Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Т.Шт холбогдох эрүүгийн 1907002400074 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг Буянт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн бульдозорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Т.Ш /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны 22 цагийн орчим согтуурсан үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-6 тоотод хашаанд иргэн О.Билэгдэмбэрэлийн цээжин тус газар нь хутгаар хатгаж, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Ш яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би өөрийн гэртээ архи ууж байгаад гадуур гарч жаахан явж байгаад хоол унд идэхээр орой 22 цагийн орчимд байх манайхаас дээш нэг гудамжинд ойрхон байдаг дүү Отгоны гэрт очиж гэрт нь ороод хүү Билэгдэмбэрэлтэй маргалдаж 2-уулаа гараад би айлгах санаатай барьж явсан хутгаараа чичсэн чинь цээжинд нь орчих шиг болоод дүү ёолоод газар сууж би айхдаа хашаанаас нь гарч зугтсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Хохирогч О.Билэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019-05-22-ны орой 20 цаг өнгөрөөж гэртээ орж ирээд хоол цайгаа идээд байж байхад гаднаас миний нагац ах Т.Ш орж ирээд согтуурхаад байхаар нь би гэрээс гаргаж явуулсан, буцаж ороод хоол цайгаа идээд сууж байхад Т.Ш ах дахин орж ирэхээр нь та яах гээд байгаа юм гээд түлхэж гаргаад гэрээс гартал баруун гартаа барьсан хутгаараа цээжинд хүргэхэд халуу оргиод юм урсаад ирэхээр нь хартал цээжний зүүн хэсгээс цус урсаад би ёолж цээжээ дараад суухад Т.Ш ах зугтсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед миний том хүү Билэгдэмбэрэл гаднаас гэртээ ирээд хоолоо идээд, би цай уугаад сууж байтал миний ах Т.Ш гаднаас манай гэрт алнаа гээд орилоод ороод ирсэн. Би тухайн үед Т.Ш ахын гарт хутга байна гэж мэдээгүй, манай охин Оюунзул ээж Т.Ш ахын гарт хутга байна гэж байсан би ахыг аргадаж дүүдээ хутгаа өгчих гэтэл өгөхгүй байсан юм. Тэр үед миний хүү Билэгдэмбэрэл ах та гэртээ харьж амар гэж хэлээд түлхээд гэрээс гадаа хашаанд гараад ээжээ ах намайг хутгалчихлаа гээд гараараа дараад доошоо суусан. Т.Ш ах хутгаа бариад байшингийн хойшоо гүйгээд явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч О.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “орой 22 цагийн үед манай ах Билэгдэмбэрэл гэртээ жаахан халамцуу орж ирээд хоолоо идээд сууж байтал гаднаас манай нагац ах Т.Ш согтуу агсан тавиад орж ирсэн. Билэгдэмбэрэл ах Т.Ш ахыг та одоо харьж амар гээд гэрээс дагуулаад гартал Т.Ш ах Билэгдэмбэрэл ахыг хутгалчихаад зугтаад явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Арван найман насанд хүрээгүй гэрч О.Александрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай ээж Отгонцэцэг орж ирээд хашаанд Билэгдэмбэрэл, Т.Ш 2 муудалцах гээд байна гэхээр нь би гараад та одоо харь Сандаг ахыг аваад тэдний хашаанаас гарч хашаандаа ирсэн, тэгтэл гэртээ ороод төмс арилгадаг жижиг хутга авч гараад Отгон эгчийх рүү буцаад явахаар нь би түрүүлж тэднийд ирээд Сандаг ах гэж хэлтэл араас хашаанд орж ирэхэд нь Улаанаа ах урдаас нь явж очоод та одоо яв гээд байхад яагаад буцаж ирээд байгаа юм бэ гэр оронд агсам тавих гээд байгаа юмуу гээд цээж хавьд нь түлхэхэд нь Сандаг ах шууд цээжинд нь барьж явсан хутгаараа хүргэхэд Улаанаа ах цээжээ дараад газар сууж Сандаг ах шууд зугтаад явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай хүү Александр Сандаг ах Улаанаа ахыг хутгалчихсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч Х.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 сарын 22-ны орой 23 цагийн орчимд Отгоны Билэгдэмбэрэл гэдэг залуу цээжиндээ хутгалуулсан байдалтай ирснийг хүлээн авч цагдаагийн 102 утсанд би дуудлага өгсөн. О.Билэгдэмбэрэлийн цээжнээс гарч байгаа цус нь тогтохгүй шокийн байдалтай ирсэн тул цус тогтоох эмчилгээ хийж оёдол тавьсан, яаралтай тусламжийн хуудас дээр хийгдсэн эмчилгээг бичсэн байгаа, тэгээд цээжний хөндийд нэвтэрсэн эсэхийг нарийн шинжилгээ хийж тогтоолгохоор Цэргийн төв эмнэлэгт манай түргэний машинаар хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/291 дүгээр:

            “1. О.Билэгдэмбэрэлийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-6 тоотод О.Билэгдэмбэрэлтэй маргалдан улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Билэгдэмбэрэлтэй маргалдаж 2-уулаа гараад, би айлгах санаатай барьж явсан хутгаараа чичсэн чинь цээжинд нь орчих шиг болоод дүү ёолоод газар сууж би айхдаа хашаанаас нь гарч зугтсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Билэгдэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баруун гартаа барьсан хутгаараа цээжинд хүргэхэд халуу оргиод юм урсаад ирэхээр нь хартал цээжний зүүн хэсгээс цус урсаад би ёолж цээжээ дараад суухад Т.Ш ах зугтсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний хүү Билэгдэмбэрэл ах та гэртээ харьж амар гэж хэлээд түлхээд гэрээс гадаа хашаанд гараад ээжээ ах намайг хутгалчихлаа гээд гараараа дараад доошоо суусан. Т.Ш ах хутгаа бариад байшингийн хойшоо гүйгээд явсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Билэгдэмбэрэл ах Т.Ш ахыг та одоо харьж амар гээд гэрээс дагуулаад гартал Т.Ш ах Билэгдэмбэрэл ахыг хутгалчихаад зугтаад явсан” гэсэн мэдүүлэг, Арван найман насанд хүрээгүй гэрч О.Александрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сандаг ах шууд цээжинд нь барьж явсан хутгаараа хүргэхэд Улаанаа ах цээжээ дараад газар сууж Сандаг ах шууд зугтаад явсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Александр Сандаг ах Улаанаа ахыг хутгалчихсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08 шэ/291 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Шт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Урианхай овогт Т.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.Шт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Т.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД