| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/09128/И |
| Дугаар | 210/МА2025/00329 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00329
******* ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/06387 дугаар шийдвэртэй,
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,576,881 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Зээлдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай ******* ББСБ ХХК-иас автомашин худалдан авах зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан боловч зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 4-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Иймд зээлдэгч *******тай байгуулсан зээлийн гэрээний 3.7, барьцааны гэрээний 2.4-т заасны дагуу түүний эхнэр *******гаас нэхэмжилж байна. Манай байгууллага 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машиныг хураан авсан. Тухайн машинаар явж байх үедээ осолд орсон тул ашиглах боломжгүй байгаа, машин хөрөнгийн үнэлгээгээр 3,084,451 төгрөгөөр үнэлэгдсэн.
Зээлдэгчийн эхнэр *******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 13,989,616 төгрөг, зээлийн хүү 586,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 580 төгрөг нийт 14,576,881 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие хамтран зээлдэгч, батлан даагч биш учраас уг төлбөрийг төлөхгүй, татгалзаж байна. Нөхөр маань зам тээврийн ослоор нас барсан, хариуцагч биш байхад хариуцагчаар татаж оролцуулсанд гомдолтой байна. Би зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, барьцаа хөрөнгө болох автомашиныг нэхэмжлэгч байгууллага аваад явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14,576,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,849 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Барьцаалуулагчийн гэр бүлийн гишүүд бид энэхүү зээл авахыг дэмжиж байгаа бөгөөд үүнээс үүдэн гарах төлбөрүүдийг дундын болон хувийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхээр барагдуулахыг зөвшөөрч байна гэж тусгайлан заасан.
Шүүх Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэж үзсэн нь буруу байна. Учир нь бид Фидуцийн гэрээ биш Иргэний хуульд заасан Барьцааны гэрээ байгуулсан. ...шүүгч хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн зээлдэгч Э.Билэгсайхан 2022 оны 02 дугаар сарын 4-ний өдөр нас барснаар өв нээгдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/06387 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...******* ББСБ ХХК нь *******тай 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр зээл болон барьцааны гэрээнд ******* гэрээний оролцогч байх үндэслэл тогтоогддоггүй. Учир нь ******* нь тус гэрээг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэр бүлийн гишүүд бид хариуцан гэдэгт гарын үсэг зурсан нь ******* уг гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй бөгөөд баримтаар тогтоогдоогүй. ...Фидуцийн гэрээ нь мөнгөн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах өмчийг өмчлөлд шилжүүлсэн байхаар зохицуулагдсан. Тэгэхээр шүүхээс фидуцийн гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ...талийгаачид өвлүүлэх эд хөрөнгө байхгүй учраас өвлүүлэх эрх үүсээгүй, Иргэний хуулийн 521, 522 дугаар зүйлд зааснаар өвлүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,576,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ББСБ ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, түүнд тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 14,500,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохирсон, /х.х-ийн 8/
3.2. Мөн талууд ******* УАУ улсын дугаартай, Toyota prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаахаар барьцааны гэрээ байгуулсан. /х.х-ийн 9/
3.3. Зээлдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байна. /х.х-ийн 41/
Анхан шатны шүүх ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь зээлдэгчийн төлвөл зохих үүргийг түүний эхнэрээс нэхэмжилсэн.
4. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нарыг гэр бүл болсныг төрийн эрх бүхий байгууллага 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн, хариуцагч нь тус хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өв залгамжлан авах эрхтэй этгээд мөн эсэх талаар зохигчид маргаагүй боловч өв хүлээн авсан үйл баримт талаар маргасан байна. /х.х-ийн 13/
5. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана гэж, 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заасан.
Хэдийгээр Монголын нотариатчдын танхимын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт дурдсанаар хариуцагч *******г нөхөр *******ы эд хөрөнгө болон эрхийг өвлөн авсан тухай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэсэн байх боловч нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ авах болон өв хүлээн авсанд тооцож, улмаар өмчлөх эрх шилжих тухай зохицуулалтыг ялгаагүй байна. /х.х-ийн 40/
Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэж, 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус зааснаар хариуцагч ******* нь нөхөр *******тай хамт амьдарч байсны хувьд өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг холбогдох этгээдэд гаргаагүй бол түүний өв хүлээн авсан гэж үзнэ.
6. Хэрэгт ******* нь эд хөрөнгө болон эрх өмчилдөг талаарх баримтгүй, ******* нь гэр бүл болохоос өмнө 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бусдаас өв залгамжлалын журмаар Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 65 дугаар гудамж, 16 тоот хаягт байрлах 645 м.кв талбайтай газрыг өвлөн авсан, үүнээс хойш хугацаанд түүний нөхөр нас барсан байх тул хариуцагчийг нас барсан хүний эд хөрөнгө болон эрхийг өвлөн авсан гэж үзэхгүй. /х.х-ийн 31/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******г зээлдэгч *******ы эд хөрөнгө болон эрхийг өвлөн авсан талаарх үйл баримтыг нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал зээлдүүлэгчийн хувьд хариуцагчийг талийгаач нөхрийнхөө зээлийн үүргийг хариуцах ёстой гэж маргаж буй тохиолдолд дээр дурдсанаар хариуцагч нь өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрхийг өвлөн авсан гэдэг нь баримтаар нотлогдох ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т тус тус заасныг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь,
Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана гэж, 536.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл, дээрх хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д шүүхэд гаргах нэхэмжлэл биш, харин гомдлын шаардлага гаргах эрхийн талаар зохицуулсан байх бөгөөд холбогдох хуульд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардахад заавал гомдлын шаардлага гаргах талаар тухайлан зохицуулаагүй учир зээлтэй холбоотой өвлүүлэгчийн үүрэгт гомдлын шаардлага гаргах эсэх тухай асуудал яригдахгүй юм.
Иймд, нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилнө.
8. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тухайн гэрээ дуусгавар болох үндэслэлийг тус хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлсэн бол уг гэрээ дуусгавар болох, аль эсхүл үүрэг биелэгдээгүй бол өмчлөлд шилжүүлэн авсан эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болно гэж заасан.
Талуудын тайлбараар ******* нь барьцааны зүйл болох Toyota prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа осолд орсон, үүний дараа нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 3,080,451 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хурааж авсан нь бодитоор гаргуулан авсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. /х.х-ийн 42-56/
9. Түүнчлэн нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь ******* УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх боловч талуудын байгуулсан барьцааны гэрээний тохиролцоог үзвэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан фидуцийн гэрээ бус, харин 231.1.4-т заасан барьцааны гэрээ байгуулагджээ.
Анхан шатны шүүх талуудын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээний тохиролцоог зөв тодорхойлоогүйгээс фидуци болон барьцааны гэрээний аль нь байхаас хамаарч зээлийн гэрээний үүргийн шаардлагыг хангах үр дагавар өөр байхыг анхаараагүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэв.
Харин нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******г нөхөр *******ы эд хөрөнгө болон эрхийг өвлөн авсан болохыг нотлоогүй байх тул шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.
10. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/06387 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 14,576,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 230,834.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР