| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0082/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/82 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг,
улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,
хохирогч О.З
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Б.Нид холбогдох эрүүгийн 1907002560083 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 12-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Б.Н /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Налайх” бааранд бусадтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байх үедээ О.Зыг урьд нь караокегаар үйлчлүүлсэн төлбөрөө төлөлгүй явсан гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар хөлөн тус газар нь өшиглөж баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт : “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хохирол төлбөрөө баримтаар нотолбол төлнө. Торгох ялыг хэсэгчилж төлүүлнэ үү” гэв.
Хохирогч О.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг үгийн зөрүүгүй өшиглөсөн . Цаана байсан хүн зодох гэж дайрсан. Энэ хэргээс болоод ажлаа хийж чадаагүй. Нийт 250,000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тэр шөнө Баян-Налайх бааранд үйлчлүүлж байхад өмнө нь манай бааранд үйлчлүүлээд мөнгөө өгөлгүй зугтсан боохой хочит О.З гэдэг залуу таарч мөнгөө нэхэхэд эхэндээ танихгүй царайлаад дараа нь цуг байсан хүүхэндээ өгсөн гэхээр нь баруун, зүүн хөлийн шилбэ рүү нь 2 удаа өшиглөхөд “би танд хэдэн төгрөг өгөх вэ одоохон гараад олоод ирнэ” гээд гарч яваад дахиж ирээгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр хуудас/
Хохирогч О.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө хүн хайгаад “Баян-Налайх” бааранд ороод 00-д орчихоод гарч ирээд үүдний хавьд байсан текний ойрхон зогсож байхад Доржоо гэх залуу ирээд “таньж байна уу, бааранд үйлчлүүлсэн мөнгөө өгөхгүй зугтлаа” гэхээр нь би “тэр хүүхэнд мөнгө үлдээсэн” гэхэд “худлаа шаагаад бай” гээд 2 хөлийн шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөж тайзны өмнө сууж байгаа ширээнийхээ хажууд дагуулж очоод мөн 2-3 удаа хөлийн шилбэ орчим өшиглөсөн. Тэгтэл цаанаас нь Сууриа гэх залуу босож ирээд архины шил бариад далайхад Доржоо хорьж болиулаад нүүрний орчим гараараа цохисон. Тэгэхээр нь би гарч гүйгээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Ч.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө найз Доржоотой “Баян-Налайх” бааранд орж баруун гар талын намхан тайзны өмнө ширээнд сууж ууцгаасан юм. Шөнө 01 цаг өнгөрч байсан байх Доржоо ширээний хажууд нэг залуутай уулзаад байсан. Би “яасан” гээд очсон чинь зүс таних Боохой гэж хочилдог О.З гэх залуу байхаар нь “харь харь” ахын дүү гэхэд “за ах гээд гарч явсан. ...нэг их сүртэй муудалцаад өшиглөж зодсон надад анзаарагдаагүй, би нилээд согтсон байсан. Санаж байгаа зүйл гэвэл энэ л байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Ц.О.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би “Эргэн Дурсахуй” бааранд хамгаалагч хийдэг. Манайх ойрдоо хүнгүй байгаа болохоор шөнөдөө “Баян-Налайх” бааранд орж гараад явж байдаг. ...шөнө би орчихоод гарахад Доржоо бааранд байсан. ...Доржоо хүнтэй муудаж байгаа харагдаагүй. Би шөнө дунд байхаа дижи Хүрлээтэй уулзчихаад гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ш.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би ажил төрөл хийх боломжгүй. Хүүхдүүдээ асраад гэртээ суудаг. Манай нөхөр “Налайх” караокед бармен хийдэг. Мөн саяханаас группд орж сарын 270,000 төгрөг авдаг болсон. Б.Н ноднин баруун бугалгаа гэмтээгээд хагалгаанд орсон боловч дээрдэхгүй жил гаруй яваад сая дахин хагалгаанд орж одоо эмнэлэгт хэвтэж байна. Манайх аав Ширэндэвийн хашаанд гэр бариад амьдардаг. ...Манай нөхөр бидэнд хайр халамжтай, элдэв муу зан аашгүй, дөлгөөн тайван зантай, уур омог байдаггүй, хүнд тусархуу нэр хүнд сайтай хүн юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/303 дугаар:
“1. О.Зын биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 28 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Налайх” бааранд согтуурсан байх үедээ О.Зыг урьд нь караокегаар үйлчлүүлсэн төлбөрөө төлөлгүй явсан гэх шалтгаанаар хөлөн тус газар нь өшиглөж баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...баруун, зүүн хөлийн шилбэ рүү нь 2 удаа өшиглөхөд би танд хэдэн төгрөг өгөх вэ одоохон гараад олоод ирнэ гээд гарч яваад дахиж ирээгүй” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 хөлийн шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөж тайзны өмөн сууж байгаа ширээнийхээ хажууд дагуулж очоод мөн 2-3 удаа хөлийн шилбэ орчим өшиглөсөн. Доржоо миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би гараад зугатаж гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 шэ/303 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Нид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс Монгол овогт Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Нид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хянан үзээд гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах шийтгэл тохирсон байна гэж үзлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 250,000 төгрөг нэхэмжилсэн ба эм тарианд 22,000 төгрөг, рентген зурагт 15,000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 130,000 төгрөг, унаанд 20,000 төгрөг гэж нэхэмжлэлээ задлан тайлбарласан ч энэ зардалтай холбогдуулан нотлох баримт хэрэгт хавсаргаж хэлэлцүүлээгүй тул уг нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн 63,000 төгрөгийн шаардлага нь гэмт хэрэгт холбогдолгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс асуудлаас үүдэлтэй согтууруулах ундаа хэрэглэж маргалдсантай холбоотой байна.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад хохирогчийн зүй бус харилцааны үүдэлтэй нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид 450 нэгж буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан торгох ялыг тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн шүүгдэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 63,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч О.З нь шүүгдэгч Б.Нид холбогдуулан гаргасан 187,000 төгрөгийн шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД