Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00012

 

  

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00012

 

 

     ******* нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01384 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

“Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт  5.911.191 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь *******тай 2018 онд танилцсан. Нэг сайн мэдэхгүй. Намайг, би зээл авах гэсэн юм надад туслаач хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь туслах зорилгоор хамтран зээлдэгч болж гарын үсэг зурсан ба ******* хэлэхдээ би зээлийг удахгүй төлчихнө, чи санаа зоволтгүй гэсэн тул итгэсэн юм. ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ******* тооцооны төвөөс 18.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэр дариудаа ******* банканд эзэмшдэг түүний зээлийн ******* гэсэн данс руу шилжсэн бөгөөд би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй, аваагүй, миний данс руу ороогүй болно. ******* банкнаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлээ төлөөгүй удсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тул шүүхээс *******, ******* нараас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 11.822.388 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ******* нь энэ мөнгөнөөсөө миний данс руу нэг ч төгрөг шилжүүлээгүй байх бөгөөд би зээл авахад нь туслах зорилготойг мэдсээр байж намайг тал мөнгийг нь төлүүлж буй нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Тус зээл авсан өдөр болон түүнээс хойш миний данс руу ******* нь мөнгө шилжүүлж байгаагүй нь миний данснаас тодорхой харагдана. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас мөнгө төлөхийг шаардаж байна. Ийм *******ас 5.911.191 төгрөгийг гаргуулж ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би *******тай анх 2014 онд танилцаад, бид холбоотой байж байгаад 2015 оноос хоёр гэрээрээ орж гараад хоёр талдаа ирэн очин, хэн хэнийдээ очиж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд нэг нэгэндээ хань түшиг болж хамт амьдарсан. Биднийг нэг гэртээ ороод хамтран амьдарч байсан гэдгийг манай хүүхдүүд болон төвийн хүүхдүүд багш ажилтнууд бүгд мэднэ. Гэтэл одоо ******* нь зүс мэдэх хүн мэтээр ямар ч хамааралгүй, нэг гэрт хамт амьдраагүй мэтээр илтэд худал нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Ингээд хамтран амьдарч байх хугацаанд бид ******* банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг авахдаа хэн аль нь зөвшөөрч, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Миний зүгээс хүчээр ямар нэгэн байдлаар хуурч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тухайн үед өөрөө ч зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо би ямар ч хамаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнээс огт мэдээгүй, ойлгоогүй байхад нь хуурч мэхлээд гарын үсгийг нь ашигласан мэтээр тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй зүйл. Тухайн үед миний дансаар зээл олгогдсон хэдий ч тухайн үеийн бидний амьдрал ахуй, хэрэгцээнд хамтын амьдралд зарцуулагдсан, түүнээс би дангаараа хэрэглэсэн зүйл огт байхгүй. ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцахад банкнаас авсан зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс хамаарч төлөх төлбөрийг өөрөө хариуцахгүй намайг төл гэж шаардаж байна гэж ойлголоо. Энэ асуудлыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 142/2023/01536 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Тодруулбал, хэн зээл авсан, хэрхэн авсан, хэн төлөх ёстой, ******* төлөх ёстой эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг дээд шатны шүүх нь хэлэлцээд үндэслэлтэй байна гээд шийдвэрлэсэн. Уг маргаантай хэргийг шийдвэрлэх явцад нь зээлийг төлөх ёсгүй, хариуцахгүй, хамааралгүй гэж маргаж мэтгэлцэж татгалзсан боловч татгалзсан тайлбарын үндэслэлээ нотолж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Энэхүү шийдвэрт ******* нь хяналтын гомдол гаргаагүй одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрвээ уг зээл болоод зээлийн гэрээний үүрэг, мөнгөн төлбөрийг буцааж төлөх үүрэг үүсээгүй байсан бол үүнийгээ өмнөх хэргийг шийдвэрлэсэн шүүхэд нотолж, өөрийн тайлбараа батлах байсан. Гэтэл тэрхүү шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн атлаа одоо хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ******* нэхэмжлээд буй 5.911.191 төгрөгийг төлөх үүргийг *******д олгож, түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01384 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан *******ас 5 911 191 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.-т хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулгыг тодорхойлжээ. Гэхдээ хариуцагчийн тайлбар, татгалзал нь ямар нотлох баримтаар, хэрхэн нотлогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Хэргийн хариуцагч нь ******* банкнаас авсан зээлээ ...тухайн үеийн бидний амьдрал ахуй, хэрэгцээнд хамтын амьдралд зарцуулагдсан, түүнээс би дангаараа хэрэглэсэн зүйл огт байхгүй ... гэж тайлбарласан боловч хэргийн зохигчид хамтын амьдралтай байсан нь тогтоогдоогүй. Хариуцагчийн хүсэлтээр түүний охин шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо *******г танихгүй, өмнөх жил \2023 он\ ******* банкны хүнтэй манайд ирэхэд нь л харсан, цагаан сараар \2019 оны\ очиход аав гэртээ ганцаараа байсан... гэж мэдүүлсэн нь Ц. тайлбар худлаа буюу ИХШХШТХ-ийн 25.2.1. болон 42.1.-д тус тус зааж хуульчлагдсан шаардлагыг огт хангаагүйг нотолж байна. Түүнчлэн гэрч , нарын мэдүүлгээр *******, ******* нар тухайн үед хамтран амьдарч байгаагүй нь тогтоогдож байх тул энэхүү шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ******* банк 18 сая төгрөгийн зээлийг Ц. хувийн дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч уг зээлийг өөрийн дансаар авснаа хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т хариуцагч ... тухайнүед миний дансаар зээл олгогдсон ... гэж тайлбарлажээ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ...******* банкнаас авсан зээлийг ******* өөрийнхөө дансанд шилжүүлж авсан гэсэн нь нотлогдоогүй, зээлийн дансны хуулгаар \хх17\ *******, ******* нарын хамтран эзэмших зээлийн дансанд 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба, ******* уг мөнгөөр хашаа байшин худалдаж авсан гэсэн тайлбар мөн нотлогдоогүй ... гэж бодит үйл баримттай зөрчилдсөн буруу дүгнэлт хийжээ. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан ******* банкны ******* тоот данс нь банкны зээлийн төлбөр тооцооны данс бөгөөд уг дансанд бичигдсэн 18 сая төгрөгийн орлого нь түүнийг ******* авч, захиран зарцуулах эрхтэй болсныг нотлох баримт биш. ******* банкны зээлийн мөнгөөр хашаа байшин худалдаж авсан эсэхийг биш, харин уг зээлээс 7 сая төгрөгийг *******д өгсөн гэх тайлбараа хариуцагч өөрөө нотолсон эсэхийг шүүх тогтоож, дүгнэх ёстой атал ийм дүгнэлт хийгээгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.-д Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар *******г ******* хөрөнгө шилжүүлсэн этгээд биш гэж дүгнэсэн нь маргааны зүйлийн хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна. Нэхэмжлэгч ******* өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны дансаа чөлөөтэй эзэмшиж, банкны дансаараа орлого, зарлагаа захиран зарцуулах эрхээ хязгаарлуулж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөртэй этгээдээр бүртгэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хамгаалуулахаар ИХШХШТХ-ийн 3.1.-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр буюу ******* түүний итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлсэн этгээд болох Ц. дангаараа захиран зарцуулсан зээлийн төлбөрийн тал хагасыг төлөхөөр болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэр юм. Иймээс ******* зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрхийн хамгаалалт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар Ц. учруулсан хохирлыг арилгуулах арга болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1.-д Иргэний хуулийн 492 дүгаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан *******ас 5.911.191 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. ******* нь ******* банкнаас 18 сая төгрөгийн зээл авахдаа зээлийн мэдээлэлд *******г санаатай өөрийн амьдардаг хаягаар бичиж, зээлээ төлөхгүй байсаар нэхэмжлэгчид 5.911.191 төгрөгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497.1.-д зааснаар уг гэм хорыг ******* хариуцан арилгах үүрэгтэй байна. Ийнхүү анхан шатны шүүх өөр хуулийг хэрэглэсэн байх ба шийдвэрийг өөрчлөх боломжтой байх тул Иргэний хуулийн 8.1.2., 9.4.4., 497.1., 510.1. заалтыг тус тус баримтлан ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142\ШШ2024\01384 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д *******ас 5.911.191 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, улмаар шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү.Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д зааснаар нэхэмжлэгч ******* гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* шүүхэд “...5.911.191 төгрөгийг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь “...бид 2 хамтран амьдрах хугацаандаа ******* банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авсан ба хэн аль нь зөвшөөрч энэхүү зээлийг авсан, ...тухайн авсан мөнгийг бидний амьдрал ахуй, хэрэгцээнд хамтын амьдралд зарцуулсан, түүнээс би дангаараа хэрэглэсэн зүйл огт байхгүй...” гэх тайлбар гаргаж, маргаж мэтгэлцсэн байна.

 3.Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан *******ас 5.911.191 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зээлийн гэрээний үүрэгт 11.822.383.3 төгрөгийг ******* банканд төлөхөөр шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг  иргэн, хуулийн  этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

5.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд  үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд, уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан байна.

6. Хариуцагч ******* бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд биш байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

        7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд   гаргадаг бөгөөд  зохигчийн маргааны  зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.

          8.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч банкнаас авсан зээлийг өөрөө хэрэглэж байшин авсан,  банкнаас авсан зээлийг хэрхэн  зарцуулсан талаарх нөхцөл байдлыг нотлох баримт  байхгүй тул шүүх нотолгооны  чиг үүргийг нэхэмжлэгчид ногдуулсанг буруутгах боломжгүй юм.

            9.Түүнчлэн нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Дорждулам нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлж мэтгэлцээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл байхгүй.  

        10. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт  хууль хэрэглээний өөрчлөлт оруулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          11. Иймд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй тул энэхүү гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум 0дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01384 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан *******ас 5.911.191 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1.-д заасныг баримтлан *******ас 5.911.191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.529 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАТТӨР

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ