Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00360

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мөнгөн харандаа ХХК /РД:2621118/-д холбогдох гар утасны төлбөр 1393908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00338/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23193518 тоот гэрээ байгуулан 99023439 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт 1 iphone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан 1 iphone 5, 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1393908 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мөнгөн харандаа ХХК-ийн захирал М.Бямбадорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөнгөн харандаа ХХК-ийн захирал М.Бямбадорж миний бие 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг дахь Мобиком корпораци ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан iPhone 5s 16 GB утсыг зээлээр худалдаж авсан. Миний эгчийн охин болох Б.Номин нь 99023439 гэсэн компаний нэр дээр байдаг дугаар дээр зээлээр утас авч өгөөч гэхээр нь гэрээ байгуулан сар бүр Б.Номин нь утасны төлбөрийг төлнө гэсний үндсэн дээр авч өгсөн. Тухайн утсыг авснаас хойш эхний 3 сар төлбөрийг хийсэн байсан ба түүнээс хойш огт хийгээгүй учир утасны эрх хаагдаж дугаар устсан байсан. Б.Номинд шүүхээс ирсэн бичгийг үзүүлж төлбөрөө төлөхийг сануулж хэлсэн. Иймд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор гар утас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1393908 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:

Мобиком корпораци ХХК нь Мөнгөн харандаа ХХК-д холбогдуулан 1393908 төгрөг гаргуулахаарнэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1393908 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарМобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мөнгөн харандаа ХХК-д холбогдох 1393908 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга есөн зуун найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37253 /гучин долоон мянга хоёр зуун тавин гурван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 18626 /арван найман мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөг, хариуцагчаас 18626 /арван найман мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН