| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/06261/И |
| Дугаар | 210/МА2025/00268 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00268
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05124 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******гаас 40,000,000 төгрөг зээлж авсан ба ******* ******* улсруу удаан хугацаагаар явах болсон тул 2022/12/08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн *******, *******, ******* нар гурвалсан гэрээ байгуулж ******* нь *******өөс зээл шаардах эрхээ *******т шилжүүлсэн. *******, ******* нар 2022/12/08-ны өдөр *******тоот зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 2257 тоот барьцааны гэрээ байгуулан *******ийн өмчлөлийн *******, ******* хороо, *******, ******* өргөн чөлөө гудамж, ******* тоотод орших, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг барьцаалсан.
Гэвч ******* 18,000,000 төгрөгийн зээлийг *******д өгөөгүй бөгөөд 2022/12/08-ны өдөр *******ийн дансанд 1,847,000 төгрөг шилжүүлснээр ******* бодитоор 41,847,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2023/06/08-ны өдөр дууссан ч ******* зээлээ төлж чадаагүй ба гэрээний хугацааг сунгая гэхэд авлага 100,000,000 төгрөг болсон учраас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлбэл гэрээг сунгана гэсэн тул аргагүйн эрхэнд 2023/06/19-ний өдөр 1340 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх барьцаалсан орон сууцаа 100,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг 2022/12/08-ны өдөр төлсөн мэт хэлцлийг хийсэн.
Ингээд зээлийг 6 сараар сунгасныг амаар тохиролцсон ба ******* энэ хугацаанд зээлээ төлж чадаагүй ба гэрээний хугацаа 2023/12/19-нд дууссанаар ******* нь дахин гэрээ байгуулахыг шаардсан тул түүний шахалтаар 2023/12/28-ны өдөр *******тэй ******* тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн л дээрх орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг 2023/12/28-ны өдөр төлсөн тухай дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Энэ гэрээгээр ******* нь орон сууцны өмчлөгч болж, *******ийг орон сууцнаас нүүхийг шаардаж байна. *******ийн анх *******гаас зээлсэн 40,000,000 төгрөг нь 1 жил 3 сарын дараа 140,000,000 төгрөг болж маш их өсч, орон сууцаа алдахад хүрсэн нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд ******* анхнаасаа орон сууцаа *******д худалдах зорилго байгаагүй, зөвхөн зээлдүүлэгчийн шаардлагаар дүр үзүүлж, халхавчилсан хэлцлийг хийсэн гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 175,000,000 төгрөгийн авлагатай байгаа. ******* нь *******ийн хүсэлтээр 2022 оны 12 сарын 08-ны өдөр *******, ******* нартай уулзаж гурвалсан гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт үйлдэн *******гийн *******өөс шаардах 42,000,000 төгрөгийн эрхийг өөртөө шилжүүлж авч *******ийн хүсэлтээр *******д 18,000,000 төгрөг шилжүүлснээр *******, ******* нарын хооронд 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. ******* нь компаниа зарсан бөгөөд төлбөр удахгүй орж ирэхээр бүх төлбөрийг төлнө, нэмээд 2,000,000 сая төгрөг өгчих гэж гуйсан тул түүнд итгэж нотариатын төлбөрүүдийг нь төлөөд 1,847,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлийн гэрээ дуусах хүртэл хүүгийн төлбөрийг сануулах болгонд удахгүй хүү, алданги, үндсэн төлбөрийг төлнө гэдэг байсан ба ******* нь зээлийн гэрээг сунгая гэсэн тул 2023 оны 06 сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ хийж, зээлийг 6 сараар сунгахаар амаар тохиролцож, өмнөх гэрээний бүх нөхцөл хэвээр гэж тохиролцсон. Энэ хугацаанд зээлээ төлөөгүй тул 2023 оны 12 сарын 27-нд уулзахад тэрээр компаниа худалдсаны төлбөр орж ирээгүй гээд өмнөх зээлийн алданги 45,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, үндсэн төлбөр 60,000,000 төгрөгийг тооцон орон сууцаа худалдах-худалдан авах гэрээ хийж, чиний нэр дээр шилжүүлж, нэмээд 5,000,000 төгрөг авья гэднээ надад хэлсэн. Ингээд 2023 оны 12 сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан *******д 5,000,000 төгрөг шилжүүлж уг барьцааны орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Иймээс *******тэй харилцан тохиролцож хуулийн дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулан орон сууц нь хууль ёсоор надад шилжсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар *******д холбогдуулан 2023 оны 12 сарын 28-ны өдрийн *******, ******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар *******, ******* хороо, *******, ******* өргөн чөлөө гудамж, *******а байрны ******* тоот орон сууцны *******ийн нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож , *******ийн өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 928,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "тус орон сууц нь ******* ХХК-н 2023-11-30, 2024-02-08-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тэмдэглэл Улсын бүртгэлийн байгууллагад байх ба энэ нь өмчлөгчийг солиход саад болохгүй, энэхүү барьцааны гэрээг шүүх дүгнэхгүй болно" гэжээ. Барьцааны гэрээг шүүх дүгнэхгүй гэсэн атлаа өмчлөгчийг сольж, улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгасан нь үндэслэлгүй. Энэхүү орон сууцыг хариуцагч нь ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Шүүхээс Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу өмчлөх эрх, барьцаа нь цуг шилжсэн эсэхийг дүгнээгүй атлаа өмчлөгчийн эрхийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээ гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай, буруу.
Нөгөө талаар ******* ХХК энэхүү маргааны тухай, мөн *******ийн тухай огт мэдэхгүй юм. Тус банкны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул энэхүү маргаанд гуравдагч этгээдээр оролцуулсны үндсэн дээр нэг мөр маргааныг шийдвэрлэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. *******ХК-ийн эрх ашиг хөндөгдсөн учраас гуравдагч этгээдээр татах ёстой гэх үндэслэлгүй. ******* ХК оролцсоноор хоёр өөр эрх зүйн маргаан буюу хоёр өөр хэргийг нэг шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлэх гэсэн агуулга харагддаг бөгөөд энэ нь боломжгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Талуудын аль аль нь нэхэмжлэлийн хүрээнд ч, хариу тайлбарын хүрээнд ч 40,000,000 төгрөг зээлээд жил хоёр сарын дараа 145,000,000 төгрөг болсныг нотолдог. Энэ нь худалдах-худалдан авах хэлцлийн гол үндэслэл болсон. ******* ХХК-ийн эрх хөндөгдөөгүй, энэ маргаан үүсвэл тусдаа бие даасан шаардлага болж шүүхээр шийдвэрлэгдэх маргаан юм. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан талуудын хооронд 2023 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан ******* тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг зээлийн барьцаа болгон шилжүүлсэн бөгөөд худалдах хүсэл зориг байгаагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлээр хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн ******* дүүргийн ******* хороо, *******, ******* өргөн чөлөө гудамжны ******* тоотод оршин байх орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, *******өөс 175,000,000 төгрөгийн авлагатай байгаа, тэрээр зээлээ төлөөгүй бөгөөд 141,000,000 төгрөгийн төлбөрт орон сууцаа өгч, нэмж 5,000,000 төгрөг авахаар тохирсны дагуу барьцааны орон сууцыг шилжүүлэн авч 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хууль ёсны тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Хэргийн баримтаар иргэн ******* нь *******д зээлдүүлсэн 40,000,000 төгрөгийн шаардах эрхээ *******д 2022 оны 12 сарын 08-ны өдөр шилжүүлсэн, улмаар *******, ******* нарын хооронд мөн өдөр байгуулсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу ******* нь 42,000,000 төгрөгийг *******д, 18,000,000 төгрөгийг *******д олгохоор тохиролцсон, уг гэрээний үүрэгт ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг *******д барьцаалж барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Мөн талууд 2023.06.19-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр барьцаалсан орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах тухай, мөн 2023 оны 12 сарын 28-ны өдөр барьцаалсан орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Сүүлчийн гэрээг үндэслэн *******ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, *******, *******өргөн чөлөө гудамжны ******* тоот орон сууц *******ийн өмчлөлд 2024 оны 01 сарын 04-ний өдөр шилжсэн, харин орон сууцыг ******* эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2023 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан ******* тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь зээлийн мөнгийг төлсөн мэтээр дүр үзүүлсэн болон барьцааны гэрээг халхавчлан хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу талуудад орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийснээр хэлцэлд заасан тодорхой үр дүнд хүрэх зорилго, хүсэл эрмэлзлийг агуулдаггүй, гагцхүү хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгож энэ талаар хэлцэл хийгч талууд мэдэж байдагт оршино. Зохигчийн шүүхэд гаргасан харилцан зөрүүтэй тайлбарыг хэргийн баримттай харьцуулан дүгнвэл талууд 2022 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны гэрээг нотолгоо болгохгүйгээр зээлийн төлбөрийг баталгаажуулж, зээл төлүүлэх хөшүүрэг болгож, өмнө байгуулсан барьцааны гэрээг үргэлжлүүлсэн агуулгаар 2023 оны 12 сарын 28-ны өдрийн *******тоот үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй.
Иймээс талуудын хооронд байгуулсан дээрх ******* тоот худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх ...зээлийн гэрээний дагуу *******ийн төлөх төлбөрийн хэмжээ, орон сууцны үнэд гэж авсан мөнгөн хөрөнгийг иргэн ******* нь зээлийн гэрээний гэх өр төлбөрөөс хэрхэн хасаж тооцсон нь тодорхойгүй, өр төлбөрт хасагдаж буй мөнгөн хөрөнгө нь орон сууцыг худалдах үнэ гэж үзэх боломжгүй... нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь буруу. Учир нь зээлийн тооцоолол тодорхойгүй болон анх байгуулсан зээлийн гэрээний хэмжээ, орон сууцны үнэ хоорондын зөрүүтэй байдал нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул дээрх байдлаар залруулан дүгнэнэ.
5. Хэргийн баримтаар хариуцагч ******* маргаж буй орон сууцыг ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 02 сарын 09-ны өдөр барьцаалж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Зохигчийн хооронд байгуулсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн өмчийн хэлцэл хүчин төгөлдөр бус, хариуцагч уг орон сууцны өмчлөгч биш болохыг ийнхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх эсэхийг дүгнэх үндэслэл болохгүй. Зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь тус гэрээг үндэслэн маргаан бүхий орон суунцы өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагч, барьцаалагч ******* ХХК нарын хооронд үүссэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Иймээс маргааны зүйл болсон орон сууцанд барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх болон барьцаалагч маргаан зүйл болсон орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй эсэхийг тухайн барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гарсан тохиолдолд дүгнэвэл зохих эрх зүйн тусдаа харилцаа тул ******* ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй тул энэ тухай хариуцагч талын гомдлыг хангахгүй.
6. Хөрөнгийг олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүргийн харилцаа хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд тухайн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үүрэг буцаагдах үр дагавартай. Зохигчийн хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон нь Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүргийг талуудад үүсгэх тул нэхэмжлэгч *******ийн хувьд мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******ээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг залруулж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн найруулж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэхээр хуульчилсан. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс хийх журамтай байна. Энэ агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлийн чиг үүргийг хариуцан гүйцэтгэхгүй тул бүртгэл хийх байгууллагыг ерөнхий нэршлээр буюу улсын бүртгэлийн байгууллага гэж шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтыг нэгтгэж "Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан *******, ******* нарын хооронд 2023 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* дүүргийн ******* хороо, *******, ******* өргөн чөлөө ******* байрны ******* тоотод орших, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ