Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/0079

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй, Монголын

Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    М.Батсуурь

Танхимын тэрүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Х.Батсүрэн

     Г.Банзрагч

Илтгэгч шүүгч:          Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0012 дугаар магадлалтай хэргийг нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Өмгөөлөгч Б.Х-аас “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Өмгөөлөгч Б.Х-д холбогдох маргааны тухай” МТ/2024/03 дугаар тогтоолыг болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1.Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаас “өмгөөлөгч Б.Х нь энэ оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мэдээллийн Zarig.mn сайтаар өмгөөлөгчийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой мэдээлэл хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх худал мэдээллийг олон нийтэд мэдээлж, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.5, 15.1.11, 15.1.16, 27.2.5, 27.2.6, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1 дэх заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан тул холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, буруутай нь тогтоогдвол Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцуулах”-аар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргажээ.

2.2.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0012 дугаар магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2зааснаар өмгөөлөгч Б.Х-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4.2.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг хянаад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлдээ:

4.3.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлд өмгөөлөгч гуравдагч этгээдэд мэдээлэл өгөхөд баримтлах хэм хэмжээг тогтоохдоо хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглосон байх бөгөөд дээрхээс үзэхэд өмгөөлөгч Б.Х хэргийн гуравдагч этгээд рүү чиглэсэн үйлдэл гаргаагүй байна гэж Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.4.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс бусад бүх этгээдэд мэдээлэл өгөхдөө хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглосон. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд худал мэдээлэл өгсөн дээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил байтал шүүх ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж зөвхөн хэргийн гуравдагч этгээдэд хамааруулж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

4.5.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.5 дахь заалтыг өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилтэй холбож үзсэн нь учир дутагдалтай … харин ч … үйлчлүүлэгчийнхээ хорих анги дахь нөхцөл байдлыг мэдээлж байгааг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлийн тухайд:

4.6.Өмгөөллийн тухай хуульд ёс зүйн зөрчилд хамааруулах үйлдлийг тусгайлан нэг бүрчлэн заасан зохицуулалт байхгүй бөгөөд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно гэж заасан. Гэтэл шүүх өмгөөлөгчийн үүргийг өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилтэй холбож үзэх боломжгүй гэж хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэж байна.

4.7.Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11 дэх зүйлд заасан үйлчлүүлэгчийнхээ холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй байна гэжээ.

4.8.Өмгөөлөгч Б.Х нь Н.Ө-т эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд буюу “Зариг.мн” сайтад ярилцлага өгсөн болох нь сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

4.9.Уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл өмгөөлөгч Б.Х нь “… хөгжлийн банкны хэрэгтнүүдтэй зориуд тааруулж сэтгэл санааны дарамтад оруулсан … шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна … цэвэрлээгүй цувдай өгдөг … чийгтэй хүйтэн өрөөнд байлгаж байна … хэвлэлийн эрх чөлөөг нь хязгаарлаж цагдан хорьсон…” гэсэн мэдээлэл хийсэн.

4.10.Дээрх мэдээллээс үзвэл өмгөөлөгч Б.Х-ын үйлчлүүлэгчийг шүүхээс зориудаар сэтгэл санааны дарамтад оруулах, хэвлэлийн эрх чөлөөг нь хязгаарлах зорилгоор цагдан хорьсон мэтээр олон нийтэд мэдээлэл хийсэн байх бөгөөд энэ нь нотлогдож, тогтоогдоогүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад батлагдсан, нотлогдсон мэтээр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн байх тул өмгөөлөгч Б.Х-ын уг үйлдэл нь түүний үйлчлүүлэгч Н.Ө-ийг шалгаж байгаа цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүхийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа үйлдэл бөгөөд тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн үйлдэл юм.

4.11.Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11 дэх заалтад заасныг зөрчсөн болох нь өмгөөлөгч Б.Х-ын “Зариг.мн сайтад ярилцлага өгсөн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байхад шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

4.12.Мэргэжлийн Хариуцлагын хороо өмгөөлөгчийг өөрийн үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн үнэн зөвийг холбогдох байгууллагуудад хандаж шалгуулах байсан гэж дүгнэсэн нь буруу, баривчлагдсан этгээдийн хоолны эрүүл ахуйн шаардлага, цагдан хорих байгууллагын ахуйн нөхцөлийн талаар дүгнэлт гаргуулах замаар нотолж тогтоох асуудал нь өмгөөлөгч Б.Х-ын мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэлтэй шалтгаантай холбоогүй байнагэжээ.

4.13.Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь нотолгоо дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой бөгөөд өмгөөлөгч нь худал, төөрөгдүүлсэн, хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглохоор заасан.

4.14.Гэтэл өмгөөлөгч Б.Х нь шууд шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна ... цэвэрлээгүй цувдай өгдөг ... чийгтэй хүйтэн өрөөнд байлгадаг гэж нотлогдож, тогтоогдоогүй, цагдан хорих байгууллагын хоол болон тухайн байрны орчин нөхцөлийн талаар холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй үйл баримтын талаар олон нийтэд төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Иймээс шүүхээс нотолж тогтоох асуудал нь өмгөөлөгч Б.Х-ын мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.15.Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан.

4.16.Мөн Өмгөөлөгч Б.Х-д ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.3.1 зөрчлийн хүрээ, 46.3.3 гэм буруугийн хэлбэр, 46.3.4 зөрчлийн шалтгаан, нөхцөл байдал, 46.3.6 зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл, болон өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал зэргийг харгалзан үзсэн.

4.18.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, өмгөөлөгч Б.Х-ыг хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчөөгүй байна хэмээн дүгнэж Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна

Иймд магадлалыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Өмгөөлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх тухай байна.

6.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар өмгөөлөгч нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

7.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг зарчим, шаардлага, үүргийг тогтоох, тэдгээрийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг тодорхойлох, өмгөөлөгчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой бөгөөд уг дүрмийн хориглосон зохицуулалт нь өмгөөлөгч нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг хуульд нийцүүлж, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр үйл ажиллагаа явуулах, ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлах агуулгатай байна.

8.Өмгөөлөгч Б.Х нь өөрийн үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд үйлчлүүлэгчийнхээ холбогдсон эрүүгийн хэрэг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа хорих байрны нөхцөл байдлын талаар ярилцлага өгөхдөө “... Хөгжлийн банкны асуудлаар хоригдсон этгээдүүдтэй байнга тааралдуулж сэтгэл зүйн байдалд айдаст автуулж байна. ... Хоол тэжээлийн хувьд эрүүл ахуйн стандарт хангаагүй гэдэс цувдай арилгаагүй хоол тэжээлээр хангаж байна. ... чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна ... шөнө нүүрэн дээр нь тод цагаан гэрэл тусгаад унтаж амарч чадахгүй ... хэвлэлийн эрх чөлөөг нь хавчиж эрх чөлөөг нь хязгаарлаж цагдан хорьж байгаа” гэсэн мэдээллүүдийг өгсөн байна. Нэхэмжлэгчээс тухайн агуулга бүхий ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгснөө үгүйсгээгүй бөгөөд харин “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэг ч мэдээлэл дурдаагүй, ... хуулиар хориглосноос бусад агуулгаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх, иргэдэд эрх зүйн зөв мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор мэдээлэл өгөх нь хуулиар хориглосон арга хэрэгсэлд хамаарахгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.  

9.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлд өмгөөлөгч үйлчлүүлэгч бус этгээдтэй хэрхэн харилцах, юуг хориглох талаар нарийвчлан зохицуулж, 29.1-д гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хоригложээ. 

10.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хууль, дүрмийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

11.Тухайлбал, магадлалд “... хэргийн гуравдагч этгээд рүү чиглэсэн үйлдэл гаргаагүй байна. ... Өмгөөллийн тухай хуулийн ... 14.1.5 дахь ... заалтыг өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилтэй холбож үзэх нь учир дутагдалтай” гэх зэргээр Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээр өмгөөлөгчид хориглосон, үүрэг болгосон зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

12.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар тогтоогдоогүй мэдээлэл өгөхийг хориглосон зохицуулалтад зөвхөн хэргийн гуравдагч этгээдийг хамааруулан ойлгохгүй бөгөөд тухайн хэрэг маргааны оролцогч биш, бусад этгээд, олон нийтэд мэдээлэл хүргэхдээ хууль болон үйл баримтын талаар тогтоогдоогүй мэдээлэл өгөхийг өмгөөлөгчид хориглосон агуулгатай зохицуулалт бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж, зөвхөн хэргийн гуравдагч этгээдэд хамааруулж тайлбарласан нь үндэслэлгүй” гэсэн гомдол үндэслэлтэй.

13.Хэрэв үйлчлүүлэгч нь өмгөөлөгчид албан тушаалтан, байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн, хүсэлт гаргасан тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нь зохих шатны албан тушаалтанд гомдол, мэдээлэл гаргах замаар хуульд заасан арга хэлбэрээр шийдвэрлүүлэх боломжтой. Нөгөө талаар үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн эх сурвалж, үнэн зөв байдлын талаар нягтлалгүй, шалгагдаж тогтоогдоогүй мэдээллийг гуравдагч этгээд түүний дотор олон нийтэд өгч байгаа нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29.1-д заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөнд хамаарна. Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

14.Иймд нэхэмжлэгчийн “хуулиар хориглосноос бусад агуулгаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх, иргэдэд эрх зүйн зөв мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор мэдээлэл өгөх нь хуулиар хориглосон арга хэрэгсэлд хамаарахгүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй, учир нь үйлчлүүлэгчээсээ сонссон мэдээллийг шууд олон нийтэд түгээхийг иргэдэд эрх зүйн зөв мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой гэж үзэх үндэслэлгүй.

15.Түүнчлэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3.1.7-д “өмгөөлөгч” гэж Өмгөөллийн тухай хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хуульчийг, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг гэж тус тус зааснаар мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх эрх авсан хуульч хүний өгсөн мэдээлэлд иргэд, олон нийт шууд итгэх боломжтой учир мэргэжлийн хүний хувьд аливаа эх сурвалж нь тодорхойгүй, үнэн зөв байдал нь шалгагдаж, тогтоогдоогүй мэдээллийг гуравдагч этгээдэд хүргэхгүй байх хязгаарлалтыг дүрмээр тавьжээ.   

16.Ийнхүү дээрх байдлаар өмгөөлөгч Б.Х нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29.1-д заасан хориглосон заалтыг зөрчсөн, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх тул хариуцагчаас Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасан хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

17.Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолд дурдагдсан Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11 дэх заалтуудыг өмгөөлөгч Б.Х зөрчсөн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байх боловч энэ нь маргаан бүхий тогтоолыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ын “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МТ/2024/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

         Х.БАТСҮРЭН

          Ц.ЦОГТ