Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 561

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баасандоржийн Оджаргалд холбогдох эрүүгийн 1911014830724 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их дарь эхийн 3 дугаар гудамжны 74 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Од Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 өөр оногдуулсан ялыг нэмж бүгд 15 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 8 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 11 сар 05 хоногийн хорих ялд багтаан шийтгүүлсэн,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овгийн Б.О.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Б.О 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамжны 383 тоотод хамтран амьдрагч Н.Баярдалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би машин янзлана гэхэд Н.Баярдалай уурлаад гэрээс гарсан. Машинаа янзлаад буцаад ороод ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд хайгаад очиход нэг шил дарс уучихсан байсан. Н.Баярдалайгийн цусан дахь сахарын хэмжээг үзэхэд өндөр гарсан байсан. Тэгээд чи одоо боль, дахиж битгий ууж бай гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд би цусан дахь сахарын хэмжээ багасгадаг тан өгөхөд уухгүй гээд миний өөдөөс цацсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь алгадаж, нуруу руу нь цохисон. Тэгээд орилоод байхаар нь хүмүүс сонсох байх гэж бодоод дэрээр нүүрийг нь бүтээсэн. Тэгээд дэрээ авахад дахиад орилоод байхаар нь дахиад дэрээр бүтээсэн. Тэгээд амьсгаа нь өөр сонсогдоод байхаар нь дэрээ авахад чи намайг алах нь уу гээд боссон. Бид хоёр гэрээс хамт гараад Сансарын шатахуун түгээгүүр дээр салсан. Орой нь Н.Баярдалайн гар утас руу нь залгахад  найзынхаа гэрт байна гэсэн. Тэгэхээр нь би гараад ир гэхэд Н.Баярдалай гарч ирсэн. Бид хоёр “Шөлөндөө” хоолны газарт ороод Н.Баярдалайг шарсан банш иднэ гэхээр нь би захиалга өгөх гээд боссон. Намайг захиалга өгөх хооронд Н.Баярдалай гараад явсан байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би өдөржин машиндаа засвар хийгээд байж байхад Баярдалай надаас “ чи ийш тийшээ хөдөө явахдаа хүүхэн шуухантай явахгүй байж чаддаггүй юм уу” гэж хэлээд бид хоёр маргалдаад Баярдалай аавынх руугаа яваад орсон. Би машинаа янзалж байгаад Баярдалайг хайгаад аавынд нь араас нь орсон чинь бэр эгч Чимгээтэй хамт вино уугаад сууж байсан. Тухайн үед нэг их тоогоогүй гэртээ хамт орсон чинь Баярдалайгийн нүүр нь сонин болоод гуйваад байхаар нь уудаг танг нь бэлдэж өгөөд саахарыг нь хэмжиж үзсэн чинь нилээн өндөр байсан. Гэтэл Баярдалай надад чи янхандаж авахдаа намайг бодохгүй яасан юм бэ? Гээд надруу тангаа цацсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “би чамд ерөөсөө хор өгөх гээгүй гээд чи яасан хогийн сэтгэлтэй юм бэ?” гэж хэлээд уурандаа хацарт нь нэг удаа алгадаж, цээжинд нь гараараа 2 удаа цохьсон. Баярдалай чангаар орилж чарлаад миний үснээс зулгаагаад байхаар нь би түүнийг орон дээр дарж хэвтүүлэхэд миний доороос орилоод намайг ’’хулгайч шоронгийн ялтан” гэх мэтээр хэлж орилоод байхаар нь би хажуу талын байшинд байдаг ээж, аав хоёрт нь сонсгохгүй гэж орон дээр байсан дэрээр нүүрэн дээр нь дарсан. Тэгээд арай гайгүй чимээгүй болохоор нь дэрээ авсан чинь дахиад орилоод байхаар нь эргүүлэн дэрээр дарсан. Тэр үед Баярдалайгийн амьсгаа нэг их сонин болоод эвгүй болохоор нь дэрээ авсан чинь амьсгалж чадахгүй байх шиг болохоор нь сандраад цээжинд нь иллэг хийж өгөөд амруу нь тангаасаа хийж өгсөн чинь Баярдалай босч ирээд чи намайг алахнуу гэхээр нь би чамайг алахгүй ээ гэж хэлээд холдсон...”, “...Би уг гэмтлийг Баярдалайгийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг ...” /хх-ийн 49-50х/,

Хохирогч Н.Баярдалай мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Би 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн бэр эгчдээ сувилагч нарын баяр болж байгаа гээд чихрийн цуглуулга, дарс авч очиж уулзаад дарснаас уучихаад гэртээ 15 цагийн орчим ирэхэд хамтран амьдрагч Оджаргал гэрт байж байсан бөгөөд надаас “мөрийтэй тоглоом тоглох гэсэн юм мөнгө байна уу” гээд байхаар мөнгө өгөөгүйгээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд энэ үед Оджаргал намайг нүүрлүү нэг удаа алгадаж, үснээс чирч ширээний хөл мөргүүлсэн, гараараа хоолойноос боож орон дээр унагаан дээрээс нүүрэн дээр дэрээр дарж амьсгал боосон, хутга авч ирээд миний биеийг тойруулан хутгаар орон дээр зоогоод байсан. Мөн газар унагааж хэвлий дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн. Хэл амаар их доромжлоод гар утас булаагаад авсан байсан. Ингээд байхаар нь би түүнд “чи тэр тоглоомруугаа яв би найзынхруугаа явлаа” гэсэн чинь намайг өөрт нь мөнгө өгнө гэж бодсон юм уу намайг тавьж босгосон. Тэгээд өөрт нь мөнгө өгөөгүй болохоор дахин уурлаж намайг хүзүүгээр гараараа уургалж аваад машинруу чирч очоод хүчээр суулгаад машинтайгаа явсаар байгаад Сансар орчим байх “Хайрын хурим” гэх тоглоомын газарт ирсэн бөгөөд намайг тэр орчим үлдээгээд өөрөө тоглоомын газарлуу яваад орчихоор нь Би Отгончимэг, Болормаа гэх найзуудруугаа явж очсон юм. Отгончимэгийн гэрт хүүгээ хүлээгээд байж байтал 23 цагийн орчим Оджаргал надруу залгаад “гарч ирэхгүй бол наад айлыг чинь орж түйвээнэ” гээд байхаар нь аргагүйн эрхэнд гарч Оджаргалтай уулзан хамт явсан бөгөөд намайг Сансар орчимд байдаг “Шөлөндөө” хоолны газар оруулж хоол идүүлнэ гээд байхаар нь тэнд дугаарлаж зогсож байгаад зугтаж таксигаар гэрийнхээ ойролцоо байдаг нагац ахындаа ирж хүүрүүгээ утсаар хэл өгөөрэй, цагдаа дуудаарай гэж хэлээд байж байтал араас Оджаргал хүрээд ирсэн бөгөөд намайг хашаанаас нь гараас чирч авч гараад машинд суулгаж байх үед манай хүү Энхсайхан машинтайгаа ирж таарсан. Тэгээд манай хүү дуут дохио өгсөн чинь Оджаргал намайг суулгаад машинтайгаа зугтааж явж байгаад Хайлаастын гудамжинд жалганд машины хурд саарах үед би машинаас нь үсэрч буусан...”, “...алчуур гартаа ороож байгаад миний хөлийн бүдүүн булчинлуу цохиод байсан. Мөн хоолойг гараараа боож, цээжин дээр өвдгөөрөө дараад байсан. Мөн дээр хэлсэн үйлдлүүдийг хийгээд байсан...”, “.. 2018 оны 10 дугаар сард намайг хардаж хоолой боож газарт авч шидээд дэрээр ам дараад байсан. Энэ үед надад ямар нэг гэмтэл учирсан зүйл байхгүй. Цагдаад мэдэгдээгүй. Дараа 2019 оны 01 дүгээр сарын 17-нд Оджаргалын утасруу нэг эмэгтэй залгаж “Оджаргал бид хоёр суух гэж байгаа чи битгий шавар бол” гэх мэтээр хэлээд байхаар нь үүнээс болж бид хоёр муудалцсан чинь машиндаа хүчээр суулгаж авч яваад Дэнжийн 1000 цагаан байр орчим авч очоод нэг мухар гудамжинд машин дотроо гараараа 3-4 удаа алгадаж, гараа атгаж байгаад нурууруу 6-7 удаа цохисон. Дараа 2019 оны 03 дугаар сарын 06-нд гэртээ гадуур дотуур явлаа гэж шалтаглан нэг их гэмтээсэн зүйл байхгүй ч газар унагааж шалан дээгүүр чирээд дэрээр ам таглаад байсан. Түүнээс хойш одооны асуудал болж байна...”, “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зодсоныг манай хүү миний нүүр царайг тухайн өдөр хараад мэдсэн. Дараа нь энэ талаар манай хоёр ч ажлын найз нар миний царайг харж мэдсэн. Бусдыг нь мэдсэн хүн бараг байхгүй...”, “...2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн асуудал дээр гаргасан бөгөөд дээрх асуудлуудтай холбоотойгоор надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

Гэрч Д.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мэдэж байгаагаар 2018 оны сүүлээр нэг удаа орой ээж надруу утсаар залгаад “намайг Оджаргал машиндаа хүчээр суулгаад авч яваад байна” гэхээр нь би тухайн үед нэг их тоогоогүй, ээжийн утас холбогдохоо больсон байсан юм. Орой нь гэртээ ирэхэд ээжийн нүүрний орчим хамрынхаа хажууд маажуулсан, хацар дээр нь бага зэрэг хөхөрсөн байсан. Тухай үед ээжээс яасан талаар асуухад ээж тодорхой зүйл ярихгүй зүгээр гээд байсан”, “...Дараа шинэ замын орчим зогсохоор нь араас нь очоод зогссон чинь машинтайгаа ухарч ирээд мөргөсөн тэгээд цаашаа явсаар байгаад Дөлгөөн нуур орчим байх баригдаж байгаа барилгын хашааг мөргөж зогсохоор нь бууж очих гэтэл ээж “наадах чинь хутгатай байгаа бууж хэрэггүй” гээд байхаар нь шууд яваад цагдаа дээр ирж мэдэгдсэн. Энэ үед ээжийн хөл эвгүй болсон байсан. Маргааш нь харахад гар, хөл цээж хөхөрсөн, хацар дээр нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Гэрч Г.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2007 оноос хойш хамт ажиллаж байгаа бөгөөд түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон...”, “...Би байнга утсаар холбоотой байдаг. Би Авдрантын хорих ангид ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сард хотод ажиллахаар ирсэн. Түүнээс хойш байнга шахуу уулзаж байсан. 2019 оноос хойш Оджаргал хориглоод байдаг гэсэн шалтгаанаар уулзах нь хязгаартай болсон. Утсаар ярих гэхээр Оджаргал утсыг нь булааж аваад яриулахгүй саад учруулдаг байсан...”, “...2019 оны 2 сарын орчим манай ажил дээр тэтгэвэрээ хөөцөлдөх гээд Баярдалай ирсэн бөгөөд тэр үед Баярдалайгийн хамрын дээд хэсэгт нүдний хажууд шалбарсан, хөхөрсөн байсан тэгэхээр нь яасан талаар асуухад хүмүүсийн хажууд хэлэхгүй болохоор нь хумүүсээс холдож байгаад сайтар асууж лавлахад “Оджаргалд хэдэн өдрийн өмнө зодуулсан” гэж хэлж байсан...” 2019 оны 02 дугаар сард ийм зүйл болсныг мэдсэнээсээ хойш би Баярдалайгаас асууж шалгааж байхад надад хэлэхдээ 2018 оны сүүлээр Оджаргал анх удаа зодуулсан, түүнээс хойш 2019 оны эхээр дахин зодож байсан гэж хэлж байсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Гэрч М.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг: “...гэрт нь очиж уулзья гэсэн чинь ирээд хэрэггүй хүн амьтан ирэхээр уулзуулахгүй байх гээд байсан. Тэгээд 2019 оны 01 дугээр сарын 25-нд хичээл дуусаад ажил дээрээ очиж Баярдалайтай анх уулзахад хамар болон зүүн нүдний дунд хэсэгт шалбарсан, эдгэж байгаа шарх байсан тухайн үед энэ талаар нарийн зүйл асууж ярилцаагүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

Гэрч М.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг: “...эхний үед их сайхан ааштай байдаг байсан. 2019 оны эхнээс эхлэн ааш зан нь өөрчлөгдөн их ширүүн муухай өндөр дуугаар ээжтэй харьцаад байдаг болсон энэ үед нь ээж өөдөөс нь юу хэлж чадахгүй байдаг болсон. Сүүлдээ ээж надруу залгаж ярих нь илт бага болсон. Өмнө нь надруу өдөрт 2-3 удаа ярьдаг байсан юм. Утсыг нь Оджаргал авчихаад өгөхгүй өөрийнхөө халаасанд хийгээд байлгаад байдаг байсан. Мөн ээжийг эмээ, өвөөгийн гэр лүү хүртэл оруулахаа ч больсон байсан...”, “...2019 оны 03 дугаар сарын 08-нд ээж дээрээ бэлэг өгөхөөр ирсэн чинь ээж хоолойтой цамц өмссөн байсан бөгөөд орой унтах үед нь харахад ээжийн хоолойн хэсэгт олон газарт хөхөрсөн байсан. Ээж тухайн үед надад “Оджаргал машинд суулгаж уулруу дагуулж яваад хоолой боож зодсон” гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №5985 дугаартай Н.Баярдалайгийн биед хоолой, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-43х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун  мянга /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД