Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/66

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Б.Батболор, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Д.Байгальмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,   

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндорж,

гэрч Ч.Б, Ч.Б,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ч.Бд холбогдох эрүүгийн 1907000000018 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 7-5 тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 505 дугаар магадлалаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Тайж овогт Ч.Б  /**********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Баялагийн 7-5 тоотод 2019 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө хойд эцэг болох Ж.Бтай /60настай/ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний баруун гуяны дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ гарч яваад хотод байдаг эгчийндээ очсон. Эгчийнхээсээ орой 6 өнгөрөөд 7 цагийн үед гэртээ ирээд амь хохирогч надад нэг хундага хийж өгөхөөр нь би татсан. Дараа нь бид хоёрын дунд маргаан үүсч би ширээн дээр байсан хутгыг аваад хутгалчихсан. Тухайн үед би хутгалсныхаа дараа хэсэг сууж байгаад гараад явсан. Тэр хооронд амь хохирогч цус алдсаныг би мэдээгүй. 10-15 минутын дараа араас нь гарахад амь хохирогч хоёр гэрийн хооронд уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүү чирч оруулсан. Тэр хооронд манай гэрийнхэн цагдаа түргэн дуудсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндорж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хэрэг болоход би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Өглөө нь цагаан сарын шинийн нэгэн байсан болохоор талийгаачийг ирж золгоно гэж бодоод үдээс хойш нь талийгаач руу залгаж ярихад маргааш өглөө очиж золгохоор боллоо арай амжихгүй болчихлоо гэсэн зүйлийг хэлсэн. Маргааш өглөө нь талийгаачийг өөд болсныг мэдсэн. Дүүгийнхээ талаар хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм. Талийгаач бид хоёр төрсөн ах дүүс байсан учраас би дүүгээ сайн мэднэ. Талийгаач бол их төлөв даруу зантай, ажилсаг, ах дүү нартаа тусархаг, хэнтэй ч нөхөрлөөд явж чаддаг ийм л эр хүн байсан бөгөөд голдуу хар ажил хийж явсан. Дүүгээ гэнэт хүний гарт үрэгдэнэ гэж бодож байсангүй. Энэ жил 60 нас хүрээд тэтгэвэртээ гарахаараа нутаг руугаа надтай хамт явна гэж талийгаач хөөрч ярьдаг байсан. Яг тэтгэвэр тогтоолгох нас нь болж байхад талийгаач өөд болсонд би их харамсдаг. Шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг шударгаар шийдэж өгнө гэдэгт би итгэж байна. Талийгаач өөрөө ч гэсэн үнэн шударгаар шийдүүлэх хүсэлтэй байгаа гэж би бодож байна. Талийгаачийн 3 хүүхэд нь өнөөдрийн шүүх хуралдааны танхимд ирчихсэн сууж байна. Талийгаачийн хүүхдүүд нь бүгд өрх тусгаарлаагүй байсан бөгөөд аавыгаа бүгд сайнаар дурсаж ярьдаг. Гомдлын хувьд амь хохирогч 60 нас хүрч тэтгэврээ авах гэж байхад нь амийг нь бүрэлгэсэн явдалд үнэхээр их харамсаж гомдож явдаг. Талийгаач жирийн нэг өдөр зодоон хийж байгаад амиа алдаагүй тэтгэвэрт гарах гэж баярлаж байгаа үед нь хамгийн амин газар нь буюу ямар ч цус тогтоох боломжгүй газар нь ганц хутгалж устгасан байсныг би оршуулгын үеэр харсан. Би их харамсаж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Гэрч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Анх хэрэг гардаг өдөр шинийн нэгний өглөө би ээж, аав дээрээ ирж золгосон. Хотод манай аавын ихэр нь байдаг учраас тэр ахтайгаа золгохоор ах бид хоёр явсан. Ах бид хоёр золгочихоод 15-16 цагийн үед наашаа ирсэн. Аавын ихрийнд байхад манай ахад нэлээн архи өгсөн буюу 1,5 литр архийг манай ах ганцаараа шахуу уусан. Би ахдаа хандан та нэлээн их архи уусан байна гэж хэлээд авч яваад ахыгаа таксинд суулгаж явуулаад би өөрөө хадмынх руугаа явсан. Тэгээд гэртээ очоод байж байтал ахыг ийм зүйл хийснийг мэдээд шууд нөхөртэйгээ машин унаад давхиад очиход ах маань нэлээн согтуу байсан. Би алчихна гэж бодоогүй, өнгөцхөн гуянд нь хутгаар зүссэн гэж бодоод гүйж очоод аавынхаа биенд хүртэл бие нь аймаар хүйтэн болсон байсан. Би ахыгаа загнаад байж байхад манай ах өөрөө ямар ч ухаангүй, шоконд орсон байсан. Би уйлаад нөхөртөө хандан цагдаа дуудаарай гэж хэлээд өөрөө хажуу талын айл руу орсон” гэв.

 

Гэрч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ороход миний төрсөн ээж Бүрэнцэцэг, хойд эцэг Батнасан нар байсан, хойд эцэг согтуу байсан би мөн гаднаас согтуу орсон. Батнасан надад архи хундаганд хийж өгснөөс уусан. Тэгээд бид хоёр хэрэлдсэн хэсэг хэрэлдээд юу болсноо сайн санахгүй Батнасан гуай хорон үг хэлсэн байх би ч гэсэн хорон үг хэлснээс болж хэрэлдсэн. Бид хоёр гэрийн хойд талд байрлалтай нэг хүн суух зориулалт бүхий хоёр буйдангийн зүүн талын буйдан дээр хойд эцэг Батнасан сууж байсан. Би өөрөө баруун талын буйдан дээр сууж байсан. Тэр буйдан дээр сууцгааж байхдаа хэрүүл болсон юм шиг санаж байна. Тэгээд хоорондоо хэрэлдэж байхдаа бид хоёрын урд талын ширээний баруун талд байх ууцан дээр байсан хар иштэй хутгыг миний бие баруун гартаа аваад зүүн гар талд сууж байсан Батнасангийн баруун гуянд нэг удаа хутгалсан. Хутгалуулсныхаа дараа Батнасан ямар нэгэн зүйл хэлэлгүй хэсэг сууж байгаад гадагшаа гараад явсан. Би түүний хойноос ойролцоогоор арваас хорин минутын дараа гарахад Батнасан хоёр гэрийн голд дээшээ хараад хэвтэж байсан. Би түүнийг чирээд гэр рүү оруулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гомдолтой байна, дүү минь бусдын гарт амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж буруутай хүнд оногдох ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 сарын 05-ны орой 23 цаг болж байхад манай дүү Бямбацогт над руу залгаад аавыг Ч.Б хутгалчихлаа гэж хэлэхээр нь ээжийн гэрт яваад очсон чинь ...Ч.Б ах Батнасан ахыг чирээд өөрийнхөө гэрлүү оруулах гээд гэрийн босгоо нэлээн давуулаад тавьсан байсан. Тэгэхээр нь би нөхөртөө цагдаа дууд гэж хэлээд Батнасан ахын хөлнөөс нь өргөлцөөд Ч.Б ахын хамт гэрлүү нь гүйцэд оруулаад гэрийн баруун талд шалан дээр хэвтүүлсэн. Гэрт оруулаад харахад Батнасан ахын бие нь хөрсөн баруун гуяны хэсэгт их хэмжээний цусаар бохирлогдсон, ямар нэгэн үйлдэл хийхээргүй болсон байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.02.05-ны...23 цагийн үед ээж Бүрэнцэцэг манай гэрт орж ирээд Батнасан, Ч.Б хоёр хоорондоо хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийг аав та хоёр манай гэрт хоночихгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй ээж өөрийнхөө гэр рүү орчихоод буцаж гарч ирээд Ч.Б Батнасанг цохисон юм шиг байна, ухаан алдсан байна гэж хэлэхээр нь би тэгвэл түргэн дууд гээд эмнэлэг рүү залгасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Пүрэвхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбацогт над руу 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад утсаар залгаад хойд аав Батнасан, төрсөн ах Ч.Б хоёр хоорондоо хэрэлдээд Ч.Б ах аавыг хутгалчихлаа, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь иртэл Батнасан ах гэрийн баруун талын орны дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хажуу орон дээр нь Ч.Б сууж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр буюу 2019 оны 02 сарын 05-нд шинийн ...манай хүү Ч.Б гаднаас нэлээн халамцуу байдалтай гэртээ орж ирсэн юм. Тэгснээ ээж та хоол хийж өгөөч гэхээр нь цай хоол хийж өгчихөөд сууж байтал манай нөхөр ганцаараа хараа нэртэй архи ууж байгаад миний даралт байнга ихэддэг учраас намайг миний хөгшин нэг татахгүй юу, даралт чинь ихсэж байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахын бэ гэж хэлээд байж байтал манай хүү талийгаачаас та надаа нэг хийгээд өгчих гэж хэлсэн чинь Батнасан чамд архи өгөхгүй ээ, юу гэж хүүхдэдээ хийж өгдөг юм гэж хэлсэн чинь аав нэг хийгээд өгчихөө гэж хэлэхээр нь за, за гээд тэгээд нөгөө ууж байсан архинаасаа хийж өгөөд тэр хоёр хувааж уусан. Тэгээд манай хүү дахиад архи нэхээд байхаар нь манай нөхөр нийтдээ 3 хундага архи өгсөн. Тэгсэн чинь мөн адил архи нэхээд хэрэлдээд байсан. Тэр үед манай баруун гэрт зээ охины бие өвдөөд байгаа болохоор нь би тийшээ ороод ээж нь охиныг нь ширэглэж өгье гэж хэлэхэд манай охин Бямбацогт манайд лаа байхгүй байнаа гэж хэлэхээр нь би гэрлүү орж лаа аваад ороод ирье гэж хэлээд гэрээс гараад явсан чинь Батнасан хоёр гэрийн хооронд дээшээ харсан байдалтай дээшээ хараад амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай хэвтсэн байхаар нь миний хөгшөөн юу болсон бэ, яасан бэ гээд тэвэрч авахад нэг урт амьсгаа авсан. ...өөрийнхөө гэрлүү орж Ч.Бийг дуудах гээд ороход зүүн талын сандал дээр цус болсон байдалтай, Ч.Б болохоор зүүн талын орон дээр нэлээн согтуу байдалтай сууж байсан. Тэгээд би Ч.Бтэй хамт гараад талийгаачийг оруул гэж хэлтэл Ч.Б талийгаачийг цээжээр нь тэврээд гэрийн хаалганы босго хүртэл чирсэн. Тэрнээс цааш чирч дийлэлгүй босгон дээр үлдээсэн. Тэр үед гаднаас манай охин ирээд бид хоёр үргэлжлүүлэн чирээд оруулсан. Тэр үед би хүргэн охин хоёрлуугаа утсаар хурдан ирээч ээ ах чинь хүн алчихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 46-49 дүгээр хуудас/

 

            Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ...эмээ манайд орж ирээд лаа авахаар гараад буцаад удалгүй орж ирээд өвөөг чинь Бямбаа ах нь цохиод унагасан юм шиг байна өвөө нь гадаа хэвтэж байна гэж хэлээд гарсан удалгүй дахиад орж ирээд цус болчихсон байна хутгалсан юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

            Арван найман насанд хүрээгүй гэрч Т.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ...эмээ гэрээсээ лаа аваад ирье гэж хэлээд гараад удалгүй буцаж орж ирээд Бямбаа ах чинь өвөөг чинь цохиод унагаачихаж гэж хэлээд баруун талд байрлах орон дээр очоод сууснаа буцаад босоод гараад явснаа удалгүй дахиад орж ирээд цус гоожсон байна хутгалсан юм шиг гэж хэлэхэд ээж шууд утсаа шүүрч аваад эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгөөд Бямбасүрэн эгч, Пүрэвхишиг ах нар руу залгаад Бямбаа ах аавыг хутгалчихсан гэнээ хурдан ирээрэй гэж хэлээд эмээ баруун орон дээр суугаад бид нар айгаад бүгдээрээ хойморын орон дээр суугаад ээж дүүг тэврээд байж байтал Бямбасүрэн эгч, Пүрэвхишиг ах нар манай гэрт орж ирээд эмээгээс яасан бэ юу болсон бэ гэж асуухад эмээ Бямбаа ах чинь өвөөг чинь хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 55-56 дугаар хуудас/

           

            Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ...орой 23 цагийн үед Бүрэнцэцэг эгчийн төрсөн дүү Энхцэцэг манайд хүрч ирээд Ч.Б нь Батнасан ахыг хутгалж амь насыг нь хохироосон юм шиг байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Жавхлантын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлага өгсөн хаяганд 23 цаг 10 минутын үед очсон. ...тухайн хүнд үзлэг хийхэд баруун цавины орчимд хатгагдсан шархтай шархнаас цус урссан, шархны орчмоос бага хэмжээний уур савсаж байсан. Мөн өмсөөтэй хос хоромон гуталны түрүүн дээр бохирлогдсон цус нь бага зэргийн хөлдсөн байдалтай байсан. Амин үзүүлэлтийг нь үзэхэд амьсгал зүрх зогссон, гар хөл нь хөрсөн байдалтай байсан тул тухайн хүнд нас барсан гэсэн онош тавиад цагдаагийн албан хаагч нарт нас барсан талаарх бичиг хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

            Гэрч А.Жанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүүн талын гэрт байсан талийгаачтай хамт байсан согтуу эрэгтэй хүн би энэ хүнийг хутгалчихсан юм аа хутга гадаа байгаа гэж дуудлагаар ирсэн эмч бид хоёр зааж өгсөн. Тэр хутганы ажлын хэсэг цусаар бохирлогдсон байхаар нь би хамгаалж дээр нь хувин тавьсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн ирэхлээр нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга хаана байгааг зааж өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 65 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 25 дугаар: “1.2.3.Ж.Бгийн цогцост баруун гуяны урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун ташааны артерийн бүрэн бус тасралт, гуяны 2 толгойт булчингийн цус хуралт, цусан бүлэн, хурц цус алдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амьд байх үедээ хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь баруун ташааны дотор тараагуур судасны бүрэн бус тасралтын улмаас хурц цус алдаж нас баржээ.5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач цаг хугацаа алдахгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. 7. Талийгаачид цогцосны анхны үзлэгээр 2019.02.07-ны өдрийн 10:02 минутанд гадна үзлэг хийхэд нас бараад 24 цаг орчим болжээ.8. Талийгаач АВ IY бүлгийн цустай байна. 9. Талийгаачийн цусанд 3.1% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 73 дугаар хуудас/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1163 дугаар: “1. Шинжилгээнд “2019.02.06 01.20 Цоггэрэл Ч.Б ЛЮ:78032511 41 эр НД 3х баялаг 5-17 тоот ЭБ-ны эмч д/ч Б.Болор” гэж хаягласан хуруу шилтэй 5 мл орчим цусыг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн“2019.02.06 01.20 Цоггэрэл Ч.Б ЛЮ:78032511 41 эр НД 3х баялаг 5-17 тоот ЭБ-ны эмч д/ч Б.Болор” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 80 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 933 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн хөх, цагаан хөндлөн судалтай хагас ханцуйтай цамцанд 19мм, 19мм, цайвар босоо судалтай хар өмдөнд 20мм, хар ноосон өмдөнд 20мм, хар дотоожинд 20мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна. -Харин оймсны нэг өмсгөлд эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. 2. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны орой үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганы ажлын хэсгээс хохирогчийн хувцасны сэмэрдэс илэрсэнгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганы ажлын хэсгийн өргөн хохирогчийн хувцаснуудад гарсан гэмтлийн хэмжээтэй ойролцоо байх тул уг хутгаар үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 91 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1165 дугаар: 1. ХГҮ-ээр хураан авсан гэх хар өнгийн бариултай хутга, бор шаргал өнгийн бүтээлэг гялгар ууттай нойтон шороо дээр цус илэрсэн. Уг цус нь AB /IV/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 96 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1166 дугаар: 1. Ж.Бгийн цогцост үзлэгээр хураан авсан гэх эрээн подволк, судалтай өмд, хар ноосон өмд, хар дотоож, саарал оймс, хар өнгийн гутал дээр цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 98 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1167 дугаар: “Ч.Бөөс хураан авсан гэх босоо судалтай, хар саарал өнгийн даавуун өмд, хар босоо судалтай саарал өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн 1 хос гутал дээр цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 109 дүгээр хуудас/

 

            Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 465 дугаар: “1. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.  Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.            3. Ц.Бямбатар нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт мэдээлэл үгүй байна. 4. Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 112 дугаар хуудас/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /ХХ-ийн 5-12 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /ХХ-ийн 20-21 дугаар хуудас/,

Амь хохирогч Ж.Бгийн хувцсанд хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл /ХХ-ийн 30 дугаар хуудас/ ,

Шүүгдэгчийн баруун нүдний талаарх эрүүл мэндийн бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Баялагийн 7-5 тоотод 2019 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим хойд эцэг болох Ж.Бтай архи уусан гэх харилцааны улмаас маргалдан улмаар түүний хажууд сууж байхдаа баруун гуяных нь дээд хэсэгт хутгаар хутгалж алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид хоёрын дунд маргаан үүсч би ширээн дээр байсан хутгыг аваад хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач жирийн нэг өдөр зодоон хийж байгаад амиа алдаагүй тэтгэвэрт гарах гэж баярлаж байгаа үед нь хамгийн амин газар нь буюу ямар ч цус тогтоох боломжгүй газар нь ганц хутгалж устгасан байсныг би оршуулгын үеэр харсан. Би их харамсаж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би алчихна гэж бодоогүй, өнгөцхөн гуянд нь хутгаар зүссэн гэж бодоод гүйж очоод аавынхаа биенд хүртэл бие нь аймаар хүйтэн болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоорондоо хэрэлдэж байхдаа бид хоёрын урд талын ширээний баруун талд байх ууцан дээр байсан хар иштэй хутгыг миний бие баруун гартаа аваад зүүн гар талд сууж байсан Батнасангийн баруун гуянд нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж өөрийнхөө гэр рүү орчихоод буцаж гарч ирээд Ч.Б Батнасанг цохисон юм шиг байна, ухаан алдсан байна гэж хэлэхээр нь би тэгвэл түргэн дууд гээд эмнэлэг рүү залгасан” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Пүрэвхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбацогт над руу 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад утсаар залгаад хойд аав Батнасан, төрсөн ах Ч.Б хоёр хоорондоо хэрэлдээд Ч.Б ах аавыг хутгалчихлаа, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь иртэл Батнасан ах гэрийн баруун талын орны дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хажуу орон дээр нь Ч.Б сууж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Батнасан хоёр гэрийн хооронд дээшээ харсан байдалтай дээшээ хараад амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай хэвтсэн байхаар нь миний хөгшөөн юу болсон бэ, яасан бэ гээд тэвэрч авахад нэг урт амьсгаа авсан. ...өөрийнхөө гэрлүү орж Ч.Бийг дуудах гээд ороход зүүн талын сандал дээр цус болсон байдалтай, Ч.Б болохоор зүүн талын орон дээр нэлээн согтуу байдалтай сууж байсан.” гэсэн мэдүүлэг, Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмээ манайд орж ирээд лаа авахаар гараад буцаад удалгүй орж ирээд өвөөг чинь Бямбаа ах нь цохиод унагасан юм шиг байна өвөө нь гадаа хэвтэж байна гэж хэлээд гарсан удалгүй дахиад орж ирээд цус болчихсон байна хутгалсан юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Арван найман насанд хүрээгүй гэрч Т.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбаа ах чинь өвөөг чинь цохиод унагаачихаж гэж хэлээд баруун талд байрлах орон дээр очоод сууснаа буцаад босоод гараад явснаа удалгүй дахиад орж ирээд цус гоожсон байна хутгалсан юм шиг гэж хэлэхэд ээж шууд утсаа шүүрч аваад эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгөөд Бямбасүрэн эгч, Пүрэвхишиг ах нар руу залгаад Бямбаа ах аавыг хутгалчихсан гэнээ хурдан ирээрэй гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 23 цагийн үед Бүрэнцэцэг эгчийн төрсөн дүү Энхцэцэг манайд хүрч ирээд Ч.Б нь Батнасан ахыг хутгалж амь насыг нь хохироосон юм шиг байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Жавхлантын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлага өгсөн хаяганд 23 цаг 10 минутын үед очсон. ...тухайн хүнд үзлэг хийхэд баруун цавины орчимд хатгагдсан шархтай шархнаас цус урссан, шархны орчмоос бага хэмжээний уур савсаж байсан... Амин үзүүлэлтийг нь үзэхэд амьсгал зүрх зогссон, гар хөл нь хөрсөн байдалтай байсан тул тухайн хүнд нас барсан гэсэн онош тавиад цагдаагийн албан хаагч нарт нас барсан талаарх бичиг хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Жанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүүн талын гэрт байсан талийгаачтай хамт байсан согтуу эрэгтэй хүн би энэ хүнийг хутгалчихсан юм аа хутга гадаа байгаа гэж дуудлагаар ирсэн эмч бид хоёр зааж өгсөн. Тэр хутганы ажлын хэсэг цусаар бохирлогдсон байхаар нь би хамгаалж дээр нь хувин тавьсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн ирэхлээр нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга хаана байгааг зааж өгсөн.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №25 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1163 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 933 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1165 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1167 дугаартай дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Амь хохирогч Ж.Бгийн хувцсанд хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Тайж овогт Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Бд гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулахаар гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлт гарган оролцлоо.

 

Шүүх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хэрэгт авагдсан үйл баримт, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэл болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг баримтлан  шүүгдэгчид тухайн зүйлд заасан 9 жилийн  хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндорж нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж  шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга, бор шаргал өнгийн бүтээлэг, шороогоор бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, хөх эрээн өнгийн фудволк, хар өнгийн босоо судалтай даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн босоо судалтай дотоож, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос хоромон гутал, богино түрүүтэй цахилгаантай бор өнгийн хос гутал, хар саарал өнгийн өмд, биеийн тамирын саарал өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэг, Ч.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хавтас хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бийн нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоног, нийт цагдан хоригдсон 87 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүрээнд архины асуудлаас хамааралтай үл ойлголцон маргалдсантай холбоотой гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 9 /ес/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 9 /ес/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийн  2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоног, нийт цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга, бор шаргал өнгийн бүтээлэг, шороогоор бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, хөх эрээн өнгийн фудволк, хар өнгийн босоо судалтай даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн босоо судалтай дотоож, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос хоромон гутал, богино түрүүтэй цахилгаантай бор өнгийн хос гутал, хар саарал өнгийн өмд, биеийн тамирын саарал өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэг, Ч.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хавтас хэрэгт хавсаргасугай.  

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                        ШҮҮГЧИД                              Б.БАТБОЛОР

                                                                                         З.БОЛДБААТАР