Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их шар овогт Х.Бт холбогдох эрүүгийн 190700000061 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 31-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Их шар овогт Х.Б /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 4-р хорооны Их амын 17-13 тоотод хүнсний зүйл буюу вариан савладаг шил шидэж Ү.Энхтамирын толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Болормаа, Эрдэнэчимэг, Баяржаргал бид 4 Эргэн дурсахуй бааранд орж шил архи пиво захиалж ууж босож бүжиглэж байтал Оюунболор найзуудтайгаа бааранд орж ирсэн. Нэг мэдэхэд манай ширээн дээр суучихсан харагдсан. Би бүжиглэж байгаад 00 өрөө орчихоод ирэхэд манай найз Эрдэнэчимэг зодуулсан гээд сууж байсан. Тэгээд Эрдэнэчимэг ахыгаа дуудаж бид нар Сайханчимэгийн гэрт нь очоод Сайханчимэг, Эрдэнэчимэг 2 муудах гээд байхад нь ах нь аваад гарсан. Тэгтэл жирэмсэн хүүхэн Тунгаа нь над руу задалсан коварын комподны шил шидэж хажуугаар гараад хоолны шүүгээний орчимд унахаар нь би аваад Тунгалагтуяа руу буцаагаад шидэхэд Энхтамирын духны хэсэгт нь онож цус гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 78 дугаар хуудас/

 

            Хохирогч Ү.Энхтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б над руу варианы шил шидэж миний духыг онож цус гарч нэг нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Сайханчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Б зуухны урд байсан хоосон варианы шилийг аваад хоймор руу шидэхэд манай нөхрийн толгойг оноод цус гарахаар нь би цагдаа дуудчихсан юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18, 50 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “цэг явж байсан нэг хүүхэн газар байсан компотны шил аваад шууд шидсэн чинь Тамираагийн толгойг хагалаад” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б Энхтамир  руу варианы шил шидэж духыг нь онож цус гарч Сайхнаа цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б нар орж ирээд хэрэлдэж байснаа Сайхнаатай муудах гээд байсан, би гэрээс нь гараад хэсэг байж байснаа буцаж ороход Энхтамирын толгой нь хагарсан байсан, яав ийв гэхэд Х.Б шил шидээд хагалсан гэж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сайханчимэг Эрдэнэчимэг 2 муудалцаад зууралдаад авахаар нь би дүүгээ салгаад аваад гарсан. Тэгээд ганцаараа буцаж ороход Х.Б нэг хүүхэнтэй нь маргалдаж байгаад зуухны хажуу талаас газар байсан варианы шилийг аваад шидэхэд хажууд нь байсан Энхтамирын толгойд нь онож духнаас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

            Гэрч Г.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б Болормааг чи бид нартай явж байсан байж ичихгүй энд юу хийж байгаа юм гээд маргалдаж газраас варианы шил аваад хоймор руу шидэхэд Энхтамирын духанд нь онож цус гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтамирынд очоод удаагүй байтал Эрдэнэчимэг ахтайгаа Х.Б нар гэрт нь ирээд Эрдэнэчимэг айлын гэрийн багана, ширээ зэргийг өшиглөж аваад Сайханчимэгийг бие рүү нь өшиглөж үсдэж авахаар нь Эрдэнэчимэгийн ах аваад гарсан. Тэр үед би 2 хүүхдийг нь аваад орон дээр хэвтэж байхад Энхтамирын духнаас цус гарчихсан харагдсан, хэн яаж гэхэд Х.Б шил шидсэн гэж байсан ба би тэрийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/61 дугаар:

            “1. Ү.Энхтамирын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Их амын 17-13 тоотод оршин суух Ү.Энхтамирын гэрт  найз Эрдэнэчимэгийг өмөөрч маргаан үүсгэн варианы шил шидэж Ү.Энхтамирын  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тунгаа нь над руу задалсан коварын комподны шил шидэж хажуугаар гараад хоолны шүүгээний орчимд унахаар нь би аваад Тунгалагтуяа руу буцаагаад шидэхэд Энхтамирын духны хэсэгт нь онож цус гарсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ү.Энхтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б над руу варианы шил шидэж миний духыг онож цус гарч нэг нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Сайханчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Б зуухны урд байсан хоосон варианы шилийг аваад хоймор руу шидэхэд манай нөхрийн толгойг оноод цус гарахаар нь би цагдаа дуудчихсан юм.” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нэг хүүхэн газар байсан компотны шил аваад шууд шидсэн чинь Тамираагийн толгойг хагалаад” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б Энхтамир  руу варианы шил шидэж духыг нь онож цус гарч Сайхнаа цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтамирын толгой нь хагарсан байсан, яав ийв гэхэд Х.Б шил шидээд хагалсан гэж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Б нэг хүүхэнтэй нь маргалдаж байгаад зуухны хажуу талаас газар байсан варианы шилийг аваад шидэхэд хажууд нь байсан Энхтамирын толгойд нь онож духнаас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б Болормааг чи бид нартай явж байсан байж ичихгүй энд юу хийж байгаа юм гээд маргалдаж газраас варианы шил аваад хоймор руу шидэхэд Энхтамирын духанд нь онож цус гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтамирын духнаас цус гарчихсан харагдсан, хэн яаж гэхэд Х.Б шил шидсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 шэ/61 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Их шар овогт Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд  450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.Б нь эрхэлсэн ажилгүй байгаа байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчилж төлж эдлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их шар овогт Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД