| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/00957/И |
| Дугаар | 201/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 201/МА2025/00001
*******-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 138/ШШ2024/00911 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
788,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******-1 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******-1 СӨХ нь 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ЧД-ийн 5-р хороо, 6-р хорооллын нутагт орших *******-р байрыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгаан шатны засвар үйлчилгээ, үйлчлэгч ажилчдын хөлс, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, цахилгаан ус дулааны зардал зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг.
Иргэн ******* нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо, *******-р байрны ******* тоот байрыг эзэмшдэг. ...******* нь 2022 оны 9 сараас 2024 оны 9 сар дуустал нийт нийт 25 сарын төлбөрийг төлөөгүй төлөх үүргийн үнийн дүн 788,500 төгрөг байна. Иймд СӨХЭЗБТХ-ийн 12.4.4, ИХ-ийн 149.1, 149.2 дахь хэсэгт зааснаар 788,500 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: СӨХ нь засвар үйлчилгээний тал дээр огт ажил хийдэггүй үйлчилгээний тал дээр сэтгэл ханамж байхгүй тул үйлчилгээний хөлсийг төлөхөөс татгалзаж байна. Харин лифтний мөнгө, үйлчлэгчийн мөнгийг төлнө. ... Өмнө нь СӨХ сард 20,200 төгрөг авдаг байсан. Ямарч үндэслэлгүйгээр мөнгөө нэмж сард 33,700 төгрөг авдаг болсон. Энэ нэмсэн нь үндэслэлгүй, хууль бусаар нэмсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч *******гаас 505,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-1 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 283,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23,474 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж хариуцагчаас *******,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-1 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 283,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Удирдах зөвлөлийн тогтоолын хавсралт нотлох баримтаар авагдаагүй тул үнэ тарифыг 33,700 болж нэмэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Учир нь шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хийсвэр, таамаглалд үндэслэж бус харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж шийдвэр гаргах учиртай. Гэтэл анхан шатны шүүх СӨХ-ны төлбөрийг 33,700 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах боломжгүй учир тогтоолын хавсралт авагдаагүй гэж дүгнэсэн атлаа нэг сарын төлбөр 20,200 төгрөг, нийт 505,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар дүгнэсэн нь ойлгомжгүй, юуг үндэслэж тогтоосон нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл хэрэгт удирдах зөвлөлөөр СӨХ-ны төлбөр мөнгөтэй холбоотой үнэ тарифыг тогтоосон буюу 20,200 төгрөг байхаар тогтоосон тогтоол, хавсралт нотлох баримтаар авагдаагүй байхад дээрх хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх ба хэрэв анхан шатны шүүх дээрх дүгнэлтэд хүрсэн бол нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай. Гэтэл анхан шатны шүүх агуулгын хувьд ижил ойлголт дээр харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй:
13.2.1. Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;
13.2.2. бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх;
13.2.3. дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заажээ.
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах тухай энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэсэн заалтууд зөрчигдөж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Давж заалдах журмаар гаргасан гомддлоо дэмжиж байна. ...шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хийсвэр, таамаглалд үндэслэж бус харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж шийдвэр гаргах учиртай. Хэрэгт СӨХ-ийн төлбөр мөнгөтэй холбоотой үнэ тариф тогтоосон буюу 20,200 төгрөг байхаар тогтоосон тогтоол, хавсралт нотлох баримтаар авагдаагүй байхад дээрх хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй, агуулгын хувьд ижил ойлголт дээр харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-1 СӨХ-ийн ирүүлсэн тайлбарт бүх гишүүдийн хурлын ирц 54.3% гэсэн байна. Энэ нь СӨХ-ийн нийт хэдэн гишүүнээс хэд нь хуралд ирж дээрх хувийг гаргасан нь тодорхойгүй байна. СӨХ-ийн тухай хуульд төлбөр нэмэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар, үүнээс хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийднэ гэсэн байна. Гэтэл тус СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс харахад төлбөр нэмэгдүүлэх асуудлаар гишүүдээс санал хурааж шийдвэрлэсэн байдал харагдахгүй байх тул хууль бус гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гаргасан жишиг үнийн тарифт нийцүүлсэн гэж байна. Тэр тариф, тусгаар нэг СӨХ-ийн тариф хоёрын хооронд учир шалтгааны ямар хамаарал байдаг юм бэ. СӨХ-ийн төлбөрийн хэмжээг тухайн СӨХ-ны гишүүд бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэж өөрсдөө тогтоох ёстой баймаар юм гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч *******-1 СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 788,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгч *******-1 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутагт орших ******* дугаар байрыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгаан шатны засвар үйлчилгээ, үйлчлэгч ажилчдын хөлс, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, цахилгаан, ус, дулааны зардал зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Иргэн ******* нь ******* дугаар байрны ******* тоот байрыг эзэмшдэг. ******* нь 2022 оны 9 сараас 2024 оны 9 сарыг дуустал нийт 25 сарын төлбөрийг төлөөгүй тул СӨХЭЗБТХуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дахь хэсэгт зааснаар 788,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
5. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...СӨХ нь засвар үйлчилгээний тал дээр огт ажил хийдэггүй, энэ талаар сэтгэл ханамж байхгүй тул үйлчилгээний хөлсийг төлөхөөс татгалзаж байна. Харин лифтний мөнгө, үйлчлэгчийн хөлсийг төлнө. Өмнө нь СӨХ сард 20,200 төгрөг авдаг байсан. Ямар ч үндэслэлгүйгээр мөнгөө нэмж сард 33,700 төгрөг авдаг болсон. Үнэ нэмсэн нь үндэслэлгүй, хууль бусаар нэмсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
6. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн ******* дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулсан *******-1 Сууц өмчлөгчдийн холбоог Чингэлтэй дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2012 оны 10 дугаар сарын *******-ны өдөр бүртгэж №46 дугаартай гэрчилгээ олгосон байна.
7. *******-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр *******ийг *******-1 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилжээ.
8. Тус СӨХ-г төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь хариуцагч *******гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасантай нийцжээ.
9. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.
10. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тус СӨХ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар зардалд өөрчлөлт оруулсан, өрхөөс сар бүр хураах хураамжийн хэмжээг тогтоолын хавсралтаар баталсан гэх боловч үнийг өөрчилсөн тогтоолын хавсралтыг нотлох баримтаар ирүүлээгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэлээ нотлох нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч хуульд заасан уг үүргээ биелүүлээгүй байна.
11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь : ...шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хийсвэр, таамаглалд үндэслэж бус харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж шийдвэр гаргах учиртай. Хэрэгт СӨХ-ийн төлбөр мөнгөтэй холбоотой үнэ тариф тогтоосон буюу 20,200 төгрөг байхаар тогтоосон тогтоол, хавсралт нотлох баримтаар авагдаагүй байхад дээрх хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй, агуулгын хувьд ижил ойлголт дээр харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба гомдолд бичгийн баримтаар *******-1 СӨХ-ны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 01 дүгээр тогтоолын 01 тоот хавсралтыг хавсарган ирүүлжээ.
12. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2022 оны 9 сараас 2022 оны 12 сарыг дуустал 20,200 төгрөгөөр, 2023 оны 01 сараас 2024 оны 9 сарыг дуустал 33,700 төгрөгөөр тус тус тооцож тооцоо гаргасан нягтлан бодогч болон гүйцэтгэх захирлын гарын үсэг, СӨХ-ийн тамга тэмдэг бүхий нотлох баримтыг /хх-13, 14х/ ирүүлсэн байх бөгөөд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаагүй, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг хянадаг бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад тулгуурлан шийдвэрийг хянах үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн *******-1 СӨХ-ны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 01 дүгээр тогтоолын 01 тоот хавсралт /он зөрүүтэй/ гэх баримтын талаар дүгнэлт хийгээгүй болно.
14. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас 2023 оны 01 сараас эхлэн 33,700 төгрөгөөр тооцож төлбөрийг гаргуулах боломжгүй гэж дүгнэн, 2022 оны 9 сараас 2024 оны 9 сарыг дуустал хуучин тариф болох сарын 20,200 төгрөгөөр тооцож нийт 505,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 283,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
*******. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 138/ШШ2024/00911 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,474 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ