Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Эт холбогдох эрүүгийн 1907000260063 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 2, ээжийн хамт, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 17а-2 тоотод албан ёсны бүртгэлтэй, одоо Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Дамдин 71 тоотод түр оршин сууж байгаа, урьд

2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сар хорих,  

2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан, Боржигон овгийн Д.Э /РД: **********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Фоор бласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулахад хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа агуулахын хашаанд байсан 150 ампер цагийн хүчин чадалтай, Атлас маркийн 3 ширхэг аккумуляторыг авч яван бусдад зарж, “Фоор бласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 454,410 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Ажиллаж байхдаа 3 аккумлятор зарсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэгт холбогдсноос хойш архи уухгүй, ажил эрхэлж амьдарч байгаа байдлыг харгалзан хөнгөн шийтгэж өгнө үү ” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн үед жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор архи ууя гэж санаад аккумляторыг нь зарчихаад буцаагаад цалин буухаар адилханыг аваад тавьчихья гэж санасан юм. Надад өөр ямар нэгэн санаа бодол байгаагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52 дүгээр хуудас/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай “Фоор Бласт” ХХК-ийн тэсрэх материалын агуулах нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм. Манай байгууллага нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Сүм Их Бүрд” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаад манай агуулахыг 24 цагийн хугацаагаар тогтмол харж, манаж байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай “Фоор Бласт” ХХК-ны агуулахын манааны байранд автомашинаас нь салгаад тавьсан байсан том оврын ачааны автомашины 3 ширхэг 150 ампертай Атлас гээд хар өнгийн аккумлятор алдагдсан байсныг манай жолооч Батмөнх мэдээд надад мэдэгдсэн. Үүний дагуу би тэр даруйд нь манай хамгаалалтыг хариуцаж байсан “Сүм Их Бүрд” ХХК-ны Есөн-Эрдэнэ хамгаалалтын албатай холбогдож уг байдлыг мэдээлсэн. Би өөрөө тухайн агуулах дээр очоогүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Нямрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Э бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Налайх дүүргийн 3 дугаар хороо “Фоор Бласт” ХХК-ний агуулах дээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамт ажилласан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Э ажлаа хийж байгаад би Налайх орчихоод утасны симээ сэргээчихээд ирье гээд явчихаад ирээгүй. ...Дарга нарыг явсны дараа би харуулынхаа путекэнд ороод хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд 18 цагийн орчимд агуулахын хашаанд байдаг компанийн жолооч ирээд дотор оруулаад тавьсан байсан автомашины 3 ширхэг аккумлятор хаана байна гээд нэхэхээр нь би мэдэхгүй байна гэдгээ хэлээд камер шүүж үзэхэд Д.Э намайг унтаж байхад 17 цагийн үед гадаа саарал өнгийн Приус 20 маркын автомашинтай цоохор дээлтэй хүнтэй хамт орж ирээд өөрийнхөө хувцас, 3 ширхэг аккумлятор аваад гарч байгаа нь камерын бичлэгээс тодорхой харагдсан. Ингээд шууд би албаны даргадаа утасдаж мэдэгдсэний дагуу Д.Эыг гэрээс нь шуурхай олж ирээд аккумляторыг нь заалгуулж авсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажилладаг ”Фоор Бласт” ХХК-ний агуулахад 18 цагийн үед очсон. Тэгээд харуулын өрөөнд ороход үүдэнд нь салгаад тавьчихдаг аккумлятороо хартал байхгүй байсан. Тэгэхээр нь тухайн үед байсан харуул Нямрагчаагаас аккмляторууд хаана байна гээд асуутал мэдэхгүй байсан. Тэгээд нөгөө харуул чинь хаана байна гэтэл Налайх явчихсан гэж хэлсэн. ,Тэгээд цагдаагаас Д.Э гэх харуулыг хулгайлан авсан байсныг нь олж тогтоосон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд хамгаалагч нараа байнгын байрлуулж хүнсний хангалттай 2 хамгаалагч 24 цагаар ажиллаж байхаар зохицуулсан. Нямрагчаа, Д.Э нар нь уг обьектыг хариуцан ажиллаж байх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр над руу “Фоор Бласт” ХХК-иас залгаж танай 2 хамгаалагчийн 1 нь байхгүй, манай байгууллагын 3 аккумлятор алдагдсан байна гэхээр нь би яаралтай уг обьект дээр очсон. Тэгээд би яаралтай Д.Эыг байгаа газраас нь олоод цагдаад хүлээлгэн өгсөн. Үүний дагуу цагдаа Д.Эаар хулгайлсан аккумляторыг нь заалгахад 2 аккумляторыг олсон. Харин 1 аккумляторыг Д.Э хаана зарж үрснээ санахгүй байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш би Налайх дүүрэгт байрлах “Фоор бласт” ХХК-ны тэсрэх хэрэгслийн агуулахад хамгаалагчаар гарч ажилласан. Миний хувьд уг агуулах дээр байнга байрлаж ажилладаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ажлын цалин буугаад 50.000 төгрөг гар дээр өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Фоор Бласт” ХХК-ний агуулах дээр хамт ажиллаж байсан харуул Нямрагчааг үлдээгээд би дэлгүүр орохоор явсан. Тэгээд Налайхад ирээд нэг огт танихгүй хүнтэй танилцаад хамт 2 шил Хараа архи хувааж уусан. Тэгээд би архиныхаа халуунд нэмж архи авч уух гээд тухайн үед уг үйлдвэрийн хүмүүс байхгүй байсан тул нэг их хэрэглээд байдаггүй 3 ширхэг аккумлятор санаанд ороод такси бариад уг аккумляторуудыг аваачиж түүхий эд авах цэгт 2 ширхэгийг нь 85.000 төгрөгөөр тушаасан. 1 аккумляторыг нь танихгүй явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээгээр: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 454.410 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

           

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:

            Гэрч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Д.Э нь хүүхэд байхын их тайван аядуу зантай, бөмбөр тоглодог, урлагт хайртай хүүхэд байсан. Багаасаа их төлөв даруу, элдэв асуудал гаргаж байгаагүй, их үнэнч шударга зантай хүүхэд байгаа юм. Д.Э бол гарын ур дүй сайтай, бусдын хайр хүндэтгэлийг олж авсан, хаана ч явсан нэр хүндтэй л явдаг залуу. Ганц дутагдал нь хүн зөв таньдаггүй, буруу хүмүүстэй нөхөрлөснөөс болоод л алдаж, эндэж явсан юм. Тэрнээс би ёстой цайлган хүү. Хаана ч биеэ зөв аваад явчихдаг, элдэв муу муухай араншин байхгүй, дээрэлхүү зан байхгүй, хүнд их тус болж явдаг хүүхэд байгаа юм. Эхнэр, хүүхэдтэй байсан ба шоронд орсоноос нь хойш хаяад явчихсан юм. Одоо холбоо барьж чаддаггүй л юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Гэрч С.Дашбатын мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын дундуур Д.Э нь манайд ажилд орохоор ирэхдээ цагдаад шалгагдаж байгаа. Ажил хийж хохиролоо төлөх мөнгө олох хэрэгтэй байна гэсэн. Д.Эыг ер нь ажиглаад байхад их шударга, найдвартай хүн шиг санагдсан. Архи уугаад хүний юм зарчихсан гэж байсан. Ямар ч байсан хохиролгүй болгоно гээд надад хөнгөн блок үйлдвэрлэхэд туслах болсон юм. Д.Эыг би таньж мэдээд удаагүй боловч төлөв даруу, олон таван үггүй, элдэв муу зуршилгүй, хүний үгэнд их оромтгой, дуулгавартай, ажилд их нямбаа, хийж бүтээе гэсэн их эрмэлзэлтэй, аливаад чинь сэтгэлээсээ ханддаг, хүний итгэл алдахааргүй хүн шиг санагдсан. Өөрөө ч алдаж, онож явснаа цухуйлгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүм Их Бүрд” ХХК-ны хамгаалалтын ажилтнаар ажиллаж  “Фоор бласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулахад хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хашаанд байсан 150 ампер цагийн хүчин чадалтай, Атлас маркийн 3 ширхэг аккумляторыг авч яван бусдад зарж, “Фоор бласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 454.410 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан  бага бус эд хөрөнгийг завшсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Эын өгсөн “. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Фоор Бласт” ХХК-ний агуулах дээр хамт ажиллаж байсан харуул Нямрагчааг үлдээгээд би дэлгүүр орохоор явсан. ..нэмж архи авч уух гээд тухайн үед уг үйлдвэрийн хүмүүс байхгүй байсан тул нэг их хэрэглээд байдаггүй 3 ширхэг аккумлятор санаанд ороод такси бариад уг аккумляторуудыг аваачиж түүхий эд авах цэгт 2 ширхэгийг нь 85.000 төгрөгөөр тушаасан. 1 аккумляторыг нь танихгүй явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай “Фоор Бласт” ХХК-ны агуулахын манааны байранд автомашинаас нь салгаад тавьсан байсан том оврын ачааны автомашины 3 ширхэг 150 ампертай Атлас гээд хар өнгийн аккумлятор алдагдсан байсныг манай жолооч Батмөнх мэдээд надад мэдэгдсэн. Үүний дагуу би тэр даруйд нь манай хамгаалалтыг хариуцаж байсан “Сүм Их Бүрд” ХХК-ны Есөн-Эрдэнэ хамгаалалтын албатай холбогдож уг байдлыг мэдээлэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Нямрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 18 цагийн орчимд агуулахын хашаанд байдаг компанийн жолооч ирээд дотор оруулаад тавьсан байсан автомашины 3 ширхэг аккумлятор хаана байна гээд нэхэхээр нь би мэдэхгүй байна гэдгээ хэлээд камер шүүж үзэхэд Д.Э намайг унтаж байхад 17 цагийн үед гадаа саарал өнгийн Приус 20 маркын автомашинтай цоохор дээлтэй хүнтэй хамт орж ирээд өөрийнхөө хувцас, 3 ширхэг аккумлятор аваад гарч байгаа нь камерын бичлэгээс тодорхой харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нямрагчаа аккумлятор алга болсныг ч мэдээгүй байсан. Тэгэхээр нь би дарга Амарсанаад мэдэгдсэн юм. Ингээд манай дарга шууд цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаагаас Д.Э гэх харуулыг хулгайлан авсан байсныг нь олж тогтоосон...” гэсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Боржигон овгийн Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хувийн байдал, холбогдсон хэргийн шинжид тохируулан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналууд тус тус гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний ар гэрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан  шүүгдэгчид нь тус зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 700 / долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД