| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2024/02626/И |
| Дугаар | 210/МА2025/00235 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00235
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 31,066,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******аас 20,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 80 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлсэн. ******* зээлийн мөнгөн хөрөнгийг *******т шилжүүлсэн.
1.2 ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул *******ээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, 80 хоногийн хүү 1,066,666 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 31,066,666 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******аас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан. *******тай харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн гэрээний хүү 2 хувь биш өдрийн 15 хувийн хүүгийн хамт *******д түүний дансаар бүрэн төлж барагдуулсан. ******* бидний хооронд үүссэн харилцаатай холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр гарсан.
2.2 ******* ******* руу зээлийг төл гэсний дагуу төлж дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хариуцагч *******ээс зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,066,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Зээл авсан тохиолдолд зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн бол хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг. Зээлдэгч нь зээл авснаа мэдэж байгаа тохиолдолд заавал зээлдүүлэгчээр сануулахгүйгээр өөрөө зээлээ төлөх нь зээлдэгчийн үүрэг учраас зээлдүүлэгч нь урьдчилан сануулах шаардлагагүй.
4.2 Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн төлбөрийг йн дансанд төлж дуусгасан гэж тайлбарладаг боловч хариуцагч ******* нь *******тай зээлийн эрх зүйн харилцаанд орсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ******* нь *******д 7,587,000 төгрөг, *******т 4,000,000 төгрөг төлсөн үйл баримт нь талуудын үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн үйл баримтад хамааралтай гэж үзсэн нь таамаглал дээр үндэслэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөн дүнг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Хариуцагч өөр хүнд илүү төлсөн гэх төлөлтийг *******ын төлөлтийг хийж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.3 Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 36-д эргэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцохдоо 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн болон бүхлээр нь хүүгийн мөнгөний хамт зээлдүүлэгчийн Хаан банкны ******* тоот дансаар төлж дуусгана гэж тохиролцсон. Гэтэл хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг зээлийн гэрээнд зааснаас өөр хүнд зээлийг төлж байсан юм бол энэ талаараа зээлдүүлэгчид хэлэх үүрэг нь зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг.
4.4 Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлээгүй гэдгээ нотлох ёстой. Үүнийгээ хариуцагч тал нотолж чадаагүй. Учир нь, нэхэмжлэгчээс авсан зээлээ өөр хүнд төлж дуусгасан, сануулаагүй гэсэн үйл баримтаар үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 11,066,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* нь *******аас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан зээлээ маргааш өдрөөс нь эхлэн төлсөн. ******* өдрийн хүүтэй мөнгө зээлдэг ба ******* ******* нар хоорондоо хамааралтай хүмүүс. *******ийг *******тай танилцуулсан гэдгээ ******* гэрчийн мэдүүлэгтээ дурддаг. ...*******аас авсан мөнгөө надад өгнө шүү гэж ******* *******тай хамт байхдаа *******т хэлсэн тул зээл авсан өдрийнхөө маргааш өдрөөс эхлэн ******* болон түүний нөхөр *******ын данс руу зээлийн төлөлтөө хийж байсан.
5.2 Зээлийн төлөлтөө *******д төлж байсан талаар ******* мэдэж байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдоно. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээл авч, 2022 оны 11 дүгээр сард төлж барагдуулах ёстой зээлийг 2022 оноос хойш шаардаагүй ба энэ хугацаанд *******, ******* нарын маргаан шүүхэд хянагдаж байсан.
5.3 Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч зээлийн хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч сануулах, мэдэгдэх үүрэгтэй. ******* зээлээ төлөхгүй байгаа талаар *******д хэлэхэд ...зээлийн гэрээ байгуулсан тул хэзээ ч гэрээний үүргээ шаардах эрхтэй. Түр хүлээж бай гэж санаатайгаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж, хүү алданги шаардсан. Хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.
5.4 ******* 20,000,000 төгрөгийн зээлийг 27,000,000 төгрөг болгож төлсөн. 2-3 жилийн өмнө нэхэмжлэгчид АТМ-ээс 10,000,000 төгрөг бэлнээр авч өгсөн боловч тус үйл баримтын талаар нотолж чадаагүй. *******тай холбоотой зээлийн гэрээний маргаан 2 шатны шүүхээр хянагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3837 дугаар шийдвэрээр ******* *******ын өмнө хүлээх үүргийг бусдын өмнө буюу *******, ******* нарын өмнө хүлээсэн гэж дүгнэсэн. Тус шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1971 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. *******аас авсан зээлийг төлж дуусах хугацаанд *******тай ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний харилцаа, төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул үндэслэлгүй төлсөн гэж шийдвэрлэсэн. Иргэний хуульд заасны дагуу үүрэг үүсэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэн зээл төлөхийг сануулж, мэдэгдэх үүрэгтэй вэ гэвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч сануулах үүрэгтэй.
*******т ...йн дансанд зээлийн төлбөрөө хий гэж хэлсэн ба хариуцагч авсан зээлээ 1 сарын дотор төлж дууссан. Энэ хугацаанд хэн ч зээлийн гэрээний үүрэг шаардаагүй атлаа 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 1,066,666 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 31,066,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. ******* болон ******* нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1956 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 20,000,000 төгрөгийг, нэг сарын 2 хувийн хүүтэй, 80 хоногийн хугацаатай *******т зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 4/
4.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Иймд, анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2 ******* нь зээлийн төлбөрийг *******ын хэлснээр *******д өгсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 20,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын заримд үндэслэн нэмэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
5. Харин анхан шатны шүүх, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн нөхцөл байдлыг түүний гэм буруугаас болоогүй буюу үүрэг гүйцэтгүүлэгч *******ын гэм буруугаас болсон агуулгаар дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.1 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд харин мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үүрэг, үр дагавар үүснэ. Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнд тэрээр гэм буруугүй, харин энэ нь нэхэмжлэгчийн гэм буруугаас шалтгаалсан нөхцөлд нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү, анз шаардах эрхээ алдана.
5.2 Гэрч йн ...миний бие нь *******ийг *******тай танилцуулж тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулж, ******* нь *******аас 20,000,000 төгрөгийг зээлсэн. ******* бид хоёрын хооронд урьд өмнөх зээлийн тооцоо байсан бөгөөд надад өөрийн зээлсэн төлбөрөө төлж байсан. ******* надаас ...******* зээлсэн мөнгөө төлөхгүй байна яах вэ гэж асуухаар нь ...та хоёрын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулсан тул нэхэмжлээд авах боломжтой, би эхлээд өөрийнхөө мөнгийг авах хэрэгтэй байна гэсэн мэдүүлэг нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч хүү, анз авах эрхээ алдах үндэслэлд хамаарахгүй.
Учир нь, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дахь хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан, энэ талаар сануулсан эсэхээс үл хамаарч хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх учиртай.
5.3 Түүнчлэн, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд мөн зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
5.4 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх үүргийг хариуцагч бусад этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01311 дугаар шийдвэрээр *******ас 4,650,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хангаж, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,350,000 төгрөг гаргуулах тухай *******йн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1хх 68-70/, мөн шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03837 дугаар шийдвэрээр *******ас 7,587,000 төгрөг, *******аас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/01971 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн /2хх 20-23/ зэрэг нь *******, ******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаанд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
7. Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан хүүгийн төлбөрт 1,066,666 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 10,000,000 төгрөг, нийт 31,066,666 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/05296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 31,066,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
2 дахь заалтын 56.2 гэснийг 56.1 гэж, 257,950 гэснийг 313,283 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН