Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 559

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагааншувуут овогт Батдэлэгийн Баттөрд холбогдох эрүүгийн 1911015330718 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа тээвэр хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 9-129 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Цагааншувуут овгийн Б. Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 9-129 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Т.Майсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өглөө би зуун айлд машинаар ачаа зөөх ажил хийж байгаад өдөр 15 цагийн орчим Майсайхан руу 2 удаа утсаар залгахад утсаа авахгүй байсан юм. Орой 19 цагийн орчим гэртээ ирэхэд Майсайхан гэртээ байхгүй 2 охин болох Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ нар байсан бөгөөд гэрт түлээгүй даарсан байдалтай байхаар нь гал түлж өгөөд буцаж гадагшаа гарч машиндаа ачаа ачих ажилтай байсан тул уг ажлаа амжуулж байгаад орой буцаад 22 цагийн орчим гэртээ ирсэн чинь Майсайхан жижиг өрөөнд ширээн дээр пиво тавьчихсан уугаад сууж байсан. Би түүнээс хаагуур юугаа хийгээд яваад ирж байгаа юм бэ хэнтэй уулзсан юу болсон юм бэ гэж асуухад өөдөөс чамд хамаагүй гэж бид хоёр маргалдсан. Тэгээд би том өрөөний зурагтын өмнө бүхлээрээ хэвтээд өгсөн юм. Намайг унтах гэж байхад Майсайхан гарч ороод зурагтны дуу чанга тавиад байсан. Тэгээд би гарч тамхи татаж байгаад Майсайханы унадаг жижиг цагаан тэрэгний аккумуляторыг салгаж аваад гэрт орсон. Гадаа байх үед Майсайхан араас гэрч ирээд наадахаа ав ав, авч болохоор юм байвал бүгдийг нь ав гээд байсан. Уг нь аккумуляторыг би саяхан авч өгсөн болохоор машинаас нь салгаж авч байсан юм. Тэгээд гэрт ороод би жижиг өрөөнд орж зурагтын цахилгааныг салгаад би унтмаар байна. Чи өрөөнөөс гар гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд элдвээр хэлж эхэлсэн. Тэгэхээр нь би гарч явах гэтэл миний хувцаснаас зууралдаад тэр чигээрээ чирэгдээд байшингаас гарч үүдний амбаарт гарч ирсэн бөгөөд хувцас хунар урчих гээд “ чи ямар олигтой хувцас өмссөн биш” гээд дайраад байсан. Мөн миний хувцаснаас зулгааж өөрлүүгээ татаж гэдэсээ мөргүүлээд энэ хүүхдийг чинь зулбуулна гээд байхаар нь өмнөх хүүхэд зулбаж байсан болохоор уур хүрээд Майсайханы хоёр шанаа орчим алгадаж, толгойн дээд хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд үүдний амбаарт нэлээн хэрүүл хийж байгаад бид хоёр зууралдсан чигээрээ гэрлүү буцаж ороод жижиг өрөөнд Майсайханыг үлдээгээд гэрээс гарч явсан. Надаас чирэгдээд нааш цааш явж байхдаа гар хөл нуруу нь хананд үрэгдээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,

Хохирогч Т.Майсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найз хүүхэнтэйгээ уулзаад гадуур явж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн бөгөөд ирэхээсээ өмнө гадуур нэг лааз пиво уусан байсан. Гэртээ орж ирээд дахин нэг лааз пиво уугаад сууж байтал Баттөр гаднаас эрүүл орж ирсэн. Баттөрийн салсан эхнэрээс нь болоод бид хоёр маргаантай байсан болохоор би уурандаа пиво уусан байсан юм. Надаас хаашаа яваад ирэв гээд хэрүүл эхэлсэн бөгөөд би жижиг өрөөнд сууж байсан болохоор Баттөр орж ирээд маргалдаж байтал нүүр, хөл рүү өшиглөж цохиод байсан. Тэгээд намайг дагуулан гарч үүдний амбаарт гаргаж ирээд тэндээ маргалдаж байхад дахин нүүр, хөлрүү цохиод байсан бөгөөд буцааж гэр лүү оруулж жижиг өрөөнд оруулж байгаад миний гар хөл рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд Баттөр гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19х/,

Гэрч М.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед хамт байгаагүй. Харин зодуулсных нь дараа том эгч болох Алтанцэцэг надруу залгаад ээжийг чинь Баттөр зодсон байна. Яваад оч гэхээр нь би бас нэг эгчийн хамт гэрт нь яваад очтол хоёр дүү л гэртээ байж байсан бөгөөд ээж цагдаа нартай Баттөрийг хайгаад явсан байсан. Хуванцар цагаан өнгийн сандал хугарсан, ээжийн нүүрээ цэвэрлэдэг алчуур бас цус болсон байсан. Ширээн дээр ээжийнх бололтой нилээн их хэмжээний урт үс бөөгнүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

Гэрч Б.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь харанхуйд хаалга тайлж өгсөн чинь Майсайхан гар утсаа өгөөч гээд уйлаад байхаар нь гар утсаа өгөөд гэрлээ асааж харсан чинь хоёр нүд амны орчимд нь хөхөрч хавдсан, хөл нь явж болохгүй байна гэж байсан. Тэгээд доошоо цус гараад байна гээд чичирч уйлаад байсан. Миний утсаар өөрийнхөө эгч рүү залгаж яриад дараа нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг: “... 2019 оны 05 дугаар сарын 17-нд Майсайханы төрсөн эгч нар болох Отгонцэцэг, Алтанцэцэг, Оюунцэцэг нар над дээр ирж уулзсан бөгөөд Майсайханыг нөхөр нь зодоод гэдсэн дэх хүүхэд нь болохоо болиод байх шиг байна гэхээр нь би Майсайханы хэвтэж байгаа өрөөнд нь очиж уулзахад түүний уруул, нүд гар, хөл нь хөхөрсөн байсан. Тэгээд би Майсайханыг ингэтлээ зодуулахдаа яадаг юм бэ гээд загнасан чинь миний ч буруу байгаа бид хоёр маргалдаж байгаад ийм асуудал болсон гэж хэлсэн ....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №6098 дугаартай

Т.Майсайханы биед 2 нүдний зовхи, хацар, уруул, мөр, бугалга, гуя, хөлний шилбэнд цус хуралт, зулбахыг завдах зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 45х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Цагааншувуут овгийн .Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД