| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 130/2017/0000/Э |
| Дугаар | 2017/ДШМ/012 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2017/ДШМ/012
Д.Дд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,
прокурор Т.Серикжан,
шүүгдэгч Д.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай,
орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 201604000264 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С овогт Дн Д, Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй. РД:0000000000.
Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 00-01 цагийн хооронд Б сумын 3 дугаар багийн иргэн А.Аийн 5 хонийг тус багийн нутаг Д гэдэг газарт орших иргэн О.Датын хотноос хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 01-02 цагийн үед Б сумын 3 дугаар багийн иргэн Х.Хийн 3 хонийг тус багийн нутаг Бүдүүн хар гэдэг газарт байрлах иргэн Х.Еий хотноос хулгайлж 195000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор: “1. Шүүгдэгч С овогт Дн Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Дыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 сар 20 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдолд: “С овогт Дн Д би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №20 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 20 хоногоор баривчлагдан шийтгэгдсэн юм. Шүүхийн Шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүхээс оногдуулсан 3 сар 20 хоног баривчлах ялын 20 хоногийг хасч өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Эхнэр бид хоёрт эрхэлсэн ажил байхгүй, гэрт орох орлогогүй нэн ядуу амьдралтай бөгөөд нялх 3 сараас 3 насны 2 хүүхэдтэй юм. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн О.Сн эзэмшлийн 00-00 БӨТ дугаартай УАЭ-3962 маркийн Фургон авто машины үнэ 2500000 төгрөгийг би мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд төлж чадаагүй байсан бөгөөд энэ байдлаас болж шүүхээс ял хөнгөрүүлэх тухай хүсэлт хэлж чадаагүй юм. Миний эцэг эх, ах, дүү төрөл садангийн хүмүүс сайн сэтгэл гаргаж, миний гэр бүл арын амьдралыг бодож эхнэр, хүүхдүүдэд минь тусалж машины үнэ болох 2500000 төгрөгийг тус аймгийн төрийн сангийн тоот дансанд хийж өгч улсын орлого болгосон. Дээрхи 2500000 төгрөгийг төлсөн болохоор №20 дугаартай Шийтгэх тогтоолын 5-д заасан битүүмжилсэн тухай Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг тус шүүх хүчингүй тооцно байх гэж найдаж байна. Би анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж дуусгасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хийсэн хэргээ бүрэн хүлээсэн юм. Түүнээс гадна хүүхдүүд маань өвдөж эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Ар гэр амьдрал минь тун хэцүү байдалд байна. Би дахин хэрэг, зөрчил гаргахгүй болно. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж 20 хоног хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Д.Д нь Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар баг “Д” гэдэг газарт оршин суух О.Датын гэрийн гаднаа малын хотноос 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнийн 00-01 цагийн хооронд УАЗ-3962 маркийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан иргэн А.Аийн 5 хонийг хулгайлж 350000 /гурван зуун тавин мянга / төгрөгийн хохирол учруулсан,
Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар баг “Бүдүүн” хар гэдэг газарт оршин суух Х.Еий малын хотноос 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнө 01-02 цагийн үед УАЗ-3962 маркийн 00-00 БӨТ улсын дугаартай автомашин ашиглан иргэн Х.Хийн 3 хонийг хулгайлж 195000 /нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайн гэмт хэргийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж үйлдэн, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэжээ.
Гэмт хэрэг гардаг өдөр шүүгдэгч Д.Д нь О.С, Х.Т, Ж.Б нартай хамт явсан бөгөөд хавтаст хэргийн 130 дугаар хуудаст “хохирогч А.А, Х.Х нарын нийт 8 хонийг яллагдагч Д.Дтой бүлэглэн, давтан хулгайлсан гэх үйлдлийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр” хэргийг хэрэгсэхгүй болгох 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/72 дугаартай прокурорын тогтоол гарчээ.
Хохирогч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Болсон асуудлыг асуухад Х.Е энэ залуучууд шөнө 01 цагийн үед манай гэрт Ж.Б, Х.Т нар орж ирээд нэг цай уугаад гарсан юм. Тэгээд араас нь дагаж гарах үед хотноос мал чирч гаргасан мөр байхаар нь араас нь очих гэж байтал авсан хонийг машинаас буулгасан, тэр үед таны хонийг хулгайлсан гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Машинаас буулгасан 3 хонь уул уруу гараад олдоогүй гээд өглөө олж ирэхэд нэг нь миний нас бие гүйцсэн эх хонь байсан юм. Фургон машин дотор байсан хонийг үзэхэд мөн миний эзэмшлийн нас бие гүйцсэн хоёр эр хонь байсныг буулгаж авсан. Машин дотор үлдсэн 3 хонь болон уулнаас авч ирсэн хоёр, нийт 5 хонийг өөр айлаас хулгайлсан гэдгээ Д.Д хэлсэн. Надаас Д.Д таны хотноос 3 хонь согтуудаа хулгайлчихсан байна, уучлаарай гэсэн би тухай үед уучлалт өгсөн үнэн" гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч О.Датын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэгээд гэрт Ж.Б, Ж.Т нар орж ирсэн нэг багт амьдарч байсан болохоор сайн таньдаг. Тэр хоёр залуу Улаан уулнаас барагшингийн баас түүгээд ирлээ, олдохгүй байна гэж хэлсэн. Та нар хэдүүлээ явж байна гэж асуухад жолооч С машин дотор согтуу унтаж байгаа гэж хэлсэн. Тэр хоёр нэлээд согтуу байсан бөгөөд Б нэг шил Сангийн далай нэртэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан юм. Эхнэр маань унтаж байсан, босоод цай чанаж өгье гэхэд хэрэггүй гээд босгоогүй. Манай гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай гэрт дуу дуулаад ойролцоогоор 30-40 минут болоод Б, Т нар хоёулаа гараад машинаа асаагаад явчихсан юм. Тэд нар машинаа асаагаад явах үед гадаа гарсан, хонь хулгайлсан талаар огт мэдээгүй. Машиныг Т жолоодож явах шиг болсон. Маргааш өдөр нь 12 цагийн үед Т, Б, Д, жолооч С нар нөгөө Фургон машинаараа ирээд дотроос нь 5 хонь буулгаад энэ таны хонь байна, өчигдөр орой Д согтуу байж байхдаа хулгайлсан, уучлаарай гээд өгөх үед нь хонь хулгайлсан гэдгийг мэдсэн юм. Нас бие гүйцсэн 5 эр хонь хулгайлж аваад буцааж авч ирж өгсөн. Алга болсон 5 хонь А.Аийн хонь байсан, бид нар А.А, А.К нарын хонийг хөлсөөр маллаж байгаа юм" гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Гэрч Х.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд гэрт Ж.Б, Х.Т нар орж ирсэн, тухайн үед бид нар унтаж байсан. Тэр хоёр залуу суугаад Улаан уулаас барагшингийн баас түүгээд ирлээ олдохгүй байна гээд ярилцсан. Машин дотор хүн байсан эсэхийг би мэдээгүй, гэрт орж ирсэн хоёр залуу нэлээд согтуу байсан. Ж.Б нэг шил сангийн далай нэртэй архи гаргаж ирэхээр нь би архи хэрэггүй гэхэд шууд задалсан, тэр архинаас би нэг хундага уусан, өөрөө нэг хундага уугаад үлдээсэн. Х.Т гэрт ирээд шууд газар хэвтэж унтсан. Манай гэрт ойролцоогоор 20-30 минут болоод Ж.Б, Тыг босгоод дагуулаад гараад машинаа асаагаад явсан юм. Миний хүү З надад сая гадаа гарахад машин дотор мал байх шиг болсон, малын хөлийн хөдлөх чимээ гарсан гэсэн. Тэгээд хоёулаа хонь хулгайлсан биш үү гээд малын хашаанд ойртож очоод гар чийдэн тусгаад харахад хашаанаас хонь машин уруу чирсэн ул мөр байхыг хараад мэдсэн. Хүү бид хоёулаа мотоцикл асаагаад тэр машины хойноос очиход гэрээс 500 метр зайтай зогсоод хонь буулгаж байхаар нь яасан бэ гэхэд Ж.Б "Д.Д малаас хонь хулгайлж авсан байсныг сая мэдээд буулгаж байна, та уучлаарай” гэсэн. Танаас айгаад дахин очиж чадсангүй гэхээр нь би хүний мал хариулж байгаа, хэд нь алга болсныг би мэдэхгүй, эзэн нь Х.Хт хэлээд маргааш малаа тоолж байгаад та нарыг явуулна гэсэн. Тэгээд буулгасан 3 хонь уул руу гараад алга болсон. Гэрт ирээд сумын цагдаа болон Х.Хт болсон асуудлын талаар хэлсэн. ...Машинаас хонь буулгаж явуулж байхад очоод Баас та нар хэдүүлээ явж байгаа вэ гэж асуухад дөрвүүлээ явж байсан, хонь хулгайлсан Д уул руу зугтаагаад явчихсан гэхээр нь уул руу гараад дуудахад машинд ирээд суусан юм. Д.Д би таны гурван хонийг хулгайлсан, согтуудаа хулгайлсан гээд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
Гэрч Е.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд хонь хулгайлсан байж магадгүй гээд малын хашаанд ойртож очоод гар чийдэн тусгаад харахад хашаанаас хонь машин уруу чирсэн ул мөр байхыг хараад мэдсэн юм. Мотоцикл асаагаад тэр машины хойноос очиход гэрээс 500 метр зайтай газар зогсоод хонь буулгаж байхаар нь яасан бэ гэхэд Б, Д танай малаас хонь хулгайлж авсан байсныг сая мэдээд буулгаж байна, та нар уучлаарай гэсэн, та нараас айгаад дахин очиж чадсангүй гэхээр нь бид хүний мал хариулж байгаа хэд нь алга болсныг бид мэдэхгүй, эзэн нь Хг хэлээд, маргааш малаа тоолж байгаад та нарыг явуулна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Энэ айлд ороход Т шууд согтоод унтсан би, ойролцоогоор 30 минутын дараа гарч ирээд хөдлөөд 300 метр орчим явж байхад хонь хөдлөж малын дуу чимээ гарах үед хонь хулгайлсан гэдгийг нь мэдээд асуухад Д.Д би саяны очсон хоёр айлаас хонь хулгайлсан гэсэн. Тэр үед бид нар уурлаж яагаад хонь хулгайлсан юм бэ нэг айлаас хэдэн хонь хулгайлсан гэхэд 3 хонь гэхээр нь машинаас гурван хонь буулгаад тавьж байхад эзэн нь Х.Е ирсэн, Х.Еээс уучлалт гуйж болсон асуудлыг хэлж Д.Д хулгайлсан гэдгийг хэлсэн, тэр үед Д зугтаад явчихсан байсан. Дыг дуудахад машин дотор ирсэн ба уул руу явсан хонийг хайгаад ирсэн гэсэн. Тэгээд тэр айлд хоноод маргааш нь уул руу зугтсан гурван хонийг олж өгөөд эхний айлаас хулгайлсан хонийг хүргэж өгөөд буцсан. ...Д ганцаараа бид нарт хэлэлгүй хулгайлсан, Т бид хоёр айлд зүгээр орсон. Хулгай хийхээр тохирсон ямар нэгэн асуудал байхгүй. Эхний айлд зогсоод хөдлөөд нөгөө айлд ирэх хүртэл машин дотор хонь байсан гэдгийг мэдээгүй. Х.Еий айлд ирээд хөдөлж дуу чимээ гарах үед мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
Гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэр айлд мөн Ж.Б хоёулаа ороод таньдаг Х.Еий гэр байсан болохоор нэг шил архийг гаргаж дунд ортол нь уусан юм. Ойролцоогоор 30 минутын дараа гарч ирээд хөдлөөд 300 метр орчим явж байхад хонь хөдөлж малын дуу чимээ гарах үед хонь хулгайлсан гэдгийг нь мэдээд ямар хонь бэ гээд асуухад Д.Д би саяны очсон хоёр айлаас хонь хулгайлсан гэсэн. Тэр үед бид нар уурлаж яагаад хонь хулгайлсан юм бэ энэ айлаас хэдэн хонь хулгайлсан гэхэд 3 хонь гэхээр нь машинаас гурван хонь буулгаад тавихад уул уруу зугтсан тэр үед эзэн болох Х.Е ирсэн. Х.Еээс бүгдээрээ уучлалт гуйж болсон асуудлыг хэлж Д.Д хулгайлсан гэдгийн хэлсэн тэр үед Д.Д зугтаад явчихсан байсан. Д.Дыг дуудах үед машин дотор ирсэн байсан ба уул уруу явсан хонийг хайгаад ирсэн гэсэн. Тэгээд тэр айлд хоноод маргааш нь уул уруу зугтсан гурван хонийг олж өгөөд эхний айлаас хулгайлсан хонийг хүргэж өгөөд буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
Дээрх мэдүүлгүүдийг давж заалдах шатны шүүхээс үнэлж шүүгдэгч Д.Дыг гэрч О.С, Х.Т, Ж.Б нартай хамт гэмт хэрэг бүлэглэн оролцсон гэж үзэх субъектив талын шинж болох санаа зорилго нь тогтоогдоогүй, үгсэж тохиролцон нь нотлогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Би анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж дуусгасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хийсэн хэргээ бүрэн хүлээсэн юм. Түүнээс гадна хүүхдүүд маань өвдөж эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Ар гэр амьдрал минь тун хэцүү байдалд байна. Би дахин хэрэг, зөрчил гаргахгүй болно. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж 20 хоног хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000264 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Магадлал гаргахад тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд “анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн” байх тул Д.Дын давж заалдах шатны шүүхэд гаргасан “ялаас минь 20 хоног хасаж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.ДАМБА
Д.МӨНХӨӨ