Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 13

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ООТТ” ХХК-ний нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үнэлгээний хороонд холбогдох,

“2017 оны 03 дугаар сарын 14-ний дугаар 36 тоот Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ООТТ” ХХК-ний захирал Д.Тунгалаг, хариуцагч Д.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Б.Урангэрэл, гуравдагч этгээд “Бүрэн цэнгэл” ХХК-ний захирал Д.Оюунцэцэг, гэрч Т.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ООТТ” ХХК, захирал Д.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 31-ний №026 (5593) дугаартай “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-д “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” 2017/02/БЧ.МСҮТ дугаар бүхий тендерийн урилгын дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ний өдөр МСҮТ-д очиж эргэж төлөгдөхгүй нөхцөлөөр 50.000 /тавин мянган/ төгрөгөөр тендерийн баримт бичгийг авсан. Тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж холбогдох материалуудыг бүрдүүлж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагаас өмнө МСҮТ-ийн арга зүйч Б.Эрдэнэжаргалд хүлээлгэн өгч тэмдэглэлд гарын үсэг зурсан. Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутанд МСҮТ-ийн номын санд нээхэд “Бүрэн цэнгэл” ХХК, “ООТТ” ХХК, “Тольтын гол” ХХК гэсэн компаниуд тендерийн материал ирүүлсэн байсан. Тендерийн нээлтэн дээр “Тольтын гол” ХХК нь тендерийн баталгааны хугацааг тендерийн урилганд зааснаар ирүүлээгүй үндэслэлээр тэнцээгүй, “Бүрэн цэнгэл” ХХК нь тендерийн материалыг эх хувь, хуулбар хувь ирүүлэх ёстойгоос зөвхөн /эх хувь/ 1 хувийг ирүүлж хуулбар хувийг ирүүлээгүй. Энэ үйлдэл нь тендерийн баримт бичгийн 8 дугаар зүйлийн 8.2, ТШӨХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. “Бүрэн цэнгэл” ХХК-ний үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 28.1 дэх заалтыг зөрчиж 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суман дахь МСҮТ-өөс манай компаний цахим хаягт ирүүлсэн үнэлгээний хорооны дүгнэлт нь “ООТТ” ХХК-ний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Манай компани Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамнаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнийн саналаар “Бүрэн цэнгэл” ХХК-ийг шалгаруулсан, тендерийн материалыг эх хувь, хуулбар хувь ирүүлэх ёстойгоос зөвхөн нэг хувь /1/ ирүүлсэн нь тендерийн баримт бичиг болон бусад журмыг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Бүрэн цэнгэл” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл 15.3.2-т тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт гэх заалтыг зөрчсөн тухайлбал 2015, 2016 онуудын санхүүгийн тайлангуудыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй, тендерийн баримт бичиг ТШӨХ-ийн (4.2.е) Санхүүгийн сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан тайлангийн хуулбар ирүүлэх, хуулбарыг нотариатаар баталгаажуулсан заалтыг зөрчсөн. ТШӨХ-ийн (4.2.а) Хууль эрх зүйн статус, бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны чиглэл, буюу үүсгэн байгуулагдсаныг тодорхойлох албан ёсны баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тендерт оролцогчийн өмнө үүрэг хүлээж түүнийг төлөөлж тендерт гарын үсэг зурах этгээдийн албан ёсны итгэмжлэл ирүүлээгүй, тодорхойлсон хугацаанд хийж гүйцэтгэсэн үйлчилгээний нийт мөнгөн дүнг жил бүрээр гаргаж ирүүлээгүй, мөн ижил төстэй үйлчилгээг үзүүлсэн гэрээт байгууллагуудын албан ёсны батлагдсан гэрээнүүд байхгүй. ТШӨХ-ийн (4.2.ё) Түхайн гэрээг хэрэгжүүлэхэд ажлын капитал хүрэлцээтэйг нотлох баримт (зээл авах боломж болон бусад боломжтой санхүүгийн эх үүсвэрүүд) гэсэн заалтыг зөрчиж мэдээлэл ирүүлээгүй. Тендерийн эх хувийг нотлох баримтуудыг ирүүлээгүй, Улсын буртгэлийн гэрчилгээ (эх хувь байхгүй, хуулбар хувь ирүүлсэн/ нотариатаар баталгаажуулаагүй, бүртгэлийн үндсэн чиглэлд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх чиглэл байхгүй, Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ (эх хувь байхгүй, хуулбар хувь ирүүлсэн/ нотариатаар баталгаажуулаагүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон, Радио давтамж ашиглах гэрчилгээ (эх хувь байхгүй, хуулбар хувь ирүүлсэн/ нотариатаар баталгаажуулаагүй, радио давтамж ашиглах гэрээ байхгүй. Дээрх үндэслэлүүд нь тендерийн баримт бичгийн бүрдэлтийн эх хувь ирүүлнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Үнэлгээний хорооны дарга Эрдэнэжаргалд манай хүү Т.Оргил тендер хүлээлгэж өгөхөд манайхаас өөр нэг ч компани өгөөгүй байсан, Т.Оргилоос тендер хүлээж авч гарын үсэг зуруулсан, гэтэл дараа нь тэр бүртгэлийг өөрөө хуулж өөр бүртгэл бичиж “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерийг эхэлж ирснээр бүртгэж манай хүү Т.Оргилын гарын үсгийг дуурайлгаж зурсан. Тендерийн баталгааны 2 хувийг 1 хувь болгосон байхад нь асуухад бусад аж ахуй нэгжид боломж олгож байна гэж хэлсэн, Эрдэнэжаргал тендерийг хууль бусаар шалгаруулсан. Үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани ТШӨХ-ийн 12.1-д заасан шаардлагыг хангасан, шаардлагатай лавлагааг авах зөвшөөрлийг өгсөн, ТОӨЗ-ийн 4.1-д заасан шаардлагыг хангасан ажлын хөтөлбөрийг гаргаж өгсөн, ажлын хуваарь, зураг хавсаргасан. Хууль бус явагдсан тендерийн үнэлгээг шалгаж, 2017 оны 03-р сарын 14-ний №36 тоот Төв аймгийн Баянчандмань суман дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Үнэлгээний хорооны дарга Б.Эрдэнэжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвөөс зарлагдсан 2017/02/БЧ.МСҮТ дугаартай “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерт “Бүрэн цэнгэл” ХХК, “ООТТ” ХХК, “Тольтын гол” ХХК компаниуд тендер ирүүлэхдээ эх хувиас гадна хуулбар хувь ирүүлсэн. Тендерийн хуулбархувийг тендерийн иж бүрдлийн нэг хэсэг болгож тендерийг үнэлэхэд 1 чухал шалгуур үзүүлэлт болгон авч тендерийг шалгаруулах зорилготойгоор тендерийн бичиг баримтад тусгаж өгөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу нээлтийг явуулж ирүүлсэн тендерийн эх хувиудыг задлан мэдээллийг тэмдэглэсэн. Тендерийн хуулбар хувь ирүүлсэн тухай зарлах, тэмдэглэл хөтлөх хуулийн заалт байхгүй. “Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 тоот тушаалын хавсралт маягтад тендерийн нээлт хөтлөх батлагдсан үнэлгээний загвар хүснэгт”-д хуулбар хувь ирүүлсэнийг зарлан тэмдэглэх багана, мөр байдаггүй. “ООТТ” ХХК нь тендерийн бичиг баримт ирүүлэхдээ тендерийн бичиг баримтын “Тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасан санхүүгийн чадавхийг тодорхойлох харилцах банкнуудын хуулга ирүүлэх шаардлагыг хангаагүйгээс гадна ТОӨЗ-ийн 4.1-д заасан “Ажлын хуваарь, шаардлагатай бол холбогдох график зургийн хамтаар ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангах голлох техникийн тодорхойлолт болох ажлын хуваарь, холбогдох график зургийг ирүүлээгүй. Эдгээрийг тендерийн үнэлгээнийн хорооны хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа. “Бүрэн цэнгэл” ХХК нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно” гэсэн заалтыг хангах нотлох баримтуудыг хуулийн дагуу бүрэн ирүүлсэн бөгөөд ирүүлсэн нотлох баримт, бичиг баримтууд нь энэ компаний тендерийг гүйцэтгэх санхүүгийн бүрэн чадвартай гэж “Үнэлгээний санхүүгийн чадавхийн шат”-нд сайн үнэлэгдэн тэнцсэн, харилцагч банкны мэдэгдэл, санхүүгийн тайлан, зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт, сүүлийн 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл, үүнийг нотлох гүйлгээ хийсэн харилцах банкнуудын дансны хуулгыг тендерийн бичиг баримтад ирүүлсэн. “Бүрэн цэнгэл” ХХК нь ТШӨХ-н 4.2.а-д заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, радио давтамж ашиглах эрхийн бичгийн хуулбараа ирүүлсэн ба үнэлгээний хороо баримт бичиг боловсруулахдаа ТШӨХ-н 4.2.а-д эдгээр хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна гэж шаардаагүй. Тендерт оролцогчийн үүргийг “Бүрэн цэнгэл” ХХК-ны захирал Д.Оюунчимэг хүлээн тендерийн бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байсан. ”Бүрэн цэнгэл” ХХК нь ТШӨХ-н 4.2.б, 4.4.б, 4.2.ё-д заасны дагуу “сүүлийн 2 жилийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний жагсаалт”, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, санхүүгийн тайлан, борлуулалтыг нотлох, хийсэн гүйлгээний дансны хуулга, гэрээ хийсэн байгууллагын тамга, тэмдэг дарагдаж гарын үсэг зурагдсан ижил төстэй ажлын 3-н гэрээний хуулбар, Хаан банкны 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн 337 391 300 төгрөгийн орлогын гүйлгээ, 293469805 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж зөрүү бэлэн 43 921 495 төгрөг байгааг гэрчилсэн тодорхойлолт ирүүлсэн. Үүнийг үнэлгээний хороо энэ шаардлагыг бүрэн хангасан гэж үнэлсэн. “ООТТ” ХХК нь Сангийн гомдол гаргаж, Сангийн яамнаас “Гүйцэтгэгч сонгох ажллагааг түр түтгэлзүүлэх тухай” албан бичиг захиалагчид ирсэн бөгөөд тендерийн бичиг баримт болон үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн тайланг шалган “Захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байгаа тул худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу үргэлжлүүлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тендерийн нээлт дээр “ООТТ” ХХК-г төлөөлөн оролцсон менежер Т.Оргил нь үнэлгээний хороонд илт дарамт шахалт үзүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ хуудалдан авах тухай” хуулийн “Тендер нээх” 26-р зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчин тендерийн баталгааны хэмжээ болон баталгааны хугацааг зарла гэж нээлтэнд дээр тендерийн үнэлгээ хийлгэхээр шахсан. Мөн “ООТТ” ХХК нь үнэлгээний хороог үндэслэлгүйгээр гүтгэж нэхэмжлэлдээ тендерийн бичиг баримтаа хариуцагч миний биед хүлээлгэн өгсөн гэж худал зүйл бичиж ирүүлсэн. “ООТТ” ХХК нь тендерийн бичиг баримтаа 2017 оны 03-р сарын 06 өдрийн 11 цаг 10 минутад үнэлгээний хорооны нарийн бичиг Т.Цэрэндуламд хүлээлгэн өгсөн. Т.Цэрэндулам хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн. Манай үнэлгээний хороо тендерийн урилга дээр тендерийн баталгааны хугацааг зааж өгөөгүй. Тендерийн нээлт дээр 3 оролцогчийн тендерийн эх хувийг гаргасан,  “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерыг танилцуулах үед Т.Оргил 1 хувь уу гэж асуухад нь эх хувь нь 1 хувь байсан учраас 1 хувь гэж хэлсэн, хуулбар хувь нь нарийн бичигт байсан. Тендерийн Үнэлгээний хороо нь хуулийн дагуу ажиллан, тендерийг үнэн зөв үнэлсэн тул “ООТТ” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд “Бүрэн цэнгэл” ХХК-ийн захирал Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай компани Баянчандмань сум дахь Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвд “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” 2017/02/БЧ.МСҮТ дугаар бүхий тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж холбогдох материалуудыг бүрдүүлэн 2017 оны 03 сарын 06 өдрийн 12 цагаас өмнө тендерийн эх хувь, хуулбар хувийг хүлээлгэн өгч, Т.Цэрэндулам тендер хүлээн авсан талаар тэмдэглэл хөтөлсөн. “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан санхүүгийн чадавхийг нотлох хангах харилцагч банкны мэдэгдэл, санхүүгийн тайлан, зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт, сүүлийн 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл, үүнийг нотлох харилцах банкнуудын дансны хуулгыг тендерийн бичиг баримтад ирүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, радио давтамж ашиглах эрхийн бичгийн хуулбараа ирүүлсэн ба ТШӨХ-ийн 4.2.а-д эдгээр хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна гэж шаардаагүй. Мөн ТШӨХ-ийн 4.2.а-д заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргах шаардлагагүй байсан ба “Бүрэн цэнгэл” ХХК-ний захирал Д.Оюунчимэг миний бие өөрөө тендерийн бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулан, тендерт оролцогчийн үүргийг өөрөө хүлээсэн. ТШӨХ-н 4.2.б, 4.2.ё-д заасан шаардлагыг хангасан ба Хаан банкны 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн байдлаар 337 391 300 төгрөгийн орлогын гүйлгээ, 293 469 805 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж зөрүү бэлэн 43 921 495 төгрөг байгааг гэрчилсэн тодорхойлолт ирүүлсэн. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх 2017/02/БЧ.МСҮТ дугаар бүхий тендерийг 2017 оны 03 сарын 06 өдрийн 12.30 цагт МСҮТ-ийн номын санд нээсэн ба 2017 оны 03 сарын 14 өдөр тендерийн үнэлгээний хорооноос тус тендерт манай компанийг шалгарсан хэмээн гэрээ байгуулах эрх олгосон дүгнэлтийг ирүүлсэн. “ООТТ” ХХК-аас гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, гэрээ байгуулах нь зүйтэй гэсний дагуу гэрээг хуулийн дагуу байгуулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гэрч Т.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, тендерийн материалыг хүлээж авсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эхлээд “Бүрэн цэнгэл” ХХК материалаа өгсөн, дараа нь “ООТТ” ХХК материалаа өгсөн, тендерийг хүлээж аваад бүртгэлд гарын үсэг зуруулсан, бүртгэлийг хуулж бичээгүй, хүний гарын үсэг дуурайлгаж зураагүй. Тендер нээхэд тендерийн эх хувь, хуулбар хувийг цүнхэнд хийж ороод эх хувийг Үнэлгээний хорооны даргад өгсөн. “Бүрэн цэнгэл” ХХК тендерээ эх хувь, хуулбар хувиар 2 хувь ирүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үнэлгээний хороонд холбогдуулан “Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 14-ний дугаар 36 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Бүрэн цэнгэл” ХХК нь тендерийн баримт бичгийн 8.2, 18.1-ыг зөрчиж тендерийн материалыг нэг хувь ирүүлсэн, 2015, 2016 онуудын санхүүгийн аудитаар баталгаажуулсан тайлангуудыг нотариатаар баталгаажуулаагүй, тендерт оролцогчийн өмнө үүрэг хүлээж түүнийг төлөөлж тендерт гарын үсэг зурах этгээдийн албан ёсны итгэмжлэл, ижил төстэй үйлчилгээг үзүүлсэн гэрээт байгууллагуудын батлагдсан гэрээнүүд, тодорхойлсон хугацаанд хийж гүйцэтгэсэн үйлчилгээний нийт мөнгөн дүнг жил бүрээр гаргаж ирүүлээгүй, тухайн гэрээг хэрэгжүүлэхэд ажлын капитал хүрэлцээтэйг нотлох баримт ирүүлээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ, Радио давтамж ашиглах гэрчилгээг нотариатаар баталгаажуулаагүй, Радио давтамж ашиглах гэрээ байхгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон байхад “Бүрэн цэнгэл” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль бус гэж тайлбарласан, харин хариуцагч “Бүрэн цэнгэл” ХХК нь Санхүүгийн чадавхийг нотлох баримтуудыг хуулийн дагуу бүрэн ирүүлсэн бөгөөд санхүүгийн чадавхийн шатанд сайн үнэлэгдэн тэнцсэн, үнэлгээний хороо баримт бичиг боловсруулахдаа эдгээр хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна гэж шаардаагүй, “Бүрэн цэнгэл” ХХК-ний захирал Д.Оюунчимэг тендерийн бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байсан гэж тайлбарлажээ.

Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн /цаашид МСҮТ гэх/ захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдан тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулах, тендерийг 01 дүгээр сарын 30-ны өдрөөс зарлаж, 3 дугаар сарын 06-ний өдрийн 12 цаг хүртэл хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. 2017/02/БЧ.МСҮТ дугаартай “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерт “Бүрэн цэнгэл” ХХК, “ООТТ” ХХК, “Тольтын гол” ХХК зэрэг нийт 3 хуулийн этгээд тендерийн материал ирүүлжээ.

Үнэлгээний хороо 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээх үед “ООТТ” ХХК-ний төлөөлөгч Т.Оргил, үнэлгээний хорооны дарга нарын хооронд “Бүрэн цэнгэл” ХХК-нийг тендерийн баримт бичгийг 1 хувь ирүүлсэн эсэх талаар маргасан болох нь нэхэмжлэгчийн “тендерийн нээлт дээр “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендер 1 хувь байна уу гэж Т.Оргил Үнэлгээний хорооны даргаас асуухад “тийм” гэж хариулсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “Тендерийн нээлт дээр “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерийн эх хувийг танилцуулахад “ООТТ” ХХК-ний төлөөлөгч “1 хувь уу гэж асуухад нь тийм гэж хэлсэн” гэсэн тайлбар, Т.Оргилын гар утасны бичлэг, үнэлгээний хорооны видео бичлэг зэргээр тогтоогдож байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж зааснаар нэхэмжлэгч “ООТТ” ХХК нь дээрх маргаантай холбогдуулан захиалагчид гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн “гомдол гаргаагүй” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Бүрэн цэнгэл” ХХК 1 хувь тендер ирүүлсэн байхад түүний тендерийг үнэлсэн нь хууль бус гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнээс гадна “Бүрэн цэнгэл” ХХК 2 хувь тендер ирүүлсэн болох нь гэрч Т.Цэрэндуламын “Бүрэн цэнгэл” ХХК 2 хувь тендер ирүүлсэн гэх мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Үнэлгээний хороо 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээж 3 компаний бичиг баримтыг хянан үзээд “Тольтын гол” ХХК-ний тендер нь Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр тэнцээгүй, “ООТТ” ХХК-ний тендер нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ/-ийн 12.1-д заасан санхүүгийн чадавхийг тодорхойлох харилцах банкнуудын хуулга ирүүлээгүй, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /цаашид ТОӨЗ гэх/-ийн 4.1-д заасан ажлын хуваарь, холбогдох график зургийг ирүүлээгүй байсныг бага зөрүү гэж тооцон хянан үзэх шатанд тэнцүүлсэн бөгөөд “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерийг тендерийн баримт бичгийн бүрдэл бүрэн хангалттай гэж дүгнэсэн байсан. Мөн “ООТТ” ХХК 54.734.400 төгрөгийн үнийн санал, “Бүрэн цэнгэл” ХХК 54.407.100 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдан “ООТТ” ХХК, “Бүрэнцэнгэл” ХХК-уудын тендерийг үнэлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Бүрэн цэнгэл” ХХК-тай 54,407,100 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгч, МСҮТ-ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 35, 36, 37 тоот албан бичгээр “ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй” талаар болон “гэрээ байгуулах эрх олгох” шийдвэр гарсан талаарх мэдэгдлийг тендерт оролцогчдод тус бүрт нь хүргүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд, үнэлгээний хорооны дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин “Бүрэн цэнгэл” ХХК нь ТШӨХ-ийн 4.2.е-д заасан санхүүгийн сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан тайлангийн хуулбар ирүүлэх, хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй, тус компаний санхүүгийн сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан тайлангийн хуулбарыг компаний тэмдэг дарж Үнэлгээний хороонд ирүүлсэн болох нь тендерийн эх хувь, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн “санхүүгийн тайланг хуулбараар ирүүлсэн” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Үнэлгээний хороо ТӨШХ-ний 12.1-д заасан харилцах банкнуудын дансны хуулга ирүүлээгүй, ТОӨЗ-ний 4.1-д заасан ажлын хуваарь ирүүлээгүй “ООТТ” ХХК-ний тендер болон ТШӨХ-ийн 4.2.е-д заасан санхүүгийн сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан тайлангийн хуулбар ирүүлэх, хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй, тэдгээрийг хуулбарлан ирүүлсэн “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендер тус бүрийг хянан үзэх шатанд тендерийн баримт бичгийн шаардлага хангасанд тооцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д .Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим баримтална” гэж заасантай нийцсэн, тендерт оролцогчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн шаардлага хангасан “ООТТ” ХХК, “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерт үнэлгээ хийж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Бүрэн цэнгэл” ХХК-нийг тендерийг сонгож, гэрээ байгуулах эрхийг захиалагчид олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж, 28.7.3-д бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж тус тус заасантай нийцэж байна.

2017/02/БЧ.МСҮТ дугаартай “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичиг ТОӨЗ, ТӨШХ-д тендерт оролцогч улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх цагдаагийн газрын бүртгэлийн гэрчилгээ, радио давтамж ашиглах эрхийн бичиг, борлуулалтыг нотлох хийсэн гүйлгээний дансны хуулга, гэрээ хийсэн байгууллагын тамга, тэмдэг дарагдаж гарын үсэг зурагдсан ижил төстэй ажлын 3-н гэрээ зэрэг баримт бичгийг нотариатаар баталгаажуулах тухай шаардаагүй бөгөөд эдгээр баримтыг “Бүрэн цэнгэл” ХХК бүрдүүлсэн, тендерт оролцогчийн үүргийг “Бүрэн цэнгэл” ХХК-ний захирал Д.Оюунчимэг хүлээж, тендерийн бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан, тус компаний Радио давтамж ашиглах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь тендер үнэлж, сонгосон 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болоогүй байсан, тухайн гэрээг хэрэгжүүлэхэд ажлын капитал хүрэлцээтэйг нотлох баримтад хамаарах Хаан банкны тодорхойлолтыг мөн бүрдүүлсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компаний тендерийн баримт бичиг, хэргийн оролцогчдийн тайлбараар тогтоогдож байна. Иймд “Бүрэн цэнгэл” ХХК-ний тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасныг болон тендерийн баримт бичгийн ТШӨХ, ТОӨЗ-д заасан шаардлагыг тус тус хангасан байна гэж дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017/02/БЧ.МСҮТ дугаартай “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэх” гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 36 тоот дүгнэлт нь нэхэмжлэгч “ООТТ” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 28 дугаар зүйлийн 28.11, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ООТТ ХХК”-ний “Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 14-ний дугаар 36 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримилан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН