Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/75

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овогт Т.Тд холбогдох эрүүгийн 1907001120056 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг Эрдэнэ суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, 8 дугаар анги төгссөн, Налайх дүүргийн МСҮТ-ийг 2009 онд төгссөн, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 6-11 тоотод оршин суух, Харуул овогт Т.Т /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1-р хороонд байрлах “Эргэн дурсахуй” бааранд Ц.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхрийн ажлынхан найзынх нь эхнэрийн төрсөн өдөр болоод бид нар бүгдээрээ эргэн дурсахуй ороод ширээнд шахаад суусан. Би Эрдэнэчимэгийг сайн танихгүй, Сайханчимэгийг таньдаг юм. Бид хэд сууж байгаад гарах болоод нөгөө хэд гараад араас нь би гарсан. Гарах гээд явж байтал намайг “бүдүүн янхан гичий” гэж дуудсан. Тэгээд бид хоёр үсдэлцээд, зодолдсон. Гаднаас хүмүүс орж ирж салгаад бид нар Энхтамирын  гэр рүү явсан. Тэнд очоод байж байтал Эрдэнэчимэг, ахтайгаа, найз хүүхэнтэйгээ араас ирээд тэнд маргалдаад цагдаа дуудаад Эрдэнэчимэгийг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тухайн үед ээмэг алга болсон гээд 280.000 төгрөг авсан. Өөрөө өөр хохиролгүй гэж хэлнэ хэлж байсан...” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Тгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед байх Сайханчимэгийн төрсөн өдөр болж гэр бүлийн найзуудтайгаа Эргэн дурсахуй бааранд орж Болормаа Оюунболортой таарч уулзаад манай ширээнд суучих гээд суулгасан, тэгтэл Эрдэнэчимэг Сайханчимэгтэй жаахан маргалдаж бид нар явъя гээд гарцгаахад араас Эрдэнэчимэг наад бүдүүн гичийгээ аваад зайл гэхээр нь чи яахаараа хүнийг бүдүүн нарийнаар нь дууддаг юм гээд үсдэж ноцолдсон, ширээн дээр байсан хундаганууд татаж унагаад би газар унаж зууралдаж байхад манай найзууд орж ирж салгасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 72 дугаар хуудас/

 

            Хохирогч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би найзуудын хамт гэртээ сууж байгаад Эргэн дурсахуй баар орж суугаад бүжиглэж байгаад ирэхэд ширээн дээр хүмүүс шахаад суучихсан байсан, би хувцсаа авъя гэхэд цуг яваа танил Гэрэлт-Од жаахан сууж байгаад яв гэсэн, Сайханчимэг намайг бүдүүн гэж хэлсэн гээд надтай маргалдаж хажуунаас манай найз Болорчимэг мангар Санжаа авгай авчихсан юм уу гэж хэлээд цаашаа явсан санагдаж байна. Дараа Тунгаа гэх хүүхэн нь намайг үсдээд 2-уулаа газар унаад ноцолдож байхад хэдэн хүмүүс салгаад тэд явцгаасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Сайханчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эргэн дурсахуй бааранд ортол ширээ байхгүй байсан юм. Тэгсэн манай найз Болормаа тааралдаад манай ширээн дээр суучих гэтэл Эрдэнэчимэг нь бид нарыг харчихаад гараад явснаа буцаж ирээд куртик авна гэсэн Бат-Эрдэнэ гэдэг цуг явж байсан залуу нь куртикийг нь өгөхгүй байсан. Тэгсэн нэлээн зогсож байснаа тэгвэл бид нар ширээн дээрээ суумаар байна гэснээ  мангар Санжаа хүнтэй суучихсан юм уу гээд тэрнээс болоод манай найз Тунгаа Эрдэнэчимэг 2 үсдэлцээд зодолдож эхэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эргэн дурсахуй бааранд ортол ширээ байхгүй байсан юм. Тэгсэн таньдаг хүн таарахаар нь ширээн дээр нь шахаад суух гэж байтал Эрдэнэчимэг ширээн дээрээ уйлаад сууж байсан. Тэгээд бид хараад босоод явснаа эргэж ирээд мангар Санжаа авгай авсан юм уу хэн юм гээд асуухад Санжаагийн эхнэр Тунгаа тийм, авгай авч болдоггүй юм уу гээд үсдэлцээд зодоон болсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

            “...Бааранд Т.Ттай л зодолдсон өөр хүн Эрдэнэчимэгийг зодоогүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            Гэрч Х.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эргэн дурсахуй бааранд ороод бүжиглэж байтал манай ширээн дээр хүмүүс ирээд суучихсан байсан. Тэгээд дахиад бүжиглэж байгаад буцаад иртэл Эрдэнэчимэг уйлчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуутал намайг Боргиогийн толгойг залгисан янхан гээд байна гээд уйлж байсан би юу болсон талаар мэдээгүй, зодооныг хараагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч Ү.Энхтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тунгаа Эрдэнэчимэг 2 ширээний хажууд газар уначихсан бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай зууралдаад байхаар нь Соронзонболд манай эхнэр Сайханчимэг, Оюунболор бид нар Тунгааг салгаад аваад гарсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Т Эрдэнэчимэг ширээний хажууд газар уначихсан дээр доороо орж өнхрөлдөөд 2 биенийхээ үснээс зулгаачихсан зодолдож, хажуугаар нь шилэн сав хагарсан бутарсан байхад нь бид нар татаж салгаад Тунгааг аваад гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэчимэг манай эхнэр Т.Тг үсдээд толгойг нь дарчихсан ширээний наана зууралдаж байхад тэнд байсан хүмүүс тал талаас нь татаж салгаад би эхнэрээ аваад гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний танил Эрдэнэчимэг гэдэг хүүхэн нэг хүүхэнтэй нь зууралдаад зодолдоод газар унахад нь салгалцаад би холдож явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед манай төрсөн дүү Эрдэнэчимэг над руу залгаад Эргэн дурсахуй бааранд хүрээд ир хүнд зодуулчихлаа гэхээр нь би босож хувцаслаад гэрээсээ гарч явган явсаар очиход зодсон гэх хүмүүс нь байхгүй явчихсан гээд Эрдэнэчимэг, Болорчимэг нар баарны гадаа зогсож байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

            Гэрч Л.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харахад нэг хүүхэн нь үлдэж манай найз Эрдэнэчимэгтэй зодолдоод үс гэзэгнээсээ зуурч газар унаад тэнд байсан хүмүүс салгаж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/

            Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэчимэг Тунгаа 2 үсдэлцээд ширээний доор орчихсон зууралдаад ноцолдож байхад нь Оюунболор салгах гэхэд Эрдэнэчимэг Оюунболорыг үсдэж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/170 дугаар:

            “1. Ц.Эрдэнэчимэгийн биед баруун чамархай, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, толгойн хуйх, баруун тохойн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх баруун бугалга, баруун шуу, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, толгойн хуйх, баруун тохойн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн, баруун чамархай, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэлд ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байхдаа Ц.Эрдэнэчимэгтэй найзыгаа өмөөрөн маргалдан харилцан үсдэлцэж байхдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...намайг “бүдүүн янхан гичий” гэж дуудсан. Тэгээд бид хоёр үсдэлцээд, зодолдсон...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэчимэг наад бүдүүн гичийгээ аваад зайл гэхээр нь чи яахаараа хүнийг бүдүүн нарийнаар нь дууддаг юм гээд үсдэж ноцолдсон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тунгаа гэх хүүхэн нь намайг үсдээд 2-уулаа газар унаад ноцолдож байхад хэдэн хүмүүс салгаад тэд явцгаасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Сайханчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Тунгаа Эрдэнэчимэг 2 үсдэлцээд зодолдож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мангар Санжаа авгай авсан юм уу хэн юм гээд асуухад Санжаагийн эхнэр Тунгаа тийм, авгай авч болдоггүй юм уу гээд үсдэлцээд зодоон болсон. Бааранд Т.Ттай л зодолдсон өөр хүн Эрдэнэчимэгийг зодоогүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Ү.Энхтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тунгаа Эрдэнэчимэг 2 ширээний хажууд газар уначихсан бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай зууралдаад байхаар нь Соронзонболд манай эхнэр Сайханчимэг, Оюунболор бид нар Тунгааг салгаад аваад гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Т Эрдэнэчимэг ширээний хажууд газар уначихсан дээр доороо орж өнхөрөлдөөд 2 биенийхээ үснээс зулгаачихсан зодолдож, хажуугаар нь шилэн сав хагарсан бутарсан байхад нь бид нар татаж салгаад Тунгааг аваад гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэчимэг манай эхнэр Т.Тг үсдээд толгойг нь дарчихсан ширээний наана зууралдаж байхад тэнд байсан хүмүүс тал талаас нь татаж салгаад би эхнэрээ аваад гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний танил Эрдэнэчимэг гэдэг хүүхэн нэг хүүхэнтэй нь зууралдаад зодолдоод газар унахад нь салгалцаад би холдож явсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харахад нэг хүүхэн нь үлдэж манай найз Эрдэнэчимэгтэй зодолдоод үс гэзэгнээсээ зуурч газар унаад тэнд байсан хүмүүс салгаж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэчимэг Тунгаа 2 үсдэлцээд ширээний доор орчихсон зууралдаад ноцолдож байхад нь Оюунболор салгах гэхэд Эрдэнэчимэг Оюунболорыг үсдэж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 шэ/53 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Харуул овогт Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.Тд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд  450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харуул овогт Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД