Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 623

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, хохирогч Н.Г, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Элэг овогт Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02372 0721 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Элэг овогт Б.Х, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ....б тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы .... тоотод иргэн Н.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж, шилний хагархай хэсгээр зүүн бугалгын гадна хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Элэг овогт Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ “хүмүүс маргаж байхад дундуур орж ирлээ” гэсэн шалтгаанаар иргэн Н.Гийн толгой архины лонхоор цохиж, уг лонхны хагархай хүзүүгээр зүүн бугалгыг нь зүсэж, бие махбодод нь “дагз, зүүн бугалгад шарх, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Хын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Н.Гийн шүүх хуралдаанд өгсөн: “....Х, Т нар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 06 цагийн үед “архинд яв” гээд Т руу агсам тавиад байсан. Би архиндаа явах гэж байгаа бол өөрсдөө яваач гэж хэлсэн чинь Т нь босож ирээд над руу хараалын үг хэлээд байсан. Бид хоёр маргалдаад байж байхад том өрөөнөөс Ч босож ирээд “манай хоёр дүүг яагаад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “танай хоёр дүүг чинь яагаа ч үгүй. Агсам тавиад байна. Архинд явах гэж байгаа бол өөрсдөө яваач” гэж хэлээд том өрөө рүү орсон чинь Х ардаас архины шилээр цохиод гар луу шил зоосон...Х надад хохирол төлөөгүй. Би хувиараа зах дээр зогсож наймаа хийдэг, хэрэг гарснаас хойш 21 хоног ажлаа хийж чадаагүй, өдөрт 50,000 төгрөгийн ашиг олдог байсан. 600,000 төгрөг  нэхэмжилж байна. Гэхдээ надад гаргаж өгөх баримт алга..., гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө ажил дээрээ чингэлгээс бараа буулгаад шөнийн 01 цагт дууссан. Би ажлын гурван хүний хамт 2.5 литрийн савлагаатай шар айраг хувааж уусан. Гэртээ 02 цаг өнгөрч байх үед ирсэн санагдаж байна. Намайг гэрт орж ирэхэд Ч, Т хоёр танихгүй хоёр залуугийн хамт архи хувааж уугаад сууж байсан. Би Т, Ч хоёртой хамт жоохон юм ярьж сууж байгаад жижиг өрөөнд нь ороод унтсан. Намайг унтаж байхад миний унтаж байсан өрөөний орны хөлийн доор Т, Т, Х нар суугаад хоорондоо хэрэлдэж маргаад, дэлгүүр лүү архинд яв гээд Ттай тэр хоёр маргаад байсан. Би босож ирээд Т гэж залууд нь хандаж “та хоёр айлд ирсэн юм бол унтаж амраач, архи дарс уух гээд байгаа бол өөрсдөө яваач” гэж хэлэхэд Т гэх залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр нь би Тыг заамдаж аваад тавьсан. Тэр үед нөгөө өрөөнөөс Ч орилоод” юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би Чийн байсан өрөө рүү явж ороод “энэ хоёр дүү чинь архи дарсандаа өөрсдөө явахгүй Тыг яв гээд байна” гэж хэлээд зогсож байхад миний араас лонхтой архиар цохисон. Би хөл алдаад газар унаад манараад босож ирэхэд Т “чиний гараас цус гараад байна” гэж надад хэлсэн. Би зүүн гараа харахад зүүн гарын булчингаас цус гарч байсан. Т цагаан өнгийн даавуугаар миний гарыг боож өгсөн. Намайг харахад Х гэж залуу баруун гартаа архины лонхны хагархай хүзүүг нь барьсан зогсож байсан. Хивсэн дээр архины хагархай шилнүүд байсан. Би Х, Т хоёрт хандаж “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд Х “би чамайг цохисон, яадаг юм. Чи цагдаагаа дуудахгүй юу” гэж хэлэхээр нь би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөхөд Х, Т нар гараад явсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зүүн гарын булчин дээр дөрвөн оёдол, толгой дээр хоёр оёдол тавиулсан. Миний биед учирсан дээрх гэмтлийг Х гэж залуу учруулсан. Би хэрэг болсон өдрөөс хойш ажилдаа яваагүй, миний өдрийн ашиг 50.000 төгрөг байдаг. Эмч намайг үзээд толгойн томографын зураг авахуул гэсэн. Би эмчилгээ хийлгэж байгаа, гарсан зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

4. Гэрч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа буугаад манай ажлын газрын хамт ажилладаг дүү нар болох Х, Т, Ч нарын хамт манай гэр рүү явах замдаа дэлгүүрээс 0.75 литрийн лонхтой архи, 2.5 литрийн савлагаатай хоёр шар айраг аваад манай гэрт шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн. Бид хэд гэрт ирсний дараа авч ирсэн архи, шар айргаа хувааж уугаад сууж байхад гаднаас 02 цагийн үед манай найз Г архи уусан бололтой халамцуу орж ирээд манай нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн. Бид дөрөв архи, шар айргаа уугаад юм яриад сууж байхад Ч том өрөөнд үлдээд унтсан. Би Х, Т нарын хамт Г унтаж байсан өрөөнд ороод архи, шар айргаа ууж дуусгасан. Тэр үед Х, Т хоёр дахиж юм уумаар байна. Та дэлгүүр яваад архи аваад ирээч гэсэн. Би явахгүй унтмаар байна гээд маргалдах үед Г босож ирээд “та нар одоо унтаж амраач, өглөө ажилтай биз дээ. Архинд явах гээд байгаа бол өөрсдөө яв” гээд Х, Т нарт хандаж хэлсэн. Т Гийг эсэргүүцээд урдаас нь хэрэлдэхэд Ч том өрөөнөөс юу болоод байгаа юм бэ гээд орилсон. Г том өрөө рүү яваад орохоор нь би араас нь явж ороход Х миний араас орж ирээд баруун гартаа хоосон архины шил бариад Гараас толгой руу нь нэг удаа цохиход архины шил бутарсан. Г цохиулаад хөл алдаад газар унахад Х гартаа барьсан хагархай шилээрээ Гзүүн гар луу нь хатгасан. Тэр үед Гзүүн шуунаас цус их хэмжээгээр гарах үед би сандраад өмсөж явсан футболкоо ураад гарыг нь боосон. Мөн Гтолгойн ард буюу дагзнаас цус гарч байсныг нь би арчиж тогтоосон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);

5. Гэрч Ц.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гд хандаж “чи болиоч, хоёр жоохон хүүхэдтэй яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ” гэж хэлэх үед Х түүний араас архины хоосон лонхоор толгой руу нь цохиход лонх хагараад бутарсан. Г газар хөл алдаад унах үед Х гартаа барьсан хагархай шилээр Гзүүн шуу руу хатгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6. Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэх ах унтаж байсан орноосоо босож ирээд надад “юу гэж орилоод байгаа юм” гэж хэлээд хоёр гараараа заамдсанаа “хүн андуурсан байна” гэж хэлээд тавьсан. Тэр үед Ч “юу болоод байгаа юм бэ, яагаад дүү нар луу орилоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Г Чийн хэвтэж байсан өрөө рүү яваад орсон. Би тэр үед бие засах гээд гараад явсан бөгөөд буцаад гэрт ороход том өрөөний хивсэн дээр архины шил хагарсан бололтой баахан шил, Гзүүн гараас цус гоожсон, цагаан өнгийн даавуугаар боосон байсан. Би Хыг дагуулж гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5185 дугаартай: “...Н.Гийн биед дагз, зүүн бугалгад шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 39 дүгээр хуудас);

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61 дүгээр хуудас);

            10. Яллагдагч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г над руу дайраад манай төрсөн эгч Алтанхишигийг янхан гичийгээр нь дуудаад байхаар нь би том өрөөний орны урд байсан архины хоосон лонхыг аваад Гтолгой руу нь цохих үед архины лонх хагараад бутарсан. Тэр үед би гартаа барьсан хагархай шилээр зүүн гар луу нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Хын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Хыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр нэхэмжилж байх боловч эмчилгээний зардал болон олох байсан ашиг орлогын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хор уршгийг тодорхой тооцох боломжгүй байгаа тул хохирогч гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлоос үүдэлтэй хор уршгийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэмт этгээдэд эдийн засгийн хариуцлага тооцох нь тохиромжгүй гэж үзлээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Элэг овогт Б.Хыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Хад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА