| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01266/И |
| Дугаар | 207/Ма2025/00007 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 207/Ма2025/00007
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 207/МА2025/00007 |
*******гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******д холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/01410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
“******* хашаа байшинг албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч *******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* овогтой миний бие 2023 оны 12 дугаар сард овогтой *******эс Орхон аймаг тоот хашаа байшинг худалдаж авсан бөгөөд тухайн хашаанд гэр барин амьдарч байгаа авга эгч болох ******* овогтой нь өнөөдрийг хүртэл уг хашааг чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
******* тоотод байрлах хашаа байшинг 2004 онд эмэгтэй дүү нар маань талийгаач аавд минь барьж өгөн аав маань насан эцэс болтлоо амьдарсан. 2003 онд талийгаач дүү *******ийн эхнэр өөр эрэгтэйтэй амьдарсан тул дүү маань аавтай хамт амьдарч байгаад 2021 онд хотруу шилжсэн. Миний бие энэ хашаандаа 2010 оноос хойш гэр барин аавыгаа асарч амьдарсан /одоог хүртэл/ 2022 онд дүү ******* гэнэт зүрхний өвчнөөр нас барж хүү аавынхаа буяны ажилд оролцооч гэхэд татгалзсан. Ядаж оршуулганд нь зургийг нь бариад аавыгаа эцсийн замд нь үдээд өгөөч гэхэд оршуулгад оролцох шалтгаан байхгүй гээд оролцоогүй. Үүнээс харахад эцэг үрийн холбоогүй харагдаж, ойлгогдож байсан. Талийгаач дүү, охин, хүү хоёртой охин ээж нь хоёр дахь нөхрийнхөө овгоор сольсон. Буяны ажил дуусахад том эгч охин Улаанбаатар хотод амьдрахад хэцүү байвал энэ байшинд амьдарч болно. Засвар хийж өгье бид нар аавынхаа гал голомтыг зарахгүй гэсэн. Талийгаач дүү 2021 онд хот руу шилжиж 2022 онд машин авах хэрэгтэй байна гэхэд нь энэ байшингийн бичиг баримт дүү гийн нэр дээр байсан тул бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэрчилгээ эх хувиараа байсан болохоор байшинг худалдаж авна гэж хүн ирэхэд нь удаа дараа бид нар зарахгүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч зарчихна гэж санаагүй. Гэтэл худалдаж авсан суллаж өг гэсэн хүү ******* нь талийгаач дүүтэй маань нас барахад нь хүртэл хүүгийн ёсоор хандаагүй тул бас дүү нарын маань аавдаа барьж амьдруулж байсан гал голомтыг худалдахыг зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/01410 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан ******* хашаа байшинг албадан чөлөөлөхийг *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
*******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 141/ШШ2024/01410 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* уг хашааг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй гэж дүгнэсэн атлаа албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг хашаа байшин нь анхнаасаа *******ын эцэг болох ******* түүний үр хүүхдүүд эзэмшиж байсан хамгийн сүүлд ийн төрсөн эгч нь өөрийн дүү Ш.*******т 2022 оны 04 сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байх бөгөөд уг бэлэглэлийн гэрээг хийх болсон зорилгоо банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж өөртөө автомашин авах зорилгоор өөрийн дүү Ш.*******т түр шилжүүлэн өгсөн нь болон нарын мэдүүлгээр тогтоогддог. ******* болон А.******* нарын хооронд байгуулагдсан гэх 2023 оны 12 сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч гэрээний төлбөр төлсөн баримт тодорхойгүй, худалдаж буй хашаа байшинг худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 196-р зүйлд зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохооргүй байна. Учир нь 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байхад хуулийн дээрх заалтыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Газар болон хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бичиг баримтыг шилжүүлж байх үед тухайн хашаа байшинд ******* миний бие болон ах нар амьдарч байсан ба эзгүй байх хойгуур хаалга үүдийг эвдэлж хашаа байшинг үзүүлсэн байсан бөгөөд зарж худалдсан гэдгийг огт мэдээгүй байхад гэнэт шүүхээс дуудаж хашаа байшинг чөлөөлж өг гэх нэхэмжпэл гаргасан байсан. Мөн нэхэмжлэгч ******* худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хэрхэн яаж хийсэн, ямар эх үүсвэрээр хашаа байшин худалдан авсан нь баримтаар нотлогдохгүй байхад ******* А.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бодитоор байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх А.******* газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь хариуцагчид байсаар байхад гээгдүүлсэн гэж дахин гэрчилгээ авч, өөрийн нэр дээр шилжүүлсэнийг Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. буюу түүний нас барсан эцгийн нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан үл хөдлөх хөрөнгүүдийг гэрчилгээг нь хариуцагч надад байсан гэдгийг мэдсээр байж, хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлэг гарган дахин гэрчилгээ гаргуулсан нь хууль бус гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 141/ШШ2024/01410 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд тоот хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч ******* “...Талийгаач дүү Ш.******* 2022 онд машин авах хэрэгтэй байна гэхэд нь бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэрчилгээ эх хувиараа надад байсан болохоор байшинг худалдаж авна гэж хүн ирэхэд нь удаа дараа зарахгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл ******* хүү А.*******эс нь худалдаж авсан суллаж өг гэсэн ба дүү нарын маань аавдаа барьж амьдруулж байсан гал голомтыг худалдахыг зөвшөөрөхгүй гэжээ...“ гэх тайлбар гаргаж, маргасан байна.
3.Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөл нь нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд энэхүү ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байдаг.
4.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
5.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тоотод байрлалтай хашаа, байршинг зохих байгууллагад бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.
6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтын агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь уг маргаж буй хашаа, байшингийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус, өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн байхыг шаардана.
7. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.
8.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт авагдаагүй, тэрээр маргаж буй хашаа, байшинг хууль ёсоор эзэмшиж байсан болохоо нотлоогүй тул хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.
9.Хариуцагч ******* нь “...уг байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа надад байсан, талийгаач дүү Ш.*******т автомашин авахад нь тусалж уг хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлсэн, А.*******, ******* нарын хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээнд дүгнэлт хийгээгүй, төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, худалдан авагчид хүлээлгэж өгөөгүй, ..дахин гэрчилгээг гаргуулж авсан нь хууль бус байхад дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулгатай гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
10.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум 0дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/01410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ