| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/00325/И |
| Дугаар | 201/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 201/МА2025/00002
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00826 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******, ******* нар нь 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 732,600 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд ******* ******* ХК-ийн ногооны талбай бүхий 3 тал хашааг 1,5 сая төгрөгөөр тооцон барьцаалж зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч ******* бүртгэж, баримт бичгийн хуулбарыг баталжээ. 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэх хийх заавар-ын 13.1-т Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана. гэж заасан. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд баримт бичгийн хуулбарыг гэрчлэх талаар заасан байдаг бөгөөд 49.3-т Анхны хуулбар урьд нь нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарыг гэрчилнэ гэж заасан байхад Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч ******* нь анхны хуулбар нь урьд нь нотариатаар гэрчлэгдээгүй, баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлоогүй байхад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг баталсан нь нотариатын үйлдэл хийх заавар болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн. Мөн тус зээлийн гэрээний 7 дугаар зүйлд Гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан бөгөөд тус шаардлагыг биелүүлээгүй 20 гаран жилийн хугацаа өнгөрч байхад энэ талаар нөхцөл байдлыг тодруулаагүй баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулсан нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ нь хоёр талд үр дагавар авчрах гэрээ хэлцэл гэдэг нь маргаангүй бөгөөд нотариат талуудыг байлцуулахгүйгээр баримт бичгийн хуулбар үнэн эсхүл гарын үсгийн үнэн зөв аль ч байдлаар баталгаажуулах үйлдэл хийж болохгүй юм. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т баримт бичгийн хуулбарыг л хуулбар үнэн байдлаар баталгаажуулах зохицууулалт байхад түүнийг зөрчиж гэрээ хэлцлийг хуулбар үнэн байдлаар баталгаажуулсан байгаа нь Нотариатын тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан бусад үндэслэл гэдэгт хамаарч байна. Мөн Нотариатын тухай хуулийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан тул 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилсэн Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Б.Надинцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний үнэн зөвийг батлах, гэрээний хуулбарыг батлах нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа гэрээг гэрчилсэн, зээлийн гэрээг гэрчилсэн, миний гэрээг гэрчилсэн гэж буруу ярьж байна. Би зээлийн гэрээг бус зээлийн гэрээний хуулбарыг гэрчилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа гэрээг баталсан гэж буруу үг ашигласан байгааг шүүгчийн зүгээс зөвтгөж ойлгох нь зүйтэй байх гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар хуулбарыг баталж болохгүй гэж тайлбарлаж байна. Уг заалт нь хуулбарын хуулбарыг батлах буюу нотариатч хуулбараар баталсан баримтыг дахиж канондож, хоёр хуулбарын тамга дарахыг хэлж байгаа. Мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан байхад нотариат хуулбараар баталсан тул хууль бус гэж үзсэн. Маргаан бүхий 2002 оны гэрээний 7 дугаар зүйлд гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан бөгөөд энэ нь гэрээний үнэн зөвийг нотариатаар баталгаажуулах тухай ойлголт юм. Хэрвээ би гэрээний эх хувьд хуулбарын тамга дарсан бол маргаж болох байсан. Гэтэл би гэрээний эх хувьд хуулбарын тамга дараагүй бөгөөд канондсан хувь дээр хуулбарын тамга дарсан. Тиймээс гэрээний 7 дугаар зүйлд заасан гэрээний үнэн зөвийг гэрчлэх, нотариатаар баталгаажуулах тухай агуулга нь миний тамга дарсан үйлдлээс огт өөр ойлголт гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид тайлбарлаж, ойлгож байна гэж бодсон. Мөн нэхэмжлэлд Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д хуулбарыг хуулбараар батална гэж заасан гэж дурдсан бөгөөд тус заалтад зөвхөн нотариатын үйлдлийн төрлийг хуульчилсан заалт юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Нотариатын тухай хуульд зааснаар гэрээний талуудыг байлцуулаагүй гэж бичсэн бөгөөд хэрвээ гэрээний үнэн зөвийг гэрчилж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбартаа хэлсэнчлэн гэрээний талуудыг байлцуулж, гэрээг байгуулах эрхтэй эсэх, тухайн гэрээний зүйл, нөхцөл, өмч болон гэрээний харилцааг бүгдийг нь шалгаж байж гэрээний үнэн зөвийг гэрчилнэ. Энэ нь маргаан бүхий гэрээний 7 дугаар зүйлд заасан агуулга гэж үзнэ. Миний хувьд канондож хуулбар баталж байгаа учраас тухайн баримт бичигт гарын үсэг зурсан, зураагүй эсвэл дутуу зурсан, гэрчлүүлэх баримт бичгийн тамга, дардас гаргацгүй бүдэг бол нотариат гэрчлэхээс татгалзана, бусад тохиолдолд нотариат хуулбар батлахаас татгалзах үндэслэл байхгүй гэж заасныг үндэслэсэн.
Нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасны дагуу нотлох баримтаар гэрээний нэг хувийг гаргуулъя гэж дурдсан байсан бөгөөд бид гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй тул нотариатад гэрээний нэг хувь үлдэхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч надаар олон бичиг баримт батлуулж байсан учраас энэ тухай мэдэж байгаа байх.
Миний хувьд нотариатчийн үйлдэл хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй тул сайн дураараа хүчингүй болгох боломжгүй. Магадгүй гуравдагч этгээдээс гэрчлүүлсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүчингүй болгох боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь ногооны 103 ширхэг цементэн хашааг гаргуулах, 2002.09.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба түүний хариу тайлбар өгөхдөө татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох нотлох баримтыг эх хувиар байгаа баримтыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн. Энэ нь ямар нэгэн хууль тогтоомж огт зөрчөөгүй. ... Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхийн тулд би өөрт хадгалагдаж байсан эх хувийг нотариатч *******ээр баталгаажуулсан. Энэ хуулбар үнэн баталгаажуулалтыг хийхдээ баримтын эх хувийг үндэслэсэн. Одоо ч надад эх хувиараа байна. ... ******* нотариатчийн хийсэн үйлдэл зээлийн гэрээг баталгаажуулах үйлдэл биш юм. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нотариатч баримт бичгийг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж заасан байдаг. Энэ үйлчилгээг би нотариатчаас авсан. Нотариатч хууль зөрчөөгүй, би ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийлгээгүй болно. Иймд ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нь хуулийг болон үйл баримтыг буруугаар ойлгосон байдалтай байна гэдгийг хариуцагч дахин дахин тайлбарлаж хэллээ. Магадгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч ойлгож байгаа хэдий ч ойлгоогүй царайлж мушгиж чадах хүн, огтын ойлгохгүйгээр ийм зүйл ярих ч боломжтой хүн гэж дүгнэлээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн гэрээний зүйл болох 103 ширхэг төмөр хашааг нэхэмжилсэн. Уг хэрэгтээ холбогдуулан Гантуяа татгалзлын үндэслэлийг нотлох баримтын хамт гаргаж өгөхдөө нотлох баримтыг хуулбар үнэн тамга тэмдгээр Нандинцэцэг нотариатчаар баталгаажуулсан. Зээлийн гэрээг батлаагүй бөгөөд хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн үг үсэгтэй тамга тэмдэг дарсан. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч *******т холбогдуулан гаргасан 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Хэрлэн ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Хэрлэн ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Шүүх хууль хэрэглэхдээ Нотариатын тухай хуулийн 25.1.1-д зааснаар гэрээ хэлцлийг гэрчлэх, мөн тухайн хуулийн 21.3.1-д зааснаар хуурамч бичиг баримт гэрчлэх, 27.1-д хувийн байдал тогтоох, 31.1.4-т эрх зүйн чадамжгүй төлөөлөх эрхгүй этгээд, 46.2 дахь заалтад заагдсан 46.2.1, 46.2.3, 46.2.4, 46.4, 46.5, 46.8 дахь заалтуудыг бүхэлд нь зөрчсөн.
******* ******* ХК нь 8000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, төлөөлөн удирдах зөвлөлтэй хувьцаат компани юм. Иргэн ******* ******* ******* ХК-д 1987-2004 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******ын туслах, нярваар ажиллаж байсан.
Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтыг буруу тайлбарласан. ******* ******* ХК-д бүртгэгдээгүй, тайлан баланст тусгагдаагүй зээлийн гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд иргэн ******* нь тухайн гэрээг нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл гэрээг 49.1-д зааснаар баримт бичигтэй адилтган авч үзсэн.
Нотариатын тухай хуульд гэрээ хэлцлийг батлах заалтын талаар тухайн хуулийн 25.1.1, 46 дугаар зүйлд гэрээ хэлцлийг хэрхэн батлах тухай тусгайлан зааж өгсөн. Шүүгч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-р татгалзах эрхгүй гэж дүгнэжээ. Гэтэл 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд буюу ******* ******* ХК-иас итгэмжлэгдээгүй нотариатаар батлуулах үед ******* ******* ХК-д хамааралгүй этгээд энэ гэрээг батлуулсан.
Гэрээ хэлцлийг Монгол улс даяар хууль бусаар батлах, хуулбар үнэн дарах зэрэг ноцтой зөрчлүүд гарч байсан тул 2018 оноос нотариатчдын танхимаас сургалт, семинар зохион байгуулах, мөн оролцогчийг байлцуулахгүйгээр баримтыг батлуулах үйл явцыг бүрэн зогсоож, гэрээний оролцогчийг байлцуулахгүйгээр баримтыг батлуулах үйл явцыг зогсоох, гэрээний хуулбарыг батлуулах талаар удирдамж зөвлөгөө өгсний үндсэн дээр хэргийн оролцогч *******ээс бусад Монгол улсын хэмжээний болон Дорнод аймгийн нотариатын нэг ч газрууд гэрээг хуулбараар батлахгүй байгаа. Хэрэв хуулбарыг батлах тохиолдолд үндсэн гэрээг нотариатаар батлагдсан баримт бичгийг дахин хуулбарлаж болно гэсэн удирдамж чиглэл өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ гэрээний хувьд манай компанид огт байхгүй гэрээ юм. Санхүүгийн зохицуулах хороонд хүртэл байхгүй гэрээ. Гэтэл ийм ноцтой хуурамч баримтыг баталсан учраас хууль зөрчиж байгаа юм. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд юуг нотариатаар баталж болох талаар дурдсан байдаг. Үүнд гэрээ хэлцэл гэрчлэх, баримт бичгийн хуулбарыг гэрчлэх талаар дурдсан. Гэтэл шүүгч гэрээ, баримт бичиг хоёрыг хольж ойлгоод байна. Би энийг л тайлбарлаж хэлээд байгаа юм. Нандинцэцэгийн хувьд гэрээг баримт бичиг гэж тайлбарладаг. Нотариатчийн хувьд хуурамч байсан эсэх нь надад огт хамаагүй. Гарын үсэг, тамга тэмдэгтэй л бол хуулбарыг батлах ёстой гэж тайлбарлаад байдаг. Нотариатын тухай хуулинд заавал нягталж шалгах ёстой талаар дурдсан байдаг. Манай компани бол хувьцаат компани. Хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг ТУЗ-ийн хурлаас олгодог. Гэрээ хэлцлийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой хуулийн зохицуулалт хүртэл байгаа. Гэтэл ийм гэрээ хэлцэл огт байхгүй байгаа юм. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос лавлаж байж баталгаажуулах ёстой байсан юм. Ийм гэрээг зүгээр баталчихаж болохгүй юм. Хуурамч баримт эсэхийг нотариатч бүрэн нягтлах ёстой. Хэрэв хуулбарыг баталж байгаа бол гэрээг хуулбараар баталсан тохиолдолд хуулбарлаж болохоор заасан байдаг. Тэрнээс биш гэрээг хуулбарлаж баталдаг зүйл байхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үнэн зөв дүгнэлт өгч тайлбарласан гэж харж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын хувьд маш их зүйлийг ярьж байна. 2002 онд хийгдсэн гэрээнд хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн л үйлдэл байгаа. Энэ гэрээг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн эсэх нь компанийн асуудал шүү дээ. Иргэн хүргүүлэх үүрэгтэй биш. Компани харин өөрөө яагаад санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй гэдгээ тайлбарлах ёстой. Хууль зүйн хувьд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчөөгүй байгаа. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч *******т холбогдуулан 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...Нотариатын үйлдэл эрхлэх, хийх зааврын 13.1-т Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтална гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Анхны хуулбар урьд нь нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарыг гэрчилнэ гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч ******* нь анхны хуулбар нь урьд нь нотариатаар гэрчлэгдээгүй, баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлоогүй байхад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг баталсан нь нотариатын үйлдэл хийх заавар болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн. Мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд Гэрээг нотариатаар баталгаажуулна гэж заасан бөгөөд тус шаардлагыг биелүүлээгүй 20 гаран жилийн хугацаа өнгөрч байхад энэ талаар нөхцөл байдлыг тодруулаагүй баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулсан нь үндэслэлгүй тул нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. ... гэж тодорхойлсон.
5. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би зээлийн гэрээг бус зээлийн гэрээний хуулбарыг гэрчилсэн. Хэрвээ би гэрээний хувьд хуулбарын тамга дарсан бол маргаж болох байсан. Гэтэл би гэрээний эх хувьд хуулбарын тамга дараагүй бөгөөд канондсан хувь дээр хуулбарын тамга дарсан. Тиймээс гэрээний 7 дугаар зүйлд заасан гэрээний үнэн зөвийг гэрчлэх, нотариатаар баталгаажуулах тухай агуулга нь миний тамга дарсан үйлдлээс огт өөр ойлголт. Баримт бичиг гэдэгт гэрээ болон өөр бусад бүх баримт орно. Нотариатч тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга, тэмдэгний дардас нь гаргацгүй, бүдэг бол хуулбараар батлахаас татгалзах бөгөөд өөр бусад үндэслэлээр нотариатаар батлахаас татгалзах хуулийн үндэслэл байхгүй. Тус гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, тамга нь гаргацтай байсан учир хуулбарыг гэрчилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... гэж мэтгэлцжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нэхэмжлэлийн шаардлагын талаар ...би ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ногооны 103 ширхэг цементэн хашааг гаргуулах, 2002.09.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэрэгт татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох үүднээс нотариатч *******т тус гэрээний эх хувийг үзүүлж хуулбар үнэн баталгаажуулалтыг хийлгэн тухайн хэрэгт өгсөн. ******* нотариатчийн хийсэн үйлдэл зээлийн гэрээг баталгаажуулах үйлдэл биш. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй. Нотариатч хууль зөрчөөгүй, би ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийлгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэж тайлбарлажээ.
7. Хэрэгт цугларсан бичгийн баримт болон талуудын тайлбараар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хуулбарыг гэрчлэх үйлдлийг хийж өгсөн үйл баримт тогтоогдсон байна.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
9. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын тойргийн нотариатч *******ийн дээрх үйлдэлд Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар зэргийг зөрчиж нотариатын үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүхээс хариуцагч *******ийн тухайд 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон иргэн ******* нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ-ний үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийгээгүй, Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалт нь эх хувь баримт өмнө нь нотариатчаар гэрчлэгдсэн хуулбар хувь баримтыг дахин хуулбарлаж хуулбарын үнэн зөвийг гэрчлэх тухай зохицуулсан заалт байх бөгөөд хариуцагч *******ээс гуравдагч этгээд *******д үзүүлсэн нотариатын үйлдэл нь энэ заалтад хамаарахгүй, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна. гэж дүгнэн нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00826 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ