| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01343/И |
| Дугаар | 210/МА2025/00238 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00238
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04657 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 349,809,626 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 49,981,884 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр илэрсэн зөрчлийг хэвийн байдалд оруулахад гарах зардал 131,372,507 төгрөг, нийт 181,364,391 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантагс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК төслийн хүрээнд ******* дүүргийн нутаг дэвсгэрт баригдах 12 давхар барилгын дотор блок, тоосгон ханын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, ******* төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус байгуулж тус гэрээнүүдийн дагуу манай компани нь захиалагч *******д нийт 1,097,422,769 төгрөгөөр үнэлэгдэх барилга угсралтын ажил болон дотоод засал чимэглэл, өрлөгийн ажлыг гэрээгээр тохиролцсон ёсоор хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч талд бүрэн хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ажлын хөлснөөс нийт 185,195,711.87 төгрөгийг бидэнд өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөх ажлын хөлс 80,371,844 төгрөг, алданги 40,185,922 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 114,823,867.87 төгрөг, алданги 38,142,997.15 төгрөг, нийт 273,524,631.02 төгрөг, ерөнхий гүйцэтгэгчийн 2015-РО3 тоот гэрээнд заасан барьцаа 76,284,995.5 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 349,809,626.52 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
1. 2015.08.05 өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр Шавардлагын ажил гэрээний зүйл биет байдлын доголдолгүй, ажлын тоо хэмжээ, БНДС-ийн шаардлага хангасан ажлын үр дүн хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөлгүй гэрээт хугацааг хүндэтгэх шалтгаангүй хэтрүүлж, 2016 оны 02 сарын 01 өдөр ажлаа хаяж алга болсон болно. Гэрээгээр хүлээсэн ажлын дуусгаагүй үлдсэн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэн хөлс төлсөн тул эдгээр баримт болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч ******* ХХК-иас холбогдох ажил хүлээлцсэн акт, дүгнэлт зэргийг шүүхэд гарган өгч холбогдох санхүүгийн баримт, дараагийн гүйцэтгэгчийн хийсэн ажлын тоо хэмжээ, олгосон санхүүжилтийг гаргаж өгснөөр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэх юм.
2. 2015.09.02-ны өдрийн Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ-ний дагуу 762,849,955 төгрөгийн гэрээ байгуулж 2016 оны 02 сарын 01 дотор ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэгч тал биелүүлэхгүй гэрээнд заасан ажлын тоо хэмжээнд хүргэж хийгээгүй гэрээт хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлж, гэрээг цуцалж барилга ашиглалтад орох хугацааг нэг жил 6 cap хойш нь татаж захиалагчид илтэд хохирол учруулсан, хийж дуусгаагүй ажлыг гуравдагч компаниар гүйцэтгүүлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн 19 удаагийн меморилын баримтаар ******* ХХК-ийн арилжааны банк дахь дансанд гэрээ байгуулагдсанаас хойш нийт 1,097,706,416 төгрөгийг барилгын ажлын төлбөр болгож төлсөн байдаг бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний нийт дүн 334,572,814 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан №2015-РОЗ тоот ******* төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний нийт дүн 762,849,955 төгрөг буюу тус 2 гэрээний нийт дүн 1,097,422,769 төгрөг юм.
2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №2015-РОЗ тоот гэрээний Хавсралт 2-ын Б-д Төлбөрийн нөхцөл-өөр гэрээний нийт дүн 762,849,955 төгрөгийг хэрхэн хувааж төлөхийг хувьчлан гаргасан байгааг харж болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага болох барьцаа 5 хувь /Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 1 жил/ 38,142,497.75 төгрөг, барьцаа 5 хувь /Улсын комисст актаар хүлээлгэн өгснөөс хойш 3 жил/ 38,142,497.75 төгрөг буюу нийт 10 хувийн барьцаа төлбөр 76,284,955.5 төгрөгийг ч хувьчлан гэрээний нийт дүнд оруулан тооцож төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Талуудын хооронд 2015.08.05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2015.09.02-ны өдөр №2015-РОЗ тоот ******* төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 49,981,884 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр илэрсэн зөрчлийг хэвийн байдалд оруулахад гарах зардал 131,372,507 төгрөгийн хамт нийт 181,354,391 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Тухайн айл амьдарч байгаа энэ барилга гипсэн хананы шүрүүп суларсан, ханзарсан, урагдсан зэрэг ажлыг гүйцэтгэхэд гарах 131,372,507 төгрөгийн зардал нь ирээдүйд гарч болох зардал, гарахгүй ч байж болох зардал болоод байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал түрүүн дурдсанчлан ******* ХХК-ийн гүйцэтгэсэн доголдолтой ажил байсан уу, бүхэл бүтэн дөрвөн жилийн дараа баахан айл амьдруулчхаад энэ юм чинь болохгүй байна гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байна.
Тухайн хоёр ажлыг хийж байх явцад захиалагч *******гийн зүгээс талбайн даалгавраар нэмэлт ажлуудыг ******* ХХК-д өгсөн. Энэ нь гэрээгүй гэхдээ хавтаст хэргийн 27 дугаар хуудаснаас эхлээд дансны хуулга дээр нэмэлт ажлын зардал гээд 45,140,908 төгрөг шилжүүлдэг. Гурав дахь хавтаст хэргийн 30 дахь хуудсан дээр байгаа 65,642,596 төгрөгийг мөн нэмэлт ажлын зарлага гээд шилжүүлсэн байдаг. Тэгэхээр бид нар тухайн үедээ талбайн даалгавраар нийтдээ 100,000,000 төгрөг гаруй ажил аваад, ерөнхийдөө 40,000,000 төгрөг гаруй ажлыг дутуу орхисон. Энэ ажил нь бөгөөд үндсэн гэрээний ажил огт биш. Нэмэлт авсан ажлаа дутуу орхиод, тэгээд тооцоо нийлүүлээгүй.
Бид нар нийтдээ нэмэлтээр 110,747,504 төгрөгийн нэмэлт ажлыг авсан юм. Тэр доголдолтой гээд байгаа ажил нь манайх нэмэлтээр авсан ажил буюу гэхдээ тэр дүнг нь бид нар хасуулаад огт аваагүй гэсэн үг. Манай нэмэлтээр авсан ажлын үлдсэн хэсэг нь өөрсдөөс нь шалтгаалах зүйл байсан учраас бид нар орхиод гарсан ийм үйл явдал байна. Тэгээд ажлаа хүлээлгээд өгсөн, актаа үйлдсэн. Мөн энэ барилгыг Улсын комисс хүлээгээд авсан ийм үйл явдал байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 124,946,430 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 113,969,483 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гээс 224,863,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,189,899 /1,475,574 +174,950 +539,375/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,282,266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хэмжээнд огт үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн эргэлзээгүй байдлаар үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүхээс хэрэв ажил гүйцэтгэсэн даалгавар, ажил хоцрогдолтой холбоотой талбайн даалгавар болон тайлбар, ажил хүлээн авсан акт, хяналтын хуудас, ажил гүйцэтгэсэн акт, хяналтын хуудас, ил далд аждын акт болох нотлох баримтуудыг хариуцагч ******* гаргаж өгсөн бол шинжээчийн дүгнэлт өөр байдлаар эсхүл нэхэмжлэгчид ашигтай байдлаар гарч шүүх нотлох баримтын хүрээнд үнэлэх байсан боловч ирүүлээгүй учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй гэх утгаар ойлгогдох дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасантай огт нийцэхгүй байна.
Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар нэмэлт эсхүл дахин шинжээч томилох эрх нь байсан бөгөөд хуулийн энэ заалтыг огт хэрэглээгүй нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.
Хариуцагчийн зүгээс Барилгын хөгжийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээж авсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Барилгын Хөгжлийн төв-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан.
Улмаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14224 дугаар захирамжаар ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь барилгын ажлыг талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 17/2015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №2015-РОЗ дугаар ******* төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээнд тус тус заасан ёсоор хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.
Иймд, дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдож гаргасан шинжээч нарын дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4657 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...******* болон ******* ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ХХК хяналт тавьсан бөгөөд уг компанийг захиалагч ******* томилсон. ******* ХХК нь ХХК-ийн ажлыг бүрэн хүлээлгэж өгөөд ил далд ажлын акт болон хана, шатны өрлөгийн актуудыг хуульд нийцүүлэн хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар тухайн барилгыг улсын комисс хүлээж авсан, айл өрхүүд амьдарч байна. Хариуцагчийн гомдлын үндэслэлд шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй гэх агуулгыг дурдсан. Шинжээчийн дүгнэлтийн тухайд Барилга хөгжлийн төвийн шинжээч талуудын асуултад дутуу хариулсан учраас ХХК-ийг томилсон. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэнд нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Үүнд шүүхийг хэтэрхий буруутгасан байдлаар гомдол гаргасан нь шүүгчийн дотоод итгэл үнэмшилд халдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ХХК-д ажлыг бүрэн гүйцэт хүлээлгэж өгсөн талаарх ажил гүйцэтгэх актууд хавтаст хэргийн 113-117 дугаар талд авагдсан. Тухайн үед хариуцагч шууд хяналт тавиагүй, хяналтын компани орж ирээд ажлыг нь өмнөөс нь хүлээж авч байсан. Нийт гүйцэтгэсэн ажлыг шинжээчийн дүгнэлтээр хязгаарлах боломжгүй.
Учир нь, гэрээ байгуулсан ашиг тус нь барилгад хэдий хэмжээний зардал орохыг урьдчилан таамаглаж, тохиролцож гэрээг байгуулсан атлаа 6 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гарахад хаанаас үүссэн элэгдэл хорогдол болохыг тогтоох боломжгүй. Айлууд орж амьдарсан учраас ******* ХХК ажил гүйцэтгэснээс хойш нэг хүн гар хүрээгүй байхад шинжээч томилсон бол өөр дүгнэлт гарна. Нэгэнт айл ороод амьдарсан барилгад ******* ХХК доголдол гаргасан уу, айл өрхүүд доголдол гаргасан эсэхийг тогтоох боломжгүй. Энэ утгаараа анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулж үзээд өөрийн дотоод итгэлээр үнэлснийг буруутгах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаанд гэрээнд заагдаагүй ажлуудыг талбайн даалгавраар гүйцэтгэсэн байдаг. Тус даалгаврыг *******гийн захиалгаар ХХК өгсөн. Мөн хариуцагч *******гээс шилжүүлсэн баримтад нэмэлт ажлын төлбөр, гэрээнд заагдаагүй ажлын төлбөр гэх төлбөрүүд тусгагдсан. Энэ нь ХХК-ийн өгсөн талбайн даалгавраар нотлогддог. Дундын 5 хувийн барьцаа хэсэгт нийт гүйцэтгэлийг оруулаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч авч үлдээгүй барьцааг шүүхээс хангаж шийдвэрлэсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 349,809,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн гэсэн үндэслэлээр 49,981,884 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр илэрсэн зөрчлийг хэвийн байдалд оруулахад гарах зардал 131,372,507 төгрөг, нийт 181,364,391 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлтийг зөвтгөн залруулах боломжтой.
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тэй 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, -ийн дотор блокон ханын өрлөгийн ажил, блокон ханын шавардлагын ажлыг 70 хоногийн хугацаанд 334,572,814 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, /1.х.х-ийн 10-13/
3.2. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэлийн ажлын гэрээ байгуулж:
3.2.1. Гадна дотор хана, хамар ханын өрөг, угсралт ажил:
А/ Гадна ААС хөнгөн блокон өрөг
Б/ Дотор ААС хөнгөн блокон өрөг
В/ Дотор тоосгон өрөг
3.2.2. Дотор шавардлага ажил:
А/ Гадна ААС блокон хана, ЦТБ ханын дотор шавардлага
Б/ Дотор ААС блокон хана, ЦТБ ханын дотор шавардлага
В/ Дотор баганын тэгшилгээ шавардлага
Г/ Цонхны амалгаа шавардлага
3.2.3. Төслийн талбайд гүйцэтгэх ажил:
А/ Түр цахилгааны монтаж, ашиглалтын төлбөр тооцоог бүрэн хариуцна.
Б/ Түр цэвэр бохир усны холболт угсралт төлбөр тооцоог бүрэн хариуцна.
В/ Төлсийн талбайн харуул хамгаалалтыг бараа материалын бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Г/ Төслийн ХАБЭА, БО-бодлого баримт бичгийн дагуу төслийн нийт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцна.
Д/ Төсөлд оролцогч туслан гүйцэтгэгчийн ажлын талбайг бэлтгэж өгөх, шаардлагатай үндсэн багаж тоног төхөөрөмжөөр хангах.
Е/ Төслийн талбайн эмх цэгц хог хаягдлын зөөвөр тээврийг бүрэн хариуцна.
3.2.4. Барилга угсралтын ажил:
А/ Дотор 2 үе гипсэн хана угсралт /120 мм зузаан чулуун хөвөн дуу тусгаарлагчтэй /Basaltwool/-100 мм зузаан/
Б/ Гипсэн тааз угсрах
В/ Шалны ажил /1-12 дугаар давхрын бетон шалны тэгшилгээ 100 мм, керамик хавтанцар, хулдаасан шал, паркетан шал/
Г/ Шатны ажил /хиймэл чулуун хавтан, тэгшилгээн шавардлага, төмөр шат, бариул, модон хөндлөвч/
Д/ Хаалга суулгалт /гадна хаалга, дотор хаалга, гараж хаалга, цоож хэрэгсэл суулгалт/
Е/ Гадна заслын ажил /фасадны хөнгөн цагаан хавтас АСР угсрах ажил, полистрол хавтан дулаалгатай, тортой шавардлага, грунт, чулуутай эмульс/
Ё/ Дотор заслын ажил /ханын засал, таазны засал/
Ж/ Бусад ажил /гал тогооны тавилга, бетон хаяав, төмөр бетон гадна довжоо, пандус цутгалт, пандусны ханын өрөг,
З/ Гадна тохижилтын ажлуудыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 762,849,955 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 17-23/
4. Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь Иргэний хуулийн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар захиалагч *******д гэрээгээр тохирсон ажлыг чанарын болоод эрхийн доголдолгүй барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
Энэ талаар тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Талууд дээрх ажлыг нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн талаар маргаагүй, харин захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ зөрчсөн, мөн ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх талаар тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг БнБД 31-10-05, БНбД 53-02-05, БНбД чанарын шаардлага хангасан, өргийн чанар сайн гэж тэмдэглэж, Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн акт, Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, Заслын ажил гүйцэтгэсэн акт, Хаалга, цонхны ялуу суулгасан акт, Шалны ажил гүйцэтгэсэн акт, Гипсэн ханын ажил гүйцэтгэсэн акт тус тус үйлдэж, захиалагч *******г төлөөлж тус барилгад хяналт тавьж байсан ХХК-ийн инженер , , барилгын инженер , , , зохиогч инженер , нар хүлээж авсан байна. /2.х.х-ийн 50-114/
Тодруулбал, захиалагч *******гийн өмнөөс эрх бүхий этгээд ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагчид хүлээлгэн өгчээ.
Иймд, захиалагч буюу хариуцагч *******г Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах гэж зааснаар гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсанд тооцно.
5. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан.
5.1. Талуудын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр ******* нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор 133,829,126 төгрөг, ажлын явц 70 хувьд хүрэхэд 100,371,844 төгрөг, ажил гүйцэтгэгч акт үйлдэж засварын ажлыг хүлээлгэн өгсөнөөс хойш 100,371,844 төгрөгийг гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч ХХК-д төлөх,
5.2. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төслын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэлийн ажлын гэрээгээр ******* нь гэрээнд гарын үсэг зурагдсанаар 305,139,982 төгрөг, сар бүрийн төслийн тайлан хүргүүлснээр 5 сарын хугацаанд сар бүр 45,770,997.30 төгрөг, сүүлийн санхүүжилтийн тайлан хүргүүлснээр 152,569,991 төгрөг, улсын комисст хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөр 38,142,497.75 төгрөг, улсын комиссын акт гарснаас хойш 3 жилийн дараа баталгааны төлбөр 38,142,497.75 төгрөгийг тус тус гүйцэтгэгч ******* ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь ...шинжээчийн дүгнэлт, ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.
Анхан шатны шүүх хариуцагч *******г шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтуудаас зөвхөн өөрийн татгалзлыг нотлоход дэмжлэг үзүүлэх баримтыг шүүхэд ирүүлж, бусад баримтыг ирүүлээгүйн улмаас шинжээчийн дүгнэлтийг үнэ зөв гараагүй гэсэн үндэслэлээр үнэлэхээс татгалзсан нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн захирамжид заасан баримтыг хариуцагч нь бүрэн ирүүлээгүй хэдий ч Барилгын хөгжлийн төв нь нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй тэрхүү баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч үүнийг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул зохигч нарыг шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй гэж үзэж, улмаар уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлнэ. /2.х.х-ийн 3, 4, 203-208/
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авч, Барилгын хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцнэ гэж үзлээ.
7. Зохигч нарын байгуулсан хоёр гэрээний нийлбэр дүн нийт 1,097,422,769 төгрөг бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас нэхэмжлэгчид 1,064,194,868 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.
Мөн банк хоорондын гүйлгээний баримт болон ******* ХХК-ийн Хаан банк ХК дахь тоот дансны хуулгаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 45,104,908.89 төгрөгийг иргэн *******гийн барилгын нэмэлт ажлын төлбөр гэх утгаар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 65,642,598 төгрөгийг иргэн *******гийн барилгын нэмэлт ажлын төлбөр гэх утгаар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 110,747,506 төгрөгийг нэмэлт ажлын хөлсөнд шилжүүлсэн байна. /2.х.х-ийн 32, 3.х.х-ийн 27, 29/
Иймд, хариуцагчийн нийт төлсөн гэх 1,064,194,868 төгрөгөөс талуудын гэрээгээр тохиролцоогүй боловч нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 110,747,506 төгрөгийг хасаад хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 05 болон 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнүүдийн үүрэгт 953,447,362 төгрөг төлсөн гэж үзнэ.
Хариуцагч нь дээрх хоёр гэрээний үүрэгт 1,097,422,769 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 953,447,362 төгрөгийг хасаад гэрээгээр тохиролцсон ажлын төлөгдөөгүй хөлс 143,975,407 төгрөг дээр барьцаа төлбөр 38,142,497.75 төгрөг, баталгааны төлбөр 38,142,497.75 төгрөгийг нэмээд нийт 220,260,401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасанд нийцнэ.
Тодруулбал, зохигчийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар хавсралтад барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөр 38,142,497.75 төгрөг, улсын комиссын акт гарснаас хойш 3 жилийн дараа баталгааны төлбөр 38,142,497.75 төгрөгийг тус тус буцаан төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн авсныг үндэслэн эдгээр мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч ******* ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлыг 92.67 хувийн гүйцэтгэлтэй, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2015-РОЗ тоот гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлын гипсэн хана угсрах ажлыг 99 хувь, энгийн гипсэн хавтан угсрах ажлыг 95.3 хувь, усны хамгаалалттай гипсэн хавтан угсрах ажлыг 94.3 хувь, ажлын хавтан угсрах ажлыг 99.7 хувь, 100*50 профил төмөр угсрах ажлыг 99.4 хувь, 100*40 профил төмөр угсрах ажлыг 99.3 хувь, 38*12 төмөр угсрах ажлыг 98.8 хувь, шалны бетон тэгшилгээний ажлыг 96.7 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгсөн, мөн тайланд тусгагдсаны дагуу 200.79 м.кв талбайд шавардлага хийх, 231.79 м.кв талбайд замаск татах, 31 м.кв талбайд гипсэн хана угсрах, 583.53 м.кв талбайд будаг будах, 146.35 м.кв талбайд обой дахин наах ажил хийгдэх ба уг ажлыг гүйцэтгэхэд нийт 131,372,507 төгрөгийн зардал гарна гэжээ. /2.х.х-ийн 203-216/
Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, мөн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн зохигч талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргийн зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхгүй.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон алданги 40,185,922 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон алданги 38,142,977.15 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасан.
9.1 Шинжээчийн дүгнэлтээр 200.79 м.кв талбайд шавардлага хийх, 231.79 м.кв талбайд замаск татах, 31 м.кв талбайд гипсэн хана угсрах, 583.53 м.кв талбайд будаг будах, 146.35 м.кв талбайд обой дахин наах ажил хийгдэх ба уг ажлыг гүйцэтгэхэд нийт 131,372,507 төгрөгийн зардал гарна гэсэн байх тул үүнийг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол гэж үзэх тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
9.2. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд ханын шаврын ажлаас дутуу хийгдсэн ажлын тоо хэмжээ 7,850,150 төгрөгийн, гипсэн хана угсралтын ажлаас дутуу хийгдсэн ажлын тоо хэмжээ 43,496,405.90 төгрөгийн, шалны бетон тэгшилгээний дутуу хийгдсэн ажлын тоо хэмжээ 4,932,519.46 төгрөгийн, нийт 56,279,075 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.
Үүнээс гадна талуудын үлдэгдэл ажлын тооцоо гэсэн баримтаар гипсэн хамар хана угсрах ажил, мөн шалны бетон тэгшилгээний ажлыг гүйцэтгэхэд газар зардлыг нийт 48,428,925 төгрөг болохыг нэхэмжлэгч ******* ХХК-ийн инженер нь уг актад гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /2.х.х-ийн 18-19/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас гипсэн хамар хана угсрах ажил, мөн шалны бетон тэгшилгээний ажлыг дутуу гэдгээ зөвшөөрч байжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаас 131,372,507 төгрөгөөс гадна 56,279,075 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч нь 49,987,884 төгрөгийг нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ******* ХХК-аас нийт 181,364,391 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 160 дугаар зүйлийн 160.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 220,260,401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 129,549,225 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас 181,364,391 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгосугай гэж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,189,899 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,259,252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,064,772 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,010,064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР