Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 567

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Г.М, Г.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ган-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ, Хаминаган овгийн Гантөмөртийн Рэгжээбуу нарт холбогдох эрүүгийн 1911014150662 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59-790 Б тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Г............

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17-347 тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Хаминаган овгийн Г................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Г.М, Г.Р нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                    

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Г.Р, Г.М нар нь 2019 оны 04 дүгээр сарын          27- 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжинд машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй гэх шалтгаанаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Р мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч, хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Арван жилийн найз Заяаг гэрт нь хүргэж өгөхөөр 5 буудал руу явсан. Ингээд Заяаг гэрт нь хүргэж өгөөд гэрээс нь хөдлөөд нилээд явж байхад гудамжинд нь гэрэлгүй харанхуй байхаар нь машиныхаа холын гэрлийг асаан хөдлөөд явж байхад гудамжинд үл таних Рэгжээбуу Эрхэмбаатар гэх хоёр хүн явж байсан ба Эрхэмбаатар нь машины урдуур ороод гараа өргөсөн болохоор нь би юм асуух гэж байгаа юм болов уу гэж бодоод машинаа зогсоогоод цонхоо нээхэд Эрхэмбаатар нь надад хандан “гэрлээ яагаад шилжүүлэхгүй байгаа юм бэ пизда минь” гэж хэлэхээр нь би дуугараагүй. Тэгсэн Эрхэмбаатар нь машины цонхоор миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж машины хаалгыг онгойлгоход би уурлаад машиныхаа хаалгыг хааж та яагаад байгаа юм бэ уучлаарай би одоо гэрлээ шилжүүлээд явья гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрхэмбаатар миний духан дээр 3 удаа нясалсан. Тэгээд би бухимдаж уурлаад машинаасаа буухад Эрхэмбаяр намайг шууд заамдаж авахад цаанаас нь Рэгжээбуу нь Эрхэмбаатарыгаа байж байгаарай гэж хэлээд над дээр хүрч ирээд намайг заамдаж аваад хашаа руу түлхээд өвдгөөрөө гэдэс рүү элэгдсэн. Энэ үед манай найз Жавхлантөгс машинаас бууж ирээд дундуур ороод салгах гэхэд Рэгжээбуу манай найз Жавхлантөгсийг хашаа руу түлхсэн. Тэгэхээр нь би машин дотор байгаа найз Солонгод хандан цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгсэн Рэгжээбуу намайг танихгүй харанхуй хашаа руу чирч оруулаад заамдаж аваад толгойгоороо уруул руу мөргөсөн. Рэгжээбуугийн цохисноос болж эдгээр гэмтлүүд үүссэн ...” гэх мэдүүлэг /хх-18-20х, 62-64х/,

Шүүгдэгч, хохирогч Г.Р мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... маргалдаад машины зүүн талын хаалгаар Г.М бууж ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би яаж байгаа юм бэ гээд харилцан заамдсан ба би Г.Мд хандан одоо больё маргааш ажилтай салья гээд Мөнх-Эрдэнийн дух руу нэг удаа нясалсан. Энэ хооронд цаанаас манай дүү Г.Эрхэмбаатар гарч ирээд миний ард талаас намайг тэвэрч аваад салгаад машины хажуугаар хойшоо өнгөрөөд гарсан. Тэгээд хойшоо алхаад явж байтал Мөнх-Эрдэнэ араас гүйж ирэхэд нь би эргэж харахад Мөнх-Эрдэнэ миний хамар уруулын голд гараараа цохиод миний хамар болон дээд уруулаас цус гарсан. Тэгээд би доошоо хамар амаа дараад тонгойход Г.М намайг барьж авахад нь би босоод толгойгоороо Г.Мөнх-Эрдэнийг мөргөсөн. Энэ үед машинаас Жавхлантөгс бууж ирээд манай дүү Эрхэмбаатар нар нийлж дундуур орж салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х, 68-70х/,       

Гэрч Г.Эрхэмбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд би араас нь 5-6 минутын дараа араас нь гараад гудамж тойроод ортол нэг машин зогссон байсан бөгөөд намайг очиход ах Рэгжээбуу нэг залуутай заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би ахыг тэр залуугаас салгаж аваад машиныг нь өнгөртөл тэр залуу араас гүйж ирээд манай ахын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод манай ах доошоо суугаад босож ирээд дахиад барьцалдаж аваад тэр үед машин дотроос нэг залуу гүйж ирээд надтай хамт салгасан юм. Тэгээд манай ах зугтаж нэг онгорхой хашаа руу ороход нөгөө залуу дахин ирж барьцалдаж аваад дахин салгаад ах цаашаа зугтсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

Гэрч Л.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Заяаг 5-н буудалд байх гэрт нь хүргэж өгчихөөд гэрээс нь хөдлөөд нилээн явсан. Тухайн гудамж нь гэрэл байхгүй харанхуй байсан ба тухайн гудамжинд үл таних Рэгжээбуу, Эрхэмбаатар гэх 2 хүн явж байсан. Тэгсэн Эрхэмбаатар нь машины урдуур ороод гараа өргөчихсөн байсан. Тэр үед Г.М машинаа зогсоож, цонхоо онгойлгоход Эрхэмбаатар Г.Мд гэрлээ яагаад шилжүүлэхгуй байгаа юм бэ пизда минь” гэхэд Г.М юу ч өөдөөс нь дуугараагүй. Тэгсэн Эрхэмбаатар онгорхой цонхоор нь Г.Мөнх-Эрдэнийн баруун талын шанааруу нь гараараа 1 удаа цохиж, машины хаалгыг онгойлгох гэхэд Г.М машиныхаа хаалгыг хааж, “уучлаарай, одоо би гэрлээ шилжүүлээд явчихъя" гэж хэлсэн. Тэгсэн Эрхэмбаатар дахиад Г.Мөнх-Эрдэнийн духан дээр гараараа нясалсан. Тэгсэн Г.М уурлаад машинаасаа буусан. Тэгсэн Эрхэмбаатар Г.Мөнх-Эрдэнийг шууд заамдаж авсан. Тэгсэн цаанаас нь Рэгжээбуу ирээд Г.Мөнх- Эрдэнийг заамдаж аваад хашааруу түлхэж, өвдөгөөрөө гэдэсрүү элэгдэхэд машинаас М.Жавхлантөгс машинаас бууж очоод дундуур орж салгах гэхэд М.Жавхлантөгсийг Эрхэмбаатар хашааруу түлхэж, цохих гэхэд нь би гарлуу нь алгадсан, гарт нь байсан архины шилийг хаячихсан чинь Эрхэмбаатар намайг “ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгсэн Г.М надад хандан “Солонго цагдаа дуудаарай” гэж орилсон. Тэгээд би машин дотроосоо гар утсаараа 102 луу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн Рэгжээбуу, Г.Мөнх-Эрдэнийг харанхуй хашааруу чирж татаж оруулахад араас нь М.Жавхлантөгс дагаж орсон. Тэгээд удалгүй Рэгжээбуу, Эрхэмбаатар хоёр хашаанаас гарч ирээд замруу алхаад явж байтал араас нь Г.М, М.Жавхлантөгс хоёр гарч ирсэн ба Г.М уруулаа барьсан харагдсан. Тэгээд араас нь хөөж байгаад цагдаад хүлээлгэн өгсөн. Рэгжээбуу нь цагдаа ирхэд жалгаруу ороод зугтаагаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38х/,

Гэрч М.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Заяаг 5-н буудалд байх гэрт нь хүргэж өгчихөөд гэрээс нь хөдлөөд нилээн явж байхад гудамжинд нь гэрэл байхгүй харанхуй байхаар нь машиныхаа холын гэрлийг асаан хөдлөөд явж байхад гудамжинд үл таних Рэгжээбуу, Эрхэмбаатар гэх 2 хүн явж байсан ба Эрхэмбаатар нь машины урдуур ороод гараа өргөчихсөн чинь Г.М машинаа зогсоож, цонхоо буулгахад Эрхэмбаатар нь “гэрлээ яагаад шилжүүлэхгүй байгаа юм бэ пизда минь” гэхэд Г.М юу ч өөдөөс нь дуугараагүй ба Эрхэмбаатар онгорхой цонхоор Г.Мөнх- Эрдэнийн баруун талын шанааруу нь гараараа 1 удаа цохиж, машины хаалгыг онгойлгох гэхэд Г.М машиныхаа хаалгыг хааж, “уучлаарай, одоо би гэрлээ шилжүүлээд явчихъя" гэж хэлсэн. Тэгсэн Эрхэмбаатар дахиад Г.Мөнх-Эрдэнийн духан дээр 3 удаа гараараа нясалсан. Тэгсэн Г.М уурлаад машинаасаа буусан. Тэгсэн Эрхэмбаатар Мөнх-Эрдэнийг шууд заамдаж авсан. Тэгсэн цаанаас нь Рэгжээбуу ирээд Г.Мөнх-Эрдэнийг заамдаж аваад хашааруу түлхэж, өвдөгөөрөө гэдэсрүү элэгдсэн. Тэгэхээр нь би машинаас бууж очоод дундуур орж салгах гэхэд Рэгжээбуу намайг хашааруу түлхсэн. Энэ үед Г.М машин дотор сууж байсан Солонгод хандан “цагдаа дуудаарай” гэж орилсон. Тэгсэн Рэгжээбуу Г.Мөнх- Эрдэнийг “чи яасан овоо муу бацаан бэ” гээд харанхуй хашааруу чирж татаж оруулахад би араас нь дагаад ороход Г.Мөнх-Эрдэнийг заамдаж байгаад толгойгоороо уруулруу мөргөсөн. Тэгсэн Г.М газар манараад унасан. Ингээд Рэгжээбуу нь Г.Мөнх-Эрдэнийн толгойн тус газар нь өшиглөөд байхаар нь би наад талаас нь татах гэхэд дийлэхгүй байсан ба Рэгжээбуу, Эрхэмбаатар нар хашаанаас гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.М сэрээд хашаанаас гарч Рэгжээбуу, Эрхэмбаатар нарын араас дагаж явахад нь би Г.Мөнх- Эрдэнийн хамтаар явж байтал машинтай эргүүлийн цагдаа тааралдаад Г.М цагдаа дээр очоод тэр хоёрыг бариад аваарай гэж хэлэхэд цагдаа нар Эрхэмбаатарыг барьж аваад, Рэгжээбуу нь жалгаруу ороод зугтаагаад гүйгээд алга болчихсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5243, 5456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47, 51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.М, Г.Р нар нь бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М, Г.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн, ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Г. Хаминаган овгийн Г.нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Рг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД