| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 201509000748 |
| Дугаар | 13 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 13
Р.Э, Э.У, Б.Б,
Т.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Р.Э, шүүгдэгч Т.Эр-н өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ч.Булган /цахим/, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Р.Э нарт холбогдох 201509000748 дугаартай хэргийг өмгөөлөгч Э.Түвшинбаяр, П.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.
2. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, У.
3. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.
4. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.
Шүүгдэгч Р.Э нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн кассын нярваар ажиллаж байсан Э.Утай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөнөөс 144.020.373 төгрөг завшиж их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Энь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, Б.Б нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “...” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас тус компанид Т.Э-г ажиллах хугацаанд 73.187.301.24, Б.Бийн ажиллах хугацаанд 114.383.999.65 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Т.Энарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,
Р.Эыг бүлэглэн, бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан, Э.Уыг бүлэглэж, бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Р.Эт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Э.Уд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277.778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эаас 12.848.458 төгрөг, шүүгдэгч Э.Уаас 97.514.261 төгрөг тус тус гаргуулж “...” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Бийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Р.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгч нарын үйлдлийг хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн тохиолдолд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахаар юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх давж заалдах шатны шүүхэд байсан. Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, зөвтгөх эрх мөн л давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон бөгөөд уг өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс “... хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” заалт хасагдсан байхад хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх хууль зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд хэрэг нь хэрэгсэхгүй болсон Т.Э-н өмгөөлөгч Э.Түвшинбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... П.Батжаргал өмгөөлөгчийн гаргасан гомдолтой агуулгын хувьд адилхан. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байдаг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй. Мөн агуулгаар давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг баримтлан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Илтгэгч шүүгчийн дурдсан “хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгаагүй” гэсэн асуудлын хувьд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлоо дэмжиж байна” гэв.
Мөн Т.Э-н өмгөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд цахимаар оролцож хэлсэн саналдаа “... Э.Түвшинбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Прокурор Б.Ууганбаатар шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Т.Энарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин шүүгдэгч Р.Э, Э.У нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй байна. 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон ба прокурор, анхан шатны шүүх эрүүгийн 201509000748 дугаартай хэргийн субъектийг буруу тогтоож Эрүүгийн хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Шүүгдэгч Р.Э, Э.У нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Р.Эаас 30 хувь, шүүгдэгч Э.Уаас 70 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой нотлогдон тогтоогдоогүй буюу шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авч ашигласан болох нь тогтоогдоогүй байхад таамагт үндэслэж хохирол төлөх хэмжээг тогтоосон нь буруу байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хохирол болох 144.020.373 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “...” ХК-д олгуулах нь зүйтэй байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төгссөн ба 2018 онд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байжээ. Иймд шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, хохирол нөхөн төлөх талаарх хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор Т.Э-н өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Бийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.Э, Э.У, Б.Б, Т.Энарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаарын дотор шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э нь албан тушаалын байдлаа ашиглаж тус компанийн кассын нярваар ажиллаж байсан Э.Утай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөнөөс 144.020.373 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн, Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөн шүүх тухайн хэргийн холбогдогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б, Т.Энарыг “касснаас бэлэн мөнгө дутагдуулахад оролцоогүй”, “албан тушаалтны хувьд хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албаны үүргээ биелүүлээгүй нь тогтоогдоогүй” гэж дүгнэн тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Харин шүүх Б.Б, Т.Энарт холбогдох хэргийг дээр дурдсанаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа тэднийг цагаатгалгүй орхисон байх тул энэ талаарх зохих нэмэлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Э, Э.У нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас эрс ялгавартай байдлаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ хохирлыг 3 жилийн дотор төлсөн байх үүрэг хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 144.020.373 төгрөгийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон хүн тус бүр хувь тэнцүү хуваан төлөх үүрэгтэй учир шүүгдэгч тус бүрээс 72.010.186 төгрөгийг гаргуулах, ингэхдээ шүүгдэгч Р.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12.357.653 төгрөг /ХХ-08-187 дугаар тал/, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18.000.000 төгрөг /ХХ-11-247 дугаар тал/, шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөг /ХХ-06-05 дугаар тал/, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2.600.000 төгрөг /ХХ-11-245 дугаар тал/-ийг тус тус төлсөн болох нь баримтаар нотлогдсон учир Р.Эаас 41.652.533.5 төгрөг, Э.Уаас 68.710.186.5 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан магадлах давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх, үүрэг нь хууль зөрчсөн ажиллагааг засаж залруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийг гаргуулахгүй байх хууль зүйн баталгаа болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь “... өмнөх магадлалын заалтыг биелүүлээгүй” хэмээн хүчингүй болсон хуулийн хэм хэмжээг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан өмгөөлөгч Э.Түвшинбаяр, П.Батжаргал нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б, Э нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт оруулсугай.
3. мөн тогтоолын 5 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эаас 41.652.533.5 төгрөг, шүүгдэгч Э.Уаас 68.710.186.5 төгрөг тус тус гаргуулж “...” ХК-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
4. Т.Э- өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Бийн өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ