Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/59

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,   

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нарын өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Нацагдорж,

хохирогч Д.П,

шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц,

өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Д.Долгор, Ц.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батбаярын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлоо овогт Д.Б, Боржигон овогт Д.Н, Зуутраг овогт Д.Ц, Боржигон овогт Э.Э, Харчин овогт Г.Э, Боржигон овогт Ч.Бнарт холбогдох эрүүгийн 201601080472 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, Миранда ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, өвөө, ээжийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Орлоо овогт Д.Б /**********/

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 9-87 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Н /**********/

 

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Энх карказ ХХК-нд туслах ажилчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом хотын 6 дугаар баг 22-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овогт Д.Ц /**********/

 

4. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 17 нас 7 сартай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 21-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.Э /**********/

 

5. Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 17 нас 3 сартай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Залам гол ХХК-нд туслах ажилчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 13-109 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Г.Э /**********/

 

6. Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 16 нас 8 сартай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Голомт цогцолбор сургуулийн 112 ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 22-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ч.Б/**********/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3-11 тоотод оршин суух иргэн Д.Пийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 4114160 төгрөгний хохирол учруулсан,

яллагдагч Б.Н нь бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3-11 тоотод оршин суух иргэн Д.Пийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 4114160 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны яллагдагч Г.Э нь 14 настай байхдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.Энх-Отгоны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 546000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны яллагдагч Ч.Б нь 15 настай байхдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.Энх-Отгоны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 546000 төгрөгний хохирол учруулсан,

яллагдагч Э.Э нь 15 настай байхдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.Энх-Отгоны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 546000 төгрөгний хохирол учруулсан,

яллагдагч Д.Ц нь 17 настай байхдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.Энх-Отгоны байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 546000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 10 сарын 10-ны өдөр оройны 8 цагт Мөнх-Эрдэнэтэй уулзаад Наранцогтын гэрлүү явсан. Яваад очсон Ган-эрдэнэ, Наранцогт 2 байсан. Бид хэд уулзаад Ган-Эрдэнэ хулгай хийе зүгээрээ гээд байсан. Тэгээд бид 4 нийлээд Өвөршанд руу алхаад нэг айл эзэнгүй байгаа гээд  очсон. Тэгээд Ган-Эрдэнэ бид 2 айл руу орсон. Ороод зурагт, хөөрөг авсан. Тэгээд Ган-Эрдэнэ ороод араас нь би ороод тэгээд Наранцогтыг дуудаад тэгээд зурагтаа дамжлаад бас нэг цүнхтэй юм байсан тэрийг аваад ар талын хашаа даван гараад бид 4 жаахан явж байгаад зурагтаа хаяад тэгээд цаашаа хоёр хоёроороо салж яваад Буян Налайх дээр уулзаад хот ороод ломбарданд бөгж тавиад компьютер тоглоомын газар хоносон. Өглөө нь Ган-Эрдэнэ хөөрөг авах хүн олчихлоо гээд Мөнх-Эрдэнэ, Ган-Эрдэнэ нар явсан. Наранцогт бид хоёр ойролцоо газар хүлээж байхад тэр 2 мөнгөтэй болоод ирсэн. Тэгээд мөнгөөрөө хоол авч идээд, утас худалдаж авсан” гэв

 

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг болдог өдөр 2016 оны 10 сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад Ган-Эрдэнэ, Баасанжаргал, Мөнх-Эрдэнэ 3 манайд хүрч ирсэн. Би тэр өдөр гэртээ ганцаараа хонож байсан. Манай гэрийнхэн байхгүй байсан. Гэрт хүрч ирээд намайг юу хийгээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд надаас мөнгө асуусан. Би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ ярилцаж байгаад хэдүүлээ гаръя мөнгө олъё гэсэн. Тэгээд хамт дөрвүүлээ манайхаас гарсан. Тэгээд алхаад нэгдүгээр хороогоор алхаад Өвөршанд руу явсан. Тэгээд тийшээ явахаар нь би компьютер тоглоомын газар орох гэж байгаа юм болов уу гэж бодсон. Бид 4 хэрэг болдог өдрийн эхний өдөр нь бид компьютер тоглоомын газар хоногоор тоглосон. Тэгээд дахиад компьютер тоглоомын газар орж тоглох гэж байгаа юм байна гэж бодоод хамт дагаад явсан. Ган-Эрдэнэ мөнгө олъё тоглоё гэсэн. Тэгээд Ган-Эрдэнийг дагаад Өвөршанд руу очсон. Ган-Эрдэнэ Өвөршандын нэг айлын хаалгыг хэд, хэд тогшиж байснаа хүн байхгүй юм шиг болохоор нь Ган-Эрдэнэ, Баасанжаргал нар хашаа даваад айл руу орсон. Мөнх-Эрдэнэ бид хоёрыг хүлээж байгаарай гэсэн. Удалгүй намайг дуудсан. Тэгээд намайг хашаа даваад ороод ир гэсэн би орсон. Цонх онгойлгоод орхисон байдалтай байсан. Цонхоор харсан чинь юмнуудаа ухаад онгичоод дэлгэсэн байсан. Тэгээд би хулгай хийж байгааг мэдээд гараад хүлээж байсан. Гараад Мөнх-Эрдэнэтэй уулзаад доошоо алхаж байсан Төд удалгүй тэр хоёр гүйгээд гараад ирсэн. Жаахан амьсгаадсан байдалтай. Тэгээд мөнгө олчихлоо хэдүүлээ хот оръё гэсэн. Тэгээд Налайхаас такси хөлслөөд Сансарлуу хүргүүлсэн. Тэгээд тэндээ ломбард ороод бөгж тавиад таксиныхаа хөлсийг төлөөд МУИС-ийн ойролцоо байрлах компьютер тоглоомын газар хоносон. Тэгээд өглөө нь Ган-Эрдэнэ мөнгө олох юм байна гээд даалинтай хөөрөг гаргаад ирсэн. Нэг зар тавьчихлаа хэдүүлээ явъя гэсэн. Тэгээд СУИС-ийн ойролцоо Монре даатгалын тэнд хүнтэйгээ уулзахаар тохирсон байгаа та 2 хүлээж бай бид 2 очоод уулзаад ирье гээд 30-40 минутын дараа тэр 2 мөнгөтэй болчоод ирсэн. Тэгээд мөнгөөрөө 4 ширхэг утас тус бүрийг 180.000 төгрөгөөр аваад тэгээд кино үзээд компьютер тоглоом тоглох байдлаар мөнгөө үрж дуусгасан” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гардаг өдөр бид 3 компьютер тоглоомын газар тоглож байсан. Тэгээд Ган-Эрдэнэ гэдэг хүн би сайн танихгүй. Билгүүнээгийн гэрээс Билгүүнээг дуудах гэж байсан. Тэгсэн чинь Ган-Эрдэнэ гээд тэр хүн мөнгө байна уу гээд асуухаар нь байхгүй гэсэн чинь таньж мэддэг эзэнгүй айл байна уу гээд асуусан. Тэгээд Э.Этай урд гараад юм яриад байх шиг байсан. Тэгээд тэнд очиж байсан. Манай нэг эгчийнх байгаа зурагттайгаа байгаа  гэсэн. Тэрийг нь авчихъя цалин мөнгө буухаар ломбарданд хямдхан тавиад аваад өгчихье гээд тэгээд эгчийнд нь очоод би гадаа орохгүй гээд байж байсан. Намайг эхлээд орох юм уу гэхээр нь үгүй гэсэн. Тэгээд Ган-Эрдэнэ Г.Этэй хамт ороод тэр зурагтын авч гарч ирээд Сансарын тэр хавьд байх нэг ломбарданд тавьсан. Тэгээд тэр мөнгөөр нь орой компьютер тоглоомын газар тоглоод, өглөө хоол авч идээд дууссан” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 10 сарын 18-аас 19-нд шилжих шөнө компьютер тоглоомын газар орсон. Тэгээд Ган-Эрдэнэтэй уулзаад компьютер тоглоомын газар Г.Э бид 3 уулзаад доошоо явж байгаад Билгүүнтэй таараад Ган-Эрдэнэ яаж олох уу гээд компьютер тоглоом тогломоор байна гэсэн. Тэгээд надаас эзэнгүй айл асуусан. Таньж мэддэг айл байна уу гэхээр нь би манай эгчийнх нүүх гэж байгаа гэрт нь хүн байхгүй гэсэн. Гэрт нь зурагт нь байна уу ломбарданд тавиад компьютер тоглоом тоглоё гэсэн. Тэгэхэд нь би үгүй гэсэн. Би чамд цалин мөнгө буухаар буцаагаад аваад өгье 2, 3 хоногоос гээд тэгээд тийшээ явахаар болсон. Тэгээд очоод би Цогтбаяртай үлдээд орохгүй гээд Ган-Эрдэнэ, Г.Э 2 хашаа руу нь давж орсон. Ч.Бараас хүрч ирсэн. Тэгээд бид 3 байж байгаад Билгүүнээг араас нь явуулаад тэгээд Ган-Эрдэнэ, Г.Э 3 зурагт барьсан гарч ирсэн. Хөөрөг авсныг нь мэдэхгүй байсан. Сүүлд нь Ган-Эрдэнэ хөөрөг авсан гэж хэлсэн” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 18-аас 19-ний шөнө Налайх дүүргийн 1-р хороонд байрлах Андууд гээд компьютер тоглоомын газарлуу очсон чинь Э.Э, Ч.Бнар байж байсан. Тэгээд бид нар тоглож байсан чинь Ган-Эрдэнэ ирээд компьютер тоглоомын газар хонох уу гээд эндээс гараад доошоо яваад нэг юм яръя гээд 1-р хороогоор доошоогоо уруудаад явж байсан чинь урд хороонд эзэнгүй айл байна уу гээд асуугаад байсан. Би хэрэггүй гэсэн чинь очоод аваад ломбарданд тавьчихъя 2, 3 хоногийн дараа удлаа гэхэд 3 хоногийн дараа буцаагаад өгчихье гэсэн. Тэгээд Э.Эы эгчийнх рүү нь очоод зурагтын авсан. Эхлээд Ган-Эрдэнэ хашаа давж ороод хаалгыг нь онгойлгоод араас нь би ороод тэгээд Ган-Эрдэнэ том цүнхнээс нэг юм гаргаж ирээд цонх онгойлгоод ардаас нь намайг ороод ир ар талын юм нь тайлагдахгүй байна гээд тэгээд Билгүүнээг дуудаад зурагтын аваад цонхоор гаргаж өгөөд тэгээд Билгүүнээ бид 2 байшингийн гадаа хүлээж байсан чинь Ган-Эрдэнэ дотор байж байгаад гарч ирсэн. Тэгээд хашаанаас нь гарсны дараа 1-р хорооны гол руу гүйгээд такси бариад бизон дээр буугаад тэндээсээ такси хөлслөөд Сансар руу очоод Ган-Эрдэнэ зурагтаа аваад бид хэдийг машин дотор үлдээгээд ломбард ороод 125.000 төгрөгөөр тавьчихлаа гээд ирсэн. Тэгээд ломбарданд тавьчихаад шөлөндөө орж хоол идээд компьютер тоглоомын газар очоод тоглож хоноод өглөө нь хоол идээд тэгээд харьсан” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 10 сарын 18-аас 19-нд шилжих шөнө өдөр нь би гэртээ байж байсан чинь Г.Э, Э.Э 2 хүрч ирээд дуудаад тэгээд компьютер тоглоом оройны 8 цаг хүртэл тоглоод насанд хүрээгүй гээд компьютер тоглоомын газраас гаргаад байж байсан чинь Ган-Эрдэнэ хүрч ирээд компьютер тоглоомын газар хоногоор тоглоё мөнгө байна уу гэсэн. Тэгээд доошоо явж байгаад Э.Эы нэг эгчийнх нь хүнгүй байдаг гээд тэгээд тийшээгээ очоод зурагтыг нь аваад ломбарданд хямдхан тавиад цалин нь буухаар төлөөд өгчихье удаахгүй гээд тэгээд очоод Э.Э, Цогтбаяр бид 3 гадаа 20 минут зогссон. Нөгөө хоёр гарч ирэхгүй болохоор нь намайг явуулаад яг очсон чинь Г.Э өөдөөс зурагтаа бариад гараад ирсэн. Тэгээд бид 2 хашаанаас нь гарч байсан чинь Ган-Эрдэнэ байшингийнх нь шүүгээг ухаад байсан. Өөр юм аваагүй биздээ гэхэд аваагүй гэсэн. Тэгээд бизон ороод такси аваад Сансар ороод тэгээд доошоогоо явж байгаад хоол идээд тэгээд компьютер тоглоомын газар хоноод тэгээд буцаад ирсэн” гэв.

 

Хохирогч Д.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний алдсан 2 аппарат нийлээд 900 доллар бөгж болон бусад зүйлстэй нийлээд хохирол бараг 4 сая төгрөг. Сая улсын яллагч ярихдаа 4 саяас хөөрөгний 1.200.000 төгрөг хасагдаад тус бүр 700.000 төгрөгөөр хуваагаад төлж байна гэж байна. Миний ойлгож байгаагаар тэгээд хохирол барагдаж байгаа юм байна. Миний бодлоор үлдэж байгаа 4.000.000 сая чинь бараг миний хохирол гэж ойлгож байна. Одоо бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 сарын 10-ны өдөр ...21 цаг дөнгөж болгоод гэртээ орж иртэл манай гэрийн хаалга онгойчихсон байдалтай, гэр доторх эд зүйлсийг сандайчаад хаячихсан байхаар нь эд зүйлсээ бүртгэхэд том өрөөний хойморт тавиур дээр тавьсан байсан зурагт, унтлагын өрөөнд байдаг ширээний доод талын шургуулганаас даалинтай хөөрөг, манай эхнэрийн монетон бөгж, сувдан зүүлт, мөн миний нэрийн дардас зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 37 дугаар хуудас/

            “... Солонгос 2016 оны 08 сард 99 доллараар худалдаж авсан үе мөчний аппарат үе мөчинд хийдэг дөрвөлжин хэлбэртэй хажуу талдаа аппараттай надад гарын авлага нь байгаа юм. Сахарын өвчний үед хэрэглэдэг жижиг аппарат байсан үүнийг 2015 онд Солонгос улсаас бэлгэнд ирж байсан юм. Таган дээрээ хоёр өөдөөсөө харсан тогосны зурагтай чулуун сав бичгийн цаасны тал хэмжээтэй хар хүрэн өнгийн чулуун сав, эмэгтэй хүний алхан хээтэй монетон бөгж байсан алдагдсан байсан. Грамм юмыг нь мэдэхгүй байна. Сувдан зүүлтийг 200,000 төгрөгөөр, Монетон бөгжөө 150,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Алдсан эд зүйлүүд маань зурагт нь том өрөөнд шүүгээн дээр байсан, бусад эд зүйлүүд нь жижиг өрөөнд хүрэн өнгийн шүүгээний нүдэн дотор байсан, хөөрөг нь уг хүрэн өнгийн шүүгээний хажуу талын цагаан өнгийн олон нүдтэй шүүгээний нүдэнд байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 39 дүгээр хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч С.Оюунбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хөөргийг хэдээр өгөх вэ гэж хөөрөг зарах гэж байгаа 28 орчим насны эрэгтэй, 20 орчим насны залуучуудаас асуухад 2 сая төгрөгөөр зарна гэхээр нь би бага зэрэг доош нь ярьчих гэж тохиролцоод 1.640.000 төгрөгөөр худалдан авсан. Буруутай хүмүүсээс 1.640.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Хохирогч Ө.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Байшиндаа ороод үзтэл манай том өрөөнд хананд өлгөөтэй байсан 42 инчийн Сони маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, жижиг цагаан өнгийн улаан өнгийн шүр мэт толгойтой хөөрөг даалинтай нь хамт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 105 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “10-р сарын 10-ны өдөр ...Ган-эрдэнэ хэдүүлээ мөнгө олъё мөнгөний хэрэг байна хэдүүлээ хулгай хийе гээд шалгаагаад байсан юм тэгээд бид нар бүгдээрээ зөвшөөрөөд Өвөршанд руу явъя гэж хэлээд Наранцогтын гэрээс гараад шууд Өвөршанд руу алхаж явж байгаад Ган-Эрдэнэ ийшээгээ айл руу оръё гээд нэг хашааны гадна очоод Баасанжаргал Ган-Эрдэнэ Наранцогтой хамт тэр үед цуг хашааны дээд талд хар замын хойд талд нь хүн хараад зогсож байсан. Тэгээд Ган-Эрдэнэ Наранцогтыг дуудсан Наранцогт очсон тэгээд удалгүй Наранцог гараад ирсэн тэгээд бид хоёр тэндээ хүлээгээд зогсож байгаад хойшоогоо явж дэлгүүрээс тамхи авчихаад буцаад нөгөө зогсож байсан газраа ирээд байж байтал доороос Ган-Эрдэнэ, Баасанжаргал хоёр дуудсан тэгээд Наранцогт бид хоёр очиход Ган-Эрдэнэ өврөөсөө энэ айлаас хөөрөг, монетон бөгж авсан гээд харуулсан мөн хажуу талд нь хашаа түшүүлээд нэг хар өнгийн зурагт харагдсан, мөн эмэгтэй хүний цүнх харагдсан дотор нь юу юу байсанг анзаарч хараагүй тэр зурагтыг тэнд нь орхиод бид дөрөв тэндээс шууд Ган-Эрдэнэ Баасанжаргал хоёр салаад замынхаа дээд тал руу явсан, тэгээд нэгдүгээр хорооны худгийн тэнд таараад Ган-Эрдэнэ цүнхтэй юмаа Буян Налайх төвийн тэнд цэцэрлэгийн хажууд талд муу усны хоолойд цүнхтэй эд зүйлээ хийсэн цүнхэн дотор юу юу байсанг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Ш.Ган-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороонд Өвөршандад байж байгаад сааданд очоод байж байтал Мөнх-Эрдэнэ, Наранцогт, Баасанжаргал нартай таарсан. Тэгээд бид дөрөв ярилцаад мөнгө олъё гээд хулгай хийхээр болсон. Тэгээд Өвөршанд руу найзтайгаа уулзах гээд явж байхад нэг айл гэрэлгүй, эзэнгүй байсан. ...цонхных нь салхивчийг хашаанд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод эхлээд Баасанжаргал ороод араас нь би ороод миний араас Наранцогт дотогшоо орсон. Би дотогш ороод цонхны хажуу талд шургуулгыг нээгээд үзтэл нэг дөрвөлжин хайрцагтай юм байхаар нь үзтэл дотор нь даалинтай хөөрөг, бөгж, ээмэг зэрэг зүйлс байсан. Тэгэхээр нь хөөргийг нь монетон бөгжтэй нь аваад Баасанжаргал бид хоёр гарсан. Тэгээд Сансар ороод бөгжөө нэг ломбарданд Мөнх-Эрдэний бичиг баримтаар 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 15,000 төгрөгийг нь таксинд өгөөд үлдсэн мөнгөөр PC тоглоод хоносон. PC хонохдоо би facebooк-т хөөрөг зарна гээд зар тавьчихсан байсан юм. Тэгтэл нэг хүн үзье СУИС-ийн хажуу талд Монре даатгал дээр хүрээд ир гэхээр нь очиж үзүүлсэн. Очиж үзүүлтэл тэр хүн 1,600,000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Манан хөөрөг байсан ба толгой нь шүр, нуух нь алт, халбага нь мөнгө байсан. Тэгээд хөөргөө зараад бид дөрөв Монтел орж 4 ширхэг LG G-3 гэдэг гар утас авсан. Нэг утсыг нь 180,000 төгрөгөөр тооцож авсан. Үлдсэн мөнгийг нь хотоор хэсэж байгаад дуусгасан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 87 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...20 цагийн үед Наранцогтын гэрээс гарахад Ган-Эрдэнэ хэдүүлээ Налайх дүүргийн 7-р хороо Өвөршанд руу явъя тэнд эзэнгүй айл цөндөө байгаа гэж хэлсэн тэр үед Наранцогт бид хоёр хэрэггүй хулгай хийж яах гэж байгаа юм бэ дэмий юм биш үү гэж хэлэхэд Ган-Эрдэнэ зүгээр баригддаггүй юмаа гээд бид нар Өвөршанд руу алхаж явсан бид нарыг Өвөршандад очтол Ган-Эрдэнэ айлын хашаа давж ороод, ороод ир энэ айл эзэнгүй байна гэж хэлээд Наранцогт бид хоёр хашаа давж тэр айлын хашаанд орсон Ган-Эрдэнэ Мөнх-Эрдэнэнийг гадаа хүн хараад байж бай гэж хэлсэн бид нар хашаанд ортол нэг давхар улаан тоосгон байшин нэг Монгол гэр байсан байшингийн урд очоод цонхыг нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан тул би хашаан дотор байсан урт угальник төмрийг авч хөшиж онгойлгоод ...Лед зурагт байсныг Ган-Эрдэнэ бид хоёр хамт өргөөд авч гараад Наранцогтод өгсөн би Ган-Эрдэнэд одоо болно явъя гэтэл Ган-Эрдэнэ зүгээр ухвал дахиад юм байгаа гэж хэлээд том өрөөнд байсан шургуулыг ухаад дотроос нь нэг хайрцаг гаргаж ирээд дотроос нь монетон бөгжийг аваад дахиад тэр шургуулгийг ухаж даралтын аппарат даалинтай хөөрөг аваад дахин нэг цүнх авч цүнхэн дотор авсан юмнуудаа хийгээд байшингаас цонхоор гарч ...ломбарданд бөгжөө тавиад ...хөөргөө зарах хүн олсон гэж байсан тэр хүнтэй уулзахаар тохирсон гээд Ган-Эрдэнэ Мөнх-Эрдэнэ хоёр яваад ...1 сая 200 гаруй төгрөгтэй ирсэн.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 212-213 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрт байж байх үед Ган-Эрдэнэ, Баасанжаргал, Мөнх-Эрдэнэ нар орой 22 цагийн үед байхаа орж ирээд намайг гадагшаа гаръя гэсэн ...тэгээд бид нар Налайх дүүргийн 7-р хороо Өвөршандад ирээд ...Ган-Эрдэнэ Баасанжаргал хоёр тэр айлын хашааг даваад орж байсан. Ган-Эрдэнэ, Баасанжаргал хоер айлаас зурагт аваад гарч ирсэн байсан би юу юм бэ чиний таних айл биш юмуу Наадах чинь юун зурагт бэ гэж асуухад би сая энэ айлаас хулгайлчихлаа гэж байсан ...хөөргөө 1.600.000 төгрөгөөр зарсан гээд гарч ирээд бид нар 1.600.000 төгрөгөөр тус бүр 180.000 төгрөгөөр 4 ширхэг гар утас худалдаж аваад Ган-Эрдэнэ би утсаа хаячихсан байна би дахиад нэг утас авлаа гээд дахин нэг утас 180.000 төгрөгөөр авч цахим тоглоомын газарт 2 хоног тоглоод хоол унд авч идээд явж байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 187 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Д.Цын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...Ган-Эрдэнэ эзэнгүй айл байна уу гэх зэргээр Э.Этай яриад байсан Э.Э манай эгчийнх нүүх гэж байгаа гэр нь эзэнгүй байгаа гэсэн Ган-Эрдэнэ тавилга зурагт байгаа юм уу гээд юм асуугаад байсан тэгээд Э.Э байгаа гэсэн чинь тэгвэл эгчийнхээ гэрийг заагаад өгчих зурагтын авч ломбарданд тавиад би хэд хоногоос аваад өгье гээд бид нар Э.Эы эгчийн гэрийн гадаа ирсэн Ган-Эрдэнэ намайг хамт оръё гэхээр нь би үгүй надад хамаа байхгүй гэж хэлээд дургүйцсэн чинь Ган-Эрдэнэ, Г.Этэй хамт орохоор болоод тэр хоёр ороод гарч ирэхдээ зурагт аваад гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 186 дугаар хуудас/

 

            Өсвөр насын шүүгдэгч Э.Эы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...Ган-Эрдэнэ эзэнгүй айл эсвэл ломбарданд тавих эд зүйл байна уу гэж асуусан би манай эгчийнх нүүх гэж байгаа гэр нь эзэнгүй гэж хэлсэн тэнд Ган-Эрдэнэ тэгвэл эгчийнхээ гэрийг заагаад өгчих зурагтын авч ломбарданд тавиад би хэд хоногоос цалин бууна аваад өгье гээд байхаар нь би эгчийн гэрийг зааж өгөөд гэрлүү Ган-Эрдэнэ, Г.Э нар гэрлүү орсон Билгүүн, Цогтбаяр бид гурав гадаа хүлээгээд зогсож байсан тэр хоёр гарч ирэхдээ зурагтын нь аваад гараад ирээд хот руу яваад сансарт очоод ломбарданд тавиад 110.000 төгрөгөөр тавьсан.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 192 дугаар хуудас/

 

            Өсвөр насны шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...Э.Э манай хамаатны эгч нүүх гэж байгаа одоо гэр нь эзэнгүй байгаа гэсэн тэгээд бид нар Э.Эы эгчийн гэрийн гадаа очсон гэрийнхэн гадаа ирээд хэн гэрлүү нь орох талаар ярьж байгаад Ган-Эрдэнэ намайг хашаа руу нь хамт оръё би гэрт нь орно чи цонхны гадаа зогсож бай би чамд зурагтыг нь аваад өгнө гэж байсан тэгээд бид хоёр дотогш ороод нөгөө гурав буюу Э.Э, Билгүүн, Цогтбаяр нар гадаа хүн харсан хашаанд нь ороод Ган-Эрдэнэ үүрч явсан ногоон өнгийн цүнхнээс төмөр гаргаж ирээд байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгоод байшин руу орсон би цонхны гадаа зогсож байсан чинь ороод ир энэ шүрүүдийг тайлаад өг би ганцаараа чадахгүй байна гэж хэлээд би ороод хамт хананд суурилуулсан байсан зурагтыг авч гараад бид нар нэгдүгээр хорооны гол руу алхаж яваад тэндээс такси бариад БИЗОН баарны гаднаас хот руу такси бариад сансарын түннелийн тэнд байрлах нэг ломбарданд очсон” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 204-205 дугаар хуудас/

 

            Өсвөр насны шүүгдэгч Ч.Бий яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...Ган-Эрдэнэ хамт гарч ирээд би Нисэхийн хороо орж эгчээс мөнгө авна тэгээд та нарыг даагаад бүгдээрээ цахим тоглоомын газарт хононо гэж хэлээд явж байгаа замдаа бид нараас эзэнгүй айл асуугаад байсан Э.Э манай эгчийн гэр эзэнгүй гэж хэлсэн Ган-Эрдэнэ зураг байгаа юу гэж асууж байсан тэгээд зурагтыг нь хулгайлаад авчихъя гэсэн Э.Э зөвшөөрөөгүй байж байгаад зөвшөөрч бид нар Э.Эы эгчийн гэрийн гадаа ирээд Ган-Эрдэнэ хашаа давж ороод хашааны жижиг хаалга онгойлгож Г.Э тэр хоёр айл руу орсон бид нар гадаа хүн хараад зогсож байгаад удаад байхаар нь наад хоёр чинь ямар удаж байнаа нэг нь оръё гээд би ортол ханад суурилуулсан зурагтыг тайлаад авч гарч ирж байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 198-199 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1хх-ийн 36-40, 1хх-ийн 99-103 дугаар хуудас/,

 

Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 57-60 р тал/

 

Хохирогч Д.Пийн 4.114.160 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 72, 2хх-ийн 115 дугаар хуудас/

 

Хохирогч Ө.Энх-Отгоны 546.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийн үнэлгээ, /1хх-ийн 128 дугаар хуудас/

 

Хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөршандын 3 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн Д.Пийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар санаатай хулгайлан 4114160 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2016 оны 10 сарын 10-ны өдөр оройны 8 цагт ...бид 4 нийлээд Өвөршанд руу алхаад нэг айл эзэнгүй байгаа гээд  очсон. Тэгээд Ган-Эрдэнэ бид 2 айл руу орсон. Ороод зурагт, хөөрөг авсан... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч  Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2016 оны 10 сарын 10-ны өдөр ...Ган-Эрдэнэ, Баасанжаргал, Мөнх-Эрдэнэ дөрвүүлээ манайхаас гарсан. Тэгээд алхаад нэгдүгээр хороогоор алхаад Өвөршанд руу явсан. Ган-Эрдэнэ Өвөршандын нэг айлын хаалгыг хэд, хэд тогшиж байснаа хүн байхгүй юм шиг болохоор нь Ган-Эрдэнэ, Баасанжаргал нар хашаа даваад айл руу орсон. Тэгээд ...ломбард ороод бөгж тавиад ...өглөө нь Ган-Эрдэнэ мөнгө олох юм байна гээд даалинтай хөөрөг гаргаад ирсэн. Нэг зар тавьчихлаа хэдүүлээ явъя гэсэн. Тэгээд СУИС-ийн ойролцоо Монре даатгалын тэнд хүнтэйгээ уулзахаар тохирсон байгаа та 2 хүлээж бай бид 2 очоод уулзаад ирье гээд 30-40 минутын дараа тэр 2 мөнгөтэй болчоод ирсэн...гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Пийн өгсөн: ...Миний алдсан 2 аппарат нийлээд 900 доллар бөгж болон бусад зүйлстэй нийлээд хохирол бараг 4 сая төгрөг. Сая улсын яллагч ярихдаа 4 саяас хөөрөгний 1.200.000 төгрөг хасагдаад тус бүр 700.000 төгрөгөөр хуваагаад төлж байна гэж байна. Миний ойлгож байгаагаар тэгээд хохирол барагдаж байгаа юм байна. Миний бодлоор үлдэж байгаа 4.000.000 сая чинь бараг миний хохирол гэж ойлгож байна. Одоо бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд: ...10-р сарын 10-ны өдөр ...айлаас хөөрөг, монетон бөгж авсан... гэсэн мэдүүлэг, Ш.Ган-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...цонхных нь салхивчийг хашаанд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод ...даалинтай хөөрөг, бөгж, ээмэг зэрэг зүйлс байсан. Тэгэхээр нь хөөргийг нь монетон бөгжтэй нь аваад Баасанжаргал бид хоёр гарсан... гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.Оюунбаярын мөрдөн шалгах ажиллагаанд: ...хөөргийг 1.640.000 төгрөгөөр худалдан авсан. Буруутай хүмүүсээс 1.640.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Пийн 4.114.160 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийн үнэлгээ, хохирол төлсөн баримт ,     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, , Эд зүйлс хураан авсан тэмдэглэл зэргээр,

 

Шүүгдэгч Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 50б дугаар гудамжны 2  тоотод оршин суух иргэн Ө.Энх-Отгоны байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар санаатай хулгайлан 546000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Ган-Эрдэнэ Г.Этэй хамт ороод тэр зурагтын авч гарч ирээд Сансарын тэр хавьд байх нэг ломбарданд тавьсан. Тэгээд тэр мөнгөөр нь орой компьютер тоглоомын газар тоглоод, өглөө хоол авч идээд дууссан... гэсэн мэдүүлэг, Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...2016 оны 10 сарын 18-аас 19-нд шилжих шөнө ...Ган-Эрдэнэ, Г.Э 2 хашаа руу нь давж орсон... зурагт барьсан гарч ирсэн. ...Ган-Эрдэнэ хөөрөг авсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-ний шөнө ...Ган-Эрдэнэ хашаа давж ороод хаалгыг нь онгойлгоод араас нь би ороод тэгээд Ган-Эрдэнэ том цүнхнээс нэг юм гаргаж ирээд цонх онгойлгоод ардаас нь намайг ороод ир ар талын юм нь тайлагдахгүй байна гээд тэгээд Билгүүнээг дуудаад зурагтын аваад цонхоор гаргаж өгөөд тэгээд Билгүүнээ бид 2 байшингийн гадаа хүлээж байсан... гэсэн мэдүүлэг, Өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...2016 оны 10 сарын 18-аас 19-нд шилжих шөнө ...Г.Э өөдөөс зурагтаа бариад гараад ирсэн. Тэгээд бид 2 хашаанаас нь гарч байсан чинь Ган-Эрдэнэ байшингийнх нь шүүгээг ухаад байсан. Өөр юм аваагүй биздээ гэхэд аваагүй гэсэн... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд: ... 42 инчийн Сони маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, жижиг цагаан өнгийн улаан өнгийн шүр мэт толгойтой хөөрөг даалинтай нь хамт алга болсон байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Энх-Отгоны 546000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийн үнэлгээ,           Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

            2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар шийдвэрлэхээр  зохицуулсан байна.

 

            Гэвч Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Орлоо овогт Д.Б, Боржигон овогт Д.Н, Зуутраг овогт Д.Ц, Боржигон овогт Э.Э, Харчин овогт Г.Э, Боржигон овогт Ч.Бнарын 2016 оны 10 дугаар сарын 10, 18 ны өдрүүдэд холбогдсон гэмт хэргүүдийн зүйлчлэлийг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхгүй байх нөхцөл болох ..“үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгосон зохицуулалт нь 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заагаагүй,  байхад шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэсэн байна.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  …оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зохицуулжээ.

 

          Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн тогтоосон байх тул дээрх “хууль буцаан хэрэглэх” зарчмыг баримтлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нарын бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас “.. шүүгдэгч тус бүрийг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулахаар .гэсэн саналыг , Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс  “...шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр барагдуулсан тул оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү  ...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч нарын болон иргэний хариуцагч нарын  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ө.Энх-отгон нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн барагдсан .нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Ц, иргэний хариуцагч Б.Алтанцэцэг, Д.Долгор, Д.Оюунгэрэл нарыг төлөх төлбөргүйд тооцлоо.

           

            Мөн хохирогч Д.П нь шүүх хуралдаанд Б.Б, Б.Н нар нь өөрт холбогдох хохирол барагдсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн 2 хүүхэд хөөрөг зарсан гэсэн мэдүүлэг, яллагдагч Ган-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нарын хөөргийг бид 2 зарсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харгалзан шүүгдэгч  Б.Б, Б.Н нарыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт  төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт  нь тодорхой хөрөнгөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан  тэдгээрт эд хөрөнгө хураах ял оногдуулахгүйгээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Орлоо овогт Д.Б, Боржигон овогт Д.Н, Зуутраг овогт Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Э.Э, Харчин овогт Г.Э, Боржигон овогт Ч.Бнарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Ныг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Цыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Э.Эд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Г.Эт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ч.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 дахин багасгаж 1 жилийн хорих ялаар эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, иргэний хариуцагч  Б.Алтанцэцэг, Д.Долгор, Д.Оюунгэрэл нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч, иргэний хариуцагч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Эд, Г.Эт, Ч.Б нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус бүр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар дээрх оногдуулсан хорих ял дээр нэмж ял оногдуулах болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Э, Г.Э, Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД