| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02081/И |
| Дугаар | 210/МА2025/00051 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00051
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04851 дугаар шийдвэртэй
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******, ******* нар холбогдох
55,407,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, ******* нар *******-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлийг *******, ******* нарт авч өгч, зээлийн барьцаанд өөрсдийн амьдарч буй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 байр, 11 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нараас зээл төлөх баталгаа гаргаж зээлийн үндсэн хүүг төлж байгаад 2024 оны 01 дүгээр сараас эхлэн төлөхөө больсон.
Улмаар үндсэн зээл 38,000,000 төгрөг төлөгдөөгүй бөгөөд зээлийн хүү сарын 4 хувиар бодоход 1,520,000 төгрөг сар бүр, мөн нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцож бас хэтэрсэн хугацааны хүүг *******-оос төлөхийг удаа, дараа шаардаж төлөхгүй бол барьцааны байрыг худалдан борлуулж хохирол барагдуулах талаар шаардсан. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нартай төрөл садангийн холбоогүй ч тэдэнд итгэж өөрсдийн амьдарч байсан байраа барьцаанд тавьж зээл авч өгсөн боловч хүнээс мөнгө авах ёстой түүнийг аваад зээлийг төлнө гэж худлаа ярьж цаг хугацаа хожсон. Иймд *******-оос авсан зээлд үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 8,613,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 794,400 төгрөг, нийт 47,407,733 төгрөг гаргуулна.
1.2. Хариуцагч нарын зүгээс санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. *******-ны нэхэмжилж байгаа дүнг үндэслэн сард 1,570,000 төгрөгийг хүүнд бодогдож, нэг өдөрт шилжүүлэхэд 52,333 төгрөгийн хүүгийн өрөнд орж байна. Мөн зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүний өр өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцан төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 8,000,000 төгрөгөөр ихэсгэж байна.
Иймд хариуцагч нараас нийт 55,407,733 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******ийн данс руу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 12,850,000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний 10,000,000 төгрөг, 11,400,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч ******* зээл аваагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч ******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...*******т огт мөнгө өгөөгүй эхнэр *******т мөнгө өгсөн гэжээ. Мөн *******, ******* нарын *******т дамжуулан зээл авсан буюу шилжүүлсэн гэх тайлбар зэргээр нотлогдсон. Иймд хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хаан болон төрийн банкны данс руу 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр Д.Ганбаатар нь 4,350,000 төгрөг, нийт 9,850,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөөр ******* нь Япон улсад байдаг охиноо эргэж ирнэ гэж хэлээд авсан.
Улмаар 24,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс Начин заан ломбардад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 398,000 төгрөгийг ******* гэх утгатай, мөн *******ийн Хаан банкны данс руу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр 341,000 төгрөг, ******* гишүүн болгох төлбөрт нэхэмжлэгч тус бүр 100,000 төгрөг нийт 200,000 төгрөг, үйлчилгээний хураамж 184,000 төгрөгийг *******-д, нотариатын мөнгө 43,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн, *******-д хариуцагч ******* 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 1,560,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 11,527,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, дахин 300,000 төгрөг, нийт 15,627,000 төгрөгийг шилжүүлсэн.
2.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй.
Иймд дээрхийг нэгтгэн бодвол нэхэмжлэгч нар болон *******-д нийт 27,245,000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл 7,005,000 төгрөг болно. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 47,407,733 төгрөг гаргуулах тухай шаардлага тодорхой бус байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 28,989,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,418,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 394,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 302,899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан баталгаа гэх баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан зээл төлөх тухай баталгаа гэх бичгийн нотлох баримтыг үндэслэл болгож шинжпэн судалсан байх бөгөөд *******, ******* бид 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******-оос *******ийн ******* 2 өрөө орон сууцны барьцаалан 38,000,000 төгрөгийн зээлийг *******, ******* нарын нэр дээр авсан тул 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн хүүг төлж ирсэн. Цаашид уг зээлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган энэ хугацааны 38,000,000 төгрөгийн хүүг хариуцан зээлийг бүрэн төлж, байрны бичгийг чөлөөлж өгөхөөр тохиролцов. *******д зээлийн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн бөгөөд нийт 38,000,000 төгрөгийн хүүг хариуцан төлнө 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталгаа гаргасан *******, ******* гэж бичээд гарын үсэг зурсан байна. Үүнээс үзвэл 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө тус зээлийн хүүнд *******, ******* нар *******-д 15,111,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зээл төлөх баталгааны хувьд зээлийн хүүг төлж ирсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид 38,000,000 төгрөгийн зээлийн хүүг хариуцан төлөхөө илэрхийлсэн утгатай баталгаа байна.
Гэтэл шүүхээс уг баталгааг зөв тайлбарласан атлаа хүүг хэрхэн тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тус хүсэл зоригийн дагуу хэдэн төгрөгийн хүү төлөгдсөн, цаашид хэдэн төгрөгийн хүү төлөгдөх эсэхэд дүгнэлт хийгээгүй тооцооллын хувьд хэрхэн дүгнэсэн талаар дурьдаагүй тул үүнийг тайлбарлах боломжгүй. Мөн хавтаст хэргийн 8 дугаар талд Баталгаа гаргах нь гэх бичгийн нотлох баримтыг үндэслэл болгож шинжлэн судалсан бөгөөд уг баталгаанд ******* миний бие нь *******ээр дамжуулан *******-оос 38,000,000 төгрөгийн зээлийг өөрийн эрхэлдэг үйлдвэрлэлд түүхий эд материал татан авах зорилгоор авсан. Уг зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх авсан бөгөөд 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 04 дүгээр cap хүртэлх хүүг миний бие төлсөн. Харин *******д 10,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаан авч дээрх 38,000,000 төгрөгийн зээлийн хүүнд *******-нд төлсөн. Үндсэн зээл 38,000,000 төгрөгийг үйлдвэрийн орлогоос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр төлж дуусгана. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр баталгаа гаргасан ******* гэж бичээд гарын үсэг зурсан байна. Үүнээс үзвэл 2022 оны 05 дугаар сараа 2023 оны 04 дүгээр cap хүртэлх хүүгээ төлснөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 38,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр баталгаа гаргасан. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Зээл төлөх тухай баталгаа-нд бичигдсэнээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн гэх 10,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар буцаан авсан тухайгаа баталгаа гаргасан байна. Энэ үйл баримтыг шүүхээс мөн л тодорхой дүгнэлт хийлгүйгээр 10,000,000 төгрөгийн хүү гэж үзсэн эсэх, нэхэмжлэгчээс ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хассан, хасаагүй гэж тодорхойлоогүй бөгөөд нэхэмжпэгчийн зүгээс таамаглан тодорхойлох боломжгүй.
Дээрх үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад аль ч талаас тодруулаагүй атлаа шүүхээс ямар байдлаар дүгнэсэн гэдгийг таамаглах боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд тус мөнгийг ******* дансаар дамжуулан *******-д төлсөн тухайгаа тайлбарласан бөгөөд хариуцагч талаас энэ үйл явдалд маргадаггүй. Гэтэл шүүхээс тус мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан, хасаагүй гэх дүгнэлт хийгээгүй бөгөөд тогтоох хэсгээс харвал хасч тооцсон байх боломжтой байна. Хавтаст хэргийн 9 дүгээр талд *******-оос байр барьцаалан зээлийг төлж, барьцаа чөлөөлж авах тухай бичгийн нотлох баримтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. ******* миний бие нь *******ээр дамжуулан түүний өмчлөлийн *******тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалан авсан зээлээ цаашид ч бүрэн хариуцаж өр төлбөрийг дуусгаж барьцааг чөлөөлж өгнө гэж ******* бичээд гарын үсэг зурсан байна. Үүнээс үзвэл тус *******-оос байр барьцаалан зээлийг төлж, барьцаа чөлөөлж авах тухай баталгааг цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гаргасан. Энэ баталгааны дагуу хариуцагч нар барьцааг бүрэн чөлөөлж өгөхөөр тохирч хүсэл зоригийг баталгаажуулсан. Энэ нь *******-д зээлийг бүрэн төлж барагдуулсанаар энэ хүсэл зориг биелэх ёстой.
Иймд шүүхийн шийдвэрээр 26,418,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагч *******т 34,250,000 төгрөг орж ирсэн бөгөөд үлдэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар авсан тул түүний хүү, алдангийг өөрсдөө хариуцах ёстой. Нэхэмжлэгч тал мөнгө төлөөгүй гэж ярьдаг боловч хариуцагч мөнгө төлөөд явж байсан. Хэрэгт авагдсан баримтаар 27,245,000 төгрөгийг ******* болон ******* нар төлсөн бөгөөд 7,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Харин ******* нь Япон улс явах болсон гээд 10,000,000 төгрөг аваад хүү, алданги зогссон. Нэхэмжлэгч тал бусдаас хууль зүйн зөвлөгөө авсны дараа та 10,000,000 төгрөг авсан юм байна, уг 10,000,000 төгрөгийг өгчих гэхдээ баталгаа гаргуулаад авчих гэж хэлсэн байдаг. Уг баталгааг гаргуулахад нэхэмжлэгч тал хүү, алданги зогсох тул баталгаанд гарын үсэг зурчих гэж хэлсэн тул хариуцагчид зурсан.
Анхан шатны шүүх хуралдааны явцад *******-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч тал нотариатын газар очоод хариуцагчид баталгаа гаргаад өгчих өө, хэрэв баталгаа гаргаад өгчих юм бол Бидний нөхөд-ны хүү, алданги зогссон гэж төөрөгдөлд оруулаад баталгаа гаруулсан. Хариуцагч ******* нь миний нөхөр ******* мөнгө аваагүй, бид 2 очоод баталгаа гаргаад өгсөн гэж удаа дараа хэлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь өөрөө 14,000,000 төгрөг хэрэглэсэн тул хүү, алданги нь хариуцах ёстой. Анхнаасаа уг зээлийг хамтран бизнес хийнэ, юм хийхгүй бол амьдарч болохгүй байна гэж хэлсний дагуу би хөрөнгө оруулалт хэмээн ойлгосон гэжээ.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлсэн байна. Тодруулбал, хариуцагч талаас удаа дараа жинхэнэ нэхэмжлэгчээр *******-ны захирал ******* шүүх хуралдаанд гэрч болон гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй. Гэтэл *******, ******* нар жинхэнэ нэхэмжлэгч биш бөгөөд харин ******* байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******, ******* нарын эрх зөрчигдөөгүй.
6.2. Хариуцагч ******* нь нэхэмжпэгч *******ийн хаан болон төрийн банкны данс руу нийт 9,850,000 төгрөг шилжүүлсэн. Энэхүү мөнгөний хүү, алданги тооцоогүй нэхэмжпэгч өөрөө буруутай үйлдлийг шүүх үнэлээгүй. Мөн *******-д 15,627,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 27,245,000 төгрөг төлж 7,005,000 төгрөг үлдсэн. Гэтэл нэхэмжлэгч нараас хариуцагч нарыг удаа дараа айлган сүрдүүлж дарамт шахалт үзүүлэх замаар олон удаагийн үйлдлээр нотариатын газруудаар оруулж гарын үсэг зуруулсан. Иймд баталгаа гаргах баримтыг хууран мэхлэх зорилгоор болон хүч хэрэглэж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй тул нотлох баримтаас хасах ёстой.
Хэрэгт авагдсан баримтаас харахад ******* мөнгө аваагүй болох нь тогтоогдож байхад хариуцагчаар татсан, улмаар ноцтой төөрөгдөл оруулж хууран мэхлэх замаар баталгаа дээр гарын үсэг зуруулсан, төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбрийг буцаан олгох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч нарыг анхнаасаа хамтран бизнес хийе гэж гуйж байгаагүй, харин биднээс орон сууцаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч ОХУ-аас бараа оруулж ирээд зарах гэсэн юм, 5 сарын дараа зээлээ дарна гэж гуйж байсан. Би зээл авсан хадгаламж зээлийн хоршоог мэдэхгүй байхад хариуцагч нар намайг дагуулж явж танилцуулаад 38,000,000 төгрөгийн зээл авсан.
7.2. Хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтэд хадгаламж зээлийн хоршооны захирлыг гуравдагч этгээдээр татах, мөн тухайн хүнийг гэрчээр асуулгах агуулгатай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрэгт хавсаргасан. Шүүх хэргийн оролцогчийг хоёр болон түүнээс дээш статусаар зэрэг оролцох боломжгүй тул хүсэлтийн шаардлага тодорхой бус байна гэх агуулгаар хүлээж аваагүй. Мөн гэрчээс юу асуух нь тодорхойгүй гэх асуудал хөндөгдсөн. Хариуцагч тал шийдвэр гарахаас өмнөх шүүх хуралдааныг 2, 3 удаа хойшлуулсан бөгөөд сүүлийн шүүх хуралдааны явцад уг хүсэлтийг гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудал яригдсан. Анхан шатны шүүх ийм үндэслэлүүдээр уг хүсэлтийг хангахаас татгалзсан тул процессын зөрчил байхгүй.
7.3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх тодорхойгүй, бүрдүүлбэр хангаагүй гэх асуудлаар хүлээж аваагүй тул уг хэргийг шүүхэд буцаах үндэслэлгүй. Хариуцагч тал шүүх хуралдаанд удаа дараа саад учруулж, шүүх хуралдаан болгоныг хойшлуулах хүсэлт тавьж, сүүлдээ хүндэтгэн үзэх шалтгаан ярьсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хариуцагч тал хугацаа хожих, бусдад саад учруулах, мөн өөрсдөдөө цаг хугацааны давуу байдал үүсгэх гэсэн үйлдэл гэж харж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баталгааг үүнийг хэдэн ч удаа батлуулж болно гэх тайлбарыг гаргадаг. Нотариат гэдэг бол төрийн нэрийн дагуу гэрчийн үүргийг гүйцэтгэх, нотлох баримтыг гэрчлүүлдэг хууль зүйн зохицуулалтын хүрээнд тусдаа чиг үүрэг хэрэгжүүлдэг субъект байдаг. Талууд анхан шатны шүүх хандахаас өмнө аль аль тал хүлээн зөвшөөрөөд төлбөр төлөхөө илэрхийлээд явж байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа. Хүнд зээл авч өгөөд орон сууцаа алдана гэдэг ойлголт нь утгагүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 47,407,733 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 8,000,000 төгрөгөөр ихэсгэн, нийт 55,407,733 төгрөг гаргуулахыг хүссэн.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...үндсэн зээлээс 27,245,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 7,005,000 төгрөгийг төлнө, харин бичгээр гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй... гэж маргажээ.
3. Нэхэмжлэгч нар *******-оос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 38,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******, ******* нарт зээлдүүлсэн.
3.1. Нэхэмжлэгч *******, ******* нар *******-той байгуулсан зээл болон барьцааны гэрээ, хариуцагч нарын үйлдсэн 3 удаагийн зээл төлөх баталгаа зэрэг баримтыг үндэслэн тус хоршооноос зээлсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 55,407,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.2. Давж заалдах шатны шатны шүүх хуралдаанд зохигчид ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг хэргийг өөр шүүх шийдвэрлэж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд уг нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
3.3. Хавтаст хэргийн 84 дүгээр тал дахь *******-ноос ирүүлсэн ******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 49,884,267 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэх баримтыг шүүх үндэслэн нэхэмжлэгч нарт учирсан хохирол болон хариуцагч нарын гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй. Учир нь шүүх нэхэмжлэгч *******, ******* нарыг *******-д хэдэн төгрөгний зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй болохыг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нар нь хэдэн төгрөгний зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус хадгаламж зээлийн хоршоонд төлж хохирсон нь тодорхой болсноор хариуцагч нарын хүлээх үүрэг, төлөх мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжтой болно. Иймээс уг маргааныг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.
3.4. Түүнчлэн, хэргийн баримтаар нэхэмжлэгч нар хариуцагч нарт 38,000,000 төгрөгийг эсвэл 34,450,000 төгрөгийг шилжүүлсэн нь, мөн хариуцагч нарын төлсөн гэх 27,000,000 төгрөгөөс хэдийг хадгаламж зээлийн хоршоонд төлсөн, хэдийг нэхэмжлэгч нар өөртөө хэрэглэсэн гэх нөхцөл байдал тодорхой бус байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нар *******-д нийт 15,711,000 төгрөг, нэхэмжлэгч нарт нийт 11,632,770 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбарласан байтал хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч нараас шаардсаныг шүүх тодруулаагүй нь буруу болжээ.
3.5. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг анхаарахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох, 55,407,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигчдын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04851 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, ******* нарт холбогдох, 55,407,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 290,100 төгрөг, хариуцагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 302,899 төгрөгийг тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ