйцэтгэсэн зуурмагийн ажлыг манай нийлүүлсэн зуурмагийн хэмжээнд тооцож оруулаагүйг бүх оролцогчид мэднэ.
Нийт манай нийлүүлсэн зуурмагийн хэмжээг 488.37 м.куб гэж тогтоосон зөвхөн налуу хэсгүүдээс авсан дээжийн хэмжээтэй тул ингэж гарна. Гэтэл дан налуу зам дээр ажлыг гүйцэтгээгүй.
6.3 Мөн хариуцагч байгууллага 670 м.куб ажлыг гүйцэтгэсэн гэж ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас бүрэн санхүүжилтээ авсан талаар баримт хэрэгт авагдсан. Мөн ажлын гүйцэтгэлтэй холбоотой хоёр талын маргаан шүүхэд байхгүй. Иймд хариуцагч нь манай хийсэн ажлыг бүрэн тооцуулж мөнгө авснаа манай ажлыг дутуу байсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
6.4 Талууд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр 1 м.куб зуурмагийн үнийг тохирсон. Улаанбаатар хот болон ******* аймагт 1 м.куб зуурмагийн үнэ өөр байна. Учир нь, Улаанбаатар хотоос ******* аймаг хүртэл 260 м.куб бөгөөд энэ хооронд цемент, хайрга, мөн машин тус аймагт очиж ажиллуулахад нэмүү өртөг шингээсэн. Эхний 150 м.куб зуурмагийн ажлыг хүлээн зөвшөөрөөд мөн дараагийн 400 м.куб зуурмагийн ажлыг ******* ХХК нь хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн. Улаанбаатар хотын тухайн үеийн ханшаар тооцож зөрүү мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жилийн турш үргэлжилж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-ийн тамга тэмдэгтэй зардлын план гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Тухайн нөхцөл байдлын Шүүх шинжилгээний үндэсний төвөөс шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу шинжээч томилогдсон. Хэргийн материалд авагдсан гэрэл зургуудаас харахад зам талбайн зургийг зурж, цэнхэр болон шаргал өнгөөр тэмдэглэсэн тэмдэглэгээ нь ******* ХХК-ийн цутгасан бетон зуурмаг гэдгийг тайлбарласан. Шинжээчийн зүгээс 9 дээж авч, ******* ХХК-ийн 3,844.6 м.кв талбайгаас 3,081 м.кв талбайг 488.37 м.куб бетон зуурмаг цутгасан гэх дүгнэлтийг гаргасан. Мөн 9 дээж марктаа хүрэхгүй байсан учраас дахин Барилгын хөгжлийн төвөөс тодруулга гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Уг тодруулгад 9 дээж авахад М200 маркт хүрэхгүй байгаа учраас тухайн дээж нь М150 маркт хамаарч байна.
7.2 Хэргийн материалд Барилгын хөгжлийн төвийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тамга тэмдэг дарагдсан албан бичгийн хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаартай тушаалын дагуу барилгын материалын үндсэн үнээс харахад М150 маркийн бетон нь тухайн үед 144,614 төгрөгийн үнэтэй байсан. Тухайн үед М150 маркийн бетоныг 150,000 төгрөгөөр тооцож, 73,255,500 төгрөгийн тооцооллыг гаргасан. Учир нь ******* ХХК-ийн зүгээс бетон зуурмагийн узелээс тухайн зуурмагийг гаргаагүй.
7.3 Мөн тухайн үед гар машин буюу механик машиныг авчирч, өдөрт хэр хэмжээний зуурмаг гаргаж байгаагаа мэдэгдэхгүйгээр цутгаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 73,255,500 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн учраас манай байгууллага анх өгсөн 92,000,000 төгрөгөөс хасаж, 19,534,800 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн гэрээний төлбөрт 30,000,000 төгрөг, гэрээний 4.6-д заасан төлөгдөөгүй төлбөрт 9,700,000 төгрөг, алданги 4,850,000 төгрөг, нийт 44,550,000 төгрөг, алданги 20,547,220 төгрөг, бүгд 65,097,220 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 19,531,800 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 ******* ХХК болон ******* ХХК нь аман хэлбэрээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрийг хүртэл хариуцагчийн гүйцэтгэж байгаа ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Залуус хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг М200 маркийн бетон зуурмагаар 1 м.кубийг 190,000 төгрөгөөр тооцон гүйцэтгэж, ажлын хөлсийг нийт 53,200,000 төгрөгөөр тогтоосон.
3.1.1 Уг хэлцлийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 10,000,000 төгрөгийг буцаан авч, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг, мөн 30,000,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 50,000,000 төгрөг төлж, үлдэх 3,200,000 төгрөг төлөөгүй. Талууд уг үйл баримтын талаар маргаагүй.
3.2 Улмаар талууд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлыг М200 маркийн 400 м.куб бетон зуурмагаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх, хариуцагч нь 1 м.куб зуурмагийн ажлын хөлс үнэ 190,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 5-6/
3.2.1 Дээрх гэрээний 4.4-т захиалагч тал нь үлдэгдэл төлбөр болох 46,000,000 төгрөгийг дундын гүйцэтгэлээс 30,000,000 төгрөгийг гүйцэтгэл орсноос хойш 2 хоногийн шилжүүлэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг улсын комисс ажиллаж дууссанаас хойш 14 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж, 4.6-д өмнөх ажлын үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөг, Lexus маркийн ******* УНЭ маркийн автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлсөн төлбөр 6,500,000 төгрөгийн 50 хувийн энэ гэрээний 4.4-т заасан дундын санхүүжилтэд нэмж шилжүүлнэ. Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх гэрээний нийт ажлын хөлс 76,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгт тооцон Lexus маркийн ******* УНЭ маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн бусдад төлөх цементийн төлбөр 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлж /1хх 126/, нийт 42,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон хариуцагчид төлсөн. Зохигч уг үйл баримтын талаар маргаагүй.
4. Анхан шатны шүүх дээрх хэлцэл болон гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
5. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн аман хэлцлийн дагуу талууд ажлын хэмжээ болон үнийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч М200 маркийн 400 м.куб бетон зуурмагаар, 1 м.куб зуурмагийн ажлын хөлсийг 190,000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон байна.
5.1 Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр ...Нийт 3,844.6 м.куб талбайт бетон зуурмаг цутгасан байна. Үүнээс ******* ХХК 3.081.5 м.куб талбайд 488,37 м.куб бетон зуурмаг цутгасан ба 1 м.кв бетон талбайд ногдох бетон зуурмагийн хэмжээг тодорхойлохдоо ажлын зураг болон замын тодорхой хэсгүүдээс дээж авч зарим замын хашлагыг хөндийрүүлэн хэмжсэнийг хавсаргав. ...БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сu1377 кодтой шинжилгээний дүнгээр бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага тус тус стандартын 4.3.1-т Шахалтын бат бэхийн анги-ийг хангаагүй байна. Тус бетон зуурмаг нь MNS 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг, Техникийн шаардлага стандартын шахалтын бат бэх нь тэнцэхгүй байна гэжээ. /1хх 145-155/
5.2 Мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн тодруулга-д Тус шинжилгээний хариуг үзэхэд нийт авсан 9 ширхэг 150 мм диаметртэй, 300 мм өндөртэй цилиндр хэмжээтэй сольцын дундаж утга нь М200 аас бага байгаа тул М200 шахалтын бат бэхийн шаардлага стандарт хангахгүй байна гэсэн байна. /1хх 233-127/
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь дээрх 2 ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, хэдий хэмжээний ажил гүйцэтгэснээ баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн дээрх 2 ажлын нийт хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 488,37 м.куб гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
7. Хариуцагч нь гэрээ болон хэлцлийн дагуу М200 маркийн бетон зуурмагаар ажил хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарыг М200 бус М150 маркийн бетон зуурмагийн шаардлага хангасан гэжээ.
7.1 Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй.
7.2 Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 488,37 м.куб гэж зөв дүгнэсэн боловч түүний үнийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-иас эрхлэн гаргадаг, 2021 оны 07 дугаар сарын 07 /403/ дугаартай Барилгын мэдээлэл сэтгүүлд М150 В-10 маркийн бетон зуурмагийн үнэ болох 144,614 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. /2хх 3/ Учир нь, тухайн Барилгын мэдээлэл сэтгүүлд заасан үнэ нь талуудын гэрээгээр болон хэлцлээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн тодорхойлохгүйгээс гадна уг баримт нь баттай эх сурвалж болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгож чадахгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг шаардлагаа баримтаар нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
8. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээ болох 488,37 м.кубийг талууд гэрээгээр 1 м.кубийг 190,000 төгрөгөөр тохиролцсон үнээр тооцож, нэхэмжлэгчийг нийт 92,790,300 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээ болон хэлцлийн дагуу ажлын хөлсний үлдэх 790,300 /92,790,300-92,000,000/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
9. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас 790,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,306,920 төгрөг гаргуулах хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04745 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 790,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,306,920 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-иас 19,531,800 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...******* ХХК-иас 255,609 гэснийг ...******* ХХК-иас 23,517 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН