| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/79 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Б.Хурц,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Хөлст овогт Г.Сд холбогдох эрүүгийн 1907002110085 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, зэвсэгт хүчний 014 дүгээр ангид эксковаторчин, жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух, Хөлст овогт Г.С /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гордокын зүүн талын засмал замд өөрийн эзэмшлийн 4931 УНБ улсын дугаартай Тоёота кроун маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас засмал замаас гарч, машинд зорчиж явсан зорчигч Х.Борын биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдрийн өглөө 6 цагт Төв аймгийн Эрдэнэ сумаас манай эгчийн нөхрийн ээжийг хүүтэй нь хамт аваад гарсан. Тэгээд городокод 7 цагийн үед орж ирэхэд зам халтиргаатай байсан учир замын хажуу руу орсон. Бэртсэн 2 хүүхдээ аваад Налайхын эмнэлэг ороод тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэг дээр очиж хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэг дээр байхад Налайхын цагдаагаас ирж мэдүүлэг авсан. Би 40-60 км цагийн хурдтай явж байсан ч ардаа хөтлөгчтэй болохоор шидэгдчихсэн. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумаас төрсөн эгч болох Пүрэвсүрэнгийнхээс эгчийн хадам ээж болох Бор, Бор эгчийн ач болох Баянмөнх нарын хамтаар Налайх руу өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 49-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан. Тэгээд 07 цагийн орчимд Гордокын урд талын эргэлтэн дээр миний машины хойд тал шарваад тэгээд замын хажуу руу орсон. Тэгээд эмнэлэг цагдаад мэдэгдээд байж байтал Бор эгчийн дугаар сарын 29-ний өдөр эмч нарын баяр тэмдэглэхээр одоо хамт сурч байгаа хүүхэд Налайхаас ирээд бид хэдийг аваад Налайхын эмнэлэг оруулсан. Урд шөнө нь жоохон цас орсон байсан учир замын гадаргуу гулгаатай байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/
Хохирогч Х.Борын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 07 цагийн орчимд манай хүүгийн эхнэрийн дүү Г.С Төв аймгийн Эрдэнэ сумаас намайг очиж аваад Налайх руу явцгаасан юм. Тухайн үед миний зээ хүү Баянмөнх, Г.С бид 3 явцгаасан. Ингээд Налайх дүүргийн 5 дугаар хороо Гродок орчимд явж байтал гэнэт автомашин гулгаад ямар ч жолоодлогогүй болж, гулгаад тэрхэн зуур замын хажуу руу орчихсон. Тэгээд би автомашинаас буугаад утсаар хүүхдүүдээ дуудаж эмнэлэг орсон. Тухайн үед машин их хурд багатай 30-40 км/цагийн хурдтай явсан. Яг нойтон цас дөнгөж орж байсан тул гулгаад замын хажуу руу орчихсон. Г.С тухайн үед цоо эрүүл байсан гомдол, санал байхгүй. Миний эмчилгээний зардал, хохирлыг бүрэн төлсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Л.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.С манай ахын эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Харин Бор миний ээж. Баямөнх миний төрсөн хүү. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой манай ээж Бор, миний хүү Баянмөнх нарыг аваад Төв аймгийн Эрдэнэ сум руу очиж хоноод маргааш өглөө нь ирж яваад зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Миний хүү Баянмөнх одоо 4 настай. Тухайн үед Баянмөнхийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Харин манай ээж Борын биед л гэмтэл учирсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг 30 минутын үед Төв аймгийн Эрдэнэ сумаас Налайх явахаар эгчийн хадам ээж Борын хамтаар өөрийн эзэмшлийн 49-31 УНБ улсын дугаартай, Тоёота кроун маркын автомашиныг жолоодож явсан. Ингээд 07 цаг 10 минутын орчимд Налайх дүүргийн 5 дугаар хороо Гродок руу орж ирж байсан. Тэгээд эргэх үйлдэл хийх үед автомашины дугуй зам дээр тогтсон цасан дээр хальтраад шарвасан. Тэгэхэд би тормоз гишгэвэл эргээд осолдож магадгүй гээд дараад гарчихъя гэсэн бодолтой дарсан боловч замаас гарчихсан. Энэ үед тормоз гишгэсэн боловч гулгасан эрчиндээ замын хажуу руу орж автомашин замын хажуу руу унаж осол гарах болсон юм. Би осол гарсны дараа Бор эгч нуруу гэмтчих шиг боллоо гэхээр нь эмнэлэг дуудтал удаад ирэхгүй байхаар нь хүүхдүүдийг нь дуудаад өөрсдөө эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгтэл эмнэлэг дээр цагдаа нар хүрч ирээд хэргийн газрын үзлэг хийхээр намайг дагуулж явсан юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.С нь миний дүү байгаа юм. Бор нь манай хадам ээж. Манай дүү Г.С нь дөлгөөн тайван зантай, их сэргэлэн, олон дундаа нэр хүндтэй, ямар нэгэн хэрэгт орооцолдож байгаагүй, элдэв гаж буруу зуршилгүй, архи, тамхи огт хэрэглэдэггүй, ямар нэгэн зан харьцааны хувьд доголдолгүй, ээж Хандсүрэнгийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Ч.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бор нь манай худ буюу манай хүргэний төрсөн ээж. Г.С бол миний бага хүү юм. Миний хүү Г.С нь их ажилсаг, төлөв даруу, зорьсондоо хүрэх эрмэлзлэл өндөртэй, бусадтай эвтэй, сурлага хүмүүжил сайтай, архи дарс, тамхи хэрэглэдэггүй, 10 жилдээ шилдэг сурагч болж ангийн дарга хийж байсан, хамт олон, найз нөхөд дундаа нэр хүндтэй, бусдыг манлайлан үргэрлэн дууриалах чадвартай, өөрийгөө илэрхийлэх, бусадтай ойлголцохдоо сайн, ер нь бол маш сайн хүү байгаа юм. Ар гэртээ, ээждээ, эгчдээ их тусч, ямар нэгэн онгироо, увиагүй зан байдаггүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5323 дугаар:
“1. Х.Борын бие сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08шэ/265 дугаар:
“1. Б.Баянмөнхийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/
Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар: Тоёота кроун маркийн 49-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно гэх албан тоот /хх-33 дугаар хуудас/
Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар:
1. Жолооч Г.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
2. Осол гарсан замын гадаргуу ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бөгөөд замын гадаргуу нь нойтон гулгаатай байсан нь осол гарахад нөлөөлсөн боловч осол гарах шууд шалтгаан болоогүй байна.
3. Дүгнэлт гаргах явцад өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэх дүгнэлт /хх-38 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу ү-зэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гордокын зүүн талын засмал замд өөрийн эзэмшлийн 4931 УНБ улсын дугаартай Тоёота кроун маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа засмал замаас гарч, машинд зорчиж явсан зорчигч Х.Борын биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдрийн өглөө 6 цагт Төв аймгийн Эрдэнэ сумаас манай эгчийн нөхрийн ээжийг хүүтэй нь хамт аваад гарсан. Тэгээд городокод 7 цагийн үед орж ирэхэд зам халтиргаатай байсан учир замын хажуу руу орсон. Бэртсэн 2 хүүхдээ аваад Налайхын эмнэлэг ороод тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэг дээр очиж хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэг дээр байхад Налайхын цагдаагаас ирж мэдүүлэг авсан. Би 40-60 км цагийн хурдтай явж байсан ч ардаа хөтлөгчтэй болохоор шидэгдчихсэн. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Х.Борын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Городок орчимд явж байтал гэнэт автомашин гулгаад ямар ч жолоодлогогүй болж, гулгаад тэрхэн зуур замын хажуу руу орчихсон.....” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой манай ээж Бор, миний хүү Баянмөнх нарыг аваад Төв аймгийн Эрдэнэ сум руу очиж хоноод маргааш өглөө нь ирж яваад зам тээврийн осолд орсон юм....” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5323 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/265 дугаар, Замын Цагдаагийн Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Сд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар явуулахад яллагдагчийн эрх үүргийг эдлүүлсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс Хөлст овогт Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Сд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн хүрээнд нь түүнд 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөлст овогт Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД