Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00274

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05475 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

27,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1. Хариуцагч *******тай 2023 оны 12 дугаар сарын 18, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Qgo такси үйлчилгээний бүрэн систем бүхий апликейшин хөгжүүлэлтийг нийт 30,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

1.2. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 13,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр *******гийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэрээний 1.5 дах хэсэгт заасны дагуу 3 дугаар сарын 31-ний өдөр ажлыг дуусгавар болгож апликейшинг хүлээлгэж өгөх байсан боловч гэрээг зөрчиж ажлыг хүлээлгэж өгөөгүй.

1.3. *******г ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж, гэрээний хугацаа дөхөж байгааг сануулсан боловч байнга хөдөө явлаа, ажлын засвар хийж байна, цасанд суусан, компьютер байхгүй гэх шалтаг хэлж, цаг товлоод уулзъя гэхээр ирдэггүй. Урьдчилж авсан 13,500,000 төгрөгийг буцааж өгөх талаар хэлэхэд удахгүй өгнө, зээл хөөслөлдөж байна гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.

1.4. Иймд 2 гэрээний дагуу ямар ч ажил хийж өгөөгүй учир 13,500,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарыг хүртэл 5 сарын хугацааны оффисын түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг, нийт 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Qgo такси үйлчилгээний системийг хөгжүүлэхээр *******тэй 2 гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаанд нийт 13,500,000 төгрөгийг авсан.

2.2. Backend хөгжүүлэлтийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгуулж, гэрээгээр тохиролцсон ажлуудыг гүйцэтгэж Qgo талаас апликейшин хариуцаж байгаа ажилтанд шаардлагатай сервисүүдийг гаргаж өгсөн. Гэтэл Qgo талын холболт хийх ажилтан холболтыг цаг тухайд нь хийгээгүй, мөн сервис болж байгаа эсэх талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл Qgo тал тестлэх болон шалгах үүргээ биелүүлээгүй.

2.3. Иймд уг гэрээтэй холбоотой ажлыг дуусгасан тул урьдчилгаанд төлсөн 7,500,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Fronted хөгжүүлэлтийн гэрээний дагуу урьдчилгаа 6,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзахгүй.

2.4. Оффисын түрээсийн төлбөр гэх 14,000,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******гаас 13,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй гэж урьдчилгаанд өгсөн 7,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй. Энэ талаар би амаар хүсэлт гаргаж байсан.

4.2. Qgo такси үйлчилгээний аппликейшн нь ашиглалтад орсон эсэх, хөгжүүлэлт бүрэн дууссан эсэх, тус хөгжүүлэлтийн код нь миний хийсэн Back.End service болон flutter application код зэргийг ашигласан эсэхийг тогтоохгүйгээр хаянан шийдвэрлэсэн.

4.3. Тус Qgo такси үйлчилгээний аппликейшн нь Qgo байгууллагын өмч бөгөөд тухайн байгууллагын нууцад хамаарах бүтээгдэхүүн юм. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг огт байхгүй мэтээр шүүхэд ойлгуулж миний хүсэлт болон хийсэн ажлыг үгүйсгэж огт байхгүй мэтээр ойлгуулснаас энэхүү шүүхийн шийдвэр гарсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ажлыг 100 хувь гүйцэтгэсний дараа үлдэгдэл төлбөрийг өгөх ёстой байсан. Хариуцагч ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг, түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь 6,000,000 төгрөгийг хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх 21,500,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь QGO такси үйлчилгээний аппликэйшнийг хөгжүүлэх үүднээс хэрэглэгчийн бүртгэл нэвтрэлт, жолоочийн бүртгэл нэвтрэлт, жолооч хэтэвч цэнэглэлт /QPAY/ гүйлгээний түүх хянах, хэрэглэгч төлбөр төлөх /QPAY/ төлбөрийн түүх хянах, хэрэглэгч real time болон урьдчилсан захиалга үүсгэх, жолооч real time болон урьдчилсан захиалга авах, захиалга гүйлгээг хянах дашбоард үйлчилгээ гаргах үйлчилгээг хийх ажлыг тус тус хүлээлгэж өгөх, захиалагч ******* нь ажлын хөлсийг сар бүр 15,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацааг 3 сар байхаар тохиролцжээ.

3.2. Энэ гэрээний дагуу захиалагч ******* нь ажил гүйцэтгэгч *******гийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд гэрээний урьдчилгаа төлбөрт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7,500,000 төгрөг төлсөн.

3.3. *******, ******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* нь QGO такси үйлчилгээний аппликэйшнийг хөгжүүлэх үүднээс хэрэглэгчийн бүртгэл нэвтрэлт, жолоочийн бүртгэл нэвтрэлт, жолооч хэтэвч цэнэглэлт /QPAY/ гүйлгээний түүх хянах, хэрэглэгч төлбөр төлөх /QPAY/ төлбөрийн түүх хянах, хэрэглэгч real time болон урьдчилсан захиалга үүсгэх, жолооч real time болон урьдчилсан захиалга авах, захиалга гүйлгээг хянах дашбоард үйлчилгээ гаргах үйлчилгээг хийх, дуудлагын жолооч үйлчилгээ хийх ажлыг тус тус хүлээлгэж өгөх, захиалагч ******* нь ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

3.4. Энэ гэрээний дагуу захиалагч ******* нь ажил гүйцэтгэгч *******гийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд гэрээний урьдчилгаа төлбөрт 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг төлсөн. ******* нь уг 6,000,000 төгрөгийг буцааж төлөх талаар маргаагүй.

 

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх ******* нь ******* 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 6,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж уг мөнгөн хөрөнгийг ажил гүйцэтгэгч *******гаас гаргуулж захиалагч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6.1. Ажил гүйцэтгэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлуудыг гүйцэтгэж Qgo талаас апликейшин хариуцаж байгаа ажилтанд шаардлагатай сервисүүдийг гаргаж өгсөн, Qgo талын холболт хийх ажилтан холболтыг цаг тухайд нь хийгээгүй, сервис болж байгаа эсэх талаар мэдээлэл өгөөгүй, тестлэх болон шалгах үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ гүйцэтгээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь анхан шатны шүүх хариуцагч *******д Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тайлбарлаж өгсөн байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх талаах хүсэлтийг гаргаагүй байна. Иймд шүүх нотлох баримт бүрдүүлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

6.2. Хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээх хүлээсэн ажлыг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгө болох 7,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6.3. Түүнчлэн анхан шатны шүүх энэ гэрээний хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч талаас гаргасан баримт болох ******* ХХК-иас ******* ХХК-д гаргаж өгсөн 14,000,000 төгрөгийн нэхэмжлэх гэх баримтаар нотлогдохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь уг баримт нь нэрлэн заасан 2 хуулийн этгээдэд хамааралтай байх бөгөөд маргаж буй 2 иргэний маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хамааралгүй байна. Анхан шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА