| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2023/01091/И |
| Дугаар | 210/МА2025/00301 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00301
*******
/*******/-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/05280 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
1,835,284 ам.доллар буюу 6,225,044,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ***** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан.
******* ХХК нь бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч аж ахуйн нэгжид үйл ажиллагаа эрхлэхгүй байх, Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн хугацаа 1 жилээс илүүгүй байна гэж хөдөлмөрийн гэрээнд заасан. Харин үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй.
Иймд дараах тооцооллоор үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн нөхөн төлбөрийг тооцож байгаа. Үүнд үндсэн цалин 22,312.50 ам.доллар, урамшуулал 69,952 ам.доллар, гэрээ амжилттай дуусгасны нэмэлт урамшуулал 20,900 ам.доллар, нүүлгэн шилжүүлэлтийн олговор 12,250 ам.доллар, орон байрны олговор 20,000 ам.доллар, удаан ажилласан хугацааны урамшуулал 50 ам.доллар, нийт 172,059.5 ам.доллар*12 сар=2,064,714 ам.долларын 87,6%-иар тооцож 1,808,689 ам доллар. Үүн дээр амралтын олговор 25,595 ам.долларыг нэмээд 1,835,284 ам доллар буюу 6,225,044,741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Санал хүргүүлэх бичиг-т компаниас нэхэмжлэгчийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор 133,875 ам.долларыг олгож байгаа талаар тусгайлан тодорхой заасныг ****** зөвшөөрсөн байдаг. Энэ нь үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговор болох нь саналын бичигт маш тодорхой тусгасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар талууд үл өрсөлдөх үүргийн нөхөн төлбөрийг харилцан тохиролцож хэмжээг тогтоосон, үүнийг ажил олгогч олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3, 72.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч ***** ХХК-д холбогдох, үл өрсөлдөх үүргийн олговорт нийт 1,835,284 ам.доллар буюу 6,225,044,741 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** (*****)-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 32,364,633 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талууд маргаагүйг шүүх дүгнэсэн. Энэ утгаараа гэрээгээр тохиролцсон 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 133,875 ам.доллар нь "онцгой нөхцөл"-ийг илэрхийлж, түүнд нь төлж байгаа төлбөр юм. Өөрөөр хэлбэл, ****** гэдэг хувь хүнийх нь мэргэжлийн ур чадвар, салбартаа танигдсан байдал, ажлын туршлага, харилцаа холбоотой байдал гэх мэт гүйцэтгэх удирдлагын ажил үүрэгтэй холбоотой чанар чадварыг нь үнэлж, гэрээ дуусгавар болсны дараа тэрхүү үнэлсэн мөнгөө өгч буй тохиролцоо байсан.
Үүнээс гадна 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 1-д "Харин 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон даруйд компанийн зүгээс танд тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан 6 сарын цалингийн багц болох үндсэн цалин (133,875.00 $)... зэрэг төлбөрийг төлөх болно." гэж тухайн төлбөрийн юунд зориулагдсан болохыг тодорхой заасан. Тэгэхээр зохицуулалтын хувьд ч, нэр томъёоны хувьд ч, аль ч утгаараа 133,875 ам.доллар бол үл өрсөлдөх үүргийн олговор, эсхүл нөхөн төлбөр биш гэдэг нь ойлгогдоно.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тус зохицуулалт нь үл өрсөлдөх үүргийн олговрыг давхардуулан олгох үр дагаварт хүргэх шинжтэй бус харин нөхөн зохицуулсан шинжтэй гэж ойлгогдохоор байна.
Иймд үндсэн цалин 22,312.50 ам.доллар, урамшуулал 69,952 ам.доллар, гэрээг амжилттай дуусгасан урамшуулал 20,900 ам.доллар, ажилласан хугацааны урамшуулал 50 ам доллар буюу сүүлийн сарын нийт цалин хөлс нь 113,214,5 ам.доллар болж байгаа тул нэхэмжлэлээс 1,190,110 /113,214.5*12=1,358,574, үүний 87,6% болох 1,190,110/ ам.доллар гаргуулах хэсгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарласан. Талууд харилцан тохиролцож үл өрсөлдөх үүргийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дагуу нөхөн төлбөрийг олгосон. Тэтгэвэрт гарч буйд нь тэтгэвэр олгосон асуудал байхгүй. Мөн үл өрсөлдөх үүрэг хүлээлгэсэн нөхцөлөөс ажил олгогч татгалзаж буйгаа мэдэгдсэн байдаг.
Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй, ээлжийн амралтын олговор олгоогүй үндэслэлээр үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговор болон ээлжийн амралтын олговорт 1,835,284 ам.доллар буюу 6,225,044,741 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь талууд харилцан тохиролцож үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрын хэмжээг тогтоосон, энэ хэмжээндээ олговрыг олгосон, мөн ээлжийн амралтын олговрыг өгсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ***** нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ***** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан.
3.1. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6 сараар буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж гэрээ байгуулсан.
Ийнхүү гэрээг сунгахдаа ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаанд ажилтан нь Монгол улс дахь компанийн аливаа өрсөлдөгч болон харилцагчдад ажиллахгүй байх үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн. Мөн үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрыг 166,125 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцжээ.
Шүүхээс томилсон шинжээч ***** ХХК-ийн ***** орчуулгын товчоо-ны талуудын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож үйлдсэн Санал хүргүүлэх бичиг гэх нэршил бүхий англи хэл дээрх гэрээг орчуулсан хувилбарт үндэслэн анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.
3.2. ***** ХХК нь 2022 оны 12 дугаар сард үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговор 166,125 ам.долларыг нэхэмжлэгчид олгосон.
4. Анхан шатны шүүх ажил олгогч нь харилцан тохиролцож тогтоосон үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрыг ажилтанд олгосон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана гэж заасан.
Дээрх зохицуулалтаар үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрын хэмжээг ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцох замаар тогтоож болно.
Үүний дагуу талууд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацааг 6 сараар сунгахдаа үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрыг 166,125 ам.доллар байхаар харилцан тохиролцжээ.
4.2. Нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд 166,125 ам.долларыг үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговор биш, харин тэтгэвэр болон онцгой нөхцөлд хамаарах мэргэжлийн ур чадварыг үнэлж өгсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлан авч үзвэл ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэж буйн олговрыг 166,125 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцсон болох нь Санал хүргүүлэх бичиг-ийн 1, 3 дахь хэсэгт заасан тохиролцооны агуулгаар тогтоогдож байна.
Тухайлбал, Санал хүргүүлэх бичиг-ийн 3 дахь хэсэгт заасан үл өрсөлдөх үүргийг ажилтан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 1 дэх хэсэгт 166,125 ам.долларыг олгох болохыг тодорхой заажээ. Үүнээс өөрөөр буюу ажилтны онцгой мэргэжлийн ур чадварыг үнэлж, эсхүл тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр 166,125 ам.долларыг олгоно гэх тохиролцоо тусгагдаагүй.
4.3. Нэгэнт зохигч Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговрыг хэмжээг харилцан тохиролцож тогтоосон тул ажил олгогч нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт зааснаар үл өрсөлдөх нэмэлт нөхцөл үйлчлэх хугацаанд ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгох үүргийг хүлээхгүй.
Энэ талаар анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөдөлмөрийн эрхийн харилцааны талууд мөн зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийг харилцан тохиролцоогүй үед хэрэглэгдэнэ гэж үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.
Түүнчлэн ажилтан нь 166,125 ам.долларын олговор авахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасан хувь хэмжээнээс буураагүй буюу эрх зүйн байдлыг нь дордуулаагүй.
5. Нэхэмжлэгчийн гаргасан 20172019 оны олгогдоогүй амралтын олговор 26,595 ам.доллар гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/05280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,511,568.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ