| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/86 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгч Т.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурман овогт Т.Кд холбогдох эрүүгийн 1907002360078 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчингийн 27 дугаар гудамж 169 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Хурман овогт Т.К.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.К нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан байх үедээ өөрийн эхнэр М.Заврашьтай маргалдаж улмаар түүнийг өшиглөлөө гэж уурлан архины шил авч шидэн хажууд нь байсан Т.Алтанцэцэгийн нүүрэн тус газар нь онож зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн зовхи шарх, зүүн нүдний алимны доргилт, шилэнцрийн цус харвалт, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.К нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Архи ууснаас болж ийм хэрэг боллоо. Цаашид архи уухгүй, ажил хийнэ. Хохирогчид 450,000 төгрөг өгсөн. Хөнгөн шийтгэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би хашаанд байсан 2 шуудай нүүрсээ зараад манай гэрийн ойролцоо байдаг хүмүүстэй өглөөнөөс эхлээд архи уусан. ...Загинаж байгаад өшиглөсөн би газар унаад босохдоо эхнэр рүү газар байсан уусан хоосон архины шилээ аваад шидсэн чинь хажууд нь сууж байсан Алтанцэцэг эгчийн нүүрэн тус газар нь оносон. Зүүн нүднээс нь цус гарч эхэлсэн. Алтанцэцэг эгчтэй эхнэр тэр үед юм яриад байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-48 дугаар хуудас/
Хохирогч А.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.К Майгаа гэх 2 залуу нүүрс зарчихсан архи аваад ирж байна гэсэн. Бид нар хамт буцаад Улаакаагийн хашаанд орсон. Авч ирсэн архиа Т.К өөрөө задлаад ойртуулаад байсан. Надад аяга дүүргээд өгөхөөр нь би уухгүй гэж хэлээд буцаагаад Т.Кд өгсөн. Тэр үед Т.Кы эхнэр нь хашаанд ороод ирсэн. Тэнд байсан хүмүүс босоод яваад өгсөн. Т.Кыг эхнэр нь муу янхан минь чи нүүрс зарлаа гэж хэлээд цээж рүү нь өшиглөсөн. Т.К газарт байсан архины шил аваад миний нүүр рүү цохисон. Нүд харахуйлаад явчихсан” /хх-ийн 15-17 дугаар хуудас/
Гэрч М.Заврашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би ээлжийн ажлаасаа 15 цагийн орчим буугаад гэртээ ирэхэд хашааны гадна бага охин уйлаад аав архи уугаад байна гэж хэлэхээр нь би нөхөр Т.Кыг хайж гадуур явсан. Би нөхөр дээрээ очиж өшиглөөд “чи байнгийн архи ууж байх юм” гэж хэлэхэд над руу нөхөр архины шил аваад шидсэн. Би бултаад холдоход миний хажуугаар зөрөөд Алтанцэцэг гэх эмэгтэйн нүүрэнд оночихсон. Алтанцэцэгийн баруун нүднээс цус гарч байсан. Алтанцэцэг уйлаад нүүрээ дараад байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шинжээч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Алтанцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь байрлалын хувьд зүүн эргэн тойронд байх учир дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учир нь дээрх гэмтэл нь зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ мэс ажилбар шаардана. Мөн эдгэрэх хугацаа нь удаан явагдана.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/258 дугаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.К нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд согтуурсан байх үедээ өөрийн эхнэр М.Заврашьтай маргалдаж байхдаа уурлан архины шил авч шидэн хажууд нь байсан Т.Алтанцэцэгийн нүүрэн тус газар нь онож зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн зовхи шарх, зүүн нүдний алимны доргилт, шилэнцрийн цус харвалт, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...газар байсан уусан хоосон архины шилээ аваад шидсэн чинь хажууд нь сууж байсан Алтанцэцэг эгчийн нүүрэн тус газар нь оносон. Зүүн нүднээс нь цус гарч эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.К газарт байсан архины шил аваад миний нүүр рүү цохисон. Нүд харахуйлаад явчихсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч М.Заврашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архины шил аваад шилсэн. Би бултаад холдоход миний хажуугаар зөрөөд Алтанцэцэг гэх эмэгтэйн нүүрэнд оночихсон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 шэ/258 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Кд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Хурман овогтой Т.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Кд улсын яллагчийн зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч архидан согтуурсан үедээ гаргасан авиртай нь холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж , учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурман овогт Т.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кд 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.К нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД