Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0081

 

     “М ...” ХХК, “А” ХК,

   нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, нэхэмжлэгч “М ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Х.Ч, хариуцагч Г.Ариунжаргал, Д.М, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нарыг оролцуулан хийж. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 706 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, “М ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нарын давж заалдах гомдлоор, “А” ХК, “М ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 706 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 11.1.2-т тус тус заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нарын 2019 оны 01 дүгээр сарын 14-нд байгуулсан “А” ХК “М ...” ХХК-ийн “Хамтран ажиллах” гэрээ нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан хэмээн үзэж, 005547 дугаартай шийтгэлийг хуудсаар 113.196.980 төгрөгөөр торгосныг гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1. Нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “А' ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 128/ШШ2019/0706 тоот шийдвэрийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч "А" ХК нь 92 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын ----- тусгай зөвшөөрлийг эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэжээ.

Нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд оролцохын тулд нүүрсний нөөц бүхий талбайтай байх шаардлагатай. Зөрчлийн хэрэг үүсгэсэн үеэс "А ХК"-ийн зүгээс хариуцагч байгууллагыг маргаан бүхий талбайд очиж үзлэг, шалгалт хийхийг хүссэн боловч, захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох үүргийнхээ хувьд ч бодит нөхцөл байдлыг тоггоох ажиллагааг хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

Шүүх "А" ХК болон МАК" ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ......... тоот " Хамтран ажиллах" гэрээний 2.2.2-т "талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана", "жижиглэн борлуулалтын үнийг 14.000 төгрөг /НӨАТ/-гүй болгон тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон нь зөрчлийн хэрэгт холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байна". "Зөрчлийн тухай хуулийн 10.7 дүгээр зүйлийн 1-т ... аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн 1.1 бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" гэж заасны дагуу "А ХК, "М" ХХК-иуд нь нүүрсний үнийг ижил хэмжээгээр тогтоож, гэрээгээр тохирсон нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Гэрээний бодит хүсэл зориг тухайн бүс нутгийн эрчим хүчний нуүрсний сүүлийн 5 жилийн хугацааны нэг тонн тутмын үнэлгээний талаарх мэдээлэл, жижиг хэрэглэгчийн судалгаа, гэрээний талуудын тонн тутмын үнийн ялгаатай байдлыг гэрээний зарчмаар нэг үнэлгээнд оруулж байгаа гэрээний эрх зүйн харилцаа юм.

 Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан цаг хугацаанд “Н” ХХК нь ямар нэгэн байдлаар нүүрс олборлож байгаагүй тул бусад харилцагч нарт нүүрс нийлүүлж байгаагүй, өрсөлдөөнд шууд оролцоогүй нөхцөл байдал, “Н” ХХК-ийн санхүүгийн тайланд жижиг хэрэглэгчдэд нэг тонн нүүрснийг 9.000 /есөн мянга/ төгрөгөөр нийлүүлж байсан, “Д“ ТӨХК-д нэг тонн нүүрсийг 13.000 /НӨАТ/-гүй борлуулж байсан үйл баримт зэрэг нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан байна.

Хамтран ажиллах гэрээний 1.6-д “энэхүү гэрээгээр нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Д” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /М 60 А ХК 40 хувь/ гэсэн харьцаагаар, мөн Дд бүс нутгийн аж ахуй нэгж, байгууллага, айл өрхөд /жижиг хэрэглэгчид/ нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7-р зүйлийн 1-т "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн', гэж, 1 2-т ‘зах зээлийг нутаг дэвсгэр үйлдвэрлэл. үйлчилгээ, борлуулалт, барааны нэр. төрөл. худалдан авагчаар хуварилах гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Жижиг гэх тодотголтой хэрэглэгчдийн хуөьд Д аймгийн хэмжээнд 8000 гаруй хэрэглэгч байна.       Хэрвээ ‘А" ХК зах зээлийн 40 хувийг хувааж авсан юм бол 3200 орчим жижиг хэрэглэгчдэд нүүрс нийлүүлсэн байх нөхцөл үүссэж байна. Гэвч тийм хэмжээний хэрэглэгчид нүүрс нийлүүлээгүй ба “А” ХК-ийн жижиг хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ, нийлүүлэлтгийн хуваарийг үнэлэхгүй орхигдуулсан байна. Харин “Н" ХХК нь ‘Д" ТӨХК-д А ХК-ийн нийлүүлэхээр байгуулсан гэрээний 50 хувийг авсан ба жижиг хэрэглэгчдэд ямар нэгэн саадгүйгээр нүүрсийг нийлүүлж орлого олж байсан нь хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар тус тус хуваасан талаар хариуцагч үндэслэл бүхий нотлох баримтууд, эх сурвалжаар нотлоогүй байхад гэрээний үгээр зах зээлийг хуваасан" гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээний гол нөхцөл бол гэрээний үнэ бөгөөд талууд тухайн бүс нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр “М” ХХК-ийн уурхайгаас нүүрсийг олборлож борлуулахаар гэрээнд үнийг тогтоосон нь нэг үнийн санал баримтлах гэсэн оролдлого гэж үзэх боломжгүй ба борлуулах. олборлох бүтээгдэхүүн нь нүүрс гэсэн нэртэй төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг гэрээгээр олборлосон хөлсөндөө авч байгаа тул "гэрээнд нүүрс гэж барааны нэр төрлийг тухайлан заасан" нь хууль зөрчихгүй юм. Зах зээлийг нутаг дэвсгэрээр хуваасан гэдгийг шүүх гэрээнд Дорнод бүсийн гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь "зах зээлийг" хуваах оролдлого гэж завдалтын шинжтэй үйлдлээр зорчлийн хариуцлага ногдуулсан нь хуульд нийцэхгүй бөгөөд Д аймгийн хэрэглэгчдээс өөр бүс нутагт дээрх нүүрсийг нийлүүлэх орон зай, дэд бүтцийн боломж байхгүй учраас Дорнод бүсийн гэж гэрээнд тодруулсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Шийдвэрт "А' "Н”, “МАК" компаниуд өөр өөрсдийн уурхайгаас нүүрс олборлож байгаа гэжээ. Гэвч манай компани нь уурхайгүй бөгөөд дээрх 2 компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь “Д” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан талаарх мэдээллийг хэргийг шийдвэрлэж дууссаны дараа шүүх танхимд өөрөөс мэдсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн эсэхэд зргэлзэхэд хүргэж байгааг дурьдаж байна. Учир “Д” ТӨХК нь манай компанид шахалт үзүүлж, гэрээгээр нийлүүлэх нүүрсний хэмжээгээ бууруулахыг шахалт үзүүлж бууруулсан хэмжээгээр “Н” ХХК-тай гэрээг байгуулсан байдаг.

Иймд “А” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019-10-21-ний өдөр хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 128/ШШ2019/0706 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч “М ...” ХХК-ийн зүгээс 2019 оны 10 сарын 21-ний 128/ШШ2019/0706 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно. Үүнд:

Анхан шатны шүүхээс Нэхэмжлэгч нарыг өрсөлдөөнийг хязгаарласан. эсхүл хязгаарлахад чиглэсэн хэлцэл байгуулсан гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимтай нийцүүлж үзэх шаардлагатай байсан. Иргэний хуулийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан.

Энэхүү эарчмын агуулга нь гэрээг байгуулах, гэрээний талаа сонгох, гэрээнийхээ агуулгыг чөлөөтэй тохиролцох эрхийг багтаадаг. Нэхэмжлэгч нар гэрээндээ нүүрс борлуулах үнэ болон олборлосон нүүрсээ хэрхэн хуваах талаараа заасныг анхан шатны шүүхээс хууль зөрчсөн гэж үзсэн. Гэрээний эрх чөлөөт эарчмын гол нөхцөл болох гэрээнийхээ агуулгаа тодорхойлох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний агуулга, зорилго. зохицуулах зүйлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, бичгэн хэлбэрээр тайлбараа өгсөн учир энд дахин давталгүй орхисон болно.

Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “...нүүрсний үнийг ижил хэмжээгээр тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон нь тогтоогдож байна, ....бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна” гэж. Мөн “Хамтран ажиллах гэрээнийхээ 1.6-д “Энэхүү гэрээгээр Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Д” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 гэсэн харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1. Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.

“А” ХК нь худалдан авагч, гүйцэтгэгч учраас худалдан авч буй нүүрсний үнэ, олборлон борлуулж буй ажлын хөлсөө тооцохын тулд зайлшгүй үнэ байх ёстой бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 43.4, 195.2, 243.1, 344.1-д тодорхой заасан. Зах зээлийн үнээс багаар тогтоох. Нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээндээ 14,000 /НӨАТ/-гүй гэдэг үнэ тохирсон нь гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эрхийг хэрхэн хязгаарласан буюу бодитоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зээлд нэвтрэх боломжийг нь хаасан, нүүрсээ борлуулахад саад болсон, ашиг орлогыг нь багасгасан, хохирол учруулсан, эсхүл дээр дурдсанчлан ирээдүйд өрсөлдөөнийг нь хязгаарлах боломжтой гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдоогүй харин ч эсрэгээрээ борлуулалтын орлого, ашиг нь нэмэгдсэн гэдгийг нотлох баримтууд цугларсан байдаг.

“Н” ХХК нүүрсээ 12,100 төгрөгөөр борлуулж байгаа. Зах зээл дээр хэрэглэгч нар яг ижил нүүрсийг аль хямдыг л худалдаж авах эрэлт нийлүүлэлтийн хууль бий. Тиймээс нэхэмжлэгч нар “Н” ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор нүүрсний үнийг хэт хямдаар тогтоогоогүй.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М ...” ХХК-тай “А” ХК-ийн байгуулсан гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй буюу Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр “Н” ХХК-ийн гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нарын бүрэлдэхүүнтэй шалгаж, ............... дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “М ...” /МАК/, “А” ХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, .......... дугаартай шийтгэлийн хуудсаар “М ...” /М/-д 13.265.110 төгрөгийн торгууль, 0005547 дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХК-д 113.196.980 төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Өрсөлдөөний тухай хууль зөрчих гээд 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан “Н” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн  2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 19/12 дугаартай гомдолд хавсаргасан баримтаас үзэхэд ““А” ХК болон “М ...” /М/ ХХК нь “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулснаас үүдэн зах зээлд нүүрсээ олборлож нийлүүлэхэд хүндрэлтэй болж, манай компанийг зах зээлд гарахад хясан боогдуулж байна. Мөн нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар буюу “М” ХХК 60 хувийг, “А” ХК 40 хувийг хангахаар хуйвалдах замаар хуваарилсан нь хууль бус” гэжээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; 11.1.2-д зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заажээ.

Хэрэгт авагдсан “А” ХК, “М ...” ХХК, “Н” ХХК-иудын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2-т “ДБЭХС” /Д бүсийн эрчим хүчний сүлжээ/ ТӨХК-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэ Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 223 дугаар тогтоолоор тогтоогдсон 12600 төгрөг /НӨАТ/-гүй болно” гэж тусгасан ч мөн гэрээний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана”, 3.3-т “талууд жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг /НӨАТ/-гүй” гэж зааж, талууд ийнхүү гэрээгээр жижиглэн борлуулалтын үнэнд нэг үнийн бодлого баримтлахаар харилцан тохиролцсон байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас авсан тодруулгаар Д аймгийн Баянтүмэн сумын А нэртэй газарт “А” ХК,  “М ...” ХХК, “Н” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг бөгөөд,  “А” ХК нь “М ...” ХХК, “Н” ХХК-иудын талбайгаас нүүрсний олборлолт хийдэг ч олборлолт хийсэн нүүрсээ тус тусын уурхайгаас жижиг хэрэглэгчдэд борлуулдаг, нүүрсний зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч аж ахуй эрхлэгчид байна.

Гэтэл гэрээ байгуулсан хоёр аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардал болон өртөг /“А” ХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 14784.2, “М ...” ХХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 105668 төгрөг/ харилцан адилгүй байхад жижиглэнгийн үнийг нэг хэмжээнд тогтоон гэрээ байгуулсан нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийн тооцоог хянаж зөвшөөрөх тухай” 223 дугаар тогтоолоор “А” ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тонн нүүрсний үнийн тооцоог 12600 төгрөгөөс дээшгүй байхаар тогтоосон бөгөөд бусад борлуулалт буюу жижиглэн борлуулалтын үнийг тогтоогоогүй байхад ийнхүү 2 хуулийн этгээд гэрээ байгуулах замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь үндэслэлгүй.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах...харилцааг зохицуулах юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “Энэхүү гэрээгээр “Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Д” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /М 60, А 40 хувь” гэсэн харьцаагаар, мөн Дорнод бүс нутгийн аж ахуйн нэгж, байгуулага, айл өрхөд нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 /МАК 60, А 40 хувь” харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр тохиролцсон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т заасан “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН