Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 320

 

Н.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

ялтан Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Н.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201726020018 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овогт Нямсүрэнгийн Мөнхбат, 1966 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аюушийн 16 дугаар гудамжны 1 тоотод оршин суух,

- 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 12 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэн суллагдсан,

- 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн Б-д тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 1990 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон ба 1990 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

- 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2001 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлсэн /РД:УЖ66091816/,

Н.Мөнхбат нь ялтай байхдаа, согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн Б.Лхамын хамар тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Мөнхбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Н.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Н.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Лхамын хамар тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогчийг эмчлүүлж, эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулан гомдолгүй болгосон ба хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний бие одоо 51 настай бөгөөд эрүүл мэндийн байдал тааруу, бөөрний дутагдал, түнхний ясны бэртэл, үе мөчний өвчинтэй билээ. Би өнгөрсөн жил орон гэрээ хулгайд алдсаны улмаас сэтгэл санааны багагүй хохирол амсаж, хар бор ажил, хөдөлмөр эрхэлж амьдарч явна. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Н.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Н.Мөнхбат нь ялтай байхдаа, согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн Б.Лхамын хамар тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Лхамын “...автобусны голын хаалганы хажууд зогсоод явж байтал Саппорогийн автобусны буудлаас ... 50 орчим насны эрэгтэй, өөрөөсөө насаар бага нэг эрэгтэйн хамт орж ирээд хаалганы харалдаа зөрөөд зогссон... тэр хоёр эрэгтэйгээс архи үнэртэж байсан ба насаар бага эрэгтэйн гар миний хажууд зогсож байсан эмэгтэйн цүнхнээс гарахаар нь би “Хүүе” гээд тэр эмэгтэй лүү толгойгоо дохьсон. Тэгтэл хамт явж байсан хөгшин эрэгтэй нь над руу муухай харж байснаа миний хамар луу гараараа цохисон... миний хамраас цус гараад “Намайг цохьчихлоо шүү дээ” гэж хэлэхэд насаар бага эрэгтэй нь “Битгий муудалцаад бай” гээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан. Харин хөгшин эрэгтэйг буух гэхэд нь автобусанд явж байсан үл таних хүмүүс бариад үлдээсэн... би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн ба намайг зодсон хөгшин эрэгтэйг Энхбат гэх залуу барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн... миний хамар хугарсан болохоор гомдолтой байна...” /хх-9-10/,

- гэрч Э.Энхбатын “...автобусны хамгийн хойд талын сандлын урд зогсоод явж байтал хүмүүс шуугилдахаар нь би чихэвчээ аваад харахад голын хаалганы харалдаа нэг эгч хамар луугаа цохиулсан бололтой цус гарчихсан зогсож байсан... түүнийг цохисон гэх нэг настай ах “Би чамд архичин шиг харагдаад байна уу, юундаа муухай хараад байгаа юм бэ” гээд тэр эгч лүү орилоод байсан... би жолоочийн бүхээгт очоод хаалгаа битгий онгойлгоорой, цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн... цагдаагийн хэлтэс дээр очиход тэр настай ах нэлээд согтуу байсан ба мөн их агсам зантай байсан... тэр эгч хэлэхдээ тэр хөгшин ах бас нэг эрэгтэйн хамт хоёулаа явж байсан ба хүний цүнхийг ухаж байхад нь “Болиоч” гэхэд шууд өөрийг нь цохисон гэж хэлсэн...” /хх-11-12/,

- яллагдагч Н.Мөнхбатын “...гэртээ ганцаараа 0,33 литрийн нэг шил архи уучихаад ... гараад явж байхдаа зүс таних залуутай тааралдаад дахин нэг шил архи уугаад салсан... автобусанд суугаад хойд талын хаалганы ард зогсоод явж байтал Саппорогийн автобусны буудлаас зүс таних дүү Энхбат тааралдахаар нь түүнтэй мэнд солилцсон... автобусны бариулаас барьчихсан зогсож байсан ба миний зүүн талын хөл гэмтэлтэй тул тоормоз гэнэт гишгэхэд гар алдаад савагдахдаа урд над руу хараад зогсож байсан эмэгтэйн нүүрэн тус газарт санаандгүй цохьчихсон... би “Чи яах гэж наашаа харж байвдаа, уучлаарай” гэж л хэлсэн... энэ үед Энхбат буюу Энгүүнээ буугаад өөр автобусанд суугаад явсан байх...” /хх-27-28/,

- шинжээч Ч.Эрдэмболорын “...уг гэмтэл нь хамар луу гараараа цохих үед нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” /хх-17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 47 тоот “...Б.Лхамын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ... хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-16/, мөн ялтан Н.Мөнхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоол /хх-157/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.          

Анхан шатны шүүх ялтан Н.Мөнхбатыг төлбөрийн чадваргүй ба шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж байгааг үндэслэн өмгөөлөгч томилуулан шүүн таслах ажиллагаанд оролцуулж, гүйцэтгэвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтад нийцсэн байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Ялтан Н.Мөнхбат нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан ялтай байдалд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эдгээрийг үндэслэн ялтан Н.Мөнхбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх ялтан Н.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байдал, мөн урьд нь хөнгөн, хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, хорих ял эдэлсэн ба  ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг шинээр үйлдсэн, согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзан үзэж, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон байх тул ялтан Н.Мөнхбатын “...шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, ялтанд оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

                                               ШҮҮГЧИД                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                              Д.МӨНХТУУЛ