Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2024/00690 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******од холбогдох,

 

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 22,923,230 төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг, нийт 30,923,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, иргэн *******той газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж Налайх дүүргийн ******* хороонд орших 27,877 м.кв талбайтай газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01113-А/381/2022 дугаартай захирамжаар шилжүүлэн авсан. Тус газрыг шилжүүлэн авах үед дуудлага худалдааны анхны үнэ, татвар, бүх төлбөр тооцоо төлөгдсөн ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй гэж хэлж надад шилжүүлсэн. 2023 онд өөрийн эзэмшил газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэхээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахад таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир тус газрын дуудлага худалдааны үнэ 22,301,600 төгрөг төлөөгүй, манай байгууллагатай тооцоо нийлсэн акт үйлдээгүйгээр зогсохгүй өнгөрсөн онуудын төлбөр 621,630 төгрөг, нийт 22,923,230 төгрөгийн өр төлбөртэй гэж төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн амаар хэлсэн.

Энэ асуудлаар газрын алба болон Налайх дүүргийн Засаг даргад хандсан хэдий ч газрыг анх 2009 онд улсаас худалдан авахдаа төлбөл зохих дуудлага худалдааны үнийг төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг тул гомдлыг хангаагүй. Тиймээс газрын дуудлага худалдааны анхны үнэ 22,301,600 төгрөг, газрыг шилжүүлэхээс өмнөх үлдэгдэл төлбөр 621,630 төгрөг, нийт 22,923,230 төгрөгийг газрын албанд төлсөн.

Иймд, газрын эрх шилжүүлэгч *******оос нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 22,923,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн дээрх бүх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаатай хийж ирсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 8.000.000 төгрөгийг зарцуулсан, тус зардлыг зайлшгүй гарсан хохирол гэж үзэж байгаа тул *******той байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 5.1-д зааснаар өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 8.000.000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч анх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр газрыг худалдан борлуулахдаа тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу, татваруудыг төлөн газрыг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөртэй холбоотой асуудал бусдад эрх шилжүүлэхтэй холбоотой үүссэн төлбөр юм. Уг төлбөрүүдийг гаргуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Газрын эрх шилжүүлэх гэрээний 4.1-д зааснаар газартай холбоотой эрхийн доголдол байгаа эсэхийг худалдан авагч өөрөө шалгах үүрэгтэй. Газрын эрх шилжүүлэгч газар шилжүүлэхтэй холбоотой үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татвар төлсөн баримт зэрэг нь бүгд эрх бүхий байгууллагаар баталгаажиж, шалган шилжүүлсэн.

*******од газрын эзэмших эрх 2016 онд түүний төрсөн эцгээс өвийн журмаар шилжсэн. Өвлөж ирсэн газар газрын төлбөр тооцоо төлөхгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнэ нь газрын эрх шилжихэд тогтоогдсон үнэ юм уу, эсхүл 2022-2023 оны үнэ юм уу гэдэг нь эргэлзээтэй. Газрын төлбөртэй холбоотой маргааныг хуулийн дагуу нэхэмжлэгчээс үүсгэж болох байсан. Энд хөөн хэлэлцэх хугацаа ч яригдах байсан. Өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2024 оны 4 дүгээр сард байгуулж үйлчилгээ авсан байна. Газартай холбоотой маргааныг уг хугацаанд үүсгэх бүрэн боломж байсан. Нэхэмжилж байгаа үнийн дүн *******од холбогдолгүй төлбөр, тооцоо тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******гийн Батболдоос 22,923,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ийн т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 273,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Газрын эрх шилжүүлэх гэрээний ******* зүйлийн 5.1 дэх хэсэгт талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцахаар заасан. Хэрэв хариуцагч этгээд тус гэрээний үүргээ зөрчөөгүй бол дээрх хохирлууд үүсэхгүй байсан...

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өмгөөллийн хөлс нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гарсан бодит зардалд тооцох хууль үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Хариуцагчийн зүгээс газар худалдах, худалдан авахтай холбоотой үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Газрын төлбөртэй холбоотой асуудал нь *******т хамааралгүй гэх байдлаар тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсон учраас давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар газрын төлбөрийн асуудлаарх маргааныг нэхэмжлэгч ******* нь эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан маргаан үүсгэж шийдвэрлүүлэх урьдчилсан зохицуулалттай байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн ба хариуцагч *******ын зүгээс газрын төлбөртэй холбоотой маргаан үүсгэх эрхийг хязгаарлаж уг маргаан нь Газрын төлбөртэй холбоотой хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1420 дугаартай гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж татварын албанаас төлбөр тооцоо байхгүй талаарх бичгийг газрын албанд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хувьд уг гэрээний 4.1-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс гарсан төлбөрийг *******оос шаардах эрхгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн 2018 онд, хариуцагчийн 2022 онд Налайх дүүргийн газрын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний агуулга болон заалтад тусгайлан газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй нь зөрчил болох талаар дурдсан зүйл байхгүй нь хариуцагчаас гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, тэр дундаа газрын тухай хуульд тогтоомжид заасан зөрчлийг хариуцагч *******ын зүгээс гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Газрын төлбөрийг хэзээний журмыг үндэслэж тодорхойлсон нь тодорхойгүй гэх үндэслэлийг дурдсан. Хэрэгт авагдсан талуудын мэтгэлцээн болон гэрчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан. Тухайн газар олгогдсон хугацааны буюу тухайн үед мөрдөгдөж байсан хэмжээгээр төлбөрийг тооцож нэхэмжлэл гаргасан.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Энэ хэрэг маргаан нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой маргаан учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол гаргах шаардлагагүй.

Зохих журмын дагуу хариуцагч талаас төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр 2,000,000 төгрөгийн татвар төлсөн баримт гаргаж өгсөн. Уг баримт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан төлбөрийн зүйл буюу тухайн газар борлуулсны орлогоос 10 хувийн татвар төлсөн үйл баримт болохоос газар ашигласны төлбөр болон дуудлага худалдааны анхны үнэд уг төлбөр огт хамааралгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 22,923,230 төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг, нийт 30,923,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлж чадаагүй, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******той газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Налайх дүүрэг, ******* хороо, -3, хаягт байрлах 27,877 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /х.х-ийн 8/

 

Анхан шатны шүүх талуудын хороонд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 20,000,000 төгрөгийг *******од төлж, улмаар 27,877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. /5-7/

 

Энэ тохиолдолд зохигч нарыг дээр дурдсан хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

5. Харин анхан шатны шүүх хариуцагч *******ыг худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн буюу доголдолтой газар эзэмших эрх худалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

5.1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар ******* нь эрхийн болон биет байдлын доголдолгүй газар эзэмших эрхийг *******т худалдах үүрэгтэй.

 

Тодруулбал, тус хуулийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж тус тус заасан.

 

Зохигчид газрыг биет байдлын доголдолтой эсэх талаар маргаагүй ба худалдагч *******, худалдан авагч ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 3******* зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид олгожээ.

 

Иймд, худалдан авагч *******т уг газар эзэмших эрх бусдын эрхээр хязгаарлагдахгүй шилжсэн байх тул эрхийн доголдолтой гэж үзэхгүй.

 

5.2. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******т тухайн газрын дуудлага худалдааны анхны үнэ 22,301,600 төгрөг, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөр 621,630 төгрөг тус тус төлөгдөөгүй гэжээ. /х.х-ийн 91, 93/

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна гэж, мөн Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, газар эзэмшигч нь газар эзэмших эрхийг төрийн эрх бүхий байгууллагаас анх олгоход дуудлага худалдааны анхны үнийг холбогдох аргачлал, журмын дагуу тогтоосон хэмжээгээр 1 /нэг/ удаа төлөх үүрэг хүлээх бол улирал бүр газар эзэмшсэний төлбөрийг мөн адил төлнө.

 

5.3 Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуудлага худалдааны анхны үнэ 22,301,600 төгрөг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газрын төлбөр 621,630 төгрөг, нийт 22,923,230 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаангүй. /х.х-ийн 11-12/

 

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 38 дугаар зүйлд Дуудлага худалдааны ялагч 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийнэ. Гэрээнд заасан үнийг бүрэн төлсний дараа тухайн шатны Засаг дарга газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана гэж заасан.

 

Хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан Э. гэрчээр Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалын дагуу 1 м.кв талбайг 800 төгрөгөөр тооцсон гэжээ. /х.х-ийн 106/

 

Мөн хариуцагч *******ын тайлбараар тэрээр 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 040 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрийн аав н.*******гаас Налайх дүүрэг, ******* хороо, -3 гудамжны хаягт байрлах 27,877 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг өвлөж авсан боловч газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэдэг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна. /х.х-ийн 95/

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар хариуцагч *******оос холбогдох зардлыг буцаан шаардах эрхтэй.

 

6. Зохигч нар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул ******* нь тус газрын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авсан өдрөөс хойших хугацааны газрын төлбөрийг хариуцаж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2023 онд хамаарах газрын төлбөр 111,508 төгрөгийг хасна. /х.х-ийн 91/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын өмнөөс газрын төлбөр 510,122 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнэ 22,301,600 төгрөгийг сайн дураар төлсөн байх тул хариуцагчийг энэ хэмжээгээр өөрийн зардлыг хэмнэсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэсэн зохицуулалт нь нэг этгээдээс өөр этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд орлогын албан татварыг анхны дуудлага худалдааны үнээс багагүй байхаар тооцож авах агуулгатай тул энэ талаарх түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох..., ... гэж зааснаар хууль зүйн туслалцаа авах эсэх нь тухайн иргэний буюу хэргийн оролцогчийн эрх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд улсын төсвөөс санхүүжүүлэх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлын талаар зохицуулсан ба үүнтэй нэгэн адил хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардал нь тэгш эрхтэй гэрээний талуудын хувьд зайлшгүй зардалд хамаарахгүй.

 

Нэхэмжлэгч ******* нь энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэйгээс гадна дээр дурдсанаар хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхтэй тул түүний өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гарах ёсгүй байсан зардал гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

8. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2024/00690 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

 

1 дахь заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 22,811,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,111,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...273,770 гэснийг 272,009 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 273,770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР