| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/02339/И |
| Дугаар | 210/МА2025/00052 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00052
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлснөөс суутгасан 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Б.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/01859 дугаартай шийдвэрээр намайг тус газрын дотоод аудитор албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэвч хариуцагч байгууллага нь надад илтэд зүй бус хандан шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж анхнаасаа халах зорилготойгоор ажилд томилогдсоны дараа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
1.2. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин миний цалингаас 2 удаагийн татан авалтаар нийт 800,000 төгрөгийг надад мэдэгдэж, танилцуулалгүй суутган авсан нь хууль бус үйлдэл болсон.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж, цалингаас суутгасан 800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллага, нэгжийн шууд удирдлагад мэдэгдэлгүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаанд ажлын байрыг орхин ажилдаа ирээгүй эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Иймээс нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хуанлийн 1 сарын хугацаанд дахь тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдрөөс дээш гарсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
2.2. Манай байгууллага шүүхийн шийдвэрийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 8,441,860 төгрөг шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох байсан боловч тухайн үед суутгаагүй тул 2023 оны 11 дүгээр сарын цалингаас 400,000 төгрөг, 12 дугаар сарын цалингаас 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөг суутгасан.
Иймд нэхэмжлэгч нь ажлаа 3 өдрөөс дээш хугацаар тасалсан тул хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлаас чөлөөлсөн, мөн нэхэмжлэлд дурдсан 800,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ААТҮГ-ын дотоод аудитор албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 48,400,000 төгрөгийг хариуцагч ******* ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ААТҮГ-аас 289,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 09.00-18.00 цаг буюу ажлын 8 цагаар ажлын байранд ажиллах үүрэг хүлээсэн боловч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ний өдрийг хүртэл нийт хоцорсон, тасалсан цаг, минутаар тооцвол 1,969 минут, 32 цаг, 4 өдөр байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил байсан тул *******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Маргааны гол зүйл нь ажлаас хоцорсон болон тасалсан цаг хөдөлмөрийн гэрээний 7.5.7-д заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэх юм. Хэрэгт ажилчдын цагийн бүртгэлийн системийн бүртгэл-1 болон *******д холбогдох хэсгийн дангаар авсан цагийн бүртгэлийн системийн бүртгэл -1, ирцийн бүртгэл-1 ширхэг тус тус авагдсан. Шүүх дээрх 2 цагийн бүртгэл, 1 ирцийн бүртгэлийн тухайд баримтууд нь хоорондоо зөрүүтэй талаар дурьдсан атлаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй. Мөн хариуцагч талын зүгээс ажлын цагийн бүртгэлээс ******* тухайн сард ажиллах ёстой 20 өдрөөс хэдэн өдөр ажиллаагүйг тогтоосон цаг бүртгэлийг гаргаж өгсөөр байтал гараар засаж гаргасан цалин бодохдоо ашигласан ирцийн бүртгэлийн баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд уг баримтыг яагаад үндэслэл болгосон талаар бодитой тайлбар хийгээгүй.
Шийдвэрт *******гийн гэрчээр асуулгасан тэмдэглэлийг дурдсан атлаа гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, гэрчээр асуулгасан тэмдэглэлд тухайн баримтын зассан тоо нь яг хэд байсныг найм болгон гараар зассан, бусад найм гэж байгаа ажлын хоногууд яагаад нөгөө гаргаж өгсөн цаг бүртгэлийн баримт дээр өөр өөр байгааг нягтлан харах шаардлагатай байсан атал зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр байгууллагын хувьд баяр, наадам дөхөж байсантай холбоотой байгууллагын ажилчдын цалинг сарын ажлын сүүлийн өдрөөс өмнө бүтэн олгосон хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажпаас чөлөөлөх, ажлаасаа хоцрох, эрт тарах үйлдлийг зөвтгөх үндэслэл болж чадахгүй. Иймд урьдчилан цалин бүтэн олгосон нь ажилтныг тухайн сард ажилласан цагийн зөрчилгүй байсан гэдгийг нотлох хангалттай үндэслэл болж чадахгүй гэдгийг гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар үгүйсгэгдэж байхад нэхэмжпэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
4.2. Шүүх *******ийн ажил тасалсан гэх үйл баримтыг шалгаж тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй, сахилгын арга хэмжээ авахаас өмнө ажилтнаас тайлбар аваагүй, шалтгаан нөхцөлийг бүрэн тодруулах ажиллагааг хийхгүйгээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан, мөн зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх боломжийг бүрдүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл *******ийн гаргасан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил байсан. Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гэдгийг уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан түшаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг бөгөөд энэ нь сахилгын зөрчлөөс ялгаатай байх атал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилтэй адилтган үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан байна.
4.3. Шүүхийн шийдвэрт ...ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 12 сарын цалин 26,400,000 төгрөгийг хариуцагч ******* ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгов гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ....48,400,000 төгрөг гаргуулан.. нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дотоод аудитор албан тушаалд сарын 2,200,000 төгрөгөөр ажиллахаар томилогдсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. *******ийн ажилласан хугацаанд буюу 11 болон 12 сарын цалинг бүтэн олгосон. Иймд 2024 оны нэг сараас шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөрт хүртэл 10 cap буюу 22,000,000 төгрөг гэж бичигдэх нь зүйд нийцэхээр байсан.
Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчдийг нэрлэн заахдаа хариуцагчийг төлөөлөн оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг нэхэмжпэгчийн төлөөлөгч мэтээр бичсэн зэрэг техникийн алдааг мөн адил гаргасан. Үүнээс гадна шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан зүйлийг ишлэсэн боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзвэл мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг хэрэглэх шаардлагатай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хэрэгт нэхэмжлэгчийн цагийн бүртгэл авагдсан бөгөөд цагийн бүртгэлийн төхөөрөмжөөс хурууны хээгээр авсан мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувиар шүүхэд гаргаж өгөхөөр заасан. Цаг бүртгэлийн системээр авсан баримт хэргийн 26-27 дугаар талд авагдсан. Мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.5-д ажилтан ажилд ирсэн, явсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжөөр бүртгүүлнэ.
Ажилтны ажлын цаг ашиглалт, ирц бүртгэлтэд хэлтэс, тасаг нэгжийн дарга шууд удирдлага хариуцан хяналт тавих тухай заасан. Цаг ашиглалтын бүртгэлтэд хариуцагч байгууллагын тамга тэмдэг дарагдсан. Уг бүртгэлээр нэхэмжлэгч ажлын 8, тухайн сард нийт 160 цаг ажилласан. Гэрч ******* нь би цагийн бүртгэлийн мэдээлэлд засвар хийх эрхгүй гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлснөөс суутгасан 800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/01859 дугаар шийдвэрээр *******ийг ******* ААТҮГ-ын олон улсын итгэмжлэл хариуцсан менежерийн ажил албан тушаалд тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийн дагуу ******* ААТҮГ болон ******* нар харилцан тохиролцож, тус үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/480 тоот тушаалаар *******ийг дотоод аудитор-ын ажил албан тушаалд томилж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх29-31, 124/
3.1. Хариуцагч ******* ААТҮГ нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын дотоод аудитор *******ийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийг баримтлаагүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 28/
3.2. Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн хариуцагч ******* ААТҮГ-ын тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.5.7, ******* ААТҮГ-ын цаг бүртгэлийн системийн тайланг тус тус баримталсан.
4. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 7.5.7-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллага, нэгжийн шууд удирдлагад мэдэгдэлгүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаанд ажлын байрыг орхин ажилдаа ирээгүй эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-д Хүндэтгэн үзэх шалгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүй дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөг 3 ба түүнээс дээш хоногоор хэртрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүх цаг бүртгэлийн баримтууд зөрүүтэй, ажилтны үйлдэл ноцтой зөрчил мөн эсэхийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоохгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй гэж дүгнээд нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
4.2. Учир нь ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болж, ажлын 1-5 өдрийг дуусталх хугацааны чөлөө авах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд шууд харьяалах удирдах албан тушаалтанд хүсэлт, эсхүл энэхүү журмын хавсралтаар баталсан чөлөө олгох хуудсаар чөлөө авах хүсэлтийг урьдчилж гаргана гэж, 10.3-т Ажлын 4 өдрөөс 1 жил дуусталх хугацааны чөлөө авах тохиолдолд ажилтан чөлөө авах тухай өргөдөл, хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт харьяалах газар, хэлтэс, тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, ахлагчаар дамжуулан бичгээр 3-аас доошгүй хоногийн өмнө гаргана. Чөлөө олгох эсэх асуудлыг ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж, 10.8-д Шууд харьяалах удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр түүний дээд шатны удирдах ажилтнаас чөлөө авахыг хориглоно гэж, 10.7-д Чөлөө олгох тухай эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гаргаагүй, чөлөө олгох хуудсаар баталгаажаагүй байхад ажилтан ажлын байрыг дур мэдэн орхихыг хориглоно гэж тус тус заасан.
4.3. Нэхэмжлэгч нь Удирдлагын академийн 7 хоног бүрийн мягмар гаригийн ангид суралцдаг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх журамд зааснаас үзвэл тэрээр чөлөө авах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт гаргах, ийнхүү гаргаснаар хүсэлтийг шийдвэрлүүлэх агуулгыг тусгажээ. Гэвч нэхэмжлэгч нь чөлөө авах хүсэлтийг ажил олгогч байгууллагад гаргаагүй, ажил олгогч байгууллагаас түүнд мягмар гаригт сургалтын чөлөө олгосон шийдвэр гараагүй, мөн нэхэмжлэгч нь амаар чөлөө олгохыг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч уг журамд чөлөө олгосон шийдвэр бичгээр гаргасан байхыг шаардсан. Иймээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид чөлөө олгосон тушаал, шийдвэр гараагүй тохиолдолд түүнийг ажил тасалсан гэж үзнэ.
4.4. Түүнчлэн, хэргийн 76-77 дугаар тал дахь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилтны ажилласан цагийн цахим бүртгэлийн баримтаас үзвэл 2023 оны 12 дугаар сарын 6, 19, 27, 28, 29-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн ажлын цаг бүртгэгдээгүй байна. /хх-ийн 76-77/
4.5. Мөн гэрч ******* шүүхэд ...цалингийн тооцоо хийхдээ цагийн бүртгэлийн үндэслэн боддог. *******ийн ирцийг харах гэсэн боловч системд алдаа гараад болохгүй байсан учир ажилчдын цагийн ирцийг бүтнээр нь бодож цалинг бүрэн олгосон тул цагийн бүртгэлд засвар оруулсан. Үүнд ирцийн бүртгэлд хоног хасагдсан байсныг 8 болгож засвар оруулсан... гэж мэдүүлсэн. /хх108-111/
4.6. Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгчийн ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцсэн буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Харин ажлын цагийн ашиглалтын бүртгэлд нэхэмжлэгчийн тухайн сард ажиллавал зохих хоног, цагтаа бүрэн ажилласан гэж тэмдэглэсэн, тухайн сарын цалинг бүтэн олгосон нь нэхэмжлэгчийг ажил таслаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэхэмжлэгч ажил таслаагүй гэх тайлбар, татгалзлаа хангалттай нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.
5. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр олгосон дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос суутгал хийхийг хариуцагчид даалгасан тул дахин энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргахыг шаардахгүй, нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгал хийсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй гэж дүгнээд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.
6. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ААТҮГ-ын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалингаас суутгасан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар хариуцагч ******* ААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалингаас суутгасан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн нийт 540,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ