Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01202

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1453 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХК-д холбогдох,

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Говь-Алтай аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байгаад “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба өөр хүн томилсон.

Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтад гэрээ дуусах хугацааг бичээгүй байгаа нь гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэхээр байна. Байнгын ажлын байр “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан дурдсан зүйл байхгүй.

Иймд “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/65 тоот тушаал нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хууль зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Аймгийн холбооны газрын дарга нь орон нутагт “М” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэж, байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байх бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч ажилтан нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг.

Доржготов болон “М” ХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хэн аль нь хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгахаар зохицуулсан. “М” ХК нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн За/38, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны 1а/98 дугаар бүхий албан бичгээр, албан ёсоор мэдэгдэж хуулийн дагуу гэрээг дуусгавар болгосон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ыг “М” ХК-ийн Говь-Алтай аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 133 330 төгрөгийг гаргуулж, Б.Д-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Б.Д-т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119 283 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1453 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.2.2-т “23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” заажээ. Өөрөөр хэлбэл байнгын ажлын байранд ажилтан, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулах нь нээллттэй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэл, шаардлага, шалтгаанаа тухайлан заагаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хуульд нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээний үргэлжлэх хугацаа буюу эхлэх, дуусах хугацааг тодорхой зааж харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсныг шүүх үнэлсэнгүй.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь ажилтан, ажил олгогч хоёр тохиролцож, тодорхой үндэслэл шаардлага, шалтгаан хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 1.3, 1.9, 3.6, 4.2, 6.2.1, 6.2.2, 8.1, 8.2, 9.3 дахь заалтууд болон гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтуудад бүрэн тусгагдсаныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Талуудын 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 5 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 1.9-д гэрээг тодорхой хугацаатай байгуулах нөхцлийг шууд заасан, тухайн жилийн гэрээний хавсралтаар баталсан ажилтны өөрөө төлөвлөсөн төлөвлөгөөгөө хангаж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх талаар тодорхой заасан нөхцлүүдийг нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3-т заасны дагуу анхан шатны шүүх хууль сануулж гэрч Ж.Буянхүүгээс мэдүүлэг авсан бөгөөд шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулж, ажил олгогч болон ажилтан нь нэг нэг хувийг авсан, ажилтанд хугацаагүй хувь байх боломжгүй гэсэн мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг шүүх үнэлсэнгүй. Монгол Улсын шүүхийн практик бол ажилтны эрх ашгийг илүүтэйгээр хардаг гэдэг ойлголтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд мэдэрч байна. Энэ нь ч нэг талаасаа зөв байх, гэхдээ тухайн орон нутагтаа гүйцэтгэх удирдлагын төлөөллийг хэрэгжүүлж, ажил олгогчийн байнгын хяналт дор ажиллах боломжгүй буюу бие даан үйл ажиллагааг орон нутагтаа хариуцагч байгууллагын салбарыг удирдаж ажилладаг онцгой чиг үүргийг нь арай өөрөөр харах шаардлагатай гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй хэмээн хүсч байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 1453 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д- өөрийгөө Говь-Алтай аймгийн холбооны газрын даргын ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч “М” ХК-ний захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х\65 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “М” ХК нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Д- 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Х\223 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн холбооны газрын даргын ажилд томилогдсон байх ба ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулжээ. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний хувьд гэрээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д ”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх  ажил, үүргийг ойлгохоор заажээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.2.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болох ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байна.

Мөн зүйлийн 23.2.2.-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох боловч энэ талаар талууд харилцан тохиролцсон байх учиртай байна.

Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж буй талаар талууд тухайлан тохиролцох нь гэрээнд тодорхой тусгагдсан байдлаар илэрхийлэгдэнэ. Тухайлбал, уг гэрээг хугацаатай байгуулж буй шалтгаан тодорхой байх ёстой.

Хариуцагч “М” ХК нь аймгийн холбооны газрын дарга нартай зөвхөн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэж тайлбарлан гэрээнүүдийн заримыг шүүхэд баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлох нөхцөл болохгүй юм.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалдаа гэрээний хугацаа сунгагдахгүй болсон шалтгааныг заагаагүй, ийм шалтгаан байсан гэж үзэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01012 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1453 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                               Ц.АМАРСАЙХАН