| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/00475/И |
| Дугаар | 210/МА2025/00246 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00246
С.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/04550 дугаар шийдвэртэй,
С.*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-нд холбогдох,
252,839,360 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болон даалгаврын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-ийн захирал М.*******аас олгосон итгэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөн хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, даалгаврын гэрээ байгуулсан.
Миний бие энэхүү гэрээгээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, хороолол, ын орон сууцны 2014 оны 05 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс захиалагчид учирсан 592,797,868 төгрөгийн хохирлы барагдуулахаар Иргэний хэргийн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шийдвэр гаргуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд;
Нэгдүгээрт, ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжилсэн 592,797,868 төгрөгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх 118,559,573 төгрөгийн үнэ бүхий орон сууц,
Хоёрдугаарт, 2 дахь ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд 50,000,000 төгрөгийн үнэ бүхий 1-2 өрөөтэй 1 ширхэг орон сууцыг авахаар тохиролцсон.
Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 101/ШШ2019/03574 тоот дугаартай шийдвэр гарч, хариуцагч ХХК-иас 316,904,312 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн ******* сум, 11 дүгээр баг, хороолол нэртэй ын Б блокын 1 дүгээр орцны 8 дугаар давхар 2 орон сууц гаргуулж өгсөн.
Өөр хүний нэр дээр шилжсэн байсан орон сууцыг эзэнтэй нь тохиролцож байгаад ХХК, Б. нартай гурвалсан тохиролцоонд хүрсэн. Тэгээд 2 орон сууцыг миний бие шүүхийн журмаар гаргуулж өгсөн. Харин нэг орон сууцыг Д.гийн нэр дээр гарчихсан байсан тул татгалзаад орон сууцны үнэ 75,240,000 төгрөгийг гаргуулсан. ХХК-иас 316,904,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд өгөхөөр шийдвэрлэж байсан. Тэгээд 316,000,000 төгрөгийг өгнө, орон сууцуудыг өгсний дараа шийдье гэсэн гээд хүлээж байсан.
Ингээд намар М.******* захирал гэнэт зуурдаар нас барсан ба эхнэр, охин хоёр нь хариуцаад явж байсан. Харин Р. захирал хэлсэн гэрээгээ сунгахгүй өөр хүнд итгэмжлэл өгсөн. Энэ өдрөөс эхлэн миний хувьд ******* ХХК-г цаашид төлөөлөх эрх цуцлагдсан учир төлөөлөх эрх дуусгавар болсон.
Иймд, хөлсөөр ажил үүрэг гүйцэтгүүлсний хөлс 118,559,573 төгрөгийг даалгаврын үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэсний хөлс болох 50,000,000 төгрөг, торгууль 84,279,787 төгрөг, нийт 252,839,360 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
С.*******э нь нэг хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт 2 гэрээ байгуулан төлбөр тооцох нь үндэслэлгүй юм. Даалгаврын гэрээний 1.5-д Гүйцэтгэгч тал тухайн компанийн хохирлыг захиалагчийн талд бүрэн гаргуулсан тохиолдолд ажлын хөлсийг авах эрхтэй гэж заасан. Гэрээнд хохирлыг бүрэн гаргуулсан тохиолдолд хөлс төлөхөөр зохицуулсан байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч ******* ХХК төлбөр төлөгч ХХК-д холбогдох хэрэгт С.*******ээс татгалзаагүй болно.
Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, 14.1.2 дахь заалт үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах гэж заасан.
Гэтэл өмгөөлөгч С.*******э нь үйлчлүүлэгчдээ аливаа үйл ажиллагааны талаар мэдэгдэх, мэдээллийг тухай бүр өгөх үүргээ хэрэгжүүлээгүй атал өөрөөс нь татгалзсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эцэст нь ХХК-иас манай компанийн хохирлыг барагдуулаагүй байх тул дээрх даалгаврын гэрээний 1.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.*******э нь төлбөр авах эрхгүй байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ, даалгаврын гэрээний зорилго, агуулга, зохицуулалт, гэрээгээр гүйцэтгэж буй үүрэг зэрэг нь дээрх хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан. Манай компани хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсан. Гэтэл С.*******э нь өөрөө тайлбартаа 2024 онд өмгөөлөгчийн эрхээ авсан гэсэн байх тул тухайн үед хуульч биш, өмгөөлөгч биш байсан байж, өмгөөлөгч, хуульч гэж худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлсэн.
Хуульчийн зөвшөөрөлгүй, өмгөөлөгчийн эрхгүй байж, бидэнд худлаа хэлж, бодит байдал дээр байж боломгүй өндөр үнээр өмгөөллийн ажил хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, даалгаврын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийг ойлгохгүй байгаа. ...М.*******д та надад итгэмжлэл өгчих, итгэмжлэл өгчихвөл би таны талд шийдвэр гаргуулж өгье гэсэн.
...Тэгээд М.******* захирал би чамд итгэж байна, 316,000,000 төгрөгийг аваад өгвөл би талыг нь ч гэсэн чамд өгөхөд болж байна гэж хэлж байсан. Би тэр хамаагүй. Өөрөө хийсэн гэрээнийхээ дагуу мөнгөө өгвөл болно л гэж би хэлж байсан. Тэгээд энэ ажлыг нь хийж гүйцэтгэсэн. Бүх ажлыг нь ямар ч маргаангүйгээр хийсэн. Ямар ч байсан М.******* захирал намайг эрх зүйч гэдгийг мэдэж байж надад итгэмжлэл өгсөн. Хүлээн зөвшөөрсөн. Миний амжилтыг үнэлсэн. Тэгээд чиний тэр хуульч өмгөөлөгч байхгүй ч байсан хамаагүй чи энийг яг энэ эд хөрөнгийн маргаан дээр чи гаршчихлаа, чи 7, 8 айлын байрыг аваад өгчихсөн байна. Тийм учраас би чамайг л явуулмаар байна гээд надад өөрөө итгэмжлэл өгсөн. Би өмгөөлөгч гэж хууран мэхэлсэн бол хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийх байсан. Би хөлсөөр ажиллах гэрээ, даалгаврын гэрээ хийнэ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэж хийж болохгүй гэж хэлэхэд ойлгож байна, чамд итгэмжлэл өгөөд чи тэгээд ажил үүргээ гүйцэтгэ гэсэн гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******эд олгон, үлдсэн 152,839,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн даалгаврын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,422,147 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 963,615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******эд олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Даалгаврын гэрээний нэгдүгээр хэсэг бүрэн биелэгдсэн гэж үзсэн тухайд
Нэхэмжлэгч нь ХХК-аас хохиролд хөлсөөр ажиллах гэрээний дагуу 592,797,868 төгрөг, даалгаврын гэрээгээр 478,037,312 төгрөг нэхэмжлэх ёстой байсныг хариуцагч болох манай ******* ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 437,736,468 төгрөг болгон бууруулан нэхэмжилсэн. Улмаар тус хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03574 дугаартай шийдвэрээр ХХК-аас ******* ХХК-нд 316,904,312 төгрөгийг гаргуулж, 120,832,156 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээний үнийн дүнгээс тооцвол 275,893,556 төгрөгийг хангуулж чадаагүй.
Дээрх хоёр гэрээний заалтуудыг авч үзвэл талуудын тохиролцоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл бүрэн хангагдаж, тус төлбөр нь компанид бүрэн орж ирсэн цагт л талууд гэрээг дүгнэсний эцэст төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэтэл шүүхээс компанийн хохирол бүрэн барагдаагүй байхад нэхэмжлэгчийг даалгаврын гэрээний 1 дэх ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/8645 дугаар албан бичгээр ...Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлд ХХК болон иргэн О. нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн байна гэж дурдсан. Өөрөөр хэлбэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болоод захиран зарцуулах эрх бодитойгоор хариуцагчид шилжээгүй байхад компанийн хохирол бүрэн барагдсан гэж үзэх боломжгүй.
2. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээг цуцалсан гэж дүгнэсэн тухайд :
Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч Б.*******д итгэмжлэл олгосон үйл явдлыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 дэх хэсэг заасны дагуу даалгаврын гэрээг цуцалсан байна гэж дүгнэсэн. Гэтэл Б.*******д олгосон итгэмжлэлд Б.*******г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэмэлтээр оролцуулах эрх олгосон болохоос биш С.*******ээс татгалзсан зүйл байдаггүй. Гэтэл шүүхээс талуудын маргаантай байгаа байрь суурийг нягтлан тодруулалгүй, хэт нэг талын тайлбарыг үндэслэн итгэмжлэлээс татгалзсан мэт шийдвэрээ гаргасан гомдолтой байна.
Анхан шатны шүүх хариуцагчийг Б.*******д итгэмжлэл олгосон төдийхнөөр даалгаврын гэрээг цуцалсан гэж дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнээс хальж шийдсэн тухайд:
С.*******э нь нэхэмжлэлийн үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээ болон даалгаврын гэрээний дагуу гэж тус тусад нь шаардаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлээс хальж, ...Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3 дахь заалтад зааснаар даалгаврын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зохигчид хөлсөөр ажиллах гэрээний мөнгөн хэлбэрээр хөлс төлөх өмнөх үүргийг 2 орон сууцаар төлөхөөр үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч даалгаврын гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байхад анхан шатны шүүх даалгаврын гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
4. Шүүх хуралдаанд хариуцагчийн биечлэн оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй тухайд: 2024 оны 11-р сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Л.Энхтайванд огт мэдэгдээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар товыг мэдэгдвэл зохих этгээдүүдэд хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдээгүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй. Талуудын хоорондын маргаан ээдрээ төвөгтэй, өндөр үнийн дүн бүхий маргаан байхад шүүх хэргийг талуудын тайлбар мэтгэлцээний үндсэн дээр тал бүрээс нь бүрэн шинжлэн судалсны эцэст шийдвэрлэгдээгүйд гомдолтой байна.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ болон даалгаврын гэрээний агуулгыг харвал нэхэмжлэгч нь хариуцагчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны шинж чанартай үйлчилгээг үзүүлсэн байна. Монголын Хуульчдын Холбооны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/977 дугаар албан бичгээр нэхэмжлэгч С.*******э нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуульч болсон нь тогтоогдож байна. Даалгаврын гэрээний нийтлэг заалтад 478,037,312 төгрөгийг 31.5 хувьтай тэнцэхүйц 150,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байрыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон байдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4 дүгээр зүйл хууль зүйн үйлчилгээний хөлс зардал, энэ зүйлийн 5 дах хэсэгт Хамааралт хөлсний дээд хэмжээ тухайн үйлчилгээний үр дүнгийн 30 хувиас илүүгүй байна гэж заасантай харшилсан. Өөрөөр хэлбэл, хуульч, өмгөөлөгчийн тусгай зөвшөөрөлгүй этгээд хөлсөөр ажиллах гэрээ, даалгаврын гэрээ гэсэн халхавчаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг үзүүлж, ******* ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан хамааралт хөлсний хэмжээг хэтрүүлж авсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байтал анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/04550 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Би, дур мэдэж нэхэмжлэлээ багасгаагүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03574 дугаартай шийдвэрээр хоёр орон сууц, мөнгөн дүнгээр 316,000,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсан боловч бид нар авсан. Нэг орон сууцны гэрчилгээ нь н.гийн нэр дээр гарч, энэ хүн хууль ёсны шударга өмчлөгч учраас тохиролцох боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд 75,240,000 төгрөг авахаар болсон. 241,000,000 төгрөг дээр нэг орон сууцны үнэ нэмэгдээд 316,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хоёр орон сууцыг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Миний бие өөрөө ******* аймаг руу явж гэрчилгээг нь өгсөн. Мөн 2023 оны 8 дугаар сард орон сууцны барьцааны асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед би эрх зүйч мэргэжилтэй байсан. н.******* захирал намайг дуудаж уулзаад, чамайг компанийн өр, авлагыг барагдуулах хүнээр явуулмаар байна гэж хэлсэн бөгөөл надаас чи өмгөөлөгч үү гэж асуухад эрх зүйч мэргэжилтэй гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.*******э нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан 252,839,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болон даалгаврын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. С.*******э нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-тай хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулж, тус компанийн 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу учирсан 592,797,868 төгрөгийн хохирлыг барагдуулахаар иргэний хэргийн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, ажлын хөлсөнд 118,559,573 төгрөгийн үнэ бүхий орон сууц авах, шүүхийн шийдвэр гарснаар гэрээний хугацаа дуусгавар болох, /х.х-ийн 9-10/
3.2. Талууд мөн өдөр даалгаврын гэрээ нэртэй гэрээ байгуулж, дээр дурдсан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-нд холбогдох иргэний хэрэгт шүүхийн шат /нэгдүгээр шат/-нд 478,037,312 төгрөг гаргуулах ажиллагааг хариуцаж ажиллах, уг ажлын хөлсөнд 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц авах, түүнчлэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа /хоёрдугаар шат/-нд оролцож хариуцан ажиллах, энэхүү ажлын хөлсөнд 50,000,000 төгрөгийн үнэ бүхий 1-2 өрөө орон сууц тус тус авах, /х.х-ийн 11-13/
3.3. Улмаар С.*******э нь ******* ХХК-ийг төлөөлөн ХХК, Б. нарт холбогдуулан ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, хороолол хотхон , б блок, 1 дүгээр орц, 8 дугаар давхрын 30 тоот хаягт байрлах 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, 14 дүгээр давхрын 15 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, мөн 437,736,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
3.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03574 тоот шийдвэрээр ХХК-аас 316,904,312 төгрөг гаргуулж ******* ХХК-нд олгож, алданги 152,839,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн дээрх 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 17-23/
Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх нэртэй байгуулсан гэрээний хөлс 118,559,573 төгрөг төлөх тухай тохиролцоог зохигчид даалгаврын гэрээгээр нийт 150,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр өөрчилсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажиллагч этгээд тохиролцсон ажлыг хариуцан ажиллах үйл ажиллагаа байдаг бол мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний заавраар тодорхой үйлдэл хийж, хэрэв тохиролцсон бол зохих хөлс авах харилцаа үүсдэг байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С.*******э нь хариуцагч ******* ХХК-ийн нэрийн өмнөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлж оролцсон байх боловч түүний ажил үүрэг нь даалгавар буюу заавар биелүүлсэн шинжгүй, харин өөрийн эрх зүйч мэргэжилд тулгуурлан шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцож, гэрээ болон хуульд заасан үйл ажиллагааг хариуцан ажиллах үүргийг хүлээжээ.
Тиймээс зохигч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
5. Харин давж заалдах шатны шүүх ******* ХХК-ийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар, гомдлыг хүлээн авахгүй. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, аль эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч С.*******э нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байх цаг хугацаанд тэрээр хуульч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан боловч эрх зүйч мэргэжилтэй хүн хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хориглосон хэм хэмжээ байхгүй. /х.х-ийн 126/
Мөн зохигчийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр зүйлд ...Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож... гэж заасны дагуу талууд гэрээнд заасан ажлыг итгэмжлэлийн үндсэн дээр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Иймд, нэхэмжлэгч С.*******ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхгүй.
6. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ажиллагч С.*******э нь ажиллуулагч ******* ХХК-ийг хотхоны 15, 30 тоот хаягт байрлах хоёр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 61 тоот хаягт байрлах орон сууцны үнийг гаргуулах, мөн үлдэгдэл төлбөр гаргуулах зэрэг нийт 478,037,312 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцаж ажилласнаас шүүхийн шийдвэрээр ХХК-аас 316,904,312 төгрөг гаргуулж, 161,133,000 төгрөг /89,325,000+71,808,000/-ийн үнэ бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаагаас үзвэл 478,037,312 төгрөг /89,325,000+71,808,000+316,904,312/-ийн шаардлага хангагдсан байх тул зохигчийн гэрээгээр тохиролцсон нэгдүгээр шатны ажил үйлчилгээ биелэгдсэн гэж үзнэ.
Тодруулбал, энэхүү хөлсөөр ажиллах гэрээний 3.1-т ...нэгдүгээр шатны ажлыг амжилттай гүйцэтгэсний хөлсөнд 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц өгнө... гэж тохирсон учир хариуцагч ******* ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******эд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй.
Хэдийгээр тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц өгөхөөр тохирсон байх боловч нэхэмжлэгч нь мөнгө нэхэмжилснийг буруутгахгүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй ******* аймаг, ******* сум, 11 дүгээр баг, хороолол, 10б байр, 30 тоот хаягт байрлах 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй тус байрны 15 тоот хаягт байрлах 59.84 м.кв талбайтай орон сууцнууд ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ. /х.х-ийн 83-84/
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан хөлсөөр ажиллах гэрээний 1 дэх ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болоод захиран зарцуулах эрх бодитоор хариуцагчид шилжээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
7. Зохигчид хариуцагч ******* ХХК-ийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.*******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь нэхэмжлэгч С.*******этэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан эсэх талаарх маргаан нь түүний гэрээгээр тохирсон нэгдүгээр шатны ажлыг хийж гүйцэтгэсний хөлс гаргуулж шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хоёрдугаар шат буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг зохих ёсоор хариуцан гүйцэтгэсэн эсэхээс үл хамаарч түүнд нэгдүгээр шатны ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсийг олгохоор зохигчид гэрээгээр тохирсон байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж ажлын хөлсөнд 168,559,573 төгрөг, алданги 84,279,787 төгрөг, нийт 252,839,360 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх нэгдүгээр шатны ажлыг хийсэн гэсэн үндэслэлээр хариуцагчаас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан.
Хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан баримтаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн 99090410 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...надаас татгалзсан, бичгээ өгсөн болов уу, би дамжуулж хэлье... гэж хариу өгсөн ба хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гаас татгалзаагүй байна. /х.х-ийн 32, 67, 95, 135/
Мөн дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул шүүх хуралдаанд хариуцагчийн биечлэн оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэсэн гомдол үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжилсэн байхад уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/04550 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтад 399 дүгээр зүйлийн 399.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-ийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, даалгаврын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,621,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР